Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/359

 

2021 04 05

2021/ШЦТ/359

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам, улсын яллагч А.Ганзориг, шүүгдэгч Б.Мөнгөнсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Мөнгөнсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, эрүүгийн 2108000000335 дугаартай, нэг хавтас хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1971 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дархан аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехник слесарь мэргэжилтэй, “Цагаан удам” ХХКомпанид гагнуурчин ажилтай, ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 80 дугаар гудамжны 13 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо, 31 дүгээр гудамж 29а тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Алтан овогт Балдоржийн Мөнгөнсүх (РД:У071062633). Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр) Яллагдагч Б.Мөнгөнсүх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 31 дүгээр гудамжны 29а тоотод иргэн Н.Энхбаттай “...танай байшингийн хажуугаар явган хүмүүс яагаад явж болдоггүй юм бэ, чи эсвэл наад хашаагаа бариад тагла...гэж хэллээ...” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, мөн толгойн тус газар нь хөрөөгөөр цохиж зодон, хүний эрүүл мэндэд “...зүүн зулай хэсэгт шарх, зүүн хацрын төвгөрийн дээд хэсэг, дээд уруулын зүүн дээд хэсэг, зүүн өвдөгний дор зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнгөнсүх “...мөрөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэв. 2 Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд (хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас), - Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Энхбатын мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас), гэрч Н.Гантулгын мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас), - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1718 дугаартай “Хэсэг газрын үзлэгт: Зүүн зулай хэсэг 1 см урт эдгэрч аньсан, бор өнгийн тов бүхий оёдол тавьсан шархтай, зүүн хацрын төвгөрийн дээд хэсэгт 1,5х1.8см хэмжээтэй, цайвар ягаан өнгийн нөсөөгүйжсэн хэсэгтэй. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. “1. Н.Энхбатын биед зүүн зулай хэсэгт шарх, зүүн хацрын төвгөрийн дээд хэсэг, дээд уруулын зүүн дээд хэсэг, зүүн өвдөгний дор зулгаралт гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 5. Дээрх гэмтлүүдээс зүүн зулай хэсгийн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, 6. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас), - Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хөрөөний ир хэсэг мохоо зүйлд орохгүй. Гэхдээ Энхбатын зулай хэсэг дэх шарх нь эдгэрч аньж байсан учир үүсгэгдэх хүчин зүйлийг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас), - Шүүгдэгч Б.Мөнгөнсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...хэрүүл маргаан үүсгээд газарт унаж ноцолдох үед би нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиод хаалганы дээрээс жижиг хөрөө унаад ирэхээр нь би хөрөөний ир хэсгээр нь толгой руу нь нэг удаа цохисон. Тэгээд өөдөөс дайраад агсраад байхаар нь би дээр нь гарч суугаад “чи тайвширсан уу, чи гэр бүлтэй юу ах нь 3 хүүхэдтэй гэр бүлтэй хэрэг төвөгт ормооргүй байна” гэж хэлээд дахин тайвширсан эсэх талаар асуугаад “тайвширсан” гэж хэлэхээр нь дээрээс нь боссон... Энхбатыг гэрээс гаргаад Гантулга бид хоёр шууд дэлгүүр орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас), - Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 31 дүгээр тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр тал), түүний Хаан банк дахь дансны хуулга (хавтаст хэргийн 59-69 дүгээр тал), “Цагаан удам” ХХКомпанийн тодорхойлолт (хавтаст хэргийн 70 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 3 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Мөнгөнсүхэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд: I. Гэм буруугийн талаар. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Мөнгөнсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан дүгнэлттэй шүүгдэгч маргаж мэтгэлцээгүй болно. Шүүгдэгч Б.Мөнгөнсүх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 31 дүгээр гудамжны 29а тоотод иргэн Н.Энхбаттай маргалдан, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь: - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-03-05), - хохирогч Н.Энхбатын “...2021 оны 02 дугаар сарын 10-ны орой 18 цагийн орчим гэрээсээ гараад...Гантулга манай гэрээс хойно байрладаг хашаагүй айлын байшин дотор сууж байхаар нь ороход Тулгаа, Мөнгөнсүх нар архи уугаад сууж байсан. Мөнгөнсүхэд “танай байшингийн хажуугаар явган хүмүүс яагаад явж болдоггүй юм бэ, чи эсвэл наад хашаагаа бариад тагла” гэж хэлсэн...хоорондоо маргалдах үед Мөнгөнсүх гараараа түлхэхэд хаалганы үүдэнд унахад дээрээс дарж суугаад...гараараа нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Тулгаа бид хоёрыг салгах явцад Мөнгөнсүх жижиг хөрөө гартаа бариад миний толгой дундуур нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-24), - гэрч Н.Гантулгын “...Б.Мөнгөнсүхийн байшингийн хаалга онгорхой байхад Н.Энхбат халамцуу бид хоёрыг хараад ороод ирсэн. Энхбат “чи хашаагаа банз модоор бөглүүл бөглө, наагуур чинь хүн машин явахад хэцүү байна” гэж хэлэхэд Мөнгөнсүх “чамд ямар хамаатай юм бэ, энэ хашаа миний эзэмшлийн зөвшөөрөлтэй хашаа, хашаагаа барих барихгүй нь чамд хамаагүй” гэж хэлээд хоорондоо маргаад нэг нэгэнтэйгээ барьцалдсан. Тэгээд дээр дороо ороод ноцолдоод Мөнгөнсүх жижиг хөрөөний ир хэсгээр Энхбатын толгой руу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-11), - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1718 дугаартай дүгнэлт (хх13-14), шүүгдэгч Б.Мөнгөнсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар (хх-18-19) өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Мөнгөнсүх нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хохирогч Н.Энхбатын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангажээ. Тиймээс шүүгдэгч Б.Мөнгөнсүхийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 4 Нөгөөтээгүүр 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн прокурорын 319 дүгээр яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “Алтан овогт Балдоржийн Азжаргал” гэж шүүгдэгчийн нэрийн алдаатай бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагын хангаж байвал зохицно. Энэхүү техникийн шинжтэй алдааг улсын яллагчийн зүгээс засуулах хүсэлт гаргасныг Шүүх хүлээн авсан бөгөөд прокурорт буцаах шаардлагагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой, мөн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзэв. Шүүгдэгч Б.Мөнгөнсүх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв. - Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай. Хохирогч Н.Энхбат нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтыг хэрэгт ирүүлээгүй, Б.Мөнгөнсүхэд гомдолгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн /хх-76/ гэх хүсэлтийг илэрхийлсэн. Мөн шүүхээс хохирогчид хурлын тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд суухгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдэгдсэн. Иймд шүүгдэгч Б.Мөнгөнсүхийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн. II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Мөнгөнсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Б.Мөнгөнсүх нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй (хх-31) буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Мөнгөнсүх нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хх-75) гаргасныг прокурор хүлээн авч “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 75 дугаар тогтоол (хх-79-80) үйлдэн, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, хүлээн зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Иймд шүүх шүүгдэгч Б.Мөнгөнсүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үл ялих зүйлээр шалтаглан бусдын эрүүл мэндэд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар 5 /хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /“Цагаан удам” ХХКомпанид гагнуурчин ажилтай, тодорхой орлого олдог, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнсүхийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. Бусад асуудлаар: Эрүүгийн 2108000000335 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Мөнгөнсүх нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тогтоолд дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Алтан овогт Балдоржийн Мөнгөнсүхийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнсүхийг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Б.Мөнгөнсүхэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй. 4. Эрүүгийн 2108000000335 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Мөнгөнсүх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай. 5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мөнгөнсүхэд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 6 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР