Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 1067

 

 

 

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/01067

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 хороолол, Хатанбаатар Магсаржав гудамж, 012 байр, 2 тоотод оршин суух, Чингис овогт Дашдондогийн Энхжаргал /РД:ЧГ71120213/

Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Хонгор адуут овогт Сэмбэнноровын Түмэнжаргал /РД:УЮ66110312/-ыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Энхжаргал, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.                                  

                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Д.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Энхжаргал би С.Түмэнжаргалтай 2015 оны 03 сарын 23-ны өдрөөс 2016 оны 03 сарын 23-ныг хүртэл, мөн 2016 оны 03 сарын 23-наас 2016 оны 06 сарын 23-ны хүртэл тус тус Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннү гудамж /13312/, 421 байр, 3 тоотод байрлах 49.90 м.кв 2 өрөө орон сууцыг түрээслүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу сар тутам хөлсөө төлж байсан боловч сүүлийн сарын түрээсийн төлбөр 1.600.000 төгрөг, СӨХ болон байрны төлбөр, цахилгааны мөнгө 386.359,38 төгрөг, нийт 1.986.359,38 төгрөгийг төлөлгүйгээр, байрнаас нүүсэн бөгөөд байрны түлхүүрээ ч хүлээлгэн өгөөгүй. Түүний иргэний үнэмлэхний Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 хороолол, 38 байр, 229 тоот хаягаар нь очсон боловч тус хаягт байхгүй, өөр айл байсан ба дээрх хаяг дээр бүртгэлтэй боловч оршин сууддаггүй талаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны засаг дарга тодорхойлолт гаргаж өгсөн. С.Түмэнжаргал нь одоо хаана ямар хаяг дээр оршин суудаг болох нь тодорхойгүй учраас түүнээс өөрт учирсан хохирлоо шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байна.

С.Түмэнжаргал нь 99290664, 96658850 дугаарын утастай ба өөрөө орон сууцны лифт угсардаг хятадын компанитай хамтарч ажилладаг, эхнэр Оюунцэцэг нь багш ажилтай гэсэн. Иймд эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Хонгор адуут овогт Сэмбэнноровын Түмэнжаргал /РД:УЮ66110312/-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Энхжаргал нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол

зохих этгээд Хонгор адуут овогт Сэмбэнноровын Түмэнжаргал /РД:УЮ66110312/-ыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт хүсэлт гаргагч Д.Энхжаргал болон Сэмбэнноровын Түмэнжаргал нарын байгуулсан 2015 оны 03 сарын 23-ны өдөр болон 2016 оны 03 сарын 26-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр хариуцагчаар оролцвол зохих этгээд Сэмбэнноровын Түмэнжаргал нь хөлслүүлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннү гудамж, 421 байр, 3 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг сарын 650.000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон байх тул үүгээр С.Түмэнжаргалыг эрх зүйн харилцаанд оролцсон гэж дүгнэх үндэслэл тогтоогдож байна.

Түүнчлэн тухайн харилцаанд оролцох үедээ иргэн С.Түмэнжаргал нь Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 хороолол, 38 байр, 229 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй байсан боловч одоо уг хаягт оршин суудаггүй, амьдардаггүй тухай Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын ажлын алба тодорхойлсон байна.

Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Хонгор адуут овогт Сэмбэнноровын Түмэнжаргал /РД:УЮ66110312/-ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж үзэв.

            Хүсэлт гаргагч Д.Энхжаргал нь хариуцагчаар оролцвол зохих этгээд С.Түмэнжаргалыг олж болох эх сурвалжийг 99290664, 96658850 дугаарын утастай гэж нэрлэн заасныг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.  

            Хүсэлт гаргагчтай холбоо барих утас 89687888, 96219518 болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                                 

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч Д.Энхжаргалын хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Хонгор адуут овогт Сэмбэнноровын Түмэнжаргал /РД:УЮ66110312/-ыг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.

 

2. Хүсэлт гаргагч Д.Энхжаргал нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                        Хүсэлт гаргагч Д.Энхжаргалтай

холбогдох утас: 89687888, 96219518 болно.

                           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА