Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0360

 

Б.О-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А

Гуравдагч этгээд Б.М, өмгөөлөгч Л.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/378 дугаар захирамжийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 29 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Л.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 159/2022/0031/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.О-аас Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/378 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан Б.О-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/378 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            Иргэн Б.М нь Сүхбаатар сумын Засаг даргын 1996 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр 001825 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг орон сууцны хашаа, хүнсний ногооны нийт 956 м.кв газрыг 60 жилийн хугацаатайгаар гэрээ байгуулан эзэмшсэн байна.

            Сэлэнгэ аймгийн төв суурин газруудын кадастрын зураг нь 2007 онд хийгдсэн IMRF-97 солбицлын тогтолцоонд хийгдсэн байдаг бөгөөд Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолоор улсын хэмжээнд геодезийн солбицол, өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоо буюу UТМ тусгагт шилжүүлэх, мөрдлөг болгон ажиллах талаар шийдвэр гарсан.

            Иймээс уг шийдвэрийн дагуу IMRF-97-д хийгдсэн кадастрын зургийг UТМ тусгагт хөрвүүлэхэд систем хоорондын зөрүүнээс үүдэж эдлэн газрын кадастрын зургийн талбайн хэмжээнд бага зэргийн өөрчлөлт орсон байдаг.

            Мөн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” батлагдан гарсантай холбоотойгоор газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх ажлыг 2008, 2012, 2015 онуудад хийгдсэн байдаг.

            Улмаар иргэн Б.М нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлтээ Сүхбаатар сумын газрын даамал Э.Б-д гаргасны дагуу Сүхбаатар сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/125 дугаар захирамжаар 4308006209 тоот нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, 04301-2016/00153 тоот газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.

            Ийнхүү газар эзэмшигч Б.М нь уг газраа өмчилж авах тухай хүсэлтээ Сүхбаатар сумын газрын даамал Э.Б-д 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан бөгөөд Сүхбаатар сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/187 дугаар албан бичигт 6 иргэний газар өмчлөх хүсэлтийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ирүүлсэн бөгөөд уг хүсэлтэд иргэн Б.М газар өмчлөхөөр гаргасан өргөдөл болон нэгж талбарын хувийн хэрэг бүхий 23 хуудас материалыг ирүүлсэн байдаг.

            Сүхбаатар сумын газрын даамлаас иргэн Б.М-н хүсэлт гаргасан газар нь газрын маргаантай байгаа шүүхийн шатанд явж байгаа талаар мэдэгдсэн тул түүний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар иргэн Б.М-д мэдэгдсэн.

            Иргэн Б.М-н зүгээс Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг мэргэжилтэн А.А-т хүлээлгэн өгсөн бөгөөд уг шийдвэрээс хойш гарсан ямар нэгэн шийдвэр байгаа эсэхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Сүхбаатар сумын газрын даамал Э.Б-ээс тодруулахад энэ талаар гарсан шийдвэр ирээгүй талаар мэдэгдсэн.

            Иймд иргэн Б.М-н хүсэлтийг аймгийн Засаг даргын захирамжийн төсөлд санал бэлтгэхэд ямар нэгэн маргаангүй, газрын давхардал арилсан байсан тул улмаар 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/378 дугаар захирамжаар өмчлүүлэх шийдвэр гарсан.

            Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Б.М-н газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотлохгүйгээр өмчлүүлсэн гэж үзэж улмаар Сүхбаатар сумын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаар захирамжийн дугаар ашигласан Ш.Б-д бичигдсэн 0122457 дугаар гэрчилгээг үндэслэн нэхэмжлэгч Б.О-ын өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөгдсөн газар эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.8, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-тай нийцэхгүй байна.

            Иймд дээрх байдлыг харгалзан үзэж захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            Тодорхойлох хэсгийн 2 дугаар талд “Өмнө нь энэ газар дээр барьсан орон сууцтай холбоотой маргаан Иргэний хэргийн 3 шатны шүүхээр газар эзэмшихтэй холбоотой хэрэг маргааныг захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2 удаа шийдвэрлэгдэж байсан болно” гэжээ. Энэ айл н.Б манай мэдлийн газар дээр зөвшөөрөлгүйгээр байшин барьсан гэж үзвэл хууль бус биздээ. Харин бидний маргаан нь зөвхөн байшин дээр 2016 оны 02 дугаар сараас иргэн н.Б-ын оролцоотойгоор дээрх хууль шүүхээр маргаан үүсгэн явж байсан болно.

            Үүнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 129 дүгээр магадлал гэрчилнэ. Одоогийн явж буй маргаан нь миний өмчлөх эрхтэй газрыг минь мөн л булаан авах гэсэн шунал хүслийн дагуу хуйвалдаанаа эхэлж байна. Б.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь түүний аав Ж.Б-ын өмгөөлөгч байх үед нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 135 дугаартай захирамжийг хүлээн авснаасаа хойш 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл миний газрын талаар маргаан үүсгэж явж байгаагүй, тийм хэргийн материал ч байхгүй. Үүнийг шалгана биздээ. Учир нь н.Б нь өмгөөлөгчийн хамт Б.М миний газар нь хөдөлшгүй баримт гэрчилгээтэй Улсын мэдээллийн санд бүртгэлтэй болохоор тэд хүлээн зөвшөөрсөн байдаг.

            Шийдвэрийн 4 дүгээр талд “Б.М миний бие 1996 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 200 м.кв, нийт 956 м.кв газрыг 60 жилийн хугацаатай, (031825) 001825 дугаартайгаар хууль ёсоор эзэмшиж хуулийн дагуу ашиглаж байсан юм. Гэтэл шийдвэрт хууль бусаар эзэмшсэн гэж бичсэнийг санаатай, эсвэл санамсаргүй үгийн алдаа гэж ойлгох уу? Үнийг анхаарна биздээ.

            Шийдвэрийн 8 дугаар талын төгсгөл хэсэгт Сүхбаатар сумын Засаг дарга А/107 дугаартай захирамжийг нэхэмжлэгч талд мэдэгдээгүй талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарыг үгүйсгээгүй нь нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах эрхийг хангаагүй буруутай байна гэж үзсэнийг зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг гарах үед нэхэмжлэгч Б.О нь насанд хүрээгүй, түүний эцэг н.Б өнөөгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцож байсан болохоор тэр мэдээгүй гэдэг худал үгээр халхавч хийж болохгүй. 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/107 дугаартай сумын Засаг даргын захирамж нь Ш.Б-ийн нэр дээр хаанаас хэнээс ямар байгууллагаас олж авсан, улсын мэдээллийн санд болон Сэлэнгэ аймгийн аль нутаг дэвсгэрт байрлаж байгаа нь тодорхойгүй тэр хуурамч гэрчилгээг (2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0122457 дугаартай) хүчингүй болгосон захирамж юм. Энэ миний газраа өмчилж авахад ямар ч хамаагүй захирамж бөгөөд би газраа холбогдох хуулийн дагуу ямар ч хууль зөрчөөгүйгээр өмчлөх эрхтэй болсон билээ.

            Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/125 дугаартай захирамжаар 1996-2056 он хүртэл 60 жил эзэмших гэрчилгээгээ баталгаажуулж улмаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/378 дугаартай захирамжаар газраа өмчлөх эрхтэй болсон юм. Надад болон А/378 дугаар захирамжид ямар ч буруу зүйл байхгүй болно.

            Ж.Б болон түүний өмгөөлөгч нар Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 135 дугаартай захирамжийг хүлээн авснаасаа хойш 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6 жил гаруйн хугацаанд Б.М миний эзэмших эрхтэй газрыг авах талаар өргөдөл гаргаж байгаагүй тухай 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дүгээр шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тодорхойлолтоос нотлогдож байна. Иймээс иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрх, эдлэх ёстой байтал Б.О түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тавьж буй шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийнээ дууссан гэж бодогдоно.

            Асуудалд холбогдон ажлаасаа халагдах шийдээ сонсож байсан Сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/107 дугаартай захирамжийг өөрөөр нь хүчингүй болгуулах, дарамт шахалтын улмаас 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар сумын Засаг даргын А/46 дугаартай захирамж гарсан байдаг. Энэ нь хууль бус байсан тул иргэн би гомдол гаргасан болно. Үүний үр дүнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/213 дугаартай захирамжаар 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/46 дугаартай захирамж хүчин төгөлдөр хэвээрээ байна.

            Харин Ш.Б-ийн нэр дээр олж авсан 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0122457 дугаартай гэрчилгээг хуурамч гэдэг нь нотлогдож хүчингүй болсон хэвээрээ байгаа тул Б.О-ын өвлөх эрх тэр хуурамч гэрчилгээ дээр үүссэн болохоор манайд ямар ч холбогдолгүй юм.

            Иймээс Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/213 дугаартай захирамж хүчинтэй хэвээрээ байхад Б.О шүүхээр нэхэмжлэл бичиж яваа нь шат алгасаад танил талыг түшиглэх гэсэн санаа юм. Хүчингүй болчихсон хаана ч бүртгэлгүй Улсын мэдээллийн санд бүртгэлгүй тийм гэрчилгээгээр Б.М миний өмчлөх эрхтэй газар, орон сууцыг минь булаах гээд байгаад иргэн бид маш гомдолтой байна.

            Миний хуулийн дагуу шударгаар эзэмшиж, өмчилж байгаа газрыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/378 дугаартай захирамжийг Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр хүчингүй болгож байгаа нь засаг захиргааны хууль зөрчиж байгаа мэт санагдана. Энэ нь хурал даргалагчийн ашиг сонирхлын зөрчил, танилт талын байдал нөлөөлсөн шийдвэр юм.

            Иймээс Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тул дээрх шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            5. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Б.О нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 10-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/378 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхээс бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Гэвч шүүхээс уг хэргийн нарийн төвөгтэй байдлыг бүрэн тогтоолгүй миний үйлчлүүлэгч Б.М-ийн эзэмшиж буй газраа өмчилж авсан захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Уг маргаан бүхий газар буюу Баянхааны 4 дүгээр баг 9 дүгээр хэсэгт байрлах газар нь 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс Буурхээр 8 дугаар баг болж өөрчлөгдсөн бөгөөд анх 1969 оноос хойш Б.М нь гэр бүлээрээ амьдарч байгаад 1996 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 756 м.кв, ногоо тарих зориулалтаар 200 м.кв, нийт 956 м.кв газрын 60 жилийн хугацаатай, 031825 дугаартайгаар хууль ёсоор эзэмшсэн байна.

Ингээд дээрх газрыг 2005 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хот суурин газрын улсын тоо бүртгэлийн хуудсаар Б.М-ийн нэр дээр баталгаажуулалт, кадастрын зураг хийгдэж, 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 54 дүгээр тогтоолоор дээрх газрын нэршил 8 дугаар баг 2 дугаар хэсэг болон өөрчлөхөд мөн л Б.М-н нэр дээр өөрчлөгдөж бүртгэгдсэн ба 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/125 дугаартай захирамжаар кадастрын зургийг баталгаажуулах, уг захирамжаар нэгж талбарын 4308006209 дугаартай 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилж олгож, газар эзэмшүүлэх гэрээг шинээр байгуулсан байна. Уг захирамжийг нэхэмжлэгч  Б.О-ын эцэг Ж.Б хүлээн зөвшөөрөлгүй мөн шүүхэд хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 135 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тиймээс уг газар 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэгж талбарын 4308006209 дугаартай 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, улсын бүртгэлийн Г-1317002330 дугаарт бүртгэгдэж, Б.М-н нэр дээр 000549155 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ аван өмчлөх эрхтэй болсон байна. Гэтэл шүүхээс энэ бүх баримтыг хянан үзэлгүйгээр Б.М-г газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотлохгүйгээр өмчлүүлсэн гэж үзлээ.

Мөн энэхүү газрын маргаан үүсэх үндэслэл нь Б.М 1969 оноос хойш эзэмшиж байсан газартаа 2003 оноос Б гэх хүнийг амьдруулснаар үүссэн байдаг. Уг Б нь 2004 онд Ж.Б, түүний гэр бүл буюу эхнэр Ш.Б, Хүү О нарыг Б.М-ийн зөвшөөрөлгүйгээр амьдруулах болсон.

Гэтэл Ж.Б-ын эхнэр Ш.Б өөрийн нэр дээрээ 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаар Сүхбаатар сумын Засаг даргын захирамжийн дагуу гэх нэгж талбарын 17120 дугаар бүхий 576.2 м.кв газрыг газар эзэмших захирамжгүйгээр бусдад олгосон захирамжийн дугаарыг тавиад гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээг Б.М-н газартай давхцуулан гаргуулж авсан байдаг.

Түүнчлэн уг 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаар Сүхбаатар сумын Засаг даргын захирамжаар нэр бүхий 11 иргэнд газар эзэмшүүлсэн боловч уг захирамжид Ш.Б-ийн нэр бичигдээгүй, газар эзэмших гэрээ байхгүй, кадастр байхгүй боловч эрхийн гэрчилгээтэй болсон байна. Улмаар уг хууль бусаар авсан гэрчилгээгээ хүү Б.О-т өвлүүлсэн.

Газрын тухай дагуу хуулиар Засаг даргын захирамжид нэр заасан этгээдэд газар эзэмшүүлэх ёстой байтал нэр дурдаагүй этгээд болох Ш.Б нь Б.М-н газрыг гэрчилгээнд гэрчилгээ давхардуулан гаргуулж авсан болох нь түүний нөхөр Ж.Б Сэлэнгэ аймгийн Газрын албанд жолоочоор ажиллаж байхдаа хууль бусаар гаргуулж авсан байх гэж хардахад хүргэж байна.

Үүнийг Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гомдол гаргасны үндсэн дээр мэдэж Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2016 оны 04 дүгээр 24-ний өдрийн 1/244 дугаар “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Сүхбаатар сумын Засаг даргын “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаар захирамжийн хавсралтад дурдсан газар эзэмшүүлэх асуудал гарсан байна. Иймээс энэхүү хууль бусаар газар давхардуулан олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг ямар нэг байдлаар бусдад барьцаалах, эрх шилжүүлэх зэрэг эрсдэл гарч болзошгүй тул Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газарт 0122457 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг эх хувиар нь эргүүлэн хурааж хүчингүй болгон газар давхардуулж олгосон гэх асуудлыг шийдвэрлэж хууль ёсны эзэмшигчийн эрхийг шинэчилсэн кадастрын зургаар баталгаажуулах арга хэмжээг авах” үүрэг болгосон байна

Гэтэл сумын Засаг дарга арга хэмжээ авахгүй байсан тул “2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0122457 дугаартай Ш.Б-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус гэдгийг тогтоолгох, гэрчилгээг хүчингүй болгохыг Сүхбаатар сумын Засаг даргад даалгах, 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0122457 дугаартай гэрчилгээнд бичигдсэн нэгж талбарын хүний газар дээр хийсэн кадастрын зургийг хүчингүй болгуулах давхардлыг арилгуулахыг Сүхбаатар сумын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б.С-д даалгуулах” тухай нэхэмжлэлийг Б.М нь Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Дээрх захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаад Б.М-г 2016 онд эзэмших гэрчилгээгээ өмчлөх эрхтэй болгохоор хөөцөлдсөний дагуу 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Сүхбаатар сумын Засаг даргын А/107 дугаар захирамжаар “... Засаг даргын захирамж гараагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг Ш.Б-д давхардуулан олгосон байна. Иймд Сүхбаатар Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 тоот гэсэн бичиглэлтэй Ш овогтой Б-д олгосон газар эзэмших эрхийн 0122457 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй тооцож, Ш.Б-д холбогдох 18587566167896 дугаартай нэгж талбарын бүртгэлийг кадастрын бүртгэлээс хасаж” шийдвэрлэсэн.

Нэгэнт Засаг дарга Ш.Б-ийн гэрчилгээг хүчингүй болгосон тул Б.М-д шүүх дээр хэлэлцэгдэж байсан эрхийн маргаантай нэхэмжлэлээсээ татгалзаж 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Ингээд 2016 онд гаргасан хүсэлтийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/378 дугаар захирамжаар уг газрыг хууль ёсоор өмчлүүлсэн байна

Тухайн үед гуравдагч этгээдээр оролцож байсан одоогийн нэхэмжлэгч Б.О-ын аав Ж.Б уг газрын өмчлөх эрх М-д гарсан учраас нэхэмжлэлээсээ татгалзсан гэдгийг мэдэж байсан.

Түүнчлэн Ш.Б 2012 онд нас барж өвлөх эрх 2 жилийн дараа 2014 онд хүү Б.О-т нь шилжсэн, мөн Б.О нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/378 дугаар захирамжийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мэдсэн гэх боловч 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь нэгдүгээрт Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар “3ахиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдэснээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, хоёрдугаарт мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж зааснаар дээд шатны захиргааны байгууллагад, хуульд заасан хугацаанд хандалгүй, шууд шүүхэд хандсан зэрэг нь хэргийг хэлэлцэж болохгүй нөхцөл байдал бүрдсэн байхад хэргийг хэлэлцэж шийдвэр гаргасан нь алдаатай болжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 54.3.2-т “Хуульд тусгайлан заасан тохиолдол урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлээгүй” бол шүүгч гомдол хүлээн авахаас татгалзана”, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан байтал хуулийн уг заалтуудыг хэрэглэлгүй, нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийг хангаж буруу шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн тус шүүхийн шийдвэрийн 4 дүгээр хуудаст “...Гуравдагч этгээд Б.М шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: 1969 оноос хойш Б.М миний бие гэргий Г.Б болон хүүхдүүдийн хамтаар бүлээрээ амьдарч байгаа 1996 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 756 м.кв, ногоо тарих зориулалтаар 200 м.кв, нийт 956 м.кв газрыг 60 жилийн хугацаатай, 031825 дугаартайгаар хууль ёсоор эзэмшсэн” гэсэн гуравдагч этгээдийн тайлбарыг зориуд мушгин, “хууль ёсоор эзэмшсэн” гэсэн тайлбарыг “хууль бусаар эзэмшсэн” гэж өөрийнхөө эсрэг худал зүйл бичсэн мэтээр өөрчилж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д заасныг шүүх зөрчиж маш ноцтой алдаа гаргасан байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг ... хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, ... тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Б.О-аас “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/378 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “нэхэмжлэгчийн төрсөн ээж Ш.Б-д сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаар захирамжаар 576.2 м.кв газартаа 0122457 дугаар газар эзэмших гэрчилгээ олгосныг 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр газар нь хүү Б.О шилжсэн. Дээрх Ш.Б-д олгосон газрын гэрчилгээ болон нэхэмжлэгчид шилжсэн өвлөх эрхийн гэрчилгээ одоо болтол хүчинтэй байгаа, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хүчингүйд тооцсон ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэсэн шийдвэр гаргаагүй, ... гэтэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/378 дугаар захирамжаар иргэн Б.М-д тухайн газрыг өмчлүүлсэн нь нэхэмжлэгч Б.О болон аав Ж.Б-ын эрүүл аюулгүй орчинд амьдрах, эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг зөрчсөн” гэж тайлбарлан маргажээ.

2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 1996 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 11 дүгээр захирамжаар “Буурын гол Баянхааны 4 дүгээр баг, 9 хэсэгт байрлах 956 м.кв газрыг гуравдагч этгээд Б.М-д орон сууцны хашаа, хүнсний ногооны талбайн зориулалтаар 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 001325 дугаар олгосон байх бөгөөд уг газартай давхцуулан Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаар захирамжийг үндэслэн нэгж талбарын 17120 дугаар бүхий 576.2 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Ш.Б-д 40 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 0122457 дугаар гэрчилгээг олгосон байна.

2.3. Газар эзэмшигч Ш.Б 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр нас барснаар 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Өвлөх эрхийн 16 дугаар гэрчилгээгээр маргаан бүхий 576.2 м.кв газрыг түүний хүү болох нэхэмжлэгч Б.О өвлөн авч, газар эзэмших эрхтэй болсон байх ба гуравдагч этгээдийн зүгээс “...Б.М 1969 оноос хойш эзэмшиж байсан газартаа 2003 оноос н.Б гэх хүнийг амьдруулсан, н.Б нь 2004 онд Ж.Б, түүний гэр бүл буюу энэр Ш.Б, хүү Б.О нарыг Б.М-ийн зөвшөөрөлгүйгээр амьдруулах болсон, Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаар захирамжаар нэр бүхий 11 иргэнд газар эзэмшүүлсэн боловч уг захирамжид Ш.Б-ийн нэр бичигдээгүй, газар эзэмших гэрээ байхгүй, кадастр байхгүй, мөн Сүхбаатар сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/107 дугаар захирамжаар Ш.Б-д олгосон газар эзэмших эрхийн 0122457 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон” гэж тайлбарлан маргажээ.

2.4. Хэдийгээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрх хүчингүйд тооцох тухай” А/107 дугаар захирамжаар иргэн Ш.Б-д газар эзэмшүүлсэн 0122457 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон боловч Сүхбаатар сумын Засаг даргаас 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/46 дугаар захирамжаар дээрх А/107 дугаар захирамжаа хүчингүй болгосноор Ш.Б-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр хэвээр үлдсэн байна.

2.5. Харин Сүхбаатар сумын Засаг дарга нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/107 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж тус тус хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

2.6. Ийнхүү захиргааны байгууллага нь Сүхбаатар сумын Засаг даргын А/107 дугаартай захирамжийг нэхэмжлэгч талд мэдэгдээгүй, ийнхүү мэдэгдээгүйн улмаас нэхэмжлэгчийн гомдол, нэхэмжлэл гаргах эрхийг тухайн үед хангаагүй, Ж.Б, Б.М нарын газрын маргаантай асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Сэлэнгэ аймгийн Засаг дарга маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Б.М-д өмчлүүлсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг зөрчжээ.

 

2.7. Нөгөөтээгүүр, гуравдагч этгээд Б.М нь маргаан бүхий газарт байрлах 57 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-1217004267 дугаарт бүртгүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн 000381157 дугаартай гэрчилгээг авч, улмаар Б.М-аас Ж.Б-т холбогдуулан “Хууль бус эзэмшлээс газар, үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх”-ээр маргасан байх бөгөөд Ж.Б-аас Б.М-д холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэгт, 161 тоот байшингийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох”-ыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 293 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 27 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1335 дугаар тогтоолоор “...Ж.Б тухайн хашаа, байшинг 2004 онд М.Б-аас худалдан авч, улмаар 2008 онд уг байшинг шинэчлэн барьсан гэх үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй, ... нэхэмжлэгч Б.М “М.Б-д байшингаа худалдаагүй, харин түүнд хөлслүүлж байсан, Ж.Б-ынх гэнэт нүүж ирээд амьдарсан” гэж тайлбарлаж байгаа боловч гэрч М.Б-ны “Б.М-аас 2003 онд 150.000 төгрөгөөр хашаа, байшинг худалдан авсан” гэх мэдүүлгийг няцаагаагүй, хариуцагчийн хөрш хашаанд амьдарч байсны хувьд 12 жилийн туршид М.Б, Ж.Б нарт холбогдуулан аливаа шаардлага гаргаагүй байна” гэж дүгнэн “Б.М-н нэхэмжлэлтэй, Ж.Б-т холбогдох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 161 тоот газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгон, Ж.Б-т холбогдуулан гаргасан хашаа, хувийн сууцны өмчлөгч болохыг тогтоолгох Б.М-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 161 тоот хаягт байрлах хувийн сууцыг Ж.Б-ын өмч болохыг тогтоож, Б.М-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж” шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

2.8. Нэхэмжлэгчийн эцэг Ж.Б-аас дээрх Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээрийн 8 дугаар багийн 2 дугаар хэсгийн 161 тоот байшинд олгосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар маргасан байх ба Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор “...уг 57 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн асуудлаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар иргэний хэргийн шүүхэд маргасан Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 293 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ХТ2017/01235 дугаар тогтоолоор “...Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 161 тоотод байрлах хувийн сууцыг Ж.Б-ын өмч болохыг тогтоож” маргааныг эцэслэн шийдвэрлэсэн, энэ тохиолдолд уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг түүнийг өмчлөгч бус этгээдийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон нь хууль бус бөгөөд хууль ёсны өмчлөгч Ж.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж дүгнэжээ.

2.9. Эдгээрээс нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч Б.О болон гуравдагч этгээд Б.М нарын газрын маргаантай асуудал байсаар байхад уг газрыг гуравдагч этгээд Б.М-д өмчлүүлж шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/378 дугаар захирамж хууль бус байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч давж заалдах гомдлуудыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тус бүр 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 ШҮҮГЧ                                                          А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН