| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00784/И |
| Дугаар | 1626 |
| Огноо | 2017-06-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 1626
| 2017 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2017/01626 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо Туулын 7 дугаар гудамж 140 тоотод оршин суух, 1963 онд төрсөн 54 настай, Боржигон овогт Гэндэндаржаагийн Энхбаяр /РД-ЧЗ63081317/
Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам
Ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Энхбаяр, өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ /шүүхэд төлөөлөх эрх-1580/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, В.Сэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Энхбаяр УБТЗ-д 1986 оноос хойш ажиллаж байна. 2000 оноос Тээврийн дээд сургуульд багшаар ажилласан. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Тээврийн дээд сургуулийн захирал, удирдлагын баг шуурхай хурал хийж, 2016 оны 06, 09 дүгээр сард оюутнуудын өгсөн өргөдөл гомдлын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулна гээд цуцалсан. Энэ хурал дээр захирал Ж.Пүрэвсүрэн “энэ хүнийг сахилгын арга хэмжээгээр халахаар цалин хөлс нь бүрэн олгогдохгүй хохирно. Өөрийн хүсэлтээр болговол бүх цалин хөлс нь олгогдоно” гэсэн. Ингээд хүний нөөцийн менежер н.Энхцэцэг та надад хүсэлтээ нэг шалтгаан олоод бичээд одоо өг гэсэн. Энэ дагуу нь хүсэлт бичиж өгсөн. Өргөдлөө бичээд өгөхөд хүсэлтийн агуулгыг засаж, дахин бичээд авч ирж өг гэсэн. Ингээд маргааш нь хэлснийх нь дагуу бичээд авч ирж өгсөн. Үүгээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Г.Энхбаярын хувьд байгууллагын захирал, удирдлагын дарамт шахалт, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй байхад гаргасан мэтээр дайрч давшилсан үйлдлээс болж сэтгэлийн хямралд орж, бодит байдалд ажлаасаа гарах, чөлөөлөгдөх бодит шалтгаан байхгүй байхад хүсэлт бичиж эрх ашгаараа хохирсон. 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасныг үндэслэсэн бөгөөд тус заалт нь ажилтан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах зохицуулалт юм. Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 14-т хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэг ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай буюу хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ” гэжээ. Гэвч ажилтан Г.Энхбаярыг үндэслэлгүй хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар хууль бусаар айлган сүрдүүлж, ийм байдалд орсны улмаас хөдөлмөрийн гэрээгээ өөрөө санаачлан цуцлахаас аар аргагүй болгосон нь зөвхөн түүний хүсэл зориг байсан гэдэг нь үндэслэлгүй болсон. Нэхэмжлэгчийн маргаан нь тушаалыг хууль бус гэж үзэж гомдол гаргасан. Ажилтан өөрийн санаачлагаар ажлаас гараагүй. Байгууллага сахилгын арга хэмжээгээр халах байсан гэсэн тайлбар гаргаж байна. Бид сахилгын зөрчлийн талаар яриагүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл өөр байгаа. Хурлын тэмдэглэл дээр 5-ын таван захирал “энэ хүн шиг муу хүн байхгүй” гэж ярьсан нь тогтоогдсон. Шийдвэр гаргасан хүмүүс шүүх хуралдаанд гэрчээр ирж халъя гэж ярьсан гэдэг. Иймд Г.Энхбаярыг ажилд эгүүлэн тогтоож, цалингийн нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өмнөх шүүх хуралдаанд тайлбараа ярьсан тул энэ удаад товчхон яръя. Г.Энхбаяр нь Төмөр замын коллежийн захирлын 2000 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 217 тоот тушаалаар Холбооны инженер багшаар ажилд томилогдсон. Тээврийн дээд сургуулийн Дохиолол холбоо эрчим хүчний танхимд Электроникийн багшаар ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Багш Г.Энхбаяр нь ажиллах хугацаандаа тогтмол зөрчил дутагдал гаргаж байсан бөгөөд хичээлийн жилд 1-2 удаа шуурхай зөвлөгөөнд багшийн ёс зүйн асуудлаар ордог байсан боловч, өөрийн ажил байдалд дүгнэлт хийн, ажил сайжруулах арга хэмжээ авч ажиллаж байгаагүй. 2015-2016 оны хичээлийн жилд улирал тутамд буюу 2 удаа Г.Энхбаяр багшийн ёс зүйн асуудлаар Удирдах зөвлөл шуурхай хурал зөвлөгөөн хийсэн байдаг. Үүнд 1 дүгээр улиралд тэрээр багшийн ёс зүйн зөрчил гаргаж, Э-3 ангийн оюутан Н.Өрнөхбатад гар хүрсэн асуудлаар шуурхай зөвлөгөөнд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр орсон боловч хууль хяналтын байгууллагад тухайн оюутанд гар хүрсэн эсэх асуудал нь шалгагдаж байгаа шалтгаанаар уг байгууллагаас гарах шийдвэрийг хүлээзнэж, түүнд авах арга хэмжээний талаар дахин хэлэлцэхээр болж хойшлогдсон боловч дахин хуралдаагүй, сахилгын арга хэмжээ авагдаагүй өнгөрсөн юм. 2016 оны 02 дугаар улиралд багшийн ёс зүйн асуудлаар дахин зөрчил гаргаж оюутны мэдлэгийг мөнгөөр үнэлж дүн тавих асуудал илэрсэн. Төгсөх ангийн оюутнуудын гаргаж өгсөн өргөдөл, гомдлын мөрөөр сахилгын зөвлөл шуурхай хурал хийсэн бөгөөд багш оюутны мөнгө төгрөг өгсөн, авсан асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, гарсан шийдвэрийг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулах, тэр хүртэл энэ зөрчлөөр арга хэмжээ тооцохыг түдгэлзүүлэх гэсэн шийдвэр гаргасан. 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр удирдах зөвлөл энэ асуудлаар дахин хуралдсан. Хуралд 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шуурхай хурлын шийдвэрт Г.Энхбаяр багшийн мөнгөтэй холбоотой зөрчлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, дахин хэлэлцэхээр хойшлуулсан тул 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Тээврийн прокурорын газраас ирүүлсэн 2882 тоот тогтоолын дагуу уг асуудлыг дахин хэлэлцэх, эцэслэн шийдвэрлэх асуудлыг авч хэлэлцсэн. Дээрх хуралд 2016-2017 оны хичээлийн жилийн 1 дүгээр улиралд багш Г.Энхбаярын ажилласан байдлыг сургалтын албаны хичээл зохицуулагч багш Г.Халиуны 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргаж өгсөн тайлан болон 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ш-2 ангийн оюутнуудаас ирүүлсэн уг багштай холбоотой өргөдлөөр гаргасан зөрчил, гомдол мөн 2016-2017 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд Хүний нөөцийн менежер болон хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн нарын хийсэн Тээврийн дээд сургуулийн нийт багш нарын ажлын үзүүлэлтийг оюутнуудаар дүгнүүлсэн түүвэр санал асуулгын дүн зэргийг үндэслэн багш Г.Энхбаярыг ажлаас халах шийдвэрт хүрсэн. Хурлын шийдвэр гарахын өмнө тус сургуулийн захирал Ж.Пүрэвсүрэн сахилгын зөрчил давтан гаргасан нь ажлаас халагдах бүрэн үндэслэл болох боловч сахилгын зөрчлөөр багшийн ажлаас халагдах нь хүний нэр төртэй холбоотой асуудал бөгөөд дараа нь ажилд ороход сөрөг ихтэйгээс гадна багшид олгогдох санхүүгийн асуудалд хүндрэл гарах учир, жишээлбэл нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж, сарын ажлын үр дүнгийн шагналт цалин, 13 дахь сарын цалин бүгд олгогдохгүй тул өөрийн нь саналыг сонсоё гэхэд багш Г.Энхбаяр нь өөрийн хүсэлтээр ажлаас халагдая гэж хэлсэн. Иймд өөрийнх нь хүсэлтээр ажлаас гарах шийдвэр гаргаж, ажлаас гарах тухай өргөдлөө Хүний нөөцийн менежерт өөрийн гараар бичиж өөрөө авчирч өгсөн тул өөрийнх нь хүсэл зориг илэрхийлэгдсэн. Сахилгын зөрчил гаргаагүй байхад гаргасан гэж дайрч давшилсан гэж ярьж байна. Зөрчлийн талаарх баримт нь хэрэгт байна. Өөрөө сахилгын зөвлөлийн хуралд гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, өргөдлөө гаргаж, хуульд зааснаар тэтгэмж авсан. Бүх үйл баримтыг зөвшөөрсний эцэст шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Энхбаяр нь хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А-267 дугаар тушаалаар Улаанбаатар төмөр замын Тээврийн дээд сургуулийн дүрмийг баталж, Тээврийн дээд сургуулийн захирал тус дүрмийн 3 дугаар зүйлийн 3.11.6-д зааснаар багш ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, түүний биелэлтийг дүгнэх, цуцлах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Г.Энхбаярыг Улаанбаатар төмөр замын Тээврийн дээд сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалт, хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг тус тус үндэслэн өөрийнх нь өргөдөл, хувийн хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг тасалбар болгон цуцалжээ.
Нэхэмжлэгч нь “үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар хууль бусаар айлган сүрдүүлж, ийм байдалд орсны улмаас хөдөлмөрийн гэрээг өөрөө санаачлан цуцлахаас өөр аргагүй болгосон”, хариуцагч нь “2016-2017 оны хичээлийн 1 дүгээр улиралд сургалтын албанаас гаргасан тайлан, 2016 оны Ш-2 ангийн оюутнуудаас ирүүлсэн гомдол, багш нарын ажлын үзүүлэлтийг оюутнуудаар дүгнүүлсэн түүвэр санал зэргийг үндэслэн ажлаас халах шийдвэрт хүрсэнг өөрөө зөвшөөрсөн” гэж тайлбарлан маргажээ.
Г.Энхбаяр нь Улаанбаатар Төмөр замын Тээврийн дээд сургуульд Холбооны инженер багшаар багшлахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан байна.
Нэхэмжлэгч Г.Энхбаяр нь Тээврийн дээд сургуулийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаартай тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл, Сахилгын зөвлөлийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлээр 100%-ийн саналаар протоколоор сануулах арга хэмжээ тус тус авагдсан байна.
2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Тээврийн дээд сургуулийн Э-З ангийн оюутнууд багш Г.Энхбаяр нь багшийн ёс зүйгүй дарамталж, хүүхдүүдийг айлгаж зоддог, хичээл дээр согтуу ирж хичээлээч заадаггүй тул багшийг солих тухай гомдол гаргасныг сургуулийн сахилгын зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцэн оюутан н.Өрнөхбатыг зодсон хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа учир шийдвэр гартал хүлээж асуудлыг дахин авч хэлэлцэх, сургалтын албаны зүгээс Э-3 ангийн оюутнуудад электроникийн хичээлийг н.Ганчулуун багшаар оруулах ажлыг зохицуулж шийдвэрлэсэн.
2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр В-4 ангийн оюутан Н.Эрдэнэсүх, Н.Батжаргал, Б.Алтангэрэл нар Г.Энхбаяр багш хичээл заахын оронд өөрийн хэвлэн гаргасан “Лабораторийн ажил” хэмээх өндөр үнэтэй номыг 15.000 төгрөгөөр авахыг шаардаж аваагүй мөнгө өгөөгүй оюутнуудыг тогтмол дарамтлан хичээлээс хөөж гаргадаг, ямар нэг шалтаг шалтгаанаар байнга хичээлийг заадаггүй, хичээлдээ ирдэггүй, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирдэг, сургуулийн багш нарын нэр хүндийг өөрийн бүдүүлэг, ёс суртахуунгүй, харьцааны соёлгүй зан храктерээр ихээхэн гутааж, шалгалтанд оюутныг зориудаар унагаж жил бүрийн төгсөгч бүрээс 20.000-60.000 төгрөг авдаг болсонг сургуулийн захиргаа анхааралдаа авах цаг хэдийн болсон, оюутан Б.Урантогос нь Г.Энхбаяр багш 40.000 төгрөг мөн номны мөнгө 28.000 төгрөг өгвөл дүн тавина, үгүй бол тавихгүй гэсэн тул шийдвэрлэж өгнө үү гэсэн үндэслэлээр өргөдөл гаргасанг Сургалтын албаны 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар хэлэлцэж дээрх оюутнуудыг улсын шалгалт, диплом хамгаалалтанд оруулах, багшийн асуудлыг сургуулийн захиргаа сахилгын зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Сахилгын зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар багш Г.Энхбаярын гаргасан зөрчилтэй холбоотой асуудлыг түүний ээлжийн амралт дуусах хүртэлх хугацаанд түдгэлзүүлж, хичээлийн шинэ жил эхлэнгүүт оюутнуудаас ирсэн гомдлыг цагдаагийн байгууллагад шилжүүлж шалгуулах, уг шийдвэрийг үндэслэн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байна.
Уг асуудлаар УБТЗ-ын Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасныг шалгаж Тээврийн прокурорын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй, гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй, уг асуудлыг ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, хуулиар зохицуулан шийдвэрлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэжээ.
2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ш-2 ангийн оюутнууд Г.Энхбаяр багш олон оюутнуудыг хичээлээс хөөж гаргадагаас болж одоогийн байдлаар 9 оюутан хичээлд сууж байна. Хичээлээ ордоггүй, хичээлийн цагаар анги цэвэрлүүлэх, хичээл орохгүй номын санд суулгадаг, хичээл орох болгонд архи үнэртүүлж байдаг, хичээлийн цагаар олон минут гарч явдаг, хичээл дээр хийх юм өгөөд цаад өрөөндөө орж суугаад компьтер дээр хөзөр тоглож пиво уудаг тул багшаар хичээл оруулах хүсэлгүй гэсэн өргөдөл, хичээл зохицуулагч Г.Халиуны Г.Энхбаяр багштай холбоотой 2016 оны 09-11 дүгээр сард гаргасан зөрчлийн тэмдэглэл, 2016-2017 оны хичээлийн жилд оюутнуудаас Г.Энхбаяр багштай холбоотой авсан санал асуулга зэргийг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрийг эцэслэн шийдвэрлэх асуудлыг хэлэлцэх Сахилгын зөвлөлийн хурал 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хуралдсан байна.
Хурлаар дээрх зөрчилүүдийг хэлэлцэн Г.Энхбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас халах санал гаргаснаар, түүнд хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалын үр дагаврыг тайлбарласнаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхийг зөвшөөрч хүсэлт гаргаж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг тасалбар болгон цуцалсан байна.
Сахилгын зөвлөлийн хурлын тэмдэглэл болон, хуралд оролцсон гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Г.Энхбаярыг хууль бусаар айлган сүрдүүлсэн хөдөлмөрийн гэрээг өөрөө санаачлан цуцлахаас өөр аргагүй болгосон байдал тогтоогдоогүй байх бөгөөд энэ тайлбар нь хурлын тэмдэглэл, гэрч Ш.Баяраа, Д.Энхцэцэг, Д.Ганчимэг нарын мэдүүлсэн “өөрийн хүсэлтээр ажлаас халагдах санал гаргасныг зөвшөөрч өөрөө хүсэлтээрээ ажлаас халагдая гэсэн, харин ч эсэргүүцэж бөөн юм болох байх гэсэн чинь өөрөө эсэргүүцээгүй зөвшөөрсөн. Бие санаа байдлын хувьд цочрон давчидсан байдал ажиглагдаагүй тайван, энгийн байдгаараа байсан, ажлаас халагдах өргөдөлд шалтгаанаа бичээгүй байсан тул шалтгаанаа бичээрэй гэж хэлсэн, Г.Энхбаяр багшийн хувьд архи уух нь байнгын үзэгдэл” гэсэн мэдүүлэг баримтаар няцаагдаж байна.
Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид ямар нэг шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл гаргасан гэдэг нь тогтоогдоогүй, өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг зөвшөөрсөн тул Улаанбаатар төмөр замын Тээврийн дээд сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаартай тушаалыг үндэслэлтэй гэж дүгнэв.
Иймд хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Г.Энхбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөнийг дурьдаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн Тухай Хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Г.Энхбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Энхбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА