| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 2003004950002 |
| Дугаар | 2021/ШЦТ/249 |
| Огноо | 2021-10-03 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/249
2021 03 10 2021/ШЦТ/249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,
улсын яллагч Н.Уранбайгаль,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Хатанбаяр,
шүүгдэгч Л.Энхтөр, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу /үнэмлэхийн дугаар 0228/, өмгөөлөгч О.Баяраа /үнэмлэхийн дугаар 0333/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Л.Энхтөрийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003004950002 тоот, нэг хавтас хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, “Миара” ХХКомпанид өрөмдөгч ажилтай, ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт 7 дугаар гудамжны 192а тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Лхагвын Энхтөр (РД:ДЕ78050818).
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Л.Энхтөр нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ар гүнтийн зуслангийн замд өөрийн эзэмшлийн “Тоёота” маркийн “Приүс-11” загварын 63-88 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж язаа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, уг автомашинд сууж явсан зорчигч Д.Цэцэгмаа, Ч.Мөнхзаяа нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар мэдүүлэхдээ:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Хатанбаяр “Энхтөр манай ээжтэй 10 гаран жил хамт амьдарсан. Хамтран амьдрах хугацаандаа миний ээжийн халамжтай сайн хань нь байсан. Хохирогчийн үр хүүхдүүдийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Л.Энхтөр “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-16 дугаар хуудас),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Хатанбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би ослын талаар мэдэхгүй. Тухайн өдөр хойд эцэг Энхтөр над руу 15 цагийн үед утсаар залгаад "Гүнтийн даваан дээр би ээжтэй чинь мөн өөрийн эгч Мөнхзаяа нартай машинтай явж байгаад замын хажуу тал руу осолд орж машин онхолдоод Мөнхзаяа эгч нас бараад ээжийг чинь түргэний машин гэмтлийн эмнэлэг рүү авч явсан, миний хүү эмнэлэг рүү шууд очоорой...” гэж хэлсэн. ...ингээд ээж эмчлэгдэж байгаад 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нас барсан. ...Энхтөр ах манай ээж хоёр нийт 12 жил хамтран амьдарсан. Энэ хугацаанд ямар нэгэн маргалдах муудалцах асуудал болж байгаагүй ээ. Оршуулгын зардал гарсан байгаа боловч нэхэмжлэхгүй. Манай ах бид гурав ярилцаж байгаад энэ хэрэг дээр Энхтөр ахад ямар нэгэн гомдол байхгүй гэдгээ мэдүүлгээрээ өгч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэцогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... манай ээж удган бөөгийн онгод шүтээнтэй юм. Осол болдог өдөр манай ээжийг дүү Энхтөр нь засал ном нийлгэх мод тахихаар “Ар гүнт” гэх газар руу авч явсан байсан. Тэгээд явж байх замдаа Ар гүнтийн даваа даваад уруудаж явахдаа осолд орж манай ээж нас барсан. Оршуулгын зардал гарсан боловч нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас),
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2181 дугаартай шинжээчийн: Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош Авто осол: Гавал тархи, цээжний хавсарсан гэмтэл: Дагз ясны хугарал, тархины 2 тал бөмбөлөг, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, дэлүү урагдал, баруун Vlll-X, V-lX хавирга эгмийн урд, дунд далны шугамаар хугарал, бүсэлхийн L-ll-lll-р нугалмын хугарал, нугас дарагдал, Гэмтлийн гаралтай шок, зүрх судасны хурц дутагдал, Баруун дунд чөмөг, зүүн шууны далд хугарал, зулай дух хамар, зовхи, гарын сарвуу, нурууны зулгаралтууд, хуйх дор цус хуралт,
1. Ч.Мөнхзаяагийн бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношны хэсэгт дурдагдсан гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсэх боломжтой.
3. Ч.Мөнхзаяагийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдохгүй байна.
4. Ч.Мөнхзаяа нь гавал тархи, нуруу, хэвлийн эрхтний хавсарсан хүнд гэмтлүүдийн
улмаас шууд үхэлд хүрсэн байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 68-70 дугаар хуудас)
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2225 дугаартай шинжээчийн: Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош цээжний битүү гэмтэл: Зүүн эгэм, баруун 7-10, зүүн 1-хавирга, сээрний 3,11-р нугалмын их бие, 8-р нугалмын арын сэртэн, бүсэлхийн 8-р нугалмын зүүн хөндлөн сэртэн, өвчүү ясны хугарал, хоёр талын уушгины ал, цээжний хөндийн цусан хураа, үнхэлцэг хальсны цус хуралт, Гэмтлийн шок, тархи, уушгины хаван, Толгойн хуйхан доор цус хуралт, баруун шанаанд шарх, эрүү, зүүн эгэм, элгэнд цус хуралт, дух, баруун, зүүн шанаа, баруун хацар, хамар, хүзүү, зүүн хэвлий, зүүн сарвуу, хоёр өвдөг, шилбэнд зулгаралт. Ерөнхий судас хатуурах зүрхний булчингийн цус хомсрох өвчин.
1. Д.Цэцэгмаагийн цогцост цээжний битүү гэмтэл, зүүн эгэм, баруун 7-10, зүүн 1-10-р хавирга, сээрний 3,11-р нугалмын их бие, 8-р нугалмын арын сэртэн, бүсэлхийн 1,2-р нугалмын зүүн хөндлөн сэртэн, өвчүү ясны хугарал, 2 талын уушгины няцрал, цээжний хөндийн цусан хураа, үнхэлцэг хальсны цус хуралт, толгойн хуйхан доорх цус хуралт, баруун шанаанд шарх, эрүү, зүүн эгэм, бугалганд цус хуралт, дух, баруун, зүүн шанаа, баруун хацар, хамар, хүзүү, зүүн эгэм, хэвлий, зүүн сарвуу, хоёр өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл байна.
5. Талийгаач цээжний битүү гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 82-86 дугаар хуудас),
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4373 дугаартай шинжээчийн: “Тоёота Приус-11” маркийн 63-88 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйнууд нь дугуй хээний гүний стандартыг хангаж байна. Хаймар дугуй цоорсон төмөр мэт зүйл зоогдсон зэрэг гэмтэл нь ашиглалтын явцад ослын өмнө үүссэн байх үндэслэлтэй. Обод дугуйнд үүссэн гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй. Шинжилгээнд ирүүлсэн дугуйнуудад үүссэн гэмтэл нь осол гарахад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 96-108 дугаар хуудас)
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4538 дугаартай шинжээчийн: “Приус-11” маркийн 63-88 УБВ дугаартай тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй болсон байна. Шинжилгээнд ирүүлсэн автомашины тоормосны АВS системтэй, тоормос шингэн дамжуулгатай байна. Автомашинд гарсан гэмтлээс хойд тэнхлэгийн тоормосны эд ангийн ажиллагааг шалгах боломжгүй, урд тэнхлэгийн тоормосны эд анги ажиллаж байна. Автомашинд гарсан гэмтлээс автомашин тоормос гишгэх үед зам дээр тоормосны мөр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 113-131 дүгээр хуудас),
- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 277 дугаартай: “Тоёота Приус-11” маркийн 63-88 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.Энхтөр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" мөн дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Зорчигч Ч.Мөнхзаяа, Д.Цэцэгмаа нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн б/.Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг а/хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна...” гэх магадалгаа (хавтаст хэргийн 171-172 дугаар хуудас),
“...Би 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эхнэр Цэцэгмаа, авга эгч Мөнхзаяа нартай хамт Ар гүнт” гэх газар руу шашны зан үйл хийхээр явсан юм. ...манай эхнэр хажууд машины урд суудалд суугаад, авга эгч машины хойд суудал дээр сууж явсан юм. Өдөр 1 цаг 40 минутын орчимд Гүнтийн даваа уруудаад ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байхад дугуй хагарах шиг болоод тоормос гишгэхэд машин 2 тал руугаа шарваад зогсохгүй хурдаа аваад яваад байсан. ...би тухайн үед сандарсан учраас юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь би машиныхаа урд суудал дээрээ сууж байсан. ...манай эхнэр Цэцэгмаа, Мөнхзаяа нар машинаас шидэгдээд, Цэцэгмаа машины урд талд, Мөнхзаяа эгч замын зүүн талын зорчих хэсэг дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 186-188 дугаар хуудас),
- “Гэрэлт моторс” ХХКомпанийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 79 дугаартай ачаа тээврийн зардал нэхэмжилсэн хүсэлт (хавтаст хэргийн 47 дугаар хуудас),
- Гэрч Б.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...ах Л.Энхтөр зан байдлын хувьд төлөв даруу, аливаад юмыг бодож хийдэг, хүнд сайн зөвлөдөг, элдэв муу зуршилгүй, тамхи татдаг, архи хааяа нэг хэрэглэдэг, эхнэртэйгээ амьдрах хугацаандаа хайр халамжтай, ямар нэгэн гэр бүлийн маргаан гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас),
- Гэрч Ш.Долхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...дүү Л.Энхтөр зан байдлын хувьд төлөв даруу, харилцаа сайтай, ах захтай, хүнтэй хүнлэг харьцдаг, элдэв муу зуршилгүй, тамхи татдаг, архи хаа нэг хэрэглэдэг, эхнэртэйгээ амьдрах хугацаандаа гэр бүлийн харилцаа тогтуун, дотно, эхнэр нь гэрээ сайхан аваад явчихдаг, хайр халамжтай, ямар нэгэн гэр бүлийн маргаан гаргаж байгаагүй, энэ хоёрын дундаас хүүхэд гараагүй, ...миний үгнээс гардаггүй, эцэг эх нь бага байхад нь нас барсан. Дараа нь ах, эгч нар нь нас барсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас),
өдрийн 12024 дугаартай шинжээчийн: Л.Энхтөрийн биед тархи доргилт, зулай, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун мөр, цээжинд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл. гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...”гэх дүгнэлт (хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудас),
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 5751 дугаартай шинжээчийн: Шинжилгээнд ирүүлсэн “Энхтөр 42/эр” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 150-151 дүгээр хуудас),
- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),
- “MERA” ХХКомпанийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 02/298 дугаартай тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.Энхтөрд холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Л.Энхтөр нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ар гүнтийн зуслангийн замд өөрийн эзэмшлийн “Тоёота Приус-11” маркийн 63-88 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж язаа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Д.Цэцэгмаа, Ч.Мөнхзаяа нарын амь насыг хохироосон болох нь:
- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-6-16),
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Хатанбаярын “...хойд эцэг Энхтөр над руу 15 цагийн үед утсаар залгаад "Гүнтийн даваан дээр ээж болон эгч Мөнхзаяа нартай машинтай явж байгаад замын хажуу руу машин онхолдоод Мөнхзаяа эгч нас бараад ээжийг чинь түргэний машин Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-37-38),
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэцогтын “...манай ээжийг дүү Энхтөр нь засал ном нийлгэх, мод тахихаар “Ар гүнт” гэх газар руу авч явсан. Ар гүнтийн даваа даваад уруудаж явахдаа осолд орж манай ээж нас барсан...” гэсэн мэдүүлэг (хх-43-44),
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2181 дугаартай: “...Гавал тархи, цээжний хавсарсан гэмтэл, дагз ясны хугарал, тархины 2 тал бөмбөлөг, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, дэлүү урагдал, баруун Vlll-X, V-lX хавирга эгмийн урд, дунд далны шугамаар хугарал, бүсэлхийн L-ll-lll-р нугалмын хугарал, нугас дарагдал, Гэмтлийн гаралтай шок, зүрх судасны хурц дутагдал, баруун дунд чөмөг, зүүн шууны далд хугарал, зулай дух хамар, зовхи, гарын сарвуу, нурууны зулгаралтууд, хуйх дор цус хуралт...” гэх оношоор “гавал тархи, нуруу, хэвлийн эрхтний хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас шууд үхэлд хүрсэн байна...” гэсэн дүгнэлт (хх-68-70),
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2225 дугаартай:” Талийгаач Д.Цэцэгмаагийн цогцост цээжний битүү гэмтэл, зүүн эгэм, баруун 7-10, зүүн 1-10-р хавирга, сээрний 3,11-р нугалмын их бие, 8-р нугалмын арын сэртэн, бүсэлхийн 1,2-р нугалмын зүүн хөндлөн сэртэн, өвчүү ясны хугарал, 2 талын уушгины няцрал, цээжний хөндийн цусан хураа, үнхэлцэг хальсны цус хуралт, толгойн хуйхан доорх цус хуралт, баруун шанаанд шарх, эрүү, зүүн эгэм, бугалганд цум хуралт, дух, баруун, зүүн шанаа, баруун хацар, хамар, хүзүү, зүүн эгэм, хэвлий, зүүн сарвуу, хоёр өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Цээжний битүү гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ...” гэсэн дүгнэлт (хх-82-86),
- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 277 дугаартай: “...Тоёота Приус-11 маркийн 63-88 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.Энхтөр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 -д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" мөн дүрмийн 3.4-ийн б/-д заасан “...хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна...” гэсэн магадалгаа (хх-171-172) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” заасны дагуу захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг тайлбарлах нь зүйн хэрэг.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжуудаар замын хөдөлгөөнд оролцогч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй ба Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн аль ч үйлдэл зам тээврийн осол гарах шалтгаан болох үндэстэй, тийм ч учраас уг үйлдлийг хориглож хууль, дүрмээр хэм хэмжээ тогтоож хуульчилж өгдөг.
Хэрвээ замын хөдөлгөөнд оролцож буй хэн аль нь дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчөөгүй тохиолдолд уг осол гарахгүй байх нөхцөл бүрдэх боломжтой.
Шүүгдэгч Л.Энхтөр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна", мөн дүрмийн 3.4-ийн б/-д заасан “...хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэж заасныг тус тус зөрчсөн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 277 дугаартай магадалгаагаар,
- Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүдээр амь хохирогч Д.Цэцэгмаа, Ч.Мөнхзаяа нарын нас барсан шалтгаан /зам тээврийн ослын үед гавал тархи, нуруу, хэвлийн эрхтний хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас шууд үхэлд хүргэсэн,...цээжний битүү гэмтлийн улмаас гэмтлийн шок.../-ыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, эргэлзээгүй тогтоосон,
- нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-31/ зэргээр “Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг” гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.Энхтөрийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас нэгтгэн дүгнэвээс Л.Энхтөр нь хууль зүйн хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм /12.1, 3.4-б/-ийн заалтыг зөрчсөний улмаас, хоёр хүний амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болохыг тэмдэглэв.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Зам тээврийн ослын улмаас Д.Цэцэгмаа, Ч.Мөнхзаяа нарын амь нас хохирсон бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон, мэдүүлэг авахад “оршуулгын зардалтай холбоотой ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй” гэх хүсэлт /хх-38,44/-ийг илэрхийлжээ.
Мөн иргэний нэхэмжлэгч Т.Мөнх-Очироос “зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийг ачиж, зөөвөрлөсөн хөлс 350.000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, баримт /хх-46,50/-ыг гаргаж өгсөн бөгөөд Л.Энхтөр нь уг мөнгийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлсэн /банкаар/ талаарх баримтыг гаргаж өгчээ.
Иймд шүүгдэгч Л.Энхтөрийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Нөгөөтээгүүр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэцогт, иргэний нэхэмжлэгч Т.Мөнх-Очир нарт хурлын тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд суухгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тэмдэглэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “шүүгдэгч Л.Энхтөрийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сарын хорих ял оногдуулах” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу “...Л.Энхтөрийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлбөргүй, амь хохирогч нар замын хөдөлгөөний тодорхой заалтыг зөрчсөн байдаг. Амь хохирогчийн нэг нь Л.Энхтөрийн эхнэр, нөгөө нэг нь авга эгч нь байсан. Иймд Л.Энхтөрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэх,
өмгөөлөгч О.Баяраа “...гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь осол болсон замын уруудах хэсэг огцом шороон замтай, тухайн үед Л.Энхтөр зөвшөөрөгдөх хэмжээнээс бага хурдтай явсан боловч замын нөхцөл байдалд тохируулж яваагүй нөхцөл байдал харагддаг. Л.Энхтөрийн хувьд амь хохирогч нарын оршуулгын зардалд 22.000.000 төгрөг зарцуулсан боловч энэ талаараа мэдүүлэг өгсөнгүй. Л.Энхтөрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан хорих ялын доод хэмжээ буюу 1 жилийн хорих ял оногдуулж өгнө” үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцэв.
Шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэрэгт авагдсан хувийн байдлын талаарх баримтуудыг шинжлэн судалж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн мөрдөгчийн магадалгаагаар амь хохирогч нар хамгаалах бүсээ хэрэглэн зорчих үүргээ биелүүлээгүй нь зам тээврийн осол гарахад зохих хэмжээгээр нөлөөлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй”, “хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлт, мэдүүлэг зэргийг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээг хөнгөрүүлэн оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Л.Энхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан хугацаанаас тоолж эхлэхээр тус тус шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” заасан эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон ба ингэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн болно.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 2003004950002 тоот хэрэгт ирүүлсэн Л.Энхтөрийн “ВМ” ангиллын, 730531 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвд шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Л.Энхтөр нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Лхагвын Энхтөрийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Энхтөрийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (таван) жилийн хугацаагаар хасч, 1 (нэг) жилийн хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Энхтөрд оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.Энхтөрийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн 2003004950002 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирүүлсэн Л.Энхтөрийн “ВМ” ангиллын, 730531 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвд шилжүүлж, шүүгдэгч Л.Энхтөр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Л.Энхтөрд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Энхтөрд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР