Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
Хэргийн индекс | 2108000890226 |
Дугаар | 2021/ШЦТ/236 |
Огноо | 2021-03-04 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Г.Яндаг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/236
2021 03 04 2021/ШЦТ/236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,
улсын яллагч Г.Яндаг,
шүүгдэгч Б.Ганболд, түүний өмгөөлөгч Т.Ариунболд /үнэмлэхийн дугаар 1908/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2108000890226 дугаартай нэг хавтас хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт /хөдөлмөрийн чадвар 50% алдсан/, ам бүл-4, эцэг, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 24 дүгээр гудамж 27 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Тайж овогт Баяндалайн Ганболд (РД:ОЮ92120498).
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Б.Ганболд нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 3-88а тоотод иргэн Л.Ганболдын Хаан банкны виза картыг хулгайлан авч түүний 5100233208 дугаартай данснаас 1.160.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ганболд мэдүүлэхдээ:
“2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр...Мөнхсумьяа ах над руу утсаар залгаад дуудсан. Мөнхсумьяа ах, Л.Ганболд бид гурав хүнсний дэлгүүр ороод 2,5 литрийн пиво, боорцог аваад Мөнхсумьяа ахын гэрт очсон. Бид гурав авсан пивоо хувааж уугаад дахиад дэлгүүрээс пиво авах үед би Л.Ганболд ахын банкны картын нууц дугаарыг мэдсэн... Л.Ганболд, Мөнхсумьяа ах нар согтоод унтсан. Мөнхсумьяа ахын эхнэр Мөнгөнтуяа нялх хүүхэдтэй, хүүхдээ хөхүүлээд цаашаа хараад унтсан байхаар нь би орон дээр байсан Л.Ганболд ахын хэтэвчийг аваад дотроос нь Хаан банкны виза картыг аваад шууд гэрээс гарсан...21 дүгээр хорооллын тэнд байдаг АТМ-рүү ороод 1.160.000 орчим төгрөг байсныг би карт уншуулж бүх мөнгийг нь авсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 7-13 дугаар хуудас),
- Хохирогч Л.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Л.Мөнхсумьяа найзтайгаа уулзаж 2,5 литрийн 2 пиво хувааж уусан. Л.Мөнхсумьяа “хамт барилга дээр ажилладаг Ганболд гэх дүү байгаа, тэрийг дуудъя” гэсэн...Л.Мөнхсумьяагийн дүү гэх 30 орчим насны залуу байсан...1 савтай пивыг Л.Мөнхсумьяагийн гэр рүү очиж бид гурав хувааж уусан...Тэгээд би согтоод унтсан...өглөө Л.Мөнхсумьяагийн гэрт сэрж гар утсаа асаатал миний данснаас 1.100.000 төгрөг, дараа нь 60.000 төгрөгийн зарлага гарсан байсан. Би цагдаад мэдэгдэх гээд яарч явтал миний банкны картыг “00”-ын хажууд хаясан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),
- Гэрч Л.Мөнхсумьяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“ ...тухайн үед Б.Ганболд /жижиг Ганболд/ шөнө 23 цагийн үед манай эхнэр Мөнгөнтуяад явлаа гэж хэлээд гараад явсан байна лээ. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өглөө сэрж Л.Ганболд /том Ганболд/ утсаа цэнэглэж байгаад харсан чинь түүний данснаас 1.100.000 төгрөг, дараа нь 60.000 төгрөгөөр уншуулсан байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),
- Хохирогч Л.Ганболдын Хаан банкны дансны хуулга (хавтаст хэргийн 5 дугаар тал),
- Шүүгдэгч Б.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...дэлгүүрээс пиво авч байхад би Л.Ганболд ахын Хаан банкны картын нууц дугаарыг мэдсэн...орон дээр байсан Л.Ганболдын ахын саарал өнгийн хэтэвчийг аваад дотроос нь Хаан банкны виза картыг нь аваад гарч явсан...замаас такси бариад 21 дүгээр хорооллын тэнд байдаг Хаан банкны “АТМ”-рүү орж картыг шалгаж үзэхэд 1.160.000 төгрөг байсан. Би картыг уншуулж бүх мөнгийг аваад такси бариад Л.Мөнхсумьяа ахын гэрт нь оролгүйгээр Хаан банкны картыг Л.Мөнхсумьяа ахын хашаанд хаячхаад гарсан...хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дүгээр тал),
- Хохирол төлсөн талаарх төлбөрийн баримт (хавтаст хэргийн 57 дугаар хуудас),
- Шүүгдэгч Б.Ганболд хувийн байдалтай холбоо баримтууд: Оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 53 дугаар тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 323257 дугаартай шийдвэр (хавтаст хэргийн 69 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Ганболдод холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Б.Ганболд нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 3-88а тоотод иргэн Л.Ганболдын Хаан банкны виза картыг авч түүний данснаас 1.160.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч Л.Ганболдын “...Л.Мөнхсумьяагийн гэр рүү очиж бид гурав пиво хувааж уусан...би согтоод унтсан...өглөө Л.Мөнхсумьяагийн гэрт сэрж гар утсаа асаатал миний данснаас 1.100.000 төгрөг, дараа нь 60.000 төгрөгийн зарлага гарсан байсан...” гэх мэдүүлэг (хх 20-21),
- гэрч Л.Мөнхсумьяагийн “...Б.Ганболд шөнө 23 цагийн үед манай эхнэр Мөнгөнтуяад явлаа гэж хэлээд гараад явсан. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өглөө сэрж Л.Ганболд /том Ганболд/ утсаа цэнэглэж байгаад харсан чинь түүний данснаас 1.100.000 төгрөг, дараа нь 60.000 төгрөгөөр уншуулсан байна лээ...” гэх мэдүүлэг (хх28-29),
- хохирогч Л.Ганболдын Хаан банкны дансны хуулга (хх-5),
- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх7-13) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Ганболд нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр иргэн Л.Ганболдын эзэмшлийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганболдыг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл /Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам/-ийн 2 дахь хэсэгт “шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно.” гэж заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд даруй ял оногдуулах шүүх хуралдааныг зарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болохыг тэмдэглэв.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Ганболд нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролд 1.160.000 төгрөгийг төлж барагдуулсан (хх-57), хохирогч Л.Ганболдоос “хохирол төлбөрөө бүрэн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт (хх-61)-ийг илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Ганболдыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Б.Ганболд нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй (хх-48) буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалт “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Ганболд нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хх-71) гаргасныг прокурор хүлээн авч “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаар тогтоол (хх72) үйлдэн, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, хүлээн зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн.
Иймд шүүхээс Б.Ганболдыг бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хялбар аргаар мөнгө олох зорилгоор/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /нийт 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан, уг төлбөрийг бүрэн нөхөн төлсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан, группт байдаг, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон/ зэргийг тус тус харгалзан, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 2 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хүлээлгэж шийдвэрлэв.
Харин улсын яллагч саналдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамласныг зөвтгөж шийдвэрлэв. Энэ нь хэргийн зүйлчлэл болоод үйл баримт, агуулгад нөлөөлөхгүй, хууль хэрэглээний асуудал юм.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх; ялаас чөлөөлөх; албадлагын арга хэмжээ хэрэглэхийг тухайлан зааж, уг зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-1.5 дахь заалтаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөлт /шаардлага/ болгон, ялаас чөлөөлөх, тэнсэх, тусгай ангид хорих ялын дээд, доод хэмжээг тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ялын дээд, доод хэмжээнээс хэтрүүлэхгүй эсхүл багагүй ял оногдуулж хөнгөрүүлэх зохицуулалт үйлчилдэг.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл нь “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” гэж императив шинжийг зааж, хүний эрх чөлөөг бүх талаар хязгаарладаг, цээрлэлийн хатуу үр нөлөөтэй хүнд ялд тооцогдох хорих ял оногдуулахаар заасан, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд уг журмыг хэрэглэдэг.
Нөгөөтээгүүр прокурорын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай саналд ч “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж”, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авхуулахаар заасан учир хорих ялыг тэнсэх зохицуулалтыг хэрэглэх нөхцөл, шаардлагыг хуульчилсан Эрүүгийн хуулийн заалт (7.1)-ыг журамласан болно.
Шүүгдэгч Б.Ганболд нь тэнссэн хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, хэрвээ тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг шүүгдэгч Б.Ганболдод мэдэгдэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 2108000890226 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ганболд нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Тайж овогт Баяндалайн Ганболдыг бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганболдыг хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар тэнсэж, “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 9 дэх заалтуудад зааснаар шүүгдэгч Б.Ганболдод авсан “үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Эрүүгийн 2108000890226 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ганболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ганболдод авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР