Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 684

 

 Д.М-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    

прокурор Э.Энхбат,

шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч Д.Энхцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 446 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Д.М-д холбогдох 1808003540297 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Д-н М, 19.. оны ... дүгээр сарын ...-ны өдөр .................. аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “И” Олон улсын Их сургуулийн 1 дүгээр дамжаанд суралцаж байсан, ам бүл 4, эх, ах, эгч нарын хамт ............... дүүргийн ... дугаар хороо, ..............дугаар гудамжны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........../

Д.М нь 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр ........ дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 8 дугаар гудамжинд иргэн Т.Б-н хүзүүг гараараа боож, “араас хөөх юм бол ална шүү” гэж эд хөрөнгийг нь хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, “Самсунг Галакси Жи-5” загварын гар утсыг дээрэмдэж, 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа. Дахин ийм алдаа гаргаж болохгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож авлаа. Сургуулиа алдана  гэж бодохоор маш ихээр харамсаж байна. Цаашид үнэнч шударгаар сурч боловсорч, нийгэмд тустай сайн хүн болж төлөвшихийн тулд үргэлж хичээх болно. Иймээс залуу насны минь энэ алдааг ганц удаа өршөөж, ялыг минь хөнгөлж, нийгмээс тусгаарлахгүй хамгийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү....” гэжээ.

Шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч Д.Энхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч Д.М-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бодит хохирлоо төлж барагдуулсан. Шүүхээс Д.М-д ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугийн талаар маргасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх боломжгүй гэж үзээд хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулсан байна. Шүүгдэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж сонсгосон үеэс маш их харамсаж өөрийн гэм буруутай үйлдээ ойлгож ухамсарлаж байгаа болно. Мөн шүүгдэгч нь "Их Засаг" ОУИС-ийн бизнессийн удирдлагын ангийн 1 дүгээр курсын оюутан бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу тухайн зүйл заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Прокурор Э.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг хэрэглэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болсон. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                                   ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Д.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.М нь 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр ............. дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 8 дугаар гудамжинд иргэн Т.Б-н хүзүүг гараараа боож, “араас хөөх юм бол ална шүү” гэж эд хөрөнгийг нь хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, “Самсунг Галакси Жи-5” загварын гар утсыг дээрэмдэж, 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Б “...Намайг гудамжаар ороход араас нэг эрэгтэй хүн гүйж ирээд баруун гараараа миний хоолойг шахаж арагш нь татаад нөгөө гараараа миний гарт байсан гар утсыг булааж аваад “араас хөөх юм бол ална шүү” гэж хэлээд зугтаасан...” /хх 29-30/,

иргэний нэхэмжлэгч Ц.Х “...фэйсбүүкээс зар хараад 2 сим уншдаг гар утас авахаар болж Содон хорооллын арын замд уг хүнтэй уулзахад 18 орчим настай дунд зэргийн нуруутай залуу ирээд саарал өнгийн “Самсунг Жи-5” загварын гар утсыг 200.000 төгрөгөөр зарсан...” /хх 33/ гэх мэдүүлгүүд,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-6/, Д.М-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 17-19/, фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 20-21/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 23/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 48/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Д.М-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Прокуророос шүүгдэгч Д.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн ба анхан шатны шүүх тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 2 жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байна.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгээс “...Д.М нь үйлдсэн хэргийн гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Д.М нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Мөн тэрээр бусдад төлөх төлбөргүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, 1 жилийн хорих ял болгон өөрчилж, энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.