Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

 

 

             

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,  

Улсын яллагч Н.Алтантүлхүүр, 

Шүүгдэгч Ж.Баярсайхан, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Чингэлтэй дүүргийн  прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625030112 дугаартай  хэргийг 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй 40 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан   дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний үйлдвэрийн 120 айлийн 7 дугаар гудамж 01 тоотод оршин суух хаягтай,

1995 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 1996 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 3 сар 27 хоногийг тэнсэн сулласан,

 1998 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,

2001 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2001 оны 11 дугаар сарын 02-ны өдөр 7 сар 29 хоногийг тэнсэн сулласан,

2002 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял дээр нэмж эдлээгүй үлдсэн 7 сар 29 хоногийн ялын зарим 7 сарын ялыг нэмж нэгтгэн 2 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж 2004 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 7 сар 6 хоногийг тэнсэн сулласан,

2006 оны 03  дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 07 сар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 04 дүгээр сарын 10-нд хуулийн тэгштгэлээр суллагдсан.

2007 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял  дээр нэмж эдлээгүй үйлдсэн 7 сар 6 хоногийн хорих ялын зарим болох 1 сарыг нэмж нэгтгэн 5 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн өөрчилөлтийг буцаан хэрэглэн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хорих ялаар шийтгэснийг 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж уг ял дээр өмнөх тогтоолийн 7 сар 6 хоногийн хорих ялын зарим болох 1 сарыг нэмж нэгтгэн 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1 жил 7 сар 1 хоногийг тэнсэн суллагдсан,

2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хугацаа дуусч суллагдсан Шарнууд овогт Жанлавын Баярсайхан /ПБ76121516/ тоот регистрийн дугаартай,   

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/        

Шүүгдэгч  Ж.Баярсайхан нь шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр буюу 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 14 дүгээр гудамж 475 тоотод оршин суух хохирогч Х.Бат-Эрдэнийн эзэмшилийн орон байранд нэвтэрч 32 инчийн зурагт, мөн 2016 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 25 дугаар байрны 52 тоотод оршин суух хохирогч Г.Нямлхагвын эзэмшилийн орон байранд нэвтэрч зөөврийн комьютер хулгайлж нийт 650.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Баярсайханы мэдүүлсэн: ...Би хохирогч Х.Бат-Эрдэнийн эзэмшилийн орон байранд нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлсан үйлдлээ Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөн байцаагч Цэвээнжавт өөрийн биеэр очиж зааж өгөөд хураалгаад хохирогчийг хохиролгүй болгосон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Мөрдөн байцаалтанд шүүгдэгч Ж.Баярсайханы мэдүүлсэн: …2015 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байдаг Дашномт дэлгүүрийн хажуу талаар хүчит шонхор зах руу явдаг авто зам дагуу явж байтал яг замын хажуу талын буюу ертөнцийн зүгээр зүүн талд нэг айлын хашааны хаалга нь онгорхой, хашаан дотор байх монгол гэрийн хаалганд нь Хятадын мөнгөлөг өнгийн цоож байхаар нь хашаанд нь ороод гэрийн хажуу талд нь байх улаан өнгийн тоосгыг аваад цоожийг нь эвдэж дотор нь ороод 32 инчийн TCL маркийн хар өнгийн зурагт байхаар нь аваад гарсан. Би зурагтаа авч гараад шууд хүчит шонхор захын баруун талд байрлах 70 давхарын оршуулгын хана дагаад танил Мөнхдоржийн гэр лүү явсан. Би Мөнхдоржийн гэрийн гадаа ирээд зурагтын залуурыг нь салгаж хашааны булан руу нь шидчихээд залгуургүй чигээр нь бариад Мөнхдоржийн гэрт нь ороод ганц зурагт зарах гэсэн юм 100.000 төгрөгөөр авчихаач

хямдхан шүү гэтэл Мөнхдорж надад бэлэн 100.000 төгрөг байхгүй, эхнэрээс мөнгө асууж байж больё, одоо ажилладаг эсэхийг нь шалгая гээд Монголчилж залгуур хийж байгаад зурагтыг асааж үзсэн. Тэгээд зурагт хэвийн ажиллаж байхаар нь Мөнхдорж маргааш ирээд мөнгөө авчих гэж хэлсэн. Маргааш нь би мөнгөө авах гээд иртэл Мөнхдорж би өөрийнхөө зурагтыг зараад мөнгийг чинь өгье  өөрийнхөө гэрт байсан нэг зурагтыг арынхаа айлд ямар үнээр өгсөнийг нь мэдэхгүй зарж ирээд миний 100.000 төгрөгийг өгсөн. Тэгэхээр нь би хашааны буланд шидсэн зурагтны залгуурыг Мөнхдоржид оруулж өгсөн. Би мөнгөө аваад тэр мөнгөнөөсөө 2 шил 0.75 литрийн Ерөөл архи авч ууж байгаад яваад өгсөн. …Би хулгай хийх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан гэсэн мэдүүлэг /хх-31/, …2016 оны 01 дүгээр сарын 5-ны өглөө 06 цагийн үед орцны жижүүр Сүхцэрэнгийн гэрээс гараад орцны хогийг цэвэрлэхээр дээшээ гараад 4-н давхарын 52 тоот айл хаалга нь онгорхой цаад талд нь хүмүүс шуугилдаад байсан. Тэгээд гэрт яваад ортол коридорт зөөврийн компьютер цэнэглэгчтэй байхаар нь салгаж аваад гарсан. Драгон дээрээс Баянхошууны автобусанд суугаад Баянхошуунд очоод комьютерээ 20.000 төгрөг нэг ширхэг нокиа гар утсаар Наранхүүд зарсан. Тэгээд тэндээс Чингэлтэй айлын гэрээс зурагт хулгай хийж байгаад баригдсан /хх-106-107/,

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Бат-Эрдэнийн мэдүүлсэн:…2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай Чингэлтэй дүүргийн 10-р хороо Чингэлтэйн 11-475 тоотод байх гэрийн хаалганы цоож эвдээд хулгай орчихсон байсан. …манай гэрээс TCL маркийн 32 инчийн хар өнгийн зурагт алдагдсан байсан. Гэрээс өөр хулгайлаад авчихаар эд зүйл байгаагүй юм. Уг зурагтыг 2012 онд 420.000 төгрөгөөр 3-р хорооллын Элба дэлгүүрээс авч байсан юм. Зурагтанд маань онцлох содон шинж тэмдэг гээд байх зүйл байхгүй. …би алдагдсан зурагтаа олж авсан болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-14/,

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Нямлхагвын мэдүүлсэн: …2016 оны 01 дүгээр сарын 04-ны орой 22 цагийн орчимд гэрийнхээ гал тогооны өрөөнд зөөврийн комьютерээр юм үзэж байгаад унтсан юм. 2016 оны 01 дүгээр сарын 05-нд өглөө 10 цагийн орчимд гал тогооны өрөөндөө орж иртэл ширээн дээр байсан зөөврийн компьютер алдагдсан байсан. …2011 онд Австралаас 550 ам доллараар авсан бөгөөд хар өнгийн dell үйлдвэрийн i13 үзүүлэлттэй зөөврийн комьютер алдагдсан бөгөөд содон шинж тэмдэг нь баруун талд нэг товчлуур нь салж унасан байгаа. Би одоо 400.000 төгрөгөөр үнэлж байна.  Манай гэрийн хаалганд эвдрэл гэмтэл байхгүй байсан ба шөнө хаалгаа цоожлоогүй унтсан байсан гэсэн мэдүүлэг /хх-97/

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Х.Мөнхдоржийн мэдүүлсэн:  …манай гэрээс түр хурааж авсан 32 инчийн TCL маркийн зурагтыг Борис гэдэг хүн манай гэрт авчирч зарсан юм. Хямдхан зурагт байна авах уу гэхээр нь би хэд юм гэхэд 100.000 төгрөг гэсэн, тэгэхээр нь би өөрийн гэрт байсан самсунг нэртэй ЛСД зурагтыг хажуу талын айлдаа 100.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь Борисын зарах гэж авч явсан зурагтыг худалдаж авсан юм. Би Жанлав овогтой Баярсайхан гэж хүн танихгүй, гэхдээ манайд зурагт авчирч зардаг Борисийн жинхэнэ нэрийг нь Ж.Баярсайхан гэдэг байж магадгүй. …би зурагтны мөнгөө нэхэмжлэхгүй гэсэн  мэдүүлэг /хх-16/,

Мөрдөн байцаалтад гэрч  Г.Сүрэнхорлоогийн мэдүүлсэн: …Сая оны өмнө 11-12 сард байх Мөнхдорж манай гэрт  ирээд манайх зурагтаа 100.000 төгрөгөөр зарлаа, банкны хүүний мөнгө нэхээд байна  гэхээр нь би зөвшөөрөөд худалдаж авсан юм. …Мөнхдорж өөр эд зүйл зарж байгаагүй. …Мөнхдорж архи л уудаг болохоос өөр илүү дутуу зүйлгүй хүн байгаа юм гэсэн мэдүүлэг /хх-17/,

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Бороогийн мэдүүлсэн: … Борис гэж манай дүү Баярсайханыг хэлж байгаа. Бага байхад нь сургуулиас нь Борис гэдэг байсан. Цэцэнхүүг одоо хаана байгаа талаар мэдэхгүй. Манай дүү Ж.Баярсайхан 1976 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, манай аав хилийн цэргийн офицер байсан болохоор аав маань хаашаа явна тэнд л явж бага насаа өнгөрүүлсэн. Ж.Баярсайхан нь нийт 4-н дунд сургууль дамжиж хамгийн сүүлд Улаанбаатар хотын 76-р дунд сургуульд сурч 8-р анги төгссөн. Цэргийн алба хаагаагүй, сургуулиа төгсөөд эхнэр Цэцэнхүүтэйгээ танилцсан байх энэ хоёр дундаасаа нэг хүүхэдтэй, манай дүү их цайлган, өрөвч сэтгэлтэй, хүнд тусархуу зантай хүн байгаа юм гэсэн мэдүүлэг /хх-19/, гомдол мэдээллийг хүлээн авсан  тэмдэглэл /хх-2/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-5/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-9/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-10/, түр хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-11/, 2012 онд 420.000 төгрөгөөр худалдан авч байсан 32 инчийн LCN маркийн LCD зурагтыг 250.000 төгрөгөөр үнэлсэн  эд зүйлийн үнэлгээ /хх-12/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-34/, урьд 7 удаагийн ял шийтгэгдэж байсныг шалгасан хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /46-82/, суллагдсан хүмүүст олгох тодорхойлолт /хх-83/, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-87/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-91/, өргөдөл /хх-92/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-93/, хэргийн газрын схем зураг /хх-94/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /95-96/, Делл маркийн зөөврийн комьютерыг 400.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /хх-99/ зэрэг дүгнэлт зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Ж.Баярсайхан нь шунхайн сэдэлтээр давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 14 дүгээр гудамж 475 тоотод оршин суух хохирогч Х.Бат-Эрдэнийн эзэмшлийн орон байранд нэвтэрч 32 инчийн зурагт, мөн 2016 оны 1 дүгээр сарын 4-5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 52 тоотод оршин суух хохирогч Г.Нямлхагвын эзэмшлийн   орон байранд нэвтэрч зөөврийн компьютерийг тус тус хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад хохирогч Х.Бат-Эрдэнийн мэдүүлсэн:…2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай Чингэлтэй дүүргийн 10-р хороо Чингэлтэйн 11-475 тоотод байх гэрийн хаалганы цоож эвдээд хулгай орчихсон байсан. …манай гэрээс TCL маркийн 32 инчийн хар өнгийн зурагт алдагдсан байсан. …би алдагдсан зурагтаа олж авсан болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-14/, мөрдөн байцаалтад хохирогч Г.Нямлхагвын мэдүүлсэн: …2016 оны 01 дүгээр сарын 04-ны орой 22 цагийн орчимд гэрийнхээ гал тогооны өрөөнд зөөврийн комьютерээр юм үзэж байгаад унтсан юм. Маргааш өглөө 10 цагийн орчимд гал тогооны өрөөндөө орж иртэл ширээн дээр байсан зөөврийн компьютер алдагдсан байсан/хх95-98х/, мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Х.Мөнхдоржийн мэдүүлсэн:  …манай гэрээс түр хурааж авсан 32 инчийн TCL маркийн зурагтыг Борис гэдэг хүн манай гэрт авчирч зарсан юм. би зурагтны мөнгөө нэхэмжлэхгүй гэсэн  мэдүүлэг /хх-16/, гэрч  Г.Сүрэнхорлоогийн мэдүүлсэн: …Мөнхдорж манай гэрт  ирээд манайх зурагтаа 100.000 төгрөгөөр зарлаа гэхээр нь би зөвшөөрөөд худалдаж авсан юм гэх мэдүүлэг /хх-17/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн

үзүүлэлтүүд/хх5-9/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх10-11/, эд зүйлийн үнэлгээ /хх12/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх87-90/, эд зүйлийн үнэлгээ /хх-93/, урьд өмнө ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэл статистикийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Ж.Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ж.Баярсайханыг шунахайн сэдэлтээр давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлж 650,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Учир нь шүүгдэгч Ж.Баярсайханы өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө байхгүй болох нь Чингэлтэй дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтсийн 2016 оны 06 сарын 03-ны өдрийн 385 тоот албан бичгээр нотлогдож байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Баярсайхан нь гэмт хэрэг давтан үйлдсэнийг ял хүндрүүүлэх нөхцөл байдалд тооцов.

 Шүүгдэгч Ж.Баярсайхан нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн боловч түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг чангаруулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Иргэний нэхэмжлэгч Х.Мөнхдорж  …би зурагтны мөнгөө нэхэмжлэхгүй /хх-16/, хохирогч Г.Нямлхагвын алдагдсан комьютерээ хүлээн авсан учир гомдол саналгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тайлбар /хх-126/, хохирогч Бат-Эрдэнийн би зурагтаа авсан болохоор гомдолгүй гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Ж.Баярсайханыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ж.Баярсайханы цагдан хоригдсон 119 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Ж.Баярсайхан үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг гэснийг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Шарнууд овогт Жанлавын Баярсайханыг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ж.Баярсайханд эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ж.Баярсайханд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын  хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Баярсайханы урьд цагдан хоригдсон 119  хоногийг түүний ял эдэлсэн  хугацаанд оруулан тооцсугай.
  5. Шүүгдэгч Ж.Баярсайхан бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ж.Баярсайханы эдлэх ялыг  2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Баярсайханд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

  

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАЯРМАА