Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жуумаагийн Кульдана |
Хэргийн индекс | 102/2017/00892/И |
Дугаар | 960 |
Огноо | 2017-04-06 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 960
2017 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2017/00960 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 хороолол, 12 байр, 264 тоотод оршин суух, Зуутраг овогт Батсайханы Батзаяа /РД:ЧЛ84073175/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 4 улирал хотхон, 53в-703 тоотод оршин суух, Халх овогт Болдбаатарын Амарзаяа /РД:ЧЕ84041863/
Зээлийн гэрээний үүрэгт 14.220.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 он 01 дүгээр сарын 06-ны өдөр Б.Амарзаяад 11.750.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр багтаан төлөхөөр 250.000 төгрөгийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлдэгч Б.Амарзаяа нь хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөө баталж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Зээлийн гэрээгээр тогтоосон хугацаа өнгөрч Б.Амарзаяа нь үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд миний бие утсаар удаа дараа шаардсан боловч өгөхгүй, худал ярин зугтах болсон. Иймд зээлийн гэрээгээр тохиролцсоны дагуу үндсэн зээл 11.750.000 төгрөг, зээлийн хүү 250.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойшхи хугацааны хоногийн алданги 2.220.000 төгрөг нийт 14.220.000 төгрөгийг Б.Амарзаяагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Батзаяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Батзаяа би Б.Амарзаяагаас 14.220.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Б.Амарзаяа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Амарзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Амарзаяа миний бие Б.Батзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага 14.220.000 төгрөгийг төлж барагдуулах болно. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батзаяа нь хариуцагч Б.Амарзаяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14.220.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Амарзаяа нь Б.Батзаяагийн нэхэмжлэлийн шаардлага 14.220.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Б.Амарзаяагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Б.Амарзаяагаас 114.525 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Амарзаяа нь нэхэмжлэгч Б.Батзаяагийн нэхэмжлэлийн шаардлага 14.220.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 229.050 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 114.525 төгрөг, хариуцагч Б.Амарзаяагаас 114.525 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Батзаяад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА