| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/01074/И |
| Дугаар | 1065 |
| Огноо | 2017-04-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 1065
| 2017 оны 04 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2017/01065 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 хороолол, 44 байр, Алтан төгрөг хаягт байрлах, “Тэмүүлэн-Од” ХХК /РД:2545039/
Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Дакон констракшн” ХХК /РД:2775484/-ийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч “Тэмүүлэн-Од” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадрал, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “Тэмүүлэн-Од” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадрал шүүх хуралдаанд тайлбартаа: “Тэмүүлэн-Од” ХХК нь “Дакон констракшн" ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Хөнгөн бетон блок худалдах, худалдан авах” гэрээг байгуулан 24x36x60 хэмжээтэй 166,6 м.куб хөнгөн бетон блокыг 1 м.кубыг нь 125.000 төгрөгөөр тооцон нийт 20.825.000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. "Дакон констракшн” ХХК нь манай компанитай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж үлдэгдэл төлбөрийг цаг тухайд төлөхгүй манай компанийг хохироосоор байсан тул бид үлдэгдэл 8.125.000 төгрөгийг гаргуулахаар хариуцагч “Дакон констракшн" ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 10 байр, 5 тоот хаягийн дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаягт хариуцагч бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоо “Дакон констракшн” ХХК нь хаана ямар хаягт үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй, бид өөрсдөө хаягийг тогтоох боломжгүй байна. Иймд эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих “Дакон констракшн” ХХК /РД:2775484/-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “Тэмүүлэн-Од” ХХК нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Дакон констракшн” ХХК /РД:2775484/-ийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2017/03852 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Шүүгчийн захирамж авагдсан байх ба уг захирамжаар “Тэмүүлэн-Од” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Дакон констракшн” ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8.125.000 төгрөг гаргуулах тухай хэргийг “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.
Иймд шүүх оршин байрлах хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Дакон констракшн” ХХК /РД:2775484/-ийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч “Тэмүүлэн-Од” ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд “Дакон констракшн” ХХК-ийг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж,, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Хүсэлт гаргагч “Тэмүүлэн-Од” ХХК-тай холбоо барих утас: 99977154, 99060503 болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч “Тэмүүлэн-Од” ХХК-ийн хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Дакон констракшн” ХХК /РД:2775484/-ийг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.
2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч “Тэмүүлэн-Од” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч “Тэмүүлэн-Од” ХХК-тай
холбоо барих утас: 99977154, 99060503 болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА