Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 134/ШШ2017/00111

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1995 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 75 дугаар байрны 59 тоотод оршин суух, Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хянагч ажилтай, Боржигон овогт Пүрэвдоржийн Хатантуулын /РД:ЕЙ95032319, утас:80240990/ нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: 1974 онд төрсөн, 43 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 2-08 тоотод суух, Хонгорхон цэцэрлэгт багш ажилтай, Улаан-Уул овогт Гэндэндоржийн Уранчимэгт /РД:ЕЙ74041609, утас:89577204/ холбогдох

үндсэн зээл 1 500 000 төгрөг, зээлийн хүү 504 000 төгрөг, нийт 2 004 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Хатантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Хатантуул нь хариуцагч Г.Уранчимэгт холбогдуулан үндсэн зээл 1 500 000 төгрөг, зээлийн хүү 504 000 төгрөг, нийт 2 004 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч П.Хатантуул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нагац эгч Г.Уранчимэг нь 2015.08.10-ны өдрөөс эхлэн ажил гэрт ирж эгч нь Солонгос улс руу очиж ажиллах гэж байгаа. Чи эгчдээ банкнаас 1 500 000 төгрөгийг зээлж тус болооч гэсэн. Би 2015.08.19-ний өдөр Капитал банкнаас 1,6 хувийн хүүтэй 3 500 000 төгрөг зээлж, үүний 1 500 000 төгрөгийг өгсөн. Г.Уранчимэг хэлэхдээ эгч нь Солонгос яваад чиний мөнгийг 14-30 хоногийн дотор Б.Мөнхдалай, эсхүл чиний дансанд хийнэ. Солонгост 14 хоногт 3 500 000 төгрөгийн цалинтай байдаг. Найдвартай явуулна гэсэн боловч одоог хүртэл зээлсэн мөнгөө төлөөгүй байгаа. Иймд үндсэн зээл 1 500 000 төгрөг, зээлийн хүү 504 000 төгрөг, нийт 2 004 000 төгрөгийг Г.Уранчимэгээс гаргуулж өгнө үү. Шүүхэд өгсний дараа надад 07 дугаар сарын 01-нд мөнгийг өгье гэсэн, би түүнд итгэхгүй байна гэв.

Хариуцагч Г.Уранчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Уранчимэг миний бие 2015.08.19-нд П.Хатантуулаас 1 500 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Ам бүл 5, би ганцаараа ажил хийдэг байсан. 2016 оны би ажилгүй гэртээ байсан. Миний нөхөр Б.Мөнхдалай Замын 3 дугаар ангид галчаар ажилдаг. Улирлын ажилтай би өөрөө Хаан банкинд 2014 онд цалингийн зээл аваад 2016 онд ажилгүй байхдаа төлж чадахгүй байж байгаад намар 8 дугаар сарын 25-нд ажилдаа ороод төлж байгаа. Би 424 000 төгрөгийг цалин авдаг боловч гар дээрээ мөнгө авахгүй нөхрийнхөө нэр дээр зээл авах гэсэн боловч улирлын чанартай гээд олдохгүй байна. 6 дугаар сард төсөв нь батлагдвал ажилтай байна гэсэн. П.Хатантуулыг мөнгөө нэхэх бүрт нь зовлонгоо хэлдэг байсан. Би одоо өөрийн гэр байхгүй. Өөрийн дүү болох Г.Алтанчимэгийн илүү гэрт амьдардаг. Би өөрийн боломжтой үед П.Хатантуулын мөнгийг төлнө. 2017 оны 09 дүгээр сарын 30-нд амраад ажилдаа ороод цалингийн зээлээ сунгаад өгнө. 2 004 000 төгрөгийг төлнө гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Хатантуул нь хариуцагч Г.Уранчимэгт холбогдуулан үндсэн зээл 1 500 000 төгрөг, зээлийн хүү 504 000 төгрөг, нийт 2 004 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч Г.Уранчимэг нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгч П.Хатантуул нь шүүх хуралдааны ирцтэй холбоотой ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Хариуцагч Г.Уранчимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хэдий ч төлөх хугацааны хувьд ...2017 оны 09 дүгээр сарын 30-нд амраад ажилдаа орохоороо цалингийн зээлээ сунгуулаад төлье гэсэн тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан байна.

 

Харин нэхэмжлэгч П.Хатантуул нь түүний дээрх саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хариуцагч Г.Уранчимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч анхнаасаа төлбөрийг хугацаа тогтоож төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаагүй тул хэрэгт авагдсан бусад нотлох баримтанд эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн тайлбарыг үндэслэн, түүний зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Хатантуулын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 47 017 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 47 017 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч П.Хатантуулын нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү 2 004 000 /хоёр сая дөрвөн мянган/ төгрөгийг хариуцагч Г.Уранчимэг нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.Хатантуулын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 47 017 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Уранчимэгээс улсын тэмдэгтийн хураамжинд 47 017 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ