| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0198/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/214 |
| Огноо | 2021-08-12 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Г.Цогтмагнай
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр
Шүүгдэгч: А.Ц, Л.Б , тэдгээрийн өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Ц, Л.Б нарт холбогдох эрүүгийн 2114000870156 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Регистрийн дугаар *******-тай.
2.Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Регистрийн дугаар *******-тай.
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч А.Ц, Л.Б нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2021 оны 02 дугаар сард улсын тусгай хамгаалалтай газар болох Баянхонгор аймгийн Баянлиг сумын Их халбагант 1 дүгээр багийн нутаг “Буга” гэх газар Доосан 55 маркийн жижиг оврын трактор ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж байгаль орчинд 6.004.120 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар ашигт малтмал хайх, олборлосон гэмт хэрэгт тус тус холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч А.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
2021 оны 2 дугаар сарын эхээр Л.Быд мал тавих гэж байсан. Тэгээд мал унаж үхээд байгаа учир шороогоор дарангаа эвдэгдсэн газрын шороог угааж үзье гэхэд Л.Б зөвшөөрсөн. Л.Быг экскаватор барьдаг учир туслаад өгөөч гэж гуйсан. Нэг бүтэн өдөр нэг өдрийн тал ажиллаад больсон. Дахиж ийм ажил хийхгүйгээр арай өөрөөр амьдралаа дээшлүүлэх гэж хичээнэ. Тусгай хамгаалалттай газар гэж мэдээгүй. Өмнө нь хүмүүс ажиллаж байсан болохоор болдог л гэж бодсон гэв.
Шүүгдэгч А.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2021 оны 02 дугаар сарын 05-нд Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн нутаг “Буга” гэх газар Л.Бы хамт өөрийн Доосан 55 маркийн трактор, шороо сэгсрэгч угаадаг төхөөрөмж зэргээр 1 бүтэн өдөр, 1 өдрийн талтай ажилласан. Тухайн газарт нийт 3 хоносон. Л.Б бид 2 тухайн газраас 12 грамм алт олоод сумынхаа А.Ч гэх хүнд тушаасан. Нийт 1.440.000 төгрөг болсон. Миний хувьд 40-50 см гүний хэмжээтэй эхний талбай 10x6 метр, 2 дахь талбай 8x6 орчим хэмжээтэй газар байгаа, нарийн хэмжиж үзээгүй. Би трактор болон сэгсрэгч төхөөрөмжөө авч очихдоо А.Тын ******* улсын дугаартай маяти маркийн тээврийн хэрэгслээр ачиж очсон. Нийт 12 грамм алт олсон. Алт тухайн үед 1 цэн нь 450,000 төгрөг байсан. Нийт 1.440.000 төгрөг болоод би Л.Бд 370.000 төгрөг бэлнээр өгсөн. Ямар нэг дансаар шилжүүлж өгсөн зүйл байхгүй. Үлдэгдэл мөнгийг нь би өөрийн трактор болон машинд хийсэн бензин тос болон цагаан сарын хэрэглээнд зарцуулсан. Л.Б бид хоёрт Буга гэх газраас ашигт малтмал хайх, олборлох, зөвшөөрөл байхгүй. Мөн тухайн газрыг тусгай хамгаалалттай газар нутагт ордог талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг / хх-ийн 172-173/,
Шүүгдэгч Л.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
А.Ц ах цагаан сарын өмнө над руу эвдэгдсэн газар их байна мал унаж үхээд байна дараад өг гэж утсаар ярьсан. Эвдэгдсэн газар байсан учир угаагаад үзье гэж хэлсэн. Би өмнө асуудалд ороод мөнгөний хэрэг гарсан байсан учир зөвшөөрөөд хамт явсан. Тусгай хамгаалалттай газар гэж мэдэхгүй. Манай хаваржаа ойрхон байдаг. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Миний буруу гэв.
Шүүгдэгч Л.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... А.Ц наад ухагдсан нүхнүүдийг чинь тэртээ тэргүй өмнө ухагдсан юм чинь жаахан хуурай аргын төхөөрөмжөөр угааж үзчихээд булъя гэж хэлчихээд явсан. 2021 оны 02 дугаар сарын 05-нд А.Ц ах жижиг трактор болон шороо угаагч төхөөрөмжөө ачааны машинд ачаад ирсэн. Тэгээд 1 өдөр ажиллаад трактор нь эвдрээд янзалж байгаад 1 өдрийн тал ажиллаж байгаад больсон. А.Ц ах бид хоёр гүн 50-60 см хэмжээтэй эхний газарт 10x6 метр, 2 дахь талбай 8x6 орчим хэмжээтэй газар хуучин ухсан нүхтэй газрыг ухаад эргүүлээд шороогоор нь дарж тэгшилсэн. Тухайн газраас хэр хэмжээний алт олсон талаар мэдэхгүй байна. Ямар ч гэсэн бага хэмжээний алт олоод явсан. А.Ц ах надад 370.000 төгрөг бэлнээр өгсөн. А.Ц ах сэгсрэгч төхөөрөмж, жижиг трактораа хөх өнгийн ачааны машинаар ачиж ирсэн. Тухайн машин А.Ц ахын машин биш байх. Өөрт нь ачааны машин байдаггүй. Хүний машинаар ачиж ирсэн. А.Ц ах бид хоёрт “Буга” гэх газраас ашигт малтмал хайх, олборлох зөвшөөрөл байхгүй...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 181-182/,
Хохирогч байгууллагын төлөөлөгч Ц.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Тухайн газар нь 2008 онд Улсын Их Хурлын 05 дугаар тоот тогтоолоор байгалийн цогцолбор газрын ангиллаар улсын тусгай хамгаалалттай газарт орсон... А.Ц нь “Их богдын байгалийн цогцолбор хамгаалалтын захиргаа”-ны даргатай гэрээ хийсэн зүйл байхгүй. Манайхаас ямар нэг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоогүй. Баянлиг сумын 1 дүгээр баг “Буга” гэх тусгай хамгаалалттай газар нь зарим нэг газраа эвдэрсэн ерөнхийдөө бол эрүүл газар байсан. Тухайн газрыг хариуцсан манай байгууллагын байгаль хамгаалагч байнга эргэж тойрч байгаа. Байгаль хамгаалагч нь сард хоёроос дээш удаа эргүүл шалгалт хийж ажилладаг... нөхөн сэргээлтийг яаралтай хийлгэмээр байна. Үнэлгээний компанийн гаргасан үнэлгээг байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг / хх-ийн 30, 36-37 /,
Иргэний нэхэмжлэгч А.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Манай сумын таньдаг А.Ц гэх хүн миний ******* дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 02 дугаар сард хөдөө очоод 55 трактор ачаад ирье гээд гуйгаад аваад явсан. Би 2015 онд ******* дугаартай тээврийн хэрэгслийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас худалдаж авч өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаам. Би ******* дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авсан хүнийхээ нэрийг нь одоо мэдэхгүй байна. Би өөрийнхөө ******* дугаартай тээврийн хэрэгслийг 2.500.000 төгрөгөөр үнэлж байна... гэх мэдүүлэг / хх-ийн 91/,
Гэрч Б.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Баянлиг сумын 1 дүгээр багийн нутаг “Буга” гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газарт ордог учир ямар нэгэн гэрээ хэлцэл хийх боломжгүй...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 101/,
Гэрч А.Чын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...А.Ц нь 2021 оны өвөл надад алт тушаасан. Намайг Баянлиг сумын Хатансуудал 5 дугаар багт гэртээ байж байхад А.Ц ах манайд ирээд надад алт тушаасан. Тухайн үед хэдэн грамм алт тушаасан талаар би одоо санахгүй байна. Би тухайн үед мөнгийг нь бэлнээр өгсөн. Яг хэдэн төгрөг бэлнээр өгснөө би одоо санахгүй байна.. гэх мэдүүлэг / хх-ийн 105/,
“Нуман-Алтай” ХХК-ны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/11 дугаартай
1 Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Буга” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаарч байгаа бөгөөд хайгуулын ба ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газартай давхцалгүй байна.
2.Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий талбайд ухагдсан газар нь урьд өмнө эвдэгдсэн газар байснаас гадна булж тэгшилсэн байсан боловч холбогдогч Л.Бы “50-60 см гүнтэй ухаад 2.000.000 төгрөгөөр үнэлэгдэх алт олборлоод буусан” гэсэн мэдүүлэгт үндэслэн хохирлын үнэлгээг тооцож Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-333 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт зориулалт өөрчлөн үйл ажиллагаа явуулсны улмаас учруулсан хохирлыг тооцох экологи- эдийн засгийн үнэлгээний аргачлал”-аар 3 дахин нэмэгдүүлбэл 6.004.120 төгрөг болж байна.
3.Тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардал 122.164 төгрөг болж байна.
4.Уг газар нь урьд өмнө ухагдаж эвдэгдсэн газар байсан байна...гэх дүгнэлт дүгнэлт / хх-ийн 39/,
Баянхонгор аймгийн “Энх нахиа“ ХХК-ийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 109 дугаартай шинжээчийн
... жижиг оврын унагалдай трактор 1 ширхэг 6,800,000, шороо угаах төхөөрөмж 1 ширхэг 500,000 төгрөг... нийт 7,300,000 төгрөг гэх дүгнэлт / хх-ийн 74/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/ хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн03-07/, Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн нутаг Буга” гэх газарт иргэн Л.Б нарын эвдсэн 0.14 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн тооцолтын сэргээлтийн зардлын тооцоо /хх-ийн 40-59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 183-184/, дипозит дансны лавлагаа / хх-ийн 188-194/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Ц, Л.Б нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2021 оны 02 дугаар сард улсын тусгай хамгаалалтай газар болох Баянхонгор аймгийн Баянлиг сумын Их халбагант 1 дүгээр багийн нутаг “Буга” гэх газар Доосан 55 маркийн жижиг оврын трактор ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж байгаль орчинд 6.004.120 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар ашигт малтмал хайх, олборлосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Л.Бы /хх-ийн 181-182/, шүүгдэгч А.Цийн /хх-ийн 172-173/, хохирогч байгууллагын төлөөлөгч Ц.Пгийн /хх-ийн 30, 36-37/, иргэний нэхэмжлэгч А.Тын /хх-ийн 91/, гэрч Б.Ггийн /хх-ийн 101, гэрч А.Чын / хх-ийн 105/, нарын мэдүүлгүүд, Нуман-Алтай ХХК-ны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/11 дугаартай дүгнэлт / хх-ийн 39/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б А.Ц, Л.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч А.Ц, Л.Б нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.
Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайlуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, /борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг,…гэж, 4.1.15...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг... гэж тус тус хуульчилсан байна.
Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгч А.Ц, Л.Б нар нь хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашиг малтмалын боловсруулалт явуулсан хамаарч байгаа юм.
Газрын гадаргуу, түүний хэвлий дэх эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоож, ашигт малтмалын агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах зорилгоор эрэл хайгуул хийн олборлолт хийх явцдаа хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр дээрх үйл ажиллагааг явуулсан эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.
Шүүгдэгч А.Ц, Л.Б нар нь хууль бусаар ашигт малтмалын хайгуул хийсэн, олборлосон идэвхтэй үйлдэл, төрийн захиргааны холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагааны журмыг санаатай зөрчиж явуулсан үйлдэл гэж үзлээ.
Шүүгдэгч А.Ц нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй, шүүгдэгч Л.Б нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд Урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/162 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан ба уг ялаа эдэлж дууссан байх тул 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч А.Ц, Л.Б нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг , гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч А.Ц, Л.Б нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч А.Ц, Л.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, мал малладаг, хувьд ноогдох тодорхой хөрөнгөтэй , хувийн байдал, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан, шүүгдэгч А.Ц, Л.Б нарт тухайн зүйл ангид заасан торгох ялын доод хэмжээгээр тус тус ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5-т зааснаар “ хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байх тул байгаль орчинд учирсан 2.001.373төгрөгийг 3 дахин буюу төгрөгөөр нэмэгдүүлж нийт 6004120 төгрөгийн хохирлын хэмжээг тооцож, мөн биологийн нөхөн сэргээлтийн зардал 122164 төгрөг, нийт 6126284 төгрөг төлөгдөхөөр байна.
Шүүгдэгч А.Ц, Л.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох байгаль орчинд учирсан 2001373 төгрөгийг 3 дахин буюу төгрөгөөр нэмэгдүүлж нийт 6004120 төгрөгийн хохирлын хэмжээг тооцож, мөн биологийн нөхөн сэргээлтийн зардал 122164 төгрөг, нийт 6126284 төгрөг төлөхөөр байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгаль орчинд учирсан 6004120 төгрөг, биологийн нөхөн сэргээлтийн зардал 122164 төгрөг, нийт 6126284 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв техник хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн, бусдын өмчлөлийн зүйл байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан.
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан боловч бусдын өмчлөлд байсан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд тухайлбал нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.
Шүүгдэгч А.Цийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улаан өнгийн Доосан 55 маркийн жижиг оврын трактор, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж зэргийг хурааж, улсын орлого болгож, ...******* улсын дугаартай Хюндэй Маяти маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэх боломжгүй байх тул өмчлөгчид нь буцаан олгов.
Хохирол нөхөн төлөх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч А.Цийн эзэмшлийн ...хөргөгч 1 ширхэг, 32 инчийн зурагт 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, шүүгдэгч Л.Бы эзэмшлийн ....Сэнсэе маркийн улсын дугааргүй мотоцикль 1 ширхэг, Самсунг маркийн 32 инчийн зурагт 1 ширхэг, иргэний нэхэмжлэгч А.Тын эзэмшлийн ...******* улсын дугаартай Хюндэй Маяти маркийн тээврийн хэрэгсэл....ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу эзэмшигч Л.Б, А.Ц, иргэний нэхэмжлэгч А.Т нарт буцаан олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Ц, Л.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч А.Ц, Л.Б тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Ц, Л.Б нарыг тус бүр таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Ц, Л.Б нарт тус бүр оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 жилийн хугацаанд төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.Ц, Л.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч А.Цийн эзэмшлийн улаан өнгийн Доосан 55 маркийн жижиг оврын трактор, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж зэргийг хурааж, улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хохирол нөхөн төлөх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч А.Цийн эзэмшлийн Хөргөгч 1 ширхэг, 32 инчийн зурагт 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, шүүгдэгч Л.Бы эзэмшлийн Сэнсэе маркийн улсын дугааргүй мотоцикль 1 ширхэг, Самсунг маркийн 32 инчийн зурагт 1 ширхэг, иргэний нэхэмжлэгч А.Тын эзэмшлийн ******* улсын дугаартай Хюндэй Маяти маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу эзэмшигчид нарт буцаан олгосугай.
7.Шүүгдэгч А.Ц, Л.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.
8.Шүүгдэгч А.Ц, Л.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9 .Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10 . Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Ц, Л.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА