Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 939

 

 

 

 

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/00939

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 хороолол, 5-101 тоотод байрлах, “Хөвчийн зам” ХХК /РД:5676592/

Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 94 хаягт байрлах, “Өргөн говь” ХХК /РД:2579642/

132.558.310 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хэрлэнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хөвчийн зам” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвчийн зам ХХК нь 2014 оны 07 сарын 15-ны өдөр “Өргөн говь” ХХК-тай “Баянзүрх дүүргийн цайз цагаан давааны 1,2 км авто замын шинэчлэлтийн ажилд “хамтран гүйцэтгэх гэрээ” байгуулан ажиллаж эхэлсэн билээ. Энэхүү гэрээний дагуу “Өргөн говь” ХХК нь тус ажилд төсөв, гүйцэтгэл, санхүүжилт, бараа материал ханган нийлүүлэлтийг хариуцан ажиллах, харин манай компани талбай дээрх ажпаа хариуцан ажиллахаар тохиролцсон. Үүний дагуу манай компани бүх ажилчдыг гарган талбай дээрх бүх ажлыг хийсэн. “Өргөн говь” ХХК-ийн нэг инженер л хяналт тавин ажилласан. Ингээд манай компани гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, тус замыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг зориулалтын дагуу ажилд зарцуулах ба ажлын эцсийн гүйцэтгэлээс бүх зардлаа хасч тооцон үлдэгдэл мөнгийг тэнцүү хуваан авахаар тохиролцсон. Тухайн замыг 983.371.325 төгрөгөөр барих төсөвтэй байсан бөгөөд яг гүйцэтгэлээрээ тухайн замд 795.521.400 төгрөг зарцуулагдаж, 187.849.925 төгрөг үлдсэн. Энэхүү мөнгөний 50 хувь болох 93.924.963 төгрөгийг манай компанид өгөх ёстой байсан. Мөн тухайн замын ажилд цементээр бэхжүүлсэн суурийн машиныг түрээсэлсэн түрээсийн мөнгө болох 30.450.000 төгрөгийг манай компани өөрөөсөө гаргасан. Ингээд нийт 132.558.310 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд “Өргөн говь” ХХК-иас гэрээний дагуу авах үлдэгдэл мөнгө болох 132.558.310 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Хөвчийн зам” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хэрлэнчимэг шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч “Хөвчийн зам” ХХК нь хариуцагч “Өргөн говь” ХХК-д холбогдуулан 132.558.310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч нар харилцан тохиролцсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Өргөн говь” ХХК-ийн захирал Ц.Цэцэгсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд “Хөвчийн зам” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Өргөн говь” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянагдаж байгаа. Уг хэрэгт нэхэмжлэгч хариуцагч бид харилцан тохиролцон эвлэрч, улмаар нэхэмжлэгч “Хөвчийн зам” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ  нь:

 

Нэхэмжлэгч “Хөвчийн зам” ХХК нь хариуцагч “Өргөн говь” ХХК-д холбогдуулан 132.558.310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “Хөвчийн зам” ХХК нь хариуцагч “Өргөн говь” ХХК-тай харилцан эвлэрлийн гэрээ байгуулж тохиролцсон учир “Өргөн говь” ХХК-д холбогдуулан гаргасан 132.558.310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тухай хүсэлтийг гаргасан байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь зохигчдын эрх ашиг болон хуульд харшлахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Хөвчийн зам” ХХК нь хариуцагч “Өргөн говь” ХХК-д холбогдуулан гаргасан 132.558.310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 820.742 төгрөгийн 50 хувь болох 410.371 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 410.371 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Хөвчийн зам” ХХК-д олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Ж.КУЛЬДАНА