Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/107

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө, шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч ургийн овогт Н-ын А-д холбогдох эрүүгийн 2135000000076 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ч ургийн овогт Н-ын А, 1986 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл зургаа, эхнэр дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын тавдугаар багт оршин суудаг, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: ...........

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.А нь 2021 оны 3 дугаар сард Увс аймгийн Өмнөговь сумын хоёрдугаар багийн нутаг Цагаан чулуут гэх газарт байрлах хохирогч Ж.Х-ын өвөлжөөний хашаанаас машин механизм буюу иргэн Л.Б-гийн өмчлөлийн 28-63 УВА улсын дугаартай автомашин ашиглаж, хохирогч Ж.Х-ын 350’000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий өвсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн  хэлэлцүүлэгт талууд эрүүгийн 2135000000076 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:

Улсын яллагч: Хохирогч Ж.Х-ын 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр болон 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дахин өгсөн мэдүүлгүүдийг /хх-ийн 8, 11 дүгээр хуудас/, гэрч Ж.Б-ийн 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлгийг /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Л.Б-гийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлгийг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Ж.Х-ын 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлгийг /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Э.Уламбаярын 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлгийг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 118 дугаартай дүгнэлтийг /хх-ийн 37 дугаар хуудас/, шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 147 дугаартай дүгнэлтийг /хх-ийн 46 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэрч К.Г-ийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлгийг /хх-ийн 24 дүгээр хуудас/, гэрч Н.А-ийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлгийг /хх-ийн 33 дугаар хуудас/, Увс аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 44-3/771 дугаартай албан бичгийг /хх-ийн 57 дугаар хуудас/, шүүгдэгч Н.А-ын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлгийг /хх-ийн 62 дугаар хуудас/ тус тус шинжлэн судалсан байна.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

- Хохирогч Ж.Х-ын 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн “...Манайх өвөлжөөндөө 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр буугаад 2021 оны 3 дугаар сарын эхээр Рашаантын хотгор гэх газар байх хаваржаандаа буусан. Түүнээс хойш хэд хоногийн дараа тэмээгээ хайж яваад өвөлжөөн дээрээ очсон чинь намар буулгасан хоёр портер машин өвс алга болсон байсан. Яг хэдний өдөр алга болсон талаар сайн мэдэхгүй байна. ...Хоёр портер машин өвснөөс нэг портер машин өвсийг нь хэрэглэсэн байх. ...Өвөлжөөндөө очиход давхар дугуйтай автомашины мөр, цагаан ултай гутлын мөр харагдаж байсан. Манай дүү Ж.Хүрэлбаатар тухайн мөрний зургийг гар утсаараа дарж авсан байгаа...” гэх мэдүүлэг[1],

- Хохирогч Ж.Х-ын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дахин өгсөн “...2021 оны 3 дугаар сарын 10-ны үеэр Өмнөговь сумын Улиастай багийн Цагаан чулуут гэх газар байх өвөлжөөнөөс алдсан нэг портер машин өвсийг манай багийн Надмидын А гэгч нь миний зөвшөөрөлгүй хүнд ачуулж явуулсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг[2],

- Гэрч Ж.Б-ийн 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн “...Би 2021 оны 3 дугаар сарын 06-ны үеэр ах Ж.Х-ын гэрийг өвөлжөөнөөс нь хаваржаа руу нь нүүлгэсэн. Нүүлгэж байх үед өвсний хашаанд нь нэг портер машин өвс хангалттай үлдсэн. ...Ж.Х ахын өвөлжөөнөөс төв зам руу очиход Н.А гэх айлын хажуугаар гардаг замтай тул энэ хүн авсан хүнийг сайн мэдэж байгаа байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг[3],

- Гэрч Л.Б-гийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “...Би 2021 оны 3 дугаар сарын эхээр шиг санаж байна. ...Улиастай багийн нутаг Цагаан гатлагын наана Улаан зуухын хотгорт байх айлын өвөлжөөнөөс портер /өөрийн эзэмшлийн/ автомашинаар бага зэрэг өвс ачиж авсан. Тухайн өвс ачсан шалтгаан нь Улиастай багийн иргэн Н.А гэх залуугаас урьдны өр болох 220’000 төгрөг авах ёстой байсан ба түүний өртгөнд тухайн өвсийг ачиж авсан. Би 2017 оны өвөл түүнд өөрийн малаас нэг тооны адуу зарсан ба тухайн үед 800’000 төгрөг аваад үлдэгдэл мөнгийг нь дараа авахаар болсон. 2021 оны 3 дугаар сард Н.А-оос үлдэгдэл мөнгөө нэхэхэд “чи хүрээд ир надад өвс байна, нөгөө мөнгөндөө өвс ав” гэхээр нь би очиж өвс ачиж авсан...” гэх мэдүүлэг[4],

- Гэрч Ж.Хүрэлбаатарын 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн “...Би Цагаан чулуут гэх газарт ах Ж.Х ахын хамт өвөлжсөн ба 2021 оны 3 дугаар сарын эхээр нүүсэн. Хэд хоногийн дараа өвөлжөөнөөс хүнд юм гаргаж өгөх ажлаар очсон чинь хураасан байсан задгай өвс нь алга болсон байхаар нь зургийг нь дараад ойр хавьд нь ул мөр шалгаж үзэхэд давхар дугуйтай автомашины мөр, мотоциклийн мөр, цагаан ултай гуталтай хүний мөр байсан. ...Манай өвөлжөөнөөс доош эргээд автомашин явсан бол Н.А-ын байгаа газрын ойролцоо очиж замтай нийлдэг. Манай өвөлжөөнөөс Н.А-ын өвөлжөө хүртэл хоёр километр зайтай” гэх мэдүүлэг[5],

- Гэрч Э.У-ын 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн “...Л.Б 2021 оны 3 дугаар сарын яг хэдний өдөр ирсэн талаар санахгүй байна, эмэгтэйчүүдийн баяр өнгөрсөн байсан. Би гэртээ байж байтал Л.Б өөрийн цэнхэр өнгийн портер машинтай ганцаараа ирсэн. Тухайн үед манай нөхөр гэртээ байхгүй мал хайгаад явсан байсан тул Л.Б миний утсаар Н.А руу залгаж дуудаад ...би малаа эргүүлэхээр явсны дараа манай нөхөр, Л.Б хоёр түүний машинтай хаашаа ч юм яваад орой 21 цагийн үед хоёулаа орж ирээд хоол цай идээд Л.Б явсан. ...Хэдэн жилийн өмнө Л.Б-гийн нэг адууг манай нөхөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сум руу хүнд зарж өгсөн ба түүний үлдэгдэл хэдэн төгрөг байгаа талаар манай нөхөр ярьж байсан...” гэх мэдүүлэг[6],

- 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 118 дугаартай “Увс аймгийн Өмнөговь суманд 2021 оны 3 дугаар сарын байдлаар портер загварын автомашин задгай өвсний зах зээлийн үнэ цэнийн баримжаа 350’000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[7],

- Шүүгдэгч Н.А-ын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Өмнөговь сумын иргэн Л.Б надаас 220’000 төгрөгийн авлагатай байсан ба манай гэрт мөнгөө авах гэж ирэхэд тухайн үед надад мөнгө байгаагүй учир би “мөнгөний оронд өвс өгье чамд” гэхэд зөвшөөрсөн юм. Тухайн үед Л.Б манайд ирэхдээ 28-63 УВА улсын дугаартай портер загварын автомашинтай ирсэн. Би Л.Б-гийн автомашинд суугаад “Цагаан чулуут” гэх газарт байх Ж.Х-ын өвөлжөөнд очоод хашаанд нь байсан өвсийг Л.Б-гийн автомашинд би гараараа ачсан...” гэх мэдүүлэг[8]  зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.А нь гэрч Л.Б-д 220,000 төгрөгийн өрөө төлөх зорилгоор 2021 оны 3 дугаар сарын дунд үед Увс аймгийн Өмнөговь сумын нутаг Цагаан чулуут гэх газарт байх хохирогч Ж.Х-ын өвөлжөөнд байсан задгай өвсийг гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдээгүй гэрч Л.Б-гийн эзэмшлийн “Хьюндай портер” загварын 28-63 улсын дугаартай автомашинаар зөөж, тээвэрлэсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.А-ын хохирогч Ж.Х-ын нэг портер автомашин өвсийг хохирогчид хүч хэрэглэхгүйгээр, түүний зөвшөөрөлгүйгээр, нууцаар авсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Гэрч Л.Б-гийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн “...Тухайн өвс ачсан шалтгаан нь Улиастай багийн иргэн Н.А гэх залуугаас урьдын өр болох 220’000 төгрөг авах ёстой байсан ба түүний өртгөнд тухайн өвсийг ачиж авсан...” гэх, шүүгдэгч Н.А-ын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Өмнөговь сумын иргэн Л.Б надаас 220’000 төгрөгийн авлагатай байсан ба манай гэрт мөнгөө авах гэж ирэхэд тухайн үед надад мөнгө байгаагүй учир би “мөнгөний оронд өвс өгье чамд” гэхэд зөвшөөрсөн юм” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч нь гэрч Л.Б-д өрөө төлөх зорилгоор, шунахайн сэдэлтээр хохирогчийн өвсийг хулгайлж авсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй авч болохгүй гэдгийг ухамсарлах насанд хүрсэн, бусдын эд хөрөнгөөр өрөө төлөх зорилготой, шунахайн сэдлээр авсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Гэрч Л.Б нь тухайн гэмт хэрэгт оролцож, өөрийн эзэмшлийн 28-63 УВА улсын дугаартай “Хьюндай портер” загварын автомашинаар өвс ачиж явсан нь тогтоогдож байх боловч тухайн өвсийг хулгайлж байгааг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан болох нь түүний гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Н.А-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч Э.Уламбаярын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Тодруулбал гэмт хэрэгт санаатай нэгдсэн гэх субьектив талын шинж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн...” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.А нь гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдээгүй хүнийг оролцуулан, түүний автомашиныг ашиглан хохирогч Ж.Х-ын өвсийг хулгайлсан байна.

Машин механизм гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизм хамаардаг. Шүүгдэгч хохирогчийн өвсийг биеэр авч чадахгүй тул гэрч Л.Б-гийн эзэмшлийн “Хьюндай портер” загварын 28-63 УВА улсын дугаартай автомашинаар зөөж, тээвэрлэсэн байна. Тодруулбал шүүгдэгчийн уг үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “энэ гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэх хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Н.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Х-т 350’000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 118 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ. Хохирогч Ж.Х 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “...Н.А надаас уучлалт гуйж, надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тул одоо ямар нэгэн гомдол байхгүй. Н.А надад учирсан хохиролд 380’000 төгрөг бэлнээр өгсөн” гэж мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Н.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах ялын саналыг, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Н.А-ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлийн цаг хугацаанд хамаарч байгаа тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих саналыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх, ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-оос гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу 220’000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах саналтай байна. Мөн гэмт хэрэг үйлдэх үедээ иргэн Л.Б-гийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзэж байгаа, тухайн тээврийн хэрэгслийн үнэлсэн үнэлгээ буюу 1’500’000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах” гэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “Н.А мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т 2-8 жил гэж байгаа, 2 жилээс бага хэмжээгээр ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Н.А-ын хувийн байдлын талаар гэрч К.Г-ийн “...2012-2013 оны үед Өлгий сумын иргэн Э.У гэх хүнтэй албан ёсоор хурим найраа хийж хамтран амьдарч байгаа бөгөөд дундаас гурваас найман насны дөрвөн хүүхэдтэй. Эхнэр хүүхдийн хамтаар Өмнөговь сумын Улиастай багийн нутагт мал маллаж амьдардаг. Н.А-ын нэр дээр Мустанг-5 загварын тээврийн хэрэгсэл байдаг, өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэл байхгүй. Мөн зуу хүрэхгүй малтай малаа маллаад, хүүхдийнхээ мөнгөөр амьдардаг айл юм. Зургаан ханатай гэрт амьдардаг. Н.А-ын эхнэр Э.У тодорхой эрхэлсэн ажилгүй мал маллаж амьдардаг...” гэх мэдүүлэг[9], гэрч Н.А-гийн “...Н.А зан байдлын хувьд ичимхий, бүрэг, үг дуу цөөтэй, хааяа нэг найзуудтайгаа баяр ёслолын үеэр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг бөгөөд болчимгүй ааш авир гаргаад байдаггүй...” гэх мэдүүлэг[10], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], Баян-Өлгий аймах дахь сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар[12] зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хандаж байгаа сэтгэхүйн хандлага буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаарах бөгөөд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хэмжээг тогтоох үндэслэл болдог.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.А нь эхнэр дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын тавдугаар багийн нутагт нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан бөгөөд энэхүү шүүхэд эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлж дахин гэмт хэрэг үйлдэхээс болон бусдыг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх юм. Шүүгдэгч нь урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан атлаа дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байна. Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах үндэслэлгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.А-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж,

мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Н.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийг 2021 оны 3 дугаар сарын дунд үед буюу 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Шүүгдэгч Н.А Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдөж байгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, Увс аймгийн Өмнөговь сумын тавдугаар багт байнга оршин суух хаягтай зэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт тус тус заасан шаардлагуудыг хангаж байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ... дүйцүүлэн хасна” гэж ял дүйцүүлэн хасах аргачлалыг тодорхойлсон тул энэхүү аргачлалаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож дүйцүүлэн солих нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шүүгдэгчид оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох эд хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж, 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ” гэж, 3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Н.А гэмт хэрэг үйлдэхдээ гэрч Л.Б-гийн эзэмшлийн Хьюндай портер загварын 28-63 УВА улсын дугаартай автомашиныг ашигласан болох нь тогтоогдсон тул шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 147 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон автомашины үнэлгээгээр буюу 1’500’000 төгрөгийг, гэрч Л.Б-д төлөх 220’000 төгрөгийн өрийг хулгайлж авсан өвсөөрөө төлсөн байх тул гэмт хэрэг үйлдэж 220’000 төгрөгийн орлого олсон гэж үзэж шүүгдэгчээс тус тус хураан авч, хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн учир улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч ургийн овогт Н-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Н.А-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.А-д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Н.А-д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ыг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Өмнөговь сумаас явахыг хориглосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 220’000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1’500’000 төгрөгийг шүүгдэгч Н.А-оос тус тус гаргуулж улсын төсөвт оруулсугай.

9. Шүүгдэгч Н.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХЗАЯА

 

 

[1] хх-ийн 8 дугаар хуудас

[2] хх-ийн 11 дүгээр хуудас

[3] хх-ийн 13 дугаар хуудас

[4] хх-ийн 15-16 дугаар хуудас

[5] хх-ийн 18 дугаар хуудас

[6] хх-ийн 26-27 дугаар хуудас

[7] хх-ийн 37 дугаар хуудас

[8] хх-ийн 62 дугаар хуудас

[9] хх-ийн 24 дүгээр хуудас

[10] хх-ийн 33 дугаар хуудас

[11] хх-ийн 87 дугаар хуудас

[12] хх-ийн 90-98 дугаар хуудас