| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/01613/И |
| Дугаар | 1665 |
| Огноо | 2017-05-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 1665
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 хороолол, Ард Аюуш гудамж, 10 байр, 92 тоотод оршин суух, Баяжих овогт Минжүүрийн Оюун-Эрдэнэ /РД:ЧА62050864/
Улсад ажилласан байдал тогтоох тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Оюун-Эрдэнэ миний бие 1984 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Октябрийн районы Нийтийн хоолны трестийн 52 дугаар цайны газарт зөөгч, кассаар ажилд орсон. Миний бие Октябрийн районы Нийтийн хоолны трестэд зөөгч, кассаас эхлэн ахлах тогооч хүртэл дэвшин ажиллаж байгаад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд зохион байгуулалтын өөрчлөлтөөр Ханын материалын комбинатын гуанзанд ахлах тогоочоор томилогдон ажиллах болсон. Уг байгууллагад миний бие 1995 оны 12 дугаас сар хүртэл ажиллаж байсан. Миний бие хөдөлмөрийн дэвтрээ алдаж, усанд хөвүүлсэн байхад нь олж авсан бөгөөд хөдөлмөрийн дэвтэр дэх бичилтүүд бүдгэрч, зарим нь харагдахгүй болсон. Иймд М.Оюун-Эрдэнэ намайг 1984 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Октябрийн районы Нийтийн хоолны трестэд зөөгч, тогооч, ахлах тогоочоор, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ханын материалын комбинатын гуанзанд ахлах тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.Оюун-Эрдэнэ нь 1984 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Октябрийн районы Нийтийн хоолны трестэд зөөгч, тогооч, ахлах тогоочоор, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ханын материалын комбинатын гуанзанд ахлах тогоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн өөрийн гаргасан тайлбар зэргийг үндэслэн хүсэлт гаргагч М.Оюун-Эрдэнийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Үүнд:
Нийтийн хоолны трестийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрээс 1987 оны 10 дугаар сарын 28-ны өдөр олгосон “Баярын бичиг”-т “М.Оюун-Эрдэнэ танд Октябр-70, Монголын сэтгүүчдийн холбооны 5 дугаар их хурал угтсан өндөр бүтээлийн 10 хоногийн уралдаанд өнөдөр амжилт гаргасан явдалд талархаж, баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнав” гэх бичилт,
Октябрийн районы Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо, Пионерийн зөвлөлөөс 1988 оны 05 дугаар сарын 30-ны өдөр олгосон Талархал бичигт “М.Оюун-Эрдэнэ танд Цэцэг өдөрлөгөөр зохиосон уулзалт үдэшлэгт сайхан үйлчилсэнд энэхүү хуудсыг дурсгав” гэх бичилт,
Октябрийн районы Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны 1 дүгээр нарийн бичгийн даргаас 1988 оны 05 дугаар сарын 23-ны өдөр олгосон “Баярын бичиг”-т “М.Оюун-Эрдэнэ танд МХЗЭ-ийн 14 дүгээр их хурал угтсан “Их хуралдаа барих бэлэг” социалист уралдаанд хамт олноо хошуучлан хөдөлмөрийн бахдам амжилт гаргасан тул Октябрийн районы Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнав” гэх бичилт,
Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харъяа Улаанбаатар хотын Ханын материалын комбинатын даргын 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 310 тоот шагнах тухай тушаалын 1 дэх хэсэгт “Социалист худалдаа, нийтийн хоолны байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойг тохиолдуулан хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж ажилласан ажилчдын гуанзны ахлах тогооч Минжүүрийн Оюун-Эрдэнийг 100 төгрөгөөр шагнаж, урамшуулсугай” гэх бичилт,
Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харъяа Улаанбаатар хотын Ханын материалын комбинатын даргын 1995 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 283 тоот “Хөдөлмөрийн гэрээг цуцлах” тухай тушаалын 1 дүгээр хавсралтад “Минжүүрийн Оюун-Эрдэнийн хөдөлмөрийн гэрээг 1995 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс цуцалсугай” гэх бичилт зэргээр тогтоогдож байна.
Мөн М.Оюун-Эрдэнэтэй Октябрийн районы Нийтийн хоолны трестэд хамт ажиллаж байсан гэрч Д.Хорлоогийн “Д.Хорлоо миний бие 1981 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Октябрийн районы Нийтийн хоолны трестэд Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж эхэлсэн. М.Оюун-Эрдэнэ нь 1984 оны 02 дугаар сараас эхлэн Октябрийн районы Нийтийн хоолны трестийн 52 дугаар цайны газарт зөөгч, кассаар ажилд орсон бөгөөд тэр үеэс эхлэн М.Оюун-Эрдэнийг танина. М.Оюун-Эрдэнэ нь Октябрийн районы Нийтийн хоолны трестэд зөөгч, кассаас эхлэн ахлах тогооч хүртэл дэвшин ажилласан. Миний бие М.Оюун-Эрдэнэтэй 1991 оны 01 дүгээр сарыг хүртэл хамт ажилласан ба М.Оюун-Эрдэнэ нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ханын материалын комбинатын гуанзанд ахлах тогоочоор томилогдон ажиллах болсон. Д.Хорлоо би 1991 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Октябрийн районы Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын Үйлдвэрчний хорооны даргаар ажилласан ба тус байгууллага Октябрийн районы хэмжээний бүхий л нийтийн хоол, үйлчилгээ болон худалдааны газруудыг хариуцдаг байсан бөгөөд М.Оюун-Эрдэнийн шилжин ажиллаж байсан Ханын материалын комбинатыг хариуцдаг байсан. М.Оюун-Эрдэнэ нь Ханын материалын комбинатын гуанзанд ахлах тогоочоор 1991 оны 01 дүгээр сараас 1995 оны 12 дугаас сар хүртэл ажиллаж байсан нь үнэн”
гэрч М.Должинсүрэнгийн “М.Должинсүрэн миний бие 1968 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Октябрийн районы Нийтийн хоолны трестэд кассаар ажиллаж эхэлсэн. М.Оюун-Эрдэнэ нь 1984 оны 02 дугаар сараас эхлэн Октябрийн районы Нийтийн хоолны трестийн 52 дугаар цайны газарт зөөгч, кассаар ажилд орсон бөгөөд тэр үеэс эхлэн М.Оюун- Эрдэнийг танина. М.Оюун-Эрдэнэ нь Октябрийн районы Нийтийн хоолны трестэд зөөгч, кассаас эхлэн ахлах тогооч хүртэл дэвшин ажилласан. Миний бие М.Оюун-Эрдэнэтэй 1991 оны 01 дүгээр сарыг хүртэл хамт ажилласан ба М.Оюун-Эрдэнэ нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ханын материалын комбинатын гуанзанд ахлах тогоочоор томилогдон ажиллах болсон. М.Оюун-Эрдэнэ нь 1991 оны 01 дүгээр сараас 1995 оны 12 дугаар сар хүртэл Ханын материалын комбинатад ахлах тогоочоор ажиллаж байсан гэдгийг гэрчилнэ” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул хүсэлт гаргагч М.Оюун-Эрдэнийн ажиллаж байсан байдлыг тогтоож хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Иймд хүсэлт гаргагч М.Оюун-Эрдэнийг 1984 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Октябрийн районы Нийтийн хоолны трестэд зөөгч, тогооч, ахлах тогоочоор, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ханын материалын комбинатын гуанзанд ахлах тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баяжих овогт Минжүүрийн Оюун-Эрдэнэ /РД:ЧА62050864/-ийг 1984 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Октябрийн районы Нийтийн хоолны трестэд зөөгч, тогооч, ахлах тогоочоор, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ханын материалын комбинатын гуанзанд ахлах тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.Оюун-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА