Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/450

 

 

 

 

 

 

   2021           05             18                                       2021/ШЦТ/450

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч С.Цэрэнбат, түүний өмгөөлөгч Д.Бурмаа /үнэмлэхийн дугаар-0025/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Цэрэнбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103000000074 дугаартай нэг хавтас хэргийг 2021 оны 04  дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 13А-62 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Торгууд овогт Санжаасүрэнгийн Цэрэнбат (РД:ХП66122812).

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч С.Цэрэнбат нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн 48 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Орбитын гудамж 10 дугаар автобусны буудлын Номин дэлгүүрийн урд талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ “Хьюндай элентра” маркийн 14-17УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Эрдэнийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

мөн дүрмийн 3.5.а.б.г-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтуудыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Цэрэнбат мэдүүлэхдээ:

“ ...2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хороололд охины доо очиж, зогсоолд машинаа тавиад тэнд хононо гээд доод талын дэлгүүрээс 1 шил архи авсан. Охинтойгоо муудаад уурлаад гараад зогсоолд тавьсан машинаа бариад явсан байсан. Би хүн мөргөснөө мэдээгүй. Нэг машин хажуугаар шахаж орж ирээд хүн мөргөчихлөө гэхэд зогссон. Мөргүүлсэн залуугийн хөл нь хугарсан байна гэж эмнэлэг авч явсан...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

      - 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-10 дугаар хуудас),

      - Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),

      - Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),

      - Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Эрдэнийн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас), иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Өлзийбаярын мэдүүлэг (хавтаст хэргийн 55, 58 дугаар хуудас), иргэний нэхэмжлэгч Б.Бадралын мэдүүлэг, хүсэлт (хавтаст хэргийн 62, 125 дугаар хуудас), гэрч Т.Алтанзулын мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дугаар хуудас), гэрч А.Сэлэнгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дугаар хуудас), гэрч Ч.Оюунцэцэгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас), С.Цэрэнбатын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 119-120 дугаар хуудас),

      - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2344 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас),

      - “Ашид Билгүүн” ХХКомпанийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1176 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас),

      - Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ү.Оюун-Эрдэнийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаартай мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 91 дүгээр хуудас),         

- Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн /хохирол төлсөн баримт, хохирогчийн хүсэлт/ 3 хуудас баримт, 

      - Шүүгдэгч С.Цэрэнбатын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 94 дүгээр  тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 95 дугаар тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 98 дугаар тал), “Улаанбаатар такси транспорт сервис” ХХКомпанийн тодорхойлолт (хавтаст хэргийн 99 дүгээр тал), тээврийн хэрэгслийн  лавлагаа (хавтаст хэргийн 96 дугаар тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 97 дугаар  тал), тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 100 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 101 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Цэрэнбатад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч С.Цэрэнбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Манай үйлчлүүлэгч С.Цэрэнбат нь гэм буруу зүйлчлэл дээр  маргахгүй гэсэн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэх дүгнэлтийг тус тус танилцуулсан болно.

 

Шүүгдэгч С.Цэрэнбат нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн 48 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Орбитын гудамж 10 дугаар автобусны буудлын Номин дэлгүүрийн урд талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг тус тус зөрчиж, согтуурсан үедээ “Хьюндай элентра” маркийн 14-17УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа явган зорчигч М.Эрдэнийг мөргөж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх2-10),

      - жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “...2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 21 цаг 36 минут...С.Цэрэнбатыг драйгер багаж ашиглан шалгахад 2,40 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-11),

- камерын бичлэгт үзлэг хийсэн: “...бичлэгийн 10 дахь секундэд “Тоуоtа Аqua” маркийн тээврийн хэрэгслийн баруун урд хаалганаас эрэгтэй хүн, дараагаар нь зүүн урд хаалганаас эмэгтэй хүн тус тус бууж ирж байх ба эрэгтэй нь тээврийн хэрэгслийн урд талаар цагийн зүүний эсрэг чигт алхаж эмэгтэй нь ард талаар нь цагийн зүүний эсрэг чигт тойрч судлаа сольж суух үйлдэл хийх гэж байгааг Зураг:01-ээр харуулав. Бичлэгийн 18 дахь секундэд явган зорчигч тээврийн хэрэгслийн урд талаар тойрч зүүн талд нь гарах үед зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байсан осолд холбогдсон гэх “Нyundai Еlantra” маркийн тээврийн хэрэгсэл уг эрэгтэйг мөргөхөд явган зорчигч газарт унаж эмэгтэй газарт унасан хүн рүү очиж байгаа харагдана. “Нyundai Еlantra” маркийн тээврийн хэрэгсэл зогсолгүйгээр цааш явж байгааг Зураг №2-оор харуулав...” гэх тэмдэглэл (хх14-15),

      - хохирогч М.Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Алтанзулын машины араар тойрч, би машиныхаа урдуур тойрч суух гээд явтал өөдөөс машины гэрэл намайг чиглээд ороод ирсэн. Би зайлах гэтэл тэр машин намайг мөргөөд зогсолгүй цааш явсан...” гэсэн мэдүүлэг (хх-20),

- гэрч Т.Алтанзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би жолоо барихаар болж, зүүн урд хаалгаар бууж, машины баруун талын хойно явж байхад гэнэт тасхийх чимээ гарахад М.Эрдэнэ зам дээр хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-65),

- гэрч А.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдрийн орой С.Цэрэнбат охины гэрт орохдоо 1 шил 0.33 литрийн архи авч ороод ууж байгаад охинтойгоо жаахан маргалдаад гараад явсан гэсэн. Машинаа унаж яваад осол гаргасан...” гэсэн мэдүүлэг (хх67-68),

      - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2344 дугаартай хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр

      1. М.Эрдэнийн биед зүүн шилбэний шаант ясны далд хугарал, дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

       4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

       5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хх77-78),

- “Ашид Билгүүн” ХХКомпанийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1176 дугаартай: “...Марк, загвар: “Тоуоtа Аqua” ...Улсын дугаар 73-20УБЭ ...Эзэмшигчийн нэр: Б.Бадрал...Үнэлгээгээр тогтоосон дүн: 200.000 төгрөг” автомашин техникийн үнэлгээний тайлан, тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт (хх88-89),

      - Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ү.Оюун-Эрдэнийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаартай: “...“Хьюндай элентра” маркийн 14-17УНС улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч С.Цэрэнбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, “12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдол зогсоох арга хэмжээ авна.”, “3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч М.Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй...” гэх магадалгаа (хх-91) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч С.Цэрэнбат нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн /3.7-а,12.3/-д заалтуудыг зөрчсөн болохыг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ү.Оюун-Эрдэнийн 50 дугаартай мөрдөгчийн магадалгаа,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр,

явган зорчигч М.Эрдэнийг мөргөж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсныг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2344 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогджээ.

Түүнчлэн С.Цэрэнбат нь зам тээврийн осол болсон цаг хугацаа буюу 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хэргийг газрын зориуд орхиж зугтаасан болох нь хохирогч М.Эрдэнэ, гэрч Т.Алтанзул нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон ба Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь заалтын а,б,г заасан заалтуудыг тус тус зөрчсөн нь үндэслэлтэй бөгөөд дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч С.Цэрэнбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул түүнийг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

       - Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч М.Эрдэнэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр баримтаар 735.861 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин /”Нью микс” ХХКомпанид хүргэлтийн жолоочоор ажилладаг, сарын 1.300.000 төгрөг, 12 сарын цалин/, цаашид гарах эмчилгээ, хагалгаа болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зардал нийт 17.600.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжилсэн.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Өлзийбаяр нь “...Автомашины /14-17УНС улсын дугаартай “Хьюндай элентра” маркийн машин/ эвдрэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй...С.Цэрэнбатад автомашинаа түр өгсөн...” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-55,58,126),

Иргэний нэхэмжлэгч Б.Бадрал нь “Тоёото Акуа” маркийн 73-20УБЭ улсын дугаартай автомашины эзэмшигч бөгөөд үнэлгээгээр гарсан хохирлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (хх-62), 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Тээврийн цагдаагийн албанд гаргасан “...эвдрэл гарсан толины нэхэмжлэлийн төлбөрийг хүлээн авсан, хохиролгүй” гэсэн хүсэлт (хх-125)-ийг илэрхийлсэн байх тул шүүгдэгчийн хувьд иргэний нэхэмжлэгч, хариуцагч /Б.Өлзийбаяр, Б.Бадрал/ нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч М.Эрдэнэ нь “...мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 2.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байх хугацааны орлого нийт 5.000.000 төгрөг нэхэмжилснээс  2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгчээс 2.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх 3.000.000 төгрөгийг талууд 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон учир шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлтийг  өмгөөлөгчийн хамтаар шүүхэд ирүүлсэн байна. 

Үүнээс үзэхэд хохирогчийн баримтаар нэхэмжилсэн /735.861 төгрөг/ төлбөрийг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан, харин цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардал 5.000.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг харилцан тохиролцож, төлөхөө илэрхийлсэн гэж үзнэ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэж гаргуулж шийдвэрлэх учиртай тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч С.Цэрэнбатыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, харин  хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч М.Эрдэнэ нь өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

            II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч С.Цэрэнбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, уг ялыг 8 цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж 3 сарын хорих ялыг оногдуулж, хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, хөнгөн ялыг хүндэд нь багтаан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцэв.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар С.Цэрэнбат нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх (хх-101) ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээж байгаа, хохирогчийн зүгээс хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг илэрхийлсэн, хохирогчийн буруутай үйлдлийн улмаас  гэмт хэрэг гарсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Тодруулбал:  шүүгдэгч С.Цэрэнбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргаж бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, ...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...гэж заасныг баримтлан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхүйц ялыг оногдуулах ёстой.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ авто тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчин явган зорчигчийг мөргөж, хүндэвтэр гэмтэл учруулан, улмаар хэргийн газрын орхиж зугтаасан нь үйл баримтаар тогтоогдсон, явган зорчигч М.Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэх мөрдөгчийн магадалгаа хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч С.Цэрэнбатын холбогдсон эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тухайн гэмт хэрэг нь мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй үйлдэгддэг. Нөгөө талаас шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг үндэслэлүүдээр улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн/ шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөр төлсөн/-ыг тус тус харгалзан үзэж, Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасны дагуу шүүгдэгч С.Цэрэнбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хорих ял, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд “Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах” талаар хуульчилсан бөгөөд шүүхээс С.Цэрэнбатад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэгт нь хэд хэдэн төрлийн ял оногдуулж шийдвэрлэсэн.

Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 90 хоногийн буюу 3 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 11 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах хууль зүйн үндэслэлтэй.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2103000000074 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн С.Цэрэнбатын “В” ангиллын 127811 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлж, нэг ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч С.Цэрэнбат нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тогтоолд дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Торгууд овогт Санжаасүрэнгийн Цэрэнбатыг согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

            - Авто тээврийн гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Цэрэнбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 8 (найм) сарын хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 (долоон зуун хорин) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Цэрэнбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцон 90 (ер) хоног буюу 3 (гурав) сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 11 (арван нэг) сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Цэрэнбатад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Цэрэнбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн 2103000000074 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.Цэрэнбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, хохирогч М.Эрдэнэ нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны орлого нийт 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, тэрээр гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн талаарх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн С.Цэрэнбатын “В” ангиллын 127811 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвд шилжүүлж, нэг ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, С.Цэрэнбатад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Цэрэнбатад авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БЯМБААБААТАР