Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 1699

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 29 байр, 11 тоотод оршин суух, Боржигон овогт Дугарын Алтанчимэг /РД:ФА61071506/

Улсад ажилласан байдал тогтоох тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Алтанчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Д.Алтанчимэг миний бие 1980 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрт ээрэгчээр томилогдон 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлсөн бичилтүүд бүгд бичигдсэн бөгөөд тэтгэвэр тогтоолгох болоход Эрдэнэтийн хивсний үйлдвэр хариуцсан ХХҮЯ-ны төлөөлөгчийн 1980 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 8 дугаартай “Ажилд томилох ба тэтгэмж олгох тухай” захирамжийн 6 дугаар хавсралтад “Дугарын Алтанчимэг” гэж бичихдээ засвартай бичигдсэн тул Д.Алтанчимэг намайг 1980 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрт ээрэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Алтанчимэг нь 1980 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрт ээрэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн өөрийн гаргасан тайлбар, хөдөлмөрийн дэвтэр зэргийг үндэслэн хүсэлт гаргагч Д.Алтанчимэгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

Эрдэнэт хот дахь хивсний комбинатын ЗБХХэлтсээс 1984 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дугарын Алтанчимэгт нээж олгосон хөдөлмөрийн дэвтэрт “Эрдэнэтийн хивсний үйлдвэр хариуцсан ХХҮЯ-ны төлөөлөгчийн 1980 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 8 тоот тушаалаар “Барилга угсралтын удирдах газарт туслах ажилчнаар ажиллуулав” гэх бичилт,

Эрдэнэтийн хивсний үйлдвэр хариуцсан ХХҮЯ-ны төлөөлөгчийн 1980 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 8 тоот тушаалын 6 дугаар хавсралтад “Дугарын Алтанцэцэгчимэг” гэх бичилт,

Д.Алтанчимэгийн хөдөлмөрийн дэвтрийн Эрдэнэтийн хивсний комбинатын даргын 1981 оны 03 сарын 24-ний 50 тоот тушаалаар “Үйлдвэр ашиглалтад орсон тул ээрэх цехэд ээрэгчээр томилон ажиллуулав” гэх бичилт,

Д.Алтанчимэгийн хөдөлмөрийн дэвтрийн Хивсний комбинатын ээрэх үйлдвэрийн даргын 1992 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 45 тоот тушаалаар “Өөрийн хүсэлтийг үндэслэн Самнах-Ээрэхийн ээрэгчийн үүрэгт ажлаас нь чөлөөлөв” гэх бичилт зэргээр тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Д.Алтанчимэгийг 1980 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрт ээрэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6-д зааснаар Боржигон овогт Дугарын Алтанчимэг /РД:ФА61071506/-ийг 1980 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрт ээрэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Алтанчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.КУЛЬДАНА