| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/01413/И |
| Дугаар | 102/ШШ2017/01677 |
| Огноо | 2017-06-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2017/01677
2017 оны 06 сарын 08 өдөр
| Дугаар 102/ШШ2017/01677 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байрны 229 тоотод оршин суух, Ногоон оройт овогт Чимэддоржийн Мягмарсүрэн /РД-ХК62091062/-гийн
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Мягмарсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1986 онд Зөвлөлтийн номын худалдааны төв дэлгүүрт кассчинаар ажилд орсон. 1990 онд жирэмсний амралтаа авсан, энэ хугацаанд уг төв нь Боржин дэлгүүр болсон.
Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон чинь өмнө нь ажиллаж байсан газруудын тушаалыг архиваар шүүлгээд олдоогүй.
Иймээс 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд Зөвлөлтийн номын төв дэлгүүрт кассчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх, хүсэлт гаргагч Ч.Мягмарсүрэнгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь хүсэлт гаргагчийн ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаагийн улмаас түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй болсон байх бөгөөд энэ нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхэд шууд хамаарах үйл явдал байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Ч.Мягмарсүрэн, Зөвлөлтийн номын төв дэлгүүрт 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд кассчинаар ажиллаж байсан болох нь түүний тайлбар, хөдөлмөрийн дэвтэр, гэрч Б.Оюун-Эрдэнэ, С.Тосонхүү нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. /хх-1, 6, 17-18 дугаар хуудас/
Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ногоон оройт овогт Чимэддоржийн Мягмарсүрэн /РД-ХК62091062/-г Зөвлөлтийн номын төв дэлгүүрт 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд кассчинаар ажиллаж байсан болохыг тогтоож, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ногоон оройт овогт Чимэддоржийн Мягмарсүрэн /РД-ХК62091062/-г Зөвлөлтийн номын төв дэлгүүрт 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд кассчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД