Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/245

 

 

 

 

 

 

 

 

      2021           03            10                                      2021/ШЦТ/245

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Ж.Отгончимэг /томилолт/,

шүүгдэгч Ч.Дэрэмбор, түүний өмгөөлөгч Д.Отгонбат /үнэмлэхийн дугаар 0936/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Дэрэмборыг Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908018660440 дугаартай зургаан хавтас хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 39 дүгээр гудамжны 45 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Йөншөбү овогт Чинбатын Дэрэмбор (РД:ДЙ91062112).

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Ч.Дэрэмбор 2018 оны 05 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн “Драгон”, “Саппоро” худалдааны төв, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” дотор байрлах шашны эд зүйл зардаг дэлгүүр “Интернэт орчинд фейсбүүк сүлжээгээр “Zar medee.mn” сайтаар дамжуулан архинаас гаргах үйлчилгээтэй гэх Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй Dizone” гэсэн нэртэй эм, “JYOCOL eyecaps” гэх нэртэй нүдний дусаалга /эм/, эмийн түүхий эд, био бэлдмэлийг хууль бусаар импортолж, худалдаж, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Дэрэмбор мэдүүлэхдээ:

            “Би 2016 оноос эхлэн лангуу түрээслэн ажиллуулж байгаа. Би тухайн эмийг анх 2016 оны 06 дугаар сард гадаад явахдаа ганц хоёр таблетыг авчирсан. Хүмүүс асуугаад байхаар нь “Dizone” гэх нэртэй эмийг хилээр оруулж ирсэн...Нүдний дусаалгыг хүмүүс надаас асуугаад, явахдаа аваад ирээрэй гээд захисан тул авчирсан. Ингэхдээ хүмүүсийн захиснаас илүү хэдийг авчирсан...Монгол улсад орж ирэх тусгай зөвшөөрөлгүй, орж ирэх ёсгүй эм гэдгийг 2018 оны шалгалтаар мэдсэн” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

- Нэгжлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 17-54 дүгээр хуудас),

 

            - Гэрч Ш.Тэмүүжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2019 оны 01 дүгээр сард...1, 2, 3 хайрцаг эмийг байгаа мөнгөндөө тааруулан 20.000 төгрөгөөс 30.000 төгрөгөөр худалдан авч 10.000 төгрөг нэмээд 1 хайрцаг эмийг 40.000 төгрөгөөр өөрийн...фейсбүүк хаягаар зар тавьж, худалдан борлуулдаг байсан. 2019 оны 01 дүгээр сараас хойш 12 орчим хайрцаг эм худалдан борлуулсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 73 дугаар хуудас),

 

            - Гэрч Б.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2018 оны 08 дугаар сараас “Дайзоне” гэх нэртэй эмийг зарж борлуулсан. Өнгөрсөн хугацаанд 5 хайрцаг буюу 50 ширхэг  “Дайзоне” эмийг зарж борлуулсан...би “Дайзоне” гэх эмийг улсын хилээр оруулж ирснийг мэдээгүй, яаж оруулж ирдэг талаар мэдэхгүй...2019 оны 01 дүгээр сараас хойш 10 орчим удаа...Ч.Дэрэмбор гэх залуугаас...уг эмийг худалдан авч 10.000 төгрөг нэмж гадуур худалдан борлуулдаг...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 75, 79 дүгээр хуудас),

                                                                                                                                        

- Гэрч Б.Энх-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэтхэг барааны дэлгүүрээс Чинбат гэх хүнээс уг эмийг худалдан авч Уянгаар заруулдаг байсан...Уг эмийг Дэрэмборын аав Чинбат ахаас 1 таблет эмийг 6.000 төгрөгөөр худалдаж аваад Уянгад 1 таблет эмийг 20.000 төгрөгөөр зардаг байсан. Уянга надаас авсан эмийг цааш нь 40.000 төгрөгөөр зардаг байсан. ...Чинбат ахтай ярилцаж байхад архинаас гаргадаг, цэвэр ургамлын гаралтай эм тэдний дэлгүүрт байгаа талаар надад бас үзүүлж байсан...Чинбат, түүний хүү Дэрэмбор нар нь Энэтхэг барааны дэлгүүр ажиллуулдаг байсан учир би “Дайзоне” гэх нэртэй эмийг Энэтхэг улсаас оруулж ирдэг гэж боддог байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас),

 

            - Гэрч Б.Чинбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хүмүүс захиад байхаар нь Дэрэмбороос аваад захисан хүмүүст өгч байсан...Би тийм ихээр зарж байгаагүй. Тийм эм байдаг олж өгөөч гэхээр нь би Грандаас аваад зардаг байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 89 дүгээр хуудас),

 

            - Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас),

 

            - Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 2019-625 дугаартай шинжилгээний дүн (1 дүгээр хавтаст хэргийн 97 дугаар хуудас),

- Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1554 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 108 дугаар тал),

 

            - Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10/3464 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 130 дугаар хуудас),

 

  • Сонинд зарлуулсан текстийг танилцуулсан тэмдэглэл, зарын тасалбар (1 дүгээр хавтаст

хэргийн 131 дүгээр хуудас),

 

            - Гаалийн ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 02/1/4090 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 135 дугаар хуудас),

 

- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 06/4061 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 138 дугаар тал),

 

- Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10б/700 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 141 дүгээр хуудас),

 

- Цэргийн төв эмнэлгийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1062 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 144 дүгээр хуудас),

 

- Гаалийн ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01-3/4840 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 147 дугаар хуудас),

 

            - Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1922 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 159),

 

- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2020/01 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 165-167, 168 дугаар хуудас),

 

  • Яллагдагч Ч.Дэрэмбор хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа (1 дүгээр хавтаст

хэргийн 236-237 дугаар хуудас),

 

            - Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын, Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн санхүүгийн шинжээч-мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Бадрахын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 07200005 дугаартай: “...Ч.Дэрэмбор...2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд...“Эмийн үнэ” гэсэн гүйлгээний утгатай...82.000 төгрөгийн дүнтэй 4 удаагийн...” гэсэн магадалгаа (4 дүгээр хавтаст хэргийн 180-184 дүгээр хуудас),

 

- Шүүгдэгч Ч.Дэрэмборын Хаан банк дахь депозит дансны хуулга (4 дүгээр хавтаст хэргийн 127-178 дугаар хуудас),

 

- “Гранд плаза” худалдаа үйлчилгээний төвийн В1-р давхрын 0,1А талбайг “Түрээсийн гэрээ” байгуулан ажиллуулдаг талаарх 19/04 дугаартай гэрээний хуулбар /өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Дэрэмборд холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ч.Дэрэмбор 2018 оны 05 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн “Драгон”, “Саппоро” худалдааны төв, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” дотор байрлах шашны эд зүйл зардаг дэлгүүр, Интернэт орчинд “фейсбүүк” сүлжээгээр “Zar medee.mn” сайтаар дамжуулан архинаас гаргах үйлчилгээтэй гэх Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй ”Dizone” гэсэн нэртэй эм, “JYOCOL eyecaps” гэх нэртэй нүдний дусаалга /эм/, эмийн түүхий эд, био бэлдмэлийг хууль бусаар импортолж, худалдаж, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан болох нь:

- нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (1хх-17-54),

            - гэрч Ш.Тэмүүжингийн “...би 2019 оны 01 дүгээр сард...1, 2, 3 хайрцаг эмийг...худалдан авч 10.000 төгрөг нэмээд 1 хайрцаг эмийг 40.000 төгрөгөөр өөрийн фейсбүүк хаягаар зар тавьж, худалдан борлуулдаг байсан...” гэсэн мэдүүлэг (1хх73),

            - гэрч Б.Уянгын “...би 2018 оны 08 дугаар сараас...5 хайрцаг “Дайзоне” гэх нэртэй эмийг зарж борлуулсан...2019 оны 01 дүгээр сараас хойш 10 орчим удаа...Ч.Дэрэмбор гэх залуугаас...уг эмийг худалдан авч 10.000 төгрөг нэмж гадуур худалдан борлуулдаг байсан...” гэх мэдүүлэг (1хх75,79),

- гэрч Б.Энх-Очирын “...Уг эмийг Чинбат ахаас 1 таблет эмийг 6.000 төгрөгөөр худалдаж аваад Уянгад 1 таблет эмийг 20.000 төгрөгөөр зардаг байсан...Чинбат ахын хүү Дэрэмбор нар нь Энэтхэг барааны дэлгүүр ажиллуулдаг байсан учир би “Дайзоне” гэх нэртэй эмийг Энэтхэг улсаас оруулж ирдэг гэж боддог байсан...” гэх мэдүүлэг (1хх86-87),

            - гэрч Б.Чинбатын “...Хүмүүс захиад байхаар нь Дэрэмбороос аваад захисан хүмүүст өгч байсан...” гэх мэдүүлэг (1хх 89),

            - Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн Dizone /250 мг тунтай/ гэх нэр бүхий эм нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй...Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид “Dizone” гэх нэр бүхий эм шинжилгээ хийгдэж байгаагүй байна. ...“Dizone” 250 мг гэх нэр бүхий эм нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх заавар баталгаажаагүй...“Dizone” гэх эмийн найрлага дахь Дисульфирам гэх үйлчлэгч бодисыг хэрэглэсний улмаас үүсэх сөрөг нөлөө нь:

1. Ходоодны гэдэсний замд: дисгевзи /амтны мэдрэхүй өөрчлөгдөх/ элбэг, цөөн тохиолдолд өтгөний үнэр хэвийн бус болох.

2. Элэг цөсний замд: элэгний дутагдал, фцльминант гепатит, гепатит /голдуу цитолитик/

З. Мэдрэлийн системд илрэх өөрчлөлт: толгой өвдөх, нойрмоглох, харааны мэдрэлийн үрэвсэл, татах, ухаан алдах, энцефалопати, цөөн тохиолдолд полинейропати.

4. Сэтгэцийн өөрчлөлт: мэдрэл-сэтгэцийн өөрчлөлт, ухаан төөрөгдөх /давтамж тодорхойгүй/

5. Судасны өөрчлөлт: артерийн гипертензи /давтамж тодорхойгүй/

6. Арьс, арьсан доорх эдийн өөрчлөлт: харшлын дерматит /Давтамж тодорхойгүй/... “Dizone” гэх нэр бүхий эмийн найрлагад байгаа Дисульфирам гэх үйлчлэгч бодисыг хэрэглэсний улмаас хүнд давтамж тодорхойгүй сэтгэцийн өөрчлөлт, ухаан төөрөгдөх байдал илэрч болно... “Dizone” гэх нэр бүхий шахмал эм нь найрлагадаа Дисульфирам гэх үйлчлэгч бодис нэг шахмалдаа 250 мг тунгаар агуулдаг. Архаг дахилтат архидалтын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд хэрэглэнэ...Шинжилгээнд ирүүлсэн GD161779 цувралын дугаар бүхий “Dizone” 250 мг шахмал эмийг МХЕГ-ХАБҮЛЛ-ийн эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторид шинжлэхэд 2019-625 дугаартай шинжилгээний дүнгээр USP-36-н шаардлага хангасан үзүүлэлттэй гарсан...” гэсэн дүгнэлт (1хх94-95),

            - Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 2019-625 дугаартай “...эмийн олон улсын нэр найрлага: Дисульфирам 250 мг...” гэх шинжилгээний дүн (1хх97),

- Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1554 дугаартай: “...Монгол улсын эмийн бүртгэлд “Dizone” гэх худалдааны нэртэй эм бүртгэгдээгүй болно...Улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм тул эмийн гарал үүсэл үйлчлэл, эмээс хордсон, сэтгэцэд нөлөөлсөн өөрчлөлт орсон, сөрөг нөлөө үзүүлсэн гэх мэдээлэл болон холбогдох баримт бичгүүд тус төвд байхгүй болно...Эрүүл мэндийн сайдын 2013 оны 415 дугаар тушаалаар батлагдсан “Эмийн гаж нөлөө болон аюулгүй байдлын мэдээллийн бүртгэн мэдээлэх журам”-ын дагуу эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлсэн эмийн гаж нөлөөний мэдээлэлд “Dizone” гэх нэртэй эмтэй холбоотойгоор илэрсэн гаж нөлөөний тохиолдол бүртгэгдээгүй байна...” гэх албан бичиг (1хх108),

  • Сонинд зарлуулсан текстийг танилцуулсан тэмдэглэл, зарын тасалбар (1хх131),

            - Гаалийн ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 02/1/4090 дугаартай: “...Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/407 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын лиценз болгох журам”-ын 2.1.1-д импортоор оруулж буй эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байна”, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/295 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам”-ын 7.4-т “Бүртгэлийн хүчинтэй хугацаа бүхий улсын бүртгэлийн гэрчилгээг бүртгүүлэгч байгууллага хүлээн аваагүй тохиолдолд Монгол Улсад импортлох, түгээх эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэгдэхийг хориглоно” гэж заасан...” гэх албан бичиг (1хх135),

- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 06/4061 дугаартай: “...JYOCOL eyecaps гэх нэртэй эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй байна. ... “JYOCOL eyecaps” гэх нэртэй эмээс хордсон, сэтгэцэд өөрчлөлт орсон, сөрөг нөлөө үзүүлсэн талаарх тохиолдол, зөрчил, гомдол мэдээлэл манай байгууллагад бүртгэгдээгүй байна. ...”JYOCOL eyecaps” эмийн найрлага дахь үйлчлэгч бодис болох хлорамфеникол нь өргөн хүрээний үйлдэлтэй, нянгийн үржлийг зогсоодог антибиотик юм. Хлорамфеникол бүхий нүдний эмийг нүдний салст үрэвсэл, нулимсны булчирхайн дан болон хавсарсан үрэвсэл, нүдний эвэрлэгийн үрэвсэл, мэдрэлийн саажилттай хавсарч хоёрдогчоор халдварт өртсөн үед тус тус хэрэглэнэ...” гэх албан бичиг (1хх138),

- Гаалийн ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01-3/4840 дугаартай: “... Монгол улсын Засгийн газрын 2001 оны 54 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Монгол улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх барааны кодлогдсон жагсаалт”-д Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС)-ийн 30.04 код бүхий “Жижиглэн худалдаалах тун хэлбэрт савлагдсан, урьдчилан сэргийлэх буюу эмчилгээний зориулалттай, холимог буюу холимог бус /БТКУС-ийн Зүйл 1 30.02, 30.05, 30.06-д зааснаас бусад/ эмэнд архинаас гаргах үйлчилгээтэй “Дизоне”, нүдний дусаалга “JYOCOL eyecaps” гэх эм хамаарах тул Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болно...” гэх албан бичиг (1хх147),

- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2020/01 дугаартай шинжээчийн: “...JYOCOL гэх бэлдмэл нь найрлагадаа хлорамфеникол агуулах бөгөөд тухайн бэлдмэл нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй байна... хлорамфеникол нь бусад эмүүдийн адилаар мөн гаж нөлөө үүсгэж болно...Шинжилгээнд ирүүлсэн Jyocoi /1% №10 тосон түрхэц/ гэх зөөлөн капсултай бэлдмэл нь найрлагадаа хлорамфеникол агуулах бөгөөд өргөн хүрээт үйлдэлтэй антибиотик юм...” гэх дүгнэлт (1хх165-167,168),

  • Яллагдагч Ч.Дэрэмбор хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа (1хх236-237),

            - Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын, Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн санхүүгийн шинжээч-мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Бадрахын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 07200005 дугаартай: “...Ч.Дэрэмбор...2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд...“Эмийн үнэ” гэсэн гүйлгээний утгатай...82.000 төгрөгийн дүнтэй 4 удаагийн...” гэсэн магадалгаа (4хх180-184),

- Шүүгдэгч Ч.Дэрэмборын Хаан банк дахь депозит дансны хуулга (4хх127-178),

- Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2-5а/9616 дугаартай албан бичигт “Ч.Дэрэмборын Монгол Улсын хилээр нэвтэрсэн” талаарх лавлагаа (1хх 236-237),

            - Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын, Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн санхүүгийн шинжээч-мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Бадрахын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 07200005 дугаартай: “...Ч.Дэрэмбор...2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд...“Эмийн үнэ” гэсэн гүйлгээний утгатай...82.000 төгрөгийн дүнтэй 4 удаагийн гүйлгээ...” гэсэн магадалгаа (40хх180-184) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Дэрэмборын нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, нуун далдлах аргаар үйлдэн Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Dizone” гэх нэртэй эм, “JYOCOL eyecaps” гэх нүдний дусаалгыг хууль бусаар Монгол Улсын хилээр импортлон оруулж ирэн, “Драгон”, “Саппоро” худалдааны төвүүд, “Гранд плаза” дотор байрлах шашны эд зүйл зардаг дэлгүүр, “Zar medee.mn” сайтаар дамжуулан “фейсбүүк” сүлжээгээр худалдаж, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулж, тодорхой хэмжээний ашиг олсон үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирчээ.

Харин прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Ч.Дэрэмборыг эм, эмийн түүхий эд, био бэлдмэл үйлдвэрлэх...” гэж ялласан нь нотлох баримтаар тогтоогдохгүй, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “үйлдвэрлэх гэсэн шинжийг техникийн шинжтэй алдаа гаргаж бичсэн тул уг шинжээр яллах дүгнэлтээс хасаж, бусад шинжээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг Шүүх хүлээн авсан болохыг тэмдэглэв.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйл/тусгай зөвшөөрөл/-ийн 7.1 дэх хэсэгт “Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон ...тэдгээрийн угтвар бодис, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно.” гэж зааснаас үзэхэд “Dizone” эм, “JYOCOL eyecaps” нүдний дусаалга нь тусгай зөвшөөрлөөр Улсын хилээр оруулж ирэх барааны жагсаалтад хамаарахгүй, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар Улсын хилээр оруулж ирсэн гэж үзнэ.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцээгүй, түүний өмгөөлөгчийн зүгээс мөн маргаагүй болно.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Ч.Дэрэмборыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Эмийн үйлдвэрлэл худалдаа, импортын үйл ажиллагаа нь хүний эрүүл мэнд, амь настай холбоотой учраас төрийн байгууллагын хяналт дор, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагдаж, хуулийн шалгуур, стандартыг мөрдлөг болгодог. Энэ төрлийн үйл ажиллагааг төрийн байгууллагын хяналтаас гадуур явуулбал хүний амь нас эрсдэх, эрүүл мэндээрээ хохирох, нийгэмд эмийн зохисгүй хэрэглээ бий болох хор аюултай тул эмийн хууль бус эргэлттээ холбоотой гэмт хэрэг нь нийгмийн аюул ихтэйд тооцогддог.

“Dizone” эмийн найрлагад агуулагдах хлорамфеникол нь бусад эмүүдийн адилаар гаж нөлөө үүсгэх, дисульфирам гэх үйлчлэгч бодисыг хэрэглэсний улмаас хүнд давтамж тодорхойгүй сэтгэцийн өөрчлөлт, ухаан төөрөгдөх байдал илрэх, амтны мэдрэхүй өөрчлөгдөх, элэгний дутагдал, толгой өвдөх, нойрмоглох, харааны мэдрэлийн үрэвсэл, татах, ухаан алдах, мэдрэл-сэтгэцийн өөрчлөлт, ухаан төөрөгдөх сөрөг нөлөөтэй талаар шинжээчийн дүгнэлт хэрэгт авагджээ.

Тухайн эм, нүдний дусаалгыг худалдаж, түгээсэн үйлдлийн улмаас иргэнд сөргөөр нөлөөлөх гаж нөлөө үзүүлсэн, хордсон, эрүүл мэндэд хохирол учирсан, тусламж үйлчилгээ авсан гэх үйл баримт тогтоогдоогүй болох нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1922 дугаартай албан бичиг (1хх159), Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10б/700 дугаартай албан бичиг (1хх141), Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10/3464 дугаартай албан бичиг (1хх112), Цэргийн төв эмнэлгийн 2019 оны 12 дугаар сарын 09, 18-ний өдрийн 993, 1062 дугаартай албан бичгүүд (1хх130,144) зэргээр нотлогджээ.

Иймээс шүүгдэгч Ч.Дэрэмборыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Ч.Дэрэмборд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Ч.Дэрэмборын хувьд гэм буруугийн талаар маргаагүй, Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үйлдлийн давтамж болоод Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Яллах талаас “...3 жилийн хорих ял” оногдуулах, өмгөөлөх талаас “...5.400.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах тухай санал гаргасныг Шүүх өмгөөлөгчийн саналыг хүлээн авч, “торгох ялын хэмжээг нэмэгдүүлэн тогтоох” нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал: шүүгдэгч Ч.Дэрэмбор нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хууль бусаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийн оруулж ирж худалдаж, түгээж, тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагааг явуулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлого олдог, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, үйлдсэн хэргээ анхнаасаа хүлээн мэдүүлсэн/-ыг тус тус харгалзан үзэж гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршино гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”, “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх,...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасныг баримтлан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхүйц ялыг оногдуулах нь зүйтэй.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч Ч.Дэрэмборд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв. Хэрвээ шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг Ч.Дэрэмборд мэдэгдэж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөлд “торгох; зорчих эрхийг хязгаарлах; хорих” ял оногдуулахаар заасан ба шүүгдэгчийн хувьд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний хувиараа хөдөлмөр эрхлэх, үйл ажиллагаа явуулах /Гранд плаза худалдаа үйлчилгээний цогцолборт лангуу түрээсэлдэг/-хад нөлөө үзүүлэхүйц, мөн эхнэр, хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгт сөрөг нөлөө үзүүлэх, Эрүүгийн хууль /2015 он/-д хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд заавал хорих ял шийтгэх бус ялын бусад төрөл хэлбэрийг илүү өргөнөөр ашиглах, шоронжуулах байдлыг халахыг зорьсон хууль санаачлагчийн үзэл баримтлал болоод тухайн гэмт этгээдээр гэм буруугаа ухамсарлуулах, цаашид мэргэшсэн гэмт хэрэгтэн бий болох нөлөөтэй. Тийм ч учраас шүүгдэгч Ч.Дэрэмборын хувийн байдал, зан, чанарт үр дүнтэй нөлөөлөл үзүүлж, засрал хүмүүжлийг олох боломжтой гэж үзэн торгох ял оногдуулсан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тухайн зүйл хэсэгт заасан хамгийн доод хэмжээ буюу 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго, зорилтыг хангахын тулд 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн.

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн 1908018660440 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Дэрэмбор нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 69 хайрцагтай  6900 ширхэг “JYOCOL eyecaps” эм, 166 хайрцагтай 16600 ширхэг “Dizone” нэртэй эм зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж шийдвэрлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Йөншөбү овогт Чинбатын Дэрэмборыг эм, эмийн түүхий эд, био бэлдмэл импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч.Дэрэмборыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 9000 (есөн мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 (есөн сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Ч.Дэрэмборд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш  1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 69 хайрцаг 6900 ширхэг “JYOCOL eyecaps” гэх эм, 166 хайрцаг 16600 ширхэг “Dizone” гэх эмийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

 

5. Эрүүгийн 1908018660440 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.Дэрэмбор нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Дэрэмборд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БЯМБААБААТАР