Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар  2021/ШЦТ/327

 

 

 

 

 

 

 

 

               2021           03           29                                       2021/ШЦТ/327

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Ч.Баянтөгс нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Баянтөгсийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2108000000259 дугаартай, нэг хавтас хэргийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Төв аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа “Хишиг буян” хүнсний дэлгүүр ажиллуулдаг, Солонгос машины задаргааны сэлбэг зардаг гэх, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран 7-203б тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байсан байдал:

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 130А дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 12 жилийн хорих ял шийтгүүлж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 818 дугаар магадлалаар хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.2, 126.2.6-д зааснаар 7 жилийн хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 709А дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 03 жил 01 сар 22 хоногийн хорих ялыг эдэлсэнд тооцон суллагдсан, Алаг адуун овогт Чагнаадоржийн Баянтөгс (РД:НХ89061211).

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Ч.Баянтөгс нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 7 дугаар гудамжны 203б тоотод өөрийн гэртээ хохирогч Д.Түмэнбилэгтэй маргалдан, хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нуруун тус газар нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Баянтөгс “мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

            -  Хохирогч Д.Түмэнбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 2 дугаар сарын 10-ны орой 21 цагийн үед Ч.Баянтөгсийн гэрт нь очиж Нацагдорж, Б.Баттулга бид нар цагаан сарын бууз хийсэн. Бид нар 0,75 грамм нэг шил архи уусан. Баянтөгс бид хоёр хоорондоо маргалдсан. Тухайн үед Баянтөгс заазуур бариад над руу дайраад хоорондоо маргалдаж байгаад салгасан. Тэгээд байж байхад миний ар нуруу далны хэсгээс цус гарахаар нь “Төгсөө чи намайг заазуураар цохичихсон байна ш дээ” гэж хэлээд гэрээс нь гараад явсан. Тэгээд дүү Байгалийн гэрт очоод Төгсөө намайг заазуураар цохисон гэж хэлэхэд дүү цагдаад дуудлага өгсөн. Би Баянтөгсийг зодсон зүйл байхгүй. Би эмчилгээ хийлгээгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

 

            - Гэрч Д.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...унтаж байтал шөнийн 02 цагийн үед гэрийн хаалга нүдээд Түмэнбилэг ах орж ирсэн. Төгсөө ах нь заазуураар хутгалчихлаа гэхээр нь фотвалка сөхөөд нурууг нь хартал юмаар зүссэн юм шиг нэлээн том шарх болчихсон, хүзүүнд нь бас улайсан ором үүссэн байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),

 

            - Гэрч Б.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төгсөөгийн гэрт бууз хийж байтал Түмээ ах, Төгсөө хоёр муудалцаад Төгсөө, Түмээ ахыг тонгорч унагаад хоолойг нь боосон. Тэгээд салаад хоорондоо эвлэрээд буузаа хийж дуусахын алдад Түмээ ах гараад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),

 

            - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1515 дугаартай “Хэсэг газрын үзлэгт: Зүүн хөмсөг гадна 1/3 хэсэгт 0.5х0.3см, хүзүүний баруун хажуу хэсэгт 5.5х0.7см, үүний доод хэсэг 5х0.8см 2 хөндлөн байрласан хүрэн ягаан өнгийн цус хуралттай, зүүн далд байрлалд 3.1х0.5см мохоо тал нь биеийн доод хэсэгт, ир тал нь биеийн дээд хэсэгт байрласан зах ирмэг тэгш зүсэгдсэн шархтай, цус гарч хатсан байдалтай, биеийн бусад хэсэгт  өөр ил харагдах гэмтэлгүй,

            1. Д.Түмэнбилэгийн биед баруун даланд шарх, зүүн хөмсөг, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

            3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас),

 

            - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 676 дугаартай:

            1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан судалтай хар цамц, цагаан саарал цамцанд зүсэгдэлтүүд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан байна.

            2. Шинжилгээнд ирүүлсэн цамцнуудад гарсан зүсэгдэлтүүд шинжилгээнд ирүүлсэн заазуураар гарсан байж болно...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас),

 

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас),          

            - Шүүгдэгч Ч.Баянтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед манай гэрт нэг шил архи уунгаа цагаан сарын бууз хийсэн. Түмэнбилэг бид хоёр бууз хийж байхад гаднаас Баттулга, Нацагдорж хоёр орж ирээд бууз хийлцэхээр болсон...Түмэнбилэг согтуурхаад над руу дайраад намайг “чи бол болоогүй шүү жоохон бацаан” гээд доромжлоод байсан. Тухайн үед Түмэнбилэг гурилын мод бариад босоод ирсэн. Би ширээн дээр гурил тасалж байсан заазуураа бариад босоход Түмэнбилэг намайг заамдаад авахад би зөрүүлээд заазууртай гараараа ар нуруу хэсэгт нь цохиод тонгорч газар унагаасан. Баттулга, Нацагдорж хоёр салгасан. Бид эвлэрээд архи уугаад сууж байхад Түмэнбилэг нуруу руу нойтон оргиод байна гэхээр нь нуруу хэсгийг нь хартал зүсэгдсэн шарх, цус гарч байсан. Тэгээд Түмэнбилэг гэр рүүгээ харилаа гээд явсан. Удалгүй цагдаа ирсэн. Би Түмэнбилэгийг ар нуруу хэсэгт заазуураар нэг удаа цохиж гэмтээсэн. Намайг цохиж зодсон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-62 дугаар хуудас),

 

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 72 дугаар тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 73 дугаар тал), “Их нандин дэлбээн” ХХКомпанийн тодорхойлолт (хавтаст хэргийн 75 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 93 дугаар тал), түүний Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 76-92 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Баянтөгсөд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ч.Баянтөгс нь 2021 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 7-р гудамжны 203Б тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Түмэнбилэгтэй маргалдан хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нуруун тус газарт нь заазуураар хатгаж, хоолойг боох зэргээр цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: 

            - хохирогч Д.Түмэнбилэгийн “...Баянтөгс бид хоёр хоорондоо маргалдсан. Тухайн үед Баянтөгс заазуур бариад над руу дайраад байхад салгасан. Тэгээд байж байтал миний далны хэсгээс цус гарахаар нь “Төгсөө чи намайг заазуураар цохичихсон байна ш дээ” гэж хэлээд гэрээс нь гараад явсан...” гэх мэдүүлэг (хх20-21),

            - гэрч Д.Байгалмаагийн “...шөнийн 02 цагийн үед гэрийн хаалга нүдээд Түмэнбилэг ах орж ирсэн. Төгсөө заазуураар хутгалчихлаа гэхээр нь фотвалкийг сөхөөд нурууг нь хартал зүссэн юм шиг нэлээн том шархтай, хүзүүнд нь бас улайсан ором үүссэн байсан...” гэх мэдүүлэг (хх22-23),

            - гэрч Б.Баттулгын “...Төгсөөгийн гэрт бууз хийж байтал тэр хоёр муудалцаад Төгсөө, Түмээ ахыг тонгорч унагаад хоолойг нь боосон...Түмээ ах гараад явсан...” гэх мэдүүлэг (хх30-31),

            - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1515 дугаартай “Д.Түмэнбилэгийн биед баруун даланд шарх, зүүн хөмсөг, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх39-40),

            - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 676 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн цагаан судалтай хар цамц, цагаан саарал цамцанд зүсэгдэлтүүд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан байна. Цамцнуудад гарсан зүсэгдэлтүүд шинжилгээнд ирүүлсэн заазуураар гарсан байж болно...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас),         

            - Ч.Баянтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би Түмэнбилэгийг ар нуруу хэсэгт заазуураар нэг удаа цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг (хх60-62) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэлт хийвэл Ч.Баянтөгс нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хувийн таарамжгүй сэдэлтээр, хутгыг зэвсгийн чанартай ашиглаж, хохирогч Д.Түмэнбилэгийн эрүүл мэндэд халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангажээ.

Нөгөөтээгүүр хууль тогтоогчийн аутентик тайлбараар хутга /заазуур/ нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай эд зүйл буюу хүйтэн зэвсэгт хамаарах боловч Ч.Баянтөгсийг үйлдлийн улмаас хохирогчийн нуруунд заазуураар хатгаж, зүсэгдсэн шарх, хоолойг нь боох үед зүүн хөмсөг, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлт /1515, 676/-үүд, хохирогч, гэрч Б.Баттулга, Д.Байгалмаа нарын мэдүүлэг зэргээр хөнгөн зэргийн хохирол хохирогчид учруулсан үйл баримт тогтоогджээ.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ч.Баянтөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Баянтөгс нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан, тэрээр хэргийн үйл баримт, зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг тус тус тэмдэглэв. 

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч Д.Түмэнбилэг нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, Шүүхээс хурлын тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд суухгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбарыг гаргасан байх тул шүүгдэгч Ч.Баянтөгсийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Баянтөгсийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг шүүгдэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Шүүгдэгч Ч.Баянтөгсөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Баянтөгс нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хх-121) гаргасныг прокурор 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” тухай тогтоол (хх122-123)-оор хүлээн авч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Иймээс шүүх шүүгдэгч Ч.Баянтөгсийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан бусдын эрүүл мэндэд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлттэй, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт/, шүүгдэгчийн хувийн байдал /эхнэр, гурван хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлж, тодорхой орлого олдог, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баянтөгсөд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 120 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлаар.

Эрүүгийн 2108000000259 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал, ногоон өнгийн бариултай нэг ширхэг заазуурыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, Ч.Баянтөгс нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Алаг адуун овогт Чагнаадоржийн Баянтөгсийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баянтөгсийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Ч.Баянтөгсөд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 120 (нэг зуун хорин) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн 2108000000259 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.Баянтөгс нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  нэг ширхэг саарал, ногоон өнгийн иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Баянтөгсөд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БЯМБААБААТАР