Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00137

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   Э.Энхтөрийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/00557 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Э.Энхтөрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Халиунаад холбогдох

“Зээлийн төлбөр 3.489.940 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан давж заалдсан гомдлоор 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэзаяа, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Энхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие өөрийн танил Э.Халиунаад Худалдаа хөгжлийн банкнаас 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 13 500 000 төгрөгийн цалингийн зээл авахад нь түүний гуйлтын дагуу батлан даагч болж тусалсан юм. Гэтэл Э.Халиунаа нь зээлээ аваад ажлаасаа чөлөө аван АНУ руу сураггүй алга болоод жилийн дараа ирсэн. Энэ хугацаанд би өөрийн цалингаасаа орон сууцны зээлээ төлөөд үлдсэн мөнгө нь тэр чигээрээ Э.Халиунаагийн зээлэнд төлөгдөж байсан. Эхнэр маань ажилгүй ба, би цалин авалгүй 10 сар болж өөрөө ч тодорхой хэмжээний өрөнд орсон. Халиунаагаас хэд хэдэн удаа мөнгө нэхэмжилсэн боловч одоог болтол төлөөгүй байгаа тул Э.Халиунаагаас 10 сар өмнөөс нь төлсөн зээлийн төлбөр болох 3 489 940 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Э.Халиунаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбараас 2015 оны 09 сарын 23-ны өдөр 13 500 000 төгрөгийн цалингийн зээл авсан. Уг зээлийг Э.Энхтөр, нөхөр Б Санчир Заяа /Энхтөрийн эхнэр/ нартай хамтран Уурхайчин соёлын ордонд тухайн ажиллуулж байсан 7D кино театрын үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор авсан. Ийнхүү цалингийн зээлийг авах үед өөрсдийн хамтын үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор авч байгаа тул Э.Энхтөр Худалдаа хөгжлийн банктай 2015 оны 09 сарын 23-ны өдөр цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээ байгуулан батлан даагчаар орсон. Тодруулбал банкнаас зээлж авсан 13 500 000 төгрөгийг би өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулах зорилгоор аваагүй бөгөөд нөхөр Б.Санчир нь кино театрын үйл ажиллагаанд зарцуулна хэмээн мөнгийг бүгдийг нь авсан. Э.Энхтөр бид хоёрын хооронд зээлийн төлбөрийг батлан даагч төлсөн тохиолдолд зээлдэгчээс батлан даагч төлбөрөө шаардах талаар харилцан тохиролцсон тохиролцоо байхгүй юм. Учир нь 13 500 000 төгрөгийг Э.Энхтөр, Б.Санчир, Заяа бидний тухайн үед хамтран ажилуулж байсан 7D кино театрийн үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор зээлж авсан болно. 7D кино театрийн тоног төхөөрөмжийг миний бие нөхөр Санчиртай хамтран худалдаж авсан ба одоогоор Э.Энхтөр, Заяа нарын эзэмшилд байгаа болно. Бид тус кино театрыг хамтран ажилуулж байсан бөгөөд бүгд ажилтай тул театрыг Э.Энхтөрийн эхнэр Заяа нь ажилуулж олсон орлогоо 70 хувийг тоног төхөөрөмжийн өмчлөгч болох нөхөр бид хоёр, 30 хувийг нь Э.Энхтөр, Заяа нар авдаг байсан. Би болон нөхөр Б.Санчир нь 2015 онд АНУ-руу явсан цагаасаа хойш Э.Энхтөр болон түүний эхнэрээс хамтран ажиллах хугацааны орлогоос нэг ч төгрөг аваагүй. Энэ хооронд олсон ашиг орлогоо тэд өөрсдөө авч байсан атлаа одоо 3 489 940 төгрөгийг нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/00557 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан Э.Халиунаагаас 3 489 940 төгрөг гаргуулан Э.Энхтөрд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Э.Халиунаагийн хилээр гарах эрхэд хориг тавьсан, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШЗ2017/01945 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Э.Энхтөрийн Худалдаа хөгжпийн банкны харилцагчийн монгол хуулгаар “мэдэгдэл болон батлан даалтын гэрээний дагуу үндсэн зээлдэгчийн зээл төлөв” гэсэн төлөвтэй /утга нь/, нийт 3 489 940 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкинд төлсөн болох нь нотлогдож байх тул нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв” гэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. Учир нь хэрэгт авагдсан Э.Энхтөрийн Деспозит дансны харилцагчийн монгол хуулгын БД гэрээний дагуу үндсэн зээлдэгчийн зээл төлөв гэсэн нь Худалдаа хөгжлийн банктай 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Э.Энхтөрийн байгуулсан, 2015/000287/1000 дугаартай Цалингийн зэээлийн хувийн батлан даалтын гэрээний дагуух үүрэг гүйцэтгэсэн гэдийг нотолж чадахгүй юм. Гэтэл шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Уг хэргийн шүүх хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр явагдсан. Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжиж чадаагүй. Тодруулбал шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн шүүх хуралдааны бусад оролцогчдод асуулт тавих эрхийг хэргэжүүлэх боломж олгоогүй юм. Энэ нь анхан шатны шүүхийн тус хэргийг шийдвэрлэсэн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдох юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                      ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Э.Энхтөр нь хариуцагч Э.Халиунаагаас батлан даалтын гэрээний дагуу төлсөн 3.489.940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Э.Энхтөр нь хариуцагч Э.Халиунааг 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 13.500.000 төгрөгийн цалингийн зээл авахад нь батлан даалтын гэрээ байгуулж батлан даалтаар орсон байх ба хариуцагч Э.Халиунаа цалингийн зээлийг графикт хугацаандаа төлөөгүй учраас батлан даалтын гэрээний дагуу нэхэмжлэгч Э.Энхтөр нь 3.489.940 төгрөгийг банкинд төлсөн үйл баримтанд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хариуцагч Э.Халиунаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бид хамтран ажиллах зорилгоор 7D кино театрын үйл ажиллагаанд зарцуулсан гэж маргасан байна.

Хариуцагч Э.Халиунаа нь 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 13.500.000 төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар гэрээ байгуулан авсан ба нэхэмжлэгч Э.Энхтөр нь цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээ байгуулан батлан даагчаар орсон, хариуцагч Э.Халиунаа зээлээ графикийн дагуу төлөөгүй нэхэмжлэгч Э.Энхтөр зээлдэгч Э.Халиунаагийн өмнөөс 3.489.940 төгрөг төлсөн зэрэг нь хэрэгт цугларсан банкны зээлийн болон батлан даалтын гэрээ, депозит дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүх нэхэмжлэгч Э.Энхтөр нь хариуцагч Э.Халиунаагаас Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар батлан даалтын гэрээний дагуу Э.Халиунаагийн цалингийн зээлийг түүний өмнөөс төлсөн төлбөрөө шаардах эрхтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хариуцагч Э.Халиунаагийн Э.Энхтөр бид хоёрын хооронд зээлийн төлбөрийг батлан даагч төлсөн тохиолдолд зээлдэгчээс батлан даагч төлбөрөө шаардах талаар харилцан тохиролцоогүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/00557 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Э.Халиунаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ