| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/01244/И |
| Дугаар | 1629 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 1629
| 2017 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2017/01628 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консул 3 гудамж, 88 тоотод оршин суух, Мянгат овогт Доржтүмэнгийн Даваадорж /РД:ИЧ79111911/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горький 19 гудамж, 616 тоотод оршин суух, Боржигин овогт Шагдарсүрэнгийн Шижиртуяа /РД:ДС76032608/
Зээлийн гэрээний үүрэгт 2.220.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Даваадорж, хариуцагч Ш.Шижиртуяа, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Даваадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Даваадорж би хариуцагч Ш.Шижиртуяатай 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 600.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүү тооцож авахаар харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч Ш.Шижиртуяа нь 2014 оны 05 дугаар сарын 29-ний дотор зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй бөгөөд зээлийн гэрээний 2.2-т зааснаар зээлдэгч нь зээлийг бүрэн төлж дуусах хүртэл нэг сарын 10 хувиар тооцон хүү төлөхөөр тохиролцсон. Хариуцагч Ш.Шижиртуяа нь 2014 оны 05 сарын 29-ний дотор зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацааг Иргэний хуулийн 222.5-дахь хэсэг, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний ерөнхий агуулгын хүрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлохдоо талууд зээлийн гэрээний хугацааг 30 хоногоор тогтоосон боловч уг хугацаа хэтэрвэл зээлийг төлж дуусах хүртэл гэсэн тодорхой бус хугацаатай болгохоор гэрээний нөхцлийг тодорхойлсон. Хариуцагч Ш.Шижиртуяа нь 2014 оны 08 сарын 27-нд нэхэмжлэгчийн Хаан банкны 5076008121 тоот дансанд 80.000 төгрөг шилжүүлсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Шижиртуяагаас зээлийн гэрээний 2.2-т зааснаар үндсэн зээл 600.000 гөгрөг, 12 сарын зээлийн хүү 1.440.000 төгрөг, алданги 300.000 төгрөг нийт 2.220.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Даваадорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.Даваадорж би нэхэмжлэлийн шаардлагын 1.600.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 600.000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Ш.Шижиртуяа 2017 оны 06 дугаар сард багтаан төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.
Хариуцагч Ш.Шижиртуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.Даваадорж нь нэхэмжлэлийн шаардлагын 1.600.000 төгрөгөөс татгалзаж, 600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ш.Шижиртуяа би төлөхөөр зөвшөөрч нэхэмжлэгчтэй тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.Даваадорж нь нэхэмжлэлийн шаардлагын 1.600.000 төгрөгөөс татгалзаж, 600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ш.Шижиртуяа төлөхөөр зөвшөөрч, 600.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сард багтаан төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Даваадорж нь хариуцагч Ш.Шижиртуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.220.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, үүгээр нэхэмжлэгч Д.Даваадорж нь нэхэмжлэлийн шаардлагын 1.600.000 төгрөгөөс татгалзаж, 600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ш.Шижиртуяа төлөхөөр зөвшөөрч, 600.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сард багтаан төлж барагдуулахаар зохигч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Д.Даваадорж, хариуцагч Ш.Шижиртуяа нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд зохигчид эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50470 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Шижиртуяагаас 18650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Даваадорж нь нэхэмжлэлийн шаардлагын 1.600.000 төгрөгөөс татгалзаж, 600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ш.Шижиртуяа төлөхөөр зөвшөөрч, 600.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сард багтаан төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50470 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Шижиртуяагаас 18650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Даваадоржид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА