Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/212

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Г.Цогтмагнай

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Дт холбогдох эрүүгийн 2014000000258 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******ын *******, регистрийн дугаар:*******-тай.

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.Д нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Замын амны жалга” гэх газарт 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр жижиг оврын трактор ашиглан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 109.988 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Дын мөрдөн байцаалтад өгсөн

... Миний үйл ажиллагаа явуулсан гэх Бууцагаан сумын Наран 5 дугаар багийн “Замын ам” гэх газарт ямар нэгэн зөвшөөрөл, дүгнэлт байхгүй. Би Бууцагаан сумын Наран 5 дугаар багийн “Замын ам” гэх үйл ажиллагаа явуулахдаа Бууцагаан сумаас ямар нэгэн эрх бүхий албан тушаалтантай уулзаж зөвшөөрөл авсан мэдэгдсэн зүйл байхгүй. Зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулсан. Миний үйл ажиллагаа явуулсан гэх талбай нь өмнө 2015 онд уурхай үйл ажиллагаа явуулдаг байсан эвдрэлтэй талбай байсан. Миний ашигласан гэх трактор, шороо угаах зориулалт бүхий пункер зэрэг нь манай төрсөн дүү Б.Мийн эзэмшлийнх байгааа. Манай дүү одоо Дундговь аймагт ажиллаж байгаа...гэх мэдүүлэг / хх-ийн 198-199/,

Хохирогч байгууллагын төлөөлөгч М.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн

...Б.Д нь сумын засаг даргатай бичил уурхайн гэрээ хийсэн зүйл байхгүй, ямар нэг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Замын амны жалга” гэх газар бол ерөнхийдөө хуучин эвдэрсэн газар байсан нөхөн сэргээсэн талбай байгаа. Тухайн талбай дээр бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авагдаж ашигт малтмалын газраас гаргасан дүгнэлттэй талбай байхгүй..., ..Хохирлынх нь хэмжээг мэргэжлийн байгууллага тодорхойлох байх гарсан үнэлгээг үндэслэн эвдэгдсэн газрыг нөхөн сэргээлгэх, наашаа цаашаа дуудагдах зардлыг төлүүлэх, нөхөн сэргээсэн газрыг актаар албажуулан хүлээж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-47/,

Гэрч Д.Бын мөрдөн байцаалтад өгсөн

...Баянхонгор аймгаас 30-ны шөнө машинд трактороо ачиж очсон, өөрсдөө хувийн цагаан машинаар очсон. Трактор ачиж очсон машин буулгачихаад явсан. Очсон шөнөө бол ажиллаж чадаагүй. 2021 оны 01 дүгээр сарын 31 -нд нэг өдөр ажилласан. Өдөр нь ерөөсөө ажиллаагүй. 01-ний шөнө ажиллах гээд байж байсан 1 шланк нь задраад шөнө болчихсон байсан учир ажиллаж чадаагүй. Гурвуулаа ажилласан. Биднийг хариуцаж ажиллаж байгаа нь Б.Д байсан, 2-3 хоног ажиллаад өгөөч гээд гуйхаар нь дагаад явсан. Тухайн газар ажиллахдаа улаан өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй Доосан 55 маркийн жижиг оврын трактор, хар өнгийн төмөр шороо угаах зориулалт бүхий пункер байсан. Б.Дын дүүгийнх”гэж байсан. Б.Д нь тухайн талбай дээр ажиллахдаа сум орон нутагтай гэрээ байгуулсан зүйл байгааг сайн мэдэхгүй байна. Хэдэн грамм алт олсныг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 52-55/,

Гэрч Э.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2021 оны 01 дүгээр сарын 31-нд бүтэн ажилласан. Өдөр нь ерөөсөө ажиллаагүй. 01-ний шөнө ажиллах гээд байж байсан трактор нь болохоо байчихсан гээд ажиллаж чадаагүй. Гурвуулаа ажилласан. Биднийг хариуцаж ажиллаж байгаа Б.Д байсан. Тухайн газар ажиллахад улаан өнгийн улсын дугаарыг мэдэхгүй Доосан 55 маркийн жижиг оврын трактор, хар өнгийн төмөр шороо угаах зориулалт бүхий пункер байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-59/,

Гэрч Б.Мийн мөрдөн байцаалтад өгсөн

...Б.Д нь манай төрсөн ах байгаа. Би Доосон 55 маркийн тракторыг таньдаг хүнээсээ авсан. Оогий гэдэг хүнээс 8.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тракторт улсын дугаар, гаалийн бичиг байхгүй. Ах Б.Д нь хүнд 3.000.000 төгрөгийн өртэй тракторыг чинь аваад гарчих уу гээд асуухаар нь зөвшөөрсөн. Шороо угаах пункер миний эзэмшлийнх байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 61-64-р тал/,

“Нуман-Алтай” ХХК-ны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/003 дугаартай

...Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий тухайн эвдэгдсэн газар нь улсын тусгай хамгаалалттай газар, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газартай давхцалтай байна. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий талбайгаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ нь 109,988 төгрөг болж байна. Дээрх солбицол бүхий талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 177 253 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 109-133/,

Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 8/1142 дугаартай “

...Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.18, 11.1.22 дахь заалтыг үндэслэн албан тоотод дурьдагдсан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт орших солбицол бүхий талбайг геологи, уул, уурхайн кадастрын зураг зүйн мэдээллийн системд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд тухайн талбайд бичил уурхайн үйл ажиллагаа явуулах дүгнэлт гараагүй байна.. гэх албан тоот /хх-ийн 155/,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 129 дугаартай

...Доосан 55 маркийн трактор 1 ширхэг 5.460.000, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж 300.00 төгрөг... нийт 5.760.000 төгрөг гэх дүгнэлт / хх-ийн 143/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-02 /, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/ хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-11/, эд мөрийн баримт битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 24-26, 31-33/, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг Замын ам” гэх газарт иргэн Б.Дын эвдсэн 0,09 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн тооцолтын сэргээлтийн зардлын тооцоо /хх-ийн 110-133/, шүүгдэгч Б.Дын депозит дансны хуулгууд /хх-ийн 161-164/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 166/, шүүгдэгч Б.Дын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 167/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 168/, шүүгдэгч Б.Дын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 171/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Д нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг Замын амны жалга гэх газарт 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр жижиг оврын трактор ашиглан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 109.988 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Дын / хх-ийн 198-199/, хохирогч байгууллагын төлөөлөгч М.Сгийн / хх-ийн 41-47/ гэрч Д.Бын /хх-ийн 52-55/, гэрч Э.Дгийн /хх-ийн 56-59/, гэрч Б.Мийн /хх-ийн 61-64/, Нуман-Алтай ХХК-ны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/003 дугаартай дүгнэлт /хх-ийн 109-133/, Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 8/1142 дугаартай дүгнэлт /хх-ийн 155/, Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 129 дугаартай дүгнэлт / хх-ийн 143-144 / болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Дт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Дыг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.

Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайlуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг,…гэж, 4.1.15...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг... гэж тус тус хуульчилсан байна.

Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгч Б.Д нь хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашиг малтмалын боловсруулалт явуулсан хамаарч байгаа юм.

Газрын гадаргуу, түүний хэвлий дэх эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоож, ашигт малтмалын агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах зорилгоор эрэл хайгуул хийн олборлолт хийх явцдаа хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр дээрх үйл ажиллагааг явуулсан эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.

Шүүгдэгч Б.Д нь хууль бусаар ашигт малтмалын хайгуул хийсэн, олборлосон идэвхтэй үйлдэл, төрийн захиргааны холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагааны журмыг санаатай зөрчиж явуулсан үйлдэл гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Д нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Дт нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой энэ нь эрүүгийн хариуцлагын ...гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ... гэж дүгнэлээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 3-т зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Д нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв техник хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн, бусдын өмчлөлийн зүйл байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан боловч бусдын өмчлөлд байсан тоног төхөрөөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд тухайлбал нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5-т зааснаар “ хөрсөнд учирсан хохирол, байгалт орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр заасан байх тул байгаль орчинд учирсан 109988 төгрөгийг 3 дахин буюу төгрөгөөр нэмэгдүүлж нийт 329964 төгрөгийн хохирлын хэмжээг тооцож, нөхөн сэргээлтийн зардал 177253 төгрөг нийт 507217 төгрөг төлөгдөхөөр байна.

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох байгаль орчинд учирсан хохирол 329964 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 177253 төгрөг нийт 507217 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Дын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Doosan 55 маркийн трактор, шороо угаах тоног төхөөрөмж нь бусдын өмчлөлийнх буюу дүү Б.Мийн эд хөрөнгө байх тул шинжээчийн үнэлгээр үнэлсэн үнэ болох 5,760,000 төгрөгийг шүүгдэгч Б.Даас гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Дын эзэмшлийн ...Самсунг Эс-8 маркийн гар утас.., ....улаан өнгийн улаан толгойтой Daewoo 55 маркийн жижиг оврын трактор, хоёр дугуйтай шороо сэгсрэгч төхөөрөмж...ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч Б.М, Б.Д нарт тус тус буцаан олгож шийдвэрлэлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХнь

1. Шүүгдэгч Б.Дыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Дт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Д нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Б.Д нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан тэнссэн, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улаан өнгийн улаан толгойтой Daewoo 55 маркийн жижиг оврын трактор, хоёр дугуйтай шороо сэгсрэгч төхөөрөмж нийт 5,760,000 төгрөгийг шүүгдэгч Б.Даас гаргуулж, улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэргийнхамт хадгалсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Б.Дын эзэмшлийн ...Самсунг Эс-8 маркийн гар утас..., ....улаан өнгийн улаан толгойтой Daewoo 55 маркийн жижиг оврын трактор, хоёр дугуйтай шороо сэгсрэгч төхөөрөмж...ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч Б.М, Б.Д нарт тус тус буцаан олгосугай.

9.Шүүгдэгч Б.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10.Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11 .Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12 . Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА