Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/212

 

 

 

 

 

 

 

 

 

     2021            03           01                                         2021/ШЦТ/212

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Б.Чинзориг,

шүүгдэгч Х.Энхбаяр, түүний өмгөөлөгч А.Золжаргал (үнэмлэхийн дугаар 2779) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Х.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008031930017 дугаартай нэг хавтас хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 23-41в тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Шарынхан овогт Халтарын Энхбаяр (РД:ПБ81091501).

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Х.Энхбаяр нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, “Дүүхээ-2” төвийн баруун талын замд “Тоёота Приүс-30” маркийн 79-67УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” мөн дүрмийн 10.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэснийг зөрчсөний улмаас Л.Норжинноровын жолоодон явсан “Тоёота Приүс-30” маркийн 48-45УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн улмаар Л.Норжинноровын эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Ө.Оюунчимэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Энхбаяр мэдүүлэхдээ “ Би 2020 оны 10 дугаар сарын 24-ний шөнө 12 цагийн үед найзтайгаа уулзсан. Хөндөөнөөс мах ирсэн гэхээр махыг нь аваад буцаж эргэх гэж байтал урдаас 2 машин 200-300 метрийн зайд эсрэг урсгалаар ирж байсан. Би дохио өгөөд эргээд зогсоход, ирээд мөргөсөн” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-7, 101-106 дугаар хуудас),

-  Хохирогч Ө.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 00 цаг 30 минутын орчимд найз Л.Норжинноровын хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Толгойтын баруун салаанаас түүний “Тоёота Приүс-30” маркийн 48-45УНД улсын дугаартай автомашинтай “Ханын материал”-ын буудлын хажуугаар замын 2 дугаар эгнээгээр явж байтал баруун талын автобусны буудлаас нэг машин шууд зүүн гар тийшээ дараад буцаж эргэх гээд бид хоёрын машинтай мөргөлдсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас)

 

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Норжинноровын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад найз Ө.Оюунчимэгийг хүргэж өгөх гээд өөрийн эзэмшлийн “Тоёота Приүс-30” маркийн 48-45УНД улсын дугаартай машинтайгаа “Ханын материал”-ын буюу “Дүүхээ-2” төвийн баруун талын замаар хойноосоо урагшаа чиглэлд замын 2 дугаар эгнээнд ороод явж байтал давхрын автобусны буудлаас нэг машин гэнэт хөдлөөд урдуур дараад тоормослоод урд зогссон. Би тоормосоо гишгээд зогсож амжилгүй тухайн машины зүүн талыг мөргөөд зогссон. Тэгээд би машинаасаа буугаад тэр эгч дээр очоод “та зүгээр үү” гэхэд “зүгээрээ, эгч нь нөгөө урсгал руу орох гэж байгаад урдаас машин ирэхээр нь чамайг харалгүй зогсчихлоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас)

 

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12400 дугаартай: “Хэсэг газрын үзлэгт хамрын нуруугаар хавдсан, бүдэг хөх цус хуралттай, зүүн өвдөгний үеэр нэлэнхүйдээ хавдсан, хөдөлгөөн хязгаарлагдмал, 2х2см бүдэг хөх цус хуралттай, баруун өвдөгний дотор хэсэгт 3х3см бүдэг хөх цус хуралттай, тэмтрэхэд эмзэглэлтэй.

1. Л.Норжинноровын биед өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны цууралт, таславчийн муруйлт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

 

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12401 дугаартай: “Хэсэг газрын үзлэгт хэвлийн баруун дээд хэсэг буюу баруун хавирганы нумаар тэмтрэхэд эмзэглэлтэй, ууц, ахар сүүлний нуруугаар тэмтрэхэд эмзэглэлтэй, баруун гуяны ар дээд хэсэгт 7х1-2см улаан ягаан зулгаралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

1. Ө.Оюунчимэгийн биед ахар сүүлний 2 дугаар нугалмын хугарал, зөөлөн эдийн няцрал, хэвлийн зөөлөн эдийн няцрал, баруун гуянд зулгарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар тал),

 

- “Кости-Эстимэйт” ХХКомпанийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 24232 дугаартай хохирлын үнэлгээний “Тоёота Приүс-30” маркийн 79-67УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан үнэлгээгээр тогтоогдсон дүн 2.130.000 төгрөг...” гэсэн тайлан, дүгнэлт (хавтаст хэргийн 123-124 дүгээр хуудас),

- “Хас үнэлгээ” ХХКомпанийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221 дугаартай хохирлын үнэлгээний “Тоёота Приүс-30” маркийн 48-45УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 905.000 төгрөг...” гэх  тайлан, дүгнэлт (хавтаст хэргийн 130-131 дүгээр хуудас),

 

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 216 дугаартай “... Тоёота Приүс-30 маркийн 79-67УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Х.Энхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “ Жолооч дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй.

Тухайн осол хэрэг нь зам орчны нөхцөл байдал эвдрэл гэмтлээс шалтгаалсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэх магадалгаа (хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас),

 

- “Меd Trauma” эмнэлгийн үзлэгийн хуудас, хохирлын баримт, эмнэлгийн хуудас /лист/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн албан бичиг, хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 84-86, 107, 118 161 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Энхбаярт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёс, шударга ёс, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Х.Энхбаяр нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, “Дүүхээ-2” төвийн баруун талын замд “Тоёота Приүс-30” маркийн 79-67УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” мөн дүрмийн 10.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас иргэн Л.Норжинноровын жолоодон явсан “Тоёота Приүс-30” маркийн 48-45 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Ө.Оюунчимэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хх3-7,101-106),

- хохирогч Ө.Оюунчимэгийн “...бид хоёр “Ханын материал”-ын буудлын хажуугаар замын 2 дугаар эгнээгээр явж байтал баруун талын автобусны буудлаас нэг машин шууд зүүн гар тийшээ дараад буцаж эргэх гээд бид хоёрын машинтай мөргөлдсөн...” гэх мэдүүлэг (хх-36-37),

- хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Норжинноровын  “...хойноосоо урагшаа чиглэлд замын 2 дугаар эгнээнд ороод явж байтал давхрын автобусны буудлаас нэг машин гэнэт хөдлөөд урдуур дараад тоормослоод урд зогссон. Би тоормосоо гишгээд, зогсож амжилгүй тухайн машины зүүн талыг мөргөөд зогссон. Тэр эгч дээр очоод “та зүгээр үү” гэхэд “зүгээрээ, эгч нь нөгөө урсгал руу орох гэж байгаад урдаас машин ирэхээр нь чамайг харалгүй зогсчихлоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх41-42),

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12401 дугаартай шинжээчийн “Ө.Оюунчимэгийн биед ахар сүүлний 2 дугаар нугалмын хугарал, зөөлөн эдийн няцрал, хэвлийн зөөлөн эдийн няцрал, баруун гуянд зулгарал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх26-27),

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12400 дугаартай шинжээчийн “Л.Норжинноровын биед өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны цууралт, таславчийн муруйлт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-21-22),

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 216 дугаартай магадалгаа (хх-76-77) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай анги нь бүлэг, зүйл, хэсэг, заалтаас бүрддэг бөгөөд тухайн гэмт хэргийг үндсэн буюу ердийн бүрэлдэхүүн, хүндрүүлэх ба онц хүндрүүлэх шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг хуульчлан тогтоосон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ердийн бүрэлдэхүүн буюу 1 дэх хэсгийн диспозицэд “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж зааснаар авто тээврийн ослын улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хүндрүүлэх” шинжийн нэрлэн заан хуульчилжээ.

Шүүгдэгч Х.Энхбаярын үйлдэл буюу 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01 цаг 10 минутын орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо “Дүүхээ-2” төвийн баруун талын замд “Тоёота Приүс-30” маркийн 79-67УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/, мөн дүрмийн 10.1 дэх заалтыг тус тус зөрчсөний улмаас иргэн Л.Норжинноровын жолоодон явсан “Тоёота Приүс-30” маркийн 48-45УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл, эд хөрөнгөд 1.457.000 төгрөгийн хохирол, хохирогч Ө.Оюунчимэг/зорчигч/-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12400, 12401 дугаартай дүгнэлт (хх21-22, 26-27)-үүдээр дээрх хуулийн диспозицэд заасан үндсэн шинж, хүндрүүлэх шинжийг тус тус хангасан байна.

Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” заасны дагуу захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг тайлбарлах нь зүйн хэрэг.

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжуудаар замын хөдөлгөөнд оролцогч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй ба Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн аль ч үйлдэл зам тээврийн осол гарах шалтгаан болох үндэстэй, тийм ч учраас уг үйлдлийг хориглож хууль, дүрмээр хэм хэмжээ тогтоож хуульчилж өгдөг.

Хэрвээ замын хөдөлгөөнд оролцож буй хэн аль нь дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчөөгүй тохиолдолд уг осол гарахгүй байх нөхцөл бүрдэх боломжтой.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/-т “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг жолоочид хориглосон заалтыг Х.Энхбаяр зөрчсөн нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-10,162)-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад /согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон/ заасан үндэслэлээр түүний жолоодох эрхийг 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар хассан, албан ёсоор эрх нь сэргээгдээгүй байжээ.

Мөн Х.Энхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөн болох нь Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 216 дугаартай магадалгаа (хх-76-77)-гаар тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Х.Энхбаяр нь Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт нэгэнт тогтсон энэхүү зарчим, ойлголтын хүрээнд Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжуудаар хүлээсэн үүргээ зөрчиж, жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл /79-67УНД/ жолоодон хөдөлгөөнд оролцох явцдаа иргэн Л.Норжинноровын жолоодон явсан тээврийн хэрэгсэл /48-45УНД/-тэй мөргөлдсөний улмаас зорчигч Ө.Оюунчимэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолооч Л.Норжинноровын биед хөнгөн хохирол учруулсан нь дээр дурдсан үндэслэл, нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон, хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж, шүүгдэгчийг тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хэргийн үйл баримт зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс маргаагүй, мэтгэлцээгүй болохыг тэмдэглэв. 

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

1. Хохирогч Ө.Оюунчимэг нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд томограф/2 удаа/-т харуулсан 290.000 төгрөг, бариачид 10 хоног бариулсан 150.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны 1 сар 15 хоногийн цалин 630.000 төгрөг, нийт 1.070.000 төгрөгийг нэхэмжилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд тэрээр баримтаар “Меd Trauma” эмнэлгийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн үзлэгийн хуудас (хх-84-86), төлбөр төлсөн баримт /140.000+150.000/-аар 290.000 төгрөг, “М-Ойл групп” ХХКомпанид түгээгчийн албан тушаалд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 420.000 төгрөгийн цалинтай талаарх тодорхойлолт (хх-117), Эмнэлгийн хуудас /лист/-аар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 21 хоног Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд эмчилгээ хийлгэж, тэтгэмж 251.353 төгрөгийг олгосон байх тул “Меd Trauma” эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн төлбөр 290.000 төгрөг дээр цалингийн зөрүү 168.647 төгрөгийг нэмж, нийт 458.647 төгрөгөөр хохирлын дүнг тогтоон, шүүхийн шатанд хохирогчийн Хаан банкны дансанд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 460.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /шинээр гаргаж өгсөн/-ыг гаргаж өгсөн тул шүүгдэгчийг хохирогч Ө.Оюунчимэгт төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Харин хохирогч Ө.Оюунчимэгээс бариачид бариулсан 150.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны 1 сар 15 хоногийн цалин 630.000 төгрөг нэхэмжилснийг Шүүх тодорхой тооцоо гаргах бололцоогүй, нотлох баримтгүй учир уг асуудлыг хэлэлцэхгүй орхиж, тус гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн талаарх зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Норжинноровын хувьд “Хас үнэлгээ” ХХКомпанийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, дүгнэлт (хх-130-131)-ээр “тээврийн хэрэгсэлд 905.000 төгрөг”-ийн хохирол, эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 325.000 төгрөг (хх-142), үнэлгээ хийлгэсэн хөлс 44.000 төгрөг (хх-129), журмын хашаа, оношилгоо хийлгэсэн 183.000 төгрөг (хх-143), нийт 1.457.000 төгрөгийг нэхэмжилснээс Х.Энхбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн Хаан банкны дансанд 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримт (хх-161)-ийг гаргаж өгчээ.

Иймд шүүгдэгч Х.Энхбаяраас үлдэх 457.000 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Норжинноровт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

3. Х.Энхбаярын замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргасан 79-67УНД улсын дугаартай “Тоёота Приүс-30” маркийн тээврийн хэрэгсэл нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 048061120032 тоот автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ (хх91-93), баталгаат ипотекийн гэрээ (хх94-96)-гээр,

- Л.Норжинноровын жолоодон явсан 48-45УНД улсын дугаартай “Тоёота Приүс-30” маркийн тээврийн хэрэгсэл нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, фидуцийн гэрээ (хх-88) зэрэг баримтуудаар тус бүр “Транскапитал” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх-17,81)-аар тогтоогджээ. 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар “Транскапитал” ББСБ-ыг татаж (хх-139, 152), итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэмүүжингээс “...Л.Норжинноров нь уг машиныг манай байгууллагын нэр дээр шилжүүлэн, зээлийн гэрээ байгуулж худалдан авсан. Ослын улмаас уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг гэрээнд заасны дагуу зээлдэгч өөрөө нэхэмжилж байгаа. Манай байгууллага ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг (хх-156)-ийг өгсөн,

- 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20/739 дугаартай “...Х.Энхбаяр нь 79-67 УНД улсын дугаартай Тоёота Приүс-30 маркийн суудлын автомашиныг барьцаалан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан зээлээр авсан. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1, 2.3.2 дахь заалтуудад зааснаар үүрэг гүйцэтгэгч нь барьцаа хөрөнгөтэй холбоотой бүхий л асуудлыг өөрөө хариуцдаг тул манай байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх албан бичиг (хх-153)-ийг ирүүлжээ.

Иймд иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Транскапитал” ББСБ-ын зүгээс “нэхэмжлэх зүйлгүй” гэж үзсэн болохыг тэмдэглэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Х.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Х.Энхбаяр гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч Ө.Оюунчимэг тухайн үед хамгаалах бүс зүүсэн бол гэмтэл учрахгүй байсан. Иргэний нэхэмжлэгч Л.Норжинноровын автомашинд учирсан хохиролд 1.000.000 төгрөгийг, хохирогч Ө.Оюунчимэгээс хэрэгт 459.000 төгрөгийн хохирлын баримт ирүүлснээс 460.000 төгрөгийг хохиролд төлсөн. Хохирогч Ө.Оюунчимэгийн хувьд эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй. Иймд Х.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Х.Энхбаяр  нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх (хх-134) ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” /хохирогч Ө.Оюунчимэгийн хувьд/ зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Яллах талаас “...6 сарын хорих ял” оногдуулах, өмгөөлөх талаас “...зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Тодруулбал: Х.Энхбаяр нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дахиж тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.1 дэх заалтыг зөрчсөн, улмаар иргэн Л.Норжинноровын жолоодон явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн, эд хөрөнгөд хохирол учруулж, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл, хохирогч Ө.Оюунчимэгийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан.

- 2015 оны Эрүүгийн хуульд “зорчих эрхийг хязгаарлах ял”-ыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болж, эрх бүхий байгууллагын /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага/ хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхээр заасан хэдий боловч дээр дурдсан нөхцөл байдлаас гадна уг ялыг шүүгдэгч биелүүлэхэд хязгаарлагдмал, шүүгдэгчийн зан, чанарт үр дүнтэй нөлөөлөл үзүүлж, засрал хүмүүжлийг олох боломжтой эсэх нь харагдахгүй байна.  

- Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэхэд гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасан байхыг шаарддаг. Нөгөө талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирогчоос уучлалт гуйх, эвлэрэх, хор уршгийг арилгах, эсвэл энэ талаар хүсэл зоригоо илэрхийлэх /бодитой, хэрэгжихүйц байх/ хэлбэрээр илрэн гарах бөгөөд шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоос зохих хэмжээнд нөхөн төлсөн хэдий боловч хохирогч нараас уучлалт гуйсан эсэх, хохирол, хор уршиг бүрэн арилгаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөрийг төлөх боломжгүй, ажил төрөл хийдэггүй гэж мэдүүлсэн зэргээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.

Нөгөөтээгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулахаас гадна хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

Тиймээс Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, ...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхүйц ялыг оногдуулах ёстой.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан, хохирол, хор уршиг арилаагүй, бүрэн гүйцэд нөхөн төлөөгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /ажил хөдөлмөр хийдэггүй, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа/-ыг тус тус харгалзан үзэж гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршино гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасны дагуу шүүгдэгч Х.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Энхбаярт хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2008031930017 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгч Х.Энхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шарынхан овогт Халтарын Энхбаярыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Энхбаярыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 08 (найман) сарын хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Энхбаярт оногдуулсан найман сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Энхбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Энхбаяраас 457.000 (дөрвөн зуун тавин долоон мянга) төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Норжинноровт олгож, хохирогч Ө.Оюунчимэгээс ажилгүй байсан хугацааны цалин 630.000 төгрөг, бариачид бариулсан 150.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, тэрээр гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн талаарх зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн 2008031930017 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Энхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ө.Оюунчимэгт төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Х.Энхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Энхбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БЯМБААБААТАР