Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 704

 

   Ч.П, Р.С, Ц.Н,

 Ч.Э, Г.З  нарт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 прокурор Р.Энх-Оюун,

 шүүгдэгч Ч.П, түүний өмгөөлөгч П.Баасанжав,  

шүүгдэгч Р.С-н өмгөөлөгч Ц.Раашзэвэг,

шүүгдэгч Ц.Н-н өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Б.Дашдондов, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 420 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.П, түүний өмгөөлөгч П.Баасанжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ч.П, Р.С, Ц.Н, Ч.Э, Г.З  нарт холбогдох 201619000224 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Ч-н П, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр .......... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................ дүгээр баг, ............дүгээр гудамжны 12 тоотод оршин суух,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 3/114 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2, 7-р зүйлүүдэд зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, /РД: ............/;

  2. С овгийн Р-н С, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр .......................д төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ............. дүүргийн .... дүгээр хороо, ............... гудамжны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ................ хашаанд байнга оршин суух,

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД: ................/;

3. Б овгийн Ц-н Н, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ............ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт ......... .......дугаар баг, ......... дугаар гудамжны ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............/;

4. Б овгийн Ч-н Э, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр ............. төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт .......... дүүргийн ..... дугаар хороо, ............. дугаар гудамжны .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................./;

5. Б овгийн Г-н З, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр .... төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт .......... 1 дүгээр баг, ............ дүгээр гудамжны .... тоотод оршин суух,

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, /РД: ................/;

Ч.П нь машин механизм хэрэглэн 2014 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны дэвсгэр, “Их Булаг”-ийн бэлчээр гэх газраас иргэн Д.О-н 3 тооны адууг хулгайлж, 24.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр Р.С, Ц.Н нартай бүлэглэн, машин механизм хэрэглэн, 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг “Зөөхий” гэх газраас М.Энхбаярын эзэмшлийн хүрэн хязаалан, Б.Отгонбаатарын эзэмшлийн хээр морь, Д.Түгждоржийн эзэмшлийн хүрэн халзан соёолон зэрэг 3 тооны адууг хулгайлж, 15.020.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол, нийт 39.020.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөрдөн байцаалтын явцад Ч.Э-д “адуу өгнө” гэж шан харамж өгөх, амлах зэргээр мөн Г.З-г хувийн байдлаар гуйж 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Ч.Э, Г.З  нараар худал мэдүүлэг өгүүлсэн,

Р.С, Ц.Н нар нь Ч.П-тэй бүлэглэн, машин механизм хэрэглэн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг “Зөөхий” гэх газраас М.Энхбаярын эзэмшлийн хүрэн хязаалан, Б.Отгонбаатарын эзэмшлийн хээр морь, Д.Түгждоржийн эзэмшлийн хүрэн халзан соёолон зэрэг 3 тооны адууг хулгайлж, 15.020.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Ч.Э нь Ч.П-т холбогдох эрүүгийн хэрэгт 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө шунахайн сэдэлтээр мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн,

Г.З нь Ч.П-т холбогдох эрүүгийн хэрэгт 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө хувийн сэдэлтээр мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ч.П-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар, Р.С, Ц.Н нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Ч.Э, Г.З  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос Ч.П-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ч.Э, Г.З  нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилж,

Ч.П-ийг  хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн, гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг ятгаж, шан харамж амлаж үйлдсэн гэм буруутайд, Р.С, Ц.Н нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, Ч.Э, Г.З  нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тус тус тооцож,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Ч.П-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Ч.Э, Г.З  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож,

Ч.П-ийг  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,

Р.С, Ц.Н нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Ч.П, Р.С, Ц.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.П-ийн цагдан хоригдсон 309 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Р.С, Ц.Н нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож хяналт тавихыг тэдний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн “Kia Bongo Frontier” загварын, 25-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч С.Мөнхтөрд буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 4.800.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлж буюу Ч.П-с 1.600.000 төгрөг, Р.С-с 1.600.000 төгрөг, Ц.Н-с 1.600.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.П-с 24.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.О-д олгож,

энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Ч.Э, Г.З  нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, Р.С нь 209 хоног, Ц.Н нь 109 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тэмдэглэж, Ч.Э, Г.З , Р.С, Ц.Н нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Ч.П-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Ч.Э, Г.З  нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.П-ийн эдлэх ялыг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2016 оны 4 дүгээр сарын эхээр би Р.С гэх залууд эрлийз, шарга азаргаа 3.000.000 төгрөгөөр зарсан. Р.С нь “... би энэ 3 адууг Эмээлтэд байдаг ах Явуухүүд аваачиж өгөөд, азарганы чинь мөнгийг өгье...” гэхээр нь би нутгийн Ц.Н-г гуйж, 3 адууг нь ачиж, Р.С-г Эмээлтэд байх Явуухүү ахынх нь хашаанд хүргэж өгсөн. Гэтэл Р.С “... ах байхгүй байна, би ирэхээр нь мөнгийг нь араас чинь аваачиж өгье...” гэхээр нь би Ц.Н-н хамт хот руу явсан. 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Р.С-н 3 адуу хулгайнх болж, Төв аймгийн цагдаад шалгуулж байгаад 2016 оны 9 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн цагдаад шилжүүлж, намайг Д.О-н 2014 оны 9 дүгээр сард алдагдсан 3 адууг авсан гэж гүтгэж, би аваагүй гэхэд Д.О хэд хоногийн дараа өөрийнхөө хар бор ажлыг хийдэг Шинэбаяр гэх залуугаар зохиомол зүйл яриулсан. Шинэбаяр нь “... би 61-ийн гарамаас хот орох гэж 2014 оны 9 дүгээр сард 21-22 цагийн үед Эмээлтийн замаар хот руу орж байхад Ч.П замын хойд талд өөрийнхөө портер дээр Д.О-н бор морь, хээр халзан морь зэрэг 2 морийг ачсан байсан. Цаад талд нь ямар морь байсныг анзаараагүй. Ч.П жолооны голд сууж байсан, жолоон дээр нэг хүн сууж байсан, бас нэг хүн гадаа нь юм янзлаад явж байсан. Тэгээд би тэр машинтайгаа хот дөхөж буусан. Цаг орой байсан учир би маргааш нь ажилдаа очсон ...” гэж мэдүүлсэн. Мөн “... 2014 оны 9 дүгээр сард 21-22 цагийн үед Эмээлтийн замаар хот руу орж байхад Ч.П замын хойд талд өөрийнхөө портер дээр Д.О-н бор морь, ногоон морь хоёрыг ачсан байсан. Цаад талд нь ямар морь байсныг анзаараагүй...”, дараа нь ... хээр халзан морь байсан гэж бодсон. ...” гэж морины зүсийг өөр өөрөөр мэдүүлдэг.

Би тухайн үед 33-05 ТӨА улсын дугаартай, цагаан өнгийн портертой, Төв аймгийн Баянжаргалан суманд адуутайгаа отор хийж явсныг миний байсан айлын Л.Бат-Эрдэнэ, хамт байсан Д.Алтангэрэл, Э.Ганбат нар гэрчилдэг боловч шүүх анхаарч үзээгүй. Харин Шинэбаярыг 2014 оны 9 дүгээр сард Төв аймгийн Жаргалант суманд ногооны ажил хийж байсныг хамт явж байсан 2 залуу нь гэрчилдэг. Шинэбаярын мэдүүлгийг Д.О аавд нь хэлж, ааваар нь загнуулж байгаад худал болгосон. Д.О нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга миний найз гэж ярьдаг. Мөн миний байцаагчийг 4 удаа сольсон. Сүүлийн байцаагчаас нь манай байцаагч яасан талаар асуухад “...битгий хуц, энд гарын үсэг зур...” гэж зуруулаад явсан.

Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Би маш их хохирсон тул гомдолтой байна...” гэв.

Шүүгдэгч Ч.П-ийн өмгөөлөгч П.Баасанжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй учир давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэг. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлийн талаар:

Шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой, талуудын мэтгэлцээнд тулгуурлан шийдвэрлээгүй. Ч.П-ийг  холбогдуулаад байгаа 2014 онд Д.О-н 3 морь хулгайд алдагдсан гэх хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдоогүй, эргэлзээ төрөхүйц нотлох баримтыг үнэлэн, дүгнэлт хийж гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна. Тухайлбал;

Хохирогч Д.О-н мэдүүлэгт “... 2014 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 3 тооны адуугаа алдсан, ойр хавиар эрж сураад олоогүй, цагдаад хандсан” гэжээ. Түүний энэ гомдлыг Цагдаагийн байгууллага хүлээн авч шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлснийг хохирогч Д.О гомдол гаргаснаар прокурор А.Марал 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2014260005281 дугаартай хэрэг үүсгэсэн байдаг. Гэтэл Ч.П-ийг  гэмт хэрэг үйлдсэн, морийг ачиж явахыг харсан гэх гэрч А.Шинэбаяр 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлэхдээ “...Би Ч.П-ийн ачиж явсан морийг Д.О ахын морь болохыг таньсан” гэж зүсээр нь хэлсэн ба мэдүүлгийн төгсгөлд мөрдөн байцаагчийн “энэ 3 морийг хараад Д.О болон түүний эхнэрт хэлсэн үү” гэж асуухад А.Шинэбаяр "Би энэ талаар 2-3 хоногийн дараа өөрийнх нь утас уруу залгаж хэлсэн" гэжээ.

Гэтэл морио хулгайд алдсан талаар цагдаад мэдэгдэж, хайж байсан юм бол тухайн үед А.Шинэбаяр морийг нь Ч.П ачиж явсан талаар хохирогчид хэлсээр байтал цагдаад мэдэгдэж шалгуулаагүй, хохирогч 2016 онд Ч.П морийг нь хулгайлсан талаар мэдсэн гэж мэдүүлж байгаа нь А.Шинэбаярын мэдүүлэг үнэн эсэхэд эргэлзээ төрөхүйц байна. Үүний зэрэгцээ А.Шинэбаяр 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлэхдээ “би машинаас “Халиун” нэртэй дэлгүүрийн урд талд буугаад Ч.П ахыг харсан” гэж мэдүүлдэг ч 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн мэдүүлэгтээ “машинаас буугаагүй байхдаа харсан” гэжээ. Мөн Ч.П-с айгаад тухайн үед адуу ачиж яваа талаар хэлээгүй гэж мэдүүлсэн нь дараагийн мэдүүлэгтээ тухайн үед морийг нь Ч.П ачиж явааг Д.О-д хэлсэн гэх мэтээр өөрчлөгддөг, мэдүүлэг нь тогтворгүй хэргийн байдлыг янз бүрээр мэдүүлж байгаа нь гэрчийн мэдүүлэгт эргэлзээ төрөхүйц байгааг нотлоно.

А.Шинэбаяр 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ "...Ч.П ах жолоочийн голд сууж байсан. Жолооч талын суудал дээр нэг хүн сууж байсан, Ч.П ахын цаад талд бас нэг хүн сууж байсан, би тэр хүмүүсийг харсан боловч хэн гэдгийг нь таниагүй...” гэжээ. Тэгвэл 3 хүн нэг машинтай морь ачаад явж байсныг А.Шинэбаяр гэрчилж байхад нөгөө хүмүүс нь хэн болохыг, бүлэглэн үйлдсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй, Ч.П хулгайлсан нь тогтоогдсон гэж дүгнэн, гэм буруутайд тооцож, ял оногдуулж байгаа нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэл болж байна. Гэрч А.Шинэбаярын мэдүүлэг эргэлзээ төрүүлж байгаа, дахин нэг асуудал нь мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл Ч.П адуу ачсан зогсож байсан гэх газар, гэрэл нь туссан гэх зоогийн газрын хоорондох зай 100 орчим метр ба гэрэл нь адууны зүсийг ялангуяа бараан зүсмийн адууг нэг бүрчлэн зүсээр нь ялгаж харах бололцоотой байсан эсэх нь эргэлзээтэй байна. Мөн түүний мэдүүлгээр морь ачиж явахыг харсан цаг хугацаа нь 2014 оны 9 дүгээр сард 21-22 цагийн орчим ба тэрээр бүр замын эсрэг талаас харсан гэж мэдүүлдэг.

Эдгээр нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15-д заасан үүргийг мөрдөгч, прокурор мөрдөн байцаалтын ажиллагаанд хэрэгжүүлээгүй нь мөрдөн байцаалтыг нэг талыг барьж явуулсан гэх үндэслэл болох ба энэ нотлох баримтыг үндэслэн гарсан шүүхийн шийдвэр хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан "дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй” орхигдуулсан байна. Мөн дээрх нотлох баримтуудын зөрүүтэй байгаад үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүйгээр Ч.П-ийг  гэм буруутайд тооцсон байна.

Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Шийтгэх тогтоолд Ч.П-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт болгон өөрчилж, Ч.П-ийг  хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

Ч.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Ч.П-с 24 сая төгрөг гаргуулж хохирогч Д.О-д олгохоор шийдвэрлэсэн байна. Ч.П нь 2014 онд Д.О-н 3 тооны морийг хулгайлсан үйлдлийг бүрэн нотолж чадаагүй тул энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ үйлдлийг зүйлчилсэн зүйлчлэл, хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглэсэн байдалд тайлбар, дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай байна.

1. 2014 онд үйлдэгдсэн гэх хэргийг Ч.П үйлдсэн нь нотлогдсон гэж үзвэл;

Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгөөр тооцогдож байсан. Хэргийн хохирлын хэмжээ 24 сая төгрөг ба үлэмж хэмжээний хохиролд хамаарч, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчлэгдэнэ. Иймд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Ч.П-ийн үйлдсэн мал хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулсан нь буруу. Түүний үйлдсэн хулгайн хэргийг прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд "Хөрөнгө хулгайлах", 17.12 дугаар зүйлд "Мал хулгайлах" гэж "Хулгайлах" гэмт хэргийг обьектийн хувьд 2 салгаж зүйлчлэхээр хуульчилсан. Мал хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд шинээр гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан, шинэ төрлийн гэмт хэрэг биш ба харин хулгайн гэмт хэргийг объектоор нь заагласан асуудал. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хэргийн объект нь "мал" биш малаас бусад "хөрөнгө" гэж ойлгогдож байна... Шийтгэх тогтоолын 23 дугаар хуудаст мал хулгайлах гэмт хэргийг шинээр эрүүжүүлсэн гэж дүгнэсэн нь шүүх хууль хэрэглээний талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Шинээр “Эрүүжүүлсэн” гэх ойлголт нь Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...Үйлдэл, эс үйлдэхгүйг шинээр гэмт хэрэгт тооцсон...” гэсэн агуулгаар тайлбарлагдах ёстой. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 13.8 дугаар зүйлд заасан "Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах" гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуульд байгаагүй, энэ үйлдлийг 2015 оны хуульд гэмт хэрэг гэж тооцсон, өөрөөр хэлбэл шинээр "эрүүжүүлсэн" үйлдэл гэж ойлгогдож байна.

Мал хулгайлах үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлд зааснаар зүйлчилж байсан. Харин 2015 оны хуулиар хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйлийг салгаж "Мал хулгайлах" гэмт хэрэг гэж тусдаа зүйлчилсэн нь "мал хулгайлах" үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцож "Эрүүжүүлж" байгаа асуудал биш юм.

Үүнээс үзэхэд Ч.П-ийн үйлдсэн мал хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зөв байна. Дээрх хуулийн заалт, зохицуулалтуудыг харьцуулан дүгнэхэд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан “...Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх үндэслэл бүрэн тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Ч.П-т холбогдох хэсэгт дараах өөрчлөлтийг оруулж өгнө үү.

1. 2014 онд үйлдсэн гэх хулгайн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох;

2. 2016 онд үйлдсэн хулгайн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд зааснаар буюу Мал хулгайлах гэмт хэргээр зүйлчилж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 Шүүгдэгч Р.С-н өмгөөлөгч Ц.Раашзэвэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Ч.П-ийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Хохирогч нар болон гэрч Явуухүүгийн мэдүүлгээр Ч.П нь хулгай хийсэн болох нь тогтоогдсон. Бусдын машиныг ашиглаад хулгай хийсэн байхад эзэнд нь машиныг буцаан өгөөд машины үнийг хувааж төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Н-н өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Гэвч 2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг хураана гэсэн заалтыг хэрэглэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Яагаад гэвэл 2015 оны Эрүүгийн хуулиар эд хөрөнгө хураах ял гэж байхгүй. ... 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг оруулж ирсэн. Хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ нь зөвхөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өөрийнх нь нэр дээр байхыг шаарддаг. Гэтэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдчихсөн, мөн энэ тээврийн хэрэгслийн иргэний нэхэмжлэгч нь С.Мөнхтөр гэх хүн байдаг. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг хэрэглэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэрч А.Шинэбаяр Ч.П-г 3 тооны адуу ачаад явж байсан гэдгийг тогтвортой мэдүүлдэг. Мэдүүлэгт зөрүүтэй зүйл байдаг боловч хэргийг шийдвэрлэхэд эргэлзээ төрүүлэхүйц ноцтой зөрүүтэй мэдүүлэг гэж үзэхгүй. Нийт 39.020.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учирсан тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй ... 2002 оны Эрүүгийн хуульд мал хулгайлах гэмт хэргийг тусгайлан зохицуулаагүй тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх үндэслэлгүй. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар ял шийтгэл оногдуулсан тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг журамлан битүүмжилсэн эд хөрөнгийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, өөрөөр хэлбэл нэг хуулийг хэрэглэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зөв гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                     ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Ч.П, Р.С, Ц.Н, Ч.Э, Г.З  нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд дурдсан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 Шүүгдэгч Ч.П нь машин механизм хэрэглэн 2014 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Их Булаг”-ийн бэлчээр гэх газраас иргэн Д.О-н 3 тооны адууг хулгайлж, 24.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Р.С, Ц.Н нартай бүлэглэн, машин механизм хэрэглэн, 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг “Зөөхий” гэх газраас М.Энхбаярын хүрэн хязаалан, Б.Отгонбаатарын хээр морь, Д.Түгждоржийн хүрэн халзан соёолон зэрэг 3 тооны адууг хулгайлж, 15.020.000 төгрөгийн хохирол, нийт 39.020.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөрдөн байцаалтын явцад Ч.Э-д “адуу өгнө” гэж шан харамж өгөх, амлах зэргээр мөн Г.З-г хувийн байдлаар гуйж, хууль бусаар нөлөөлж, 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Ч.Э, Г.З  нараар зориуд худал мэдүүлэг өгүүлсэн,

шүүгдэгч Р.С, Ц.Н нар нь Ч.П-тэй бүлэглэн, машин механизм хэрэглэн, 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг “Зөөхий” гэх газраас М.Энхбаярын хүрэн хязаалан, Б.Отгонбаатарын хээр морь, Д.Түгждоржийн хүрэн халзан соёолон зэрэг 3 тооны адууг хулгайлж, 15.020.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ч.Э нь Ч.П-т холбогдох эрүүгийн хэрэгт 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө шунахайн сэдэлтээр мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн,

шүүгдэгч Г.З нь Ч.П-т холбогдох эрүүгийн хэрэгт 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө хувийн сэдэлтээр мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Д.О-н “... манай ажилтан Жаргалсайхан над руу залгаад 2014 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө бэлчээрт байсан манай адуунаас 3 тооны адуу алдагдсан талаар хэлсэн. ... Манай гурван адуу гурвуулаа хурдан удмын, уядаг морьд байсан. ...” /хх 1-н 20/,

гэрч А.Шинэбаярын “...Тэгээд Эмээлтэд очоод би машинаас арай буугаагүй байтал замын хажууд Ч.П ах цэнхэр өнгийн Портер машин дээр 3 адуу аччихсан, өөрөө дотор нь сууж байсан. Тэгээд ямар 3 адуу байна гээд хартал манай гэрийн ойролцоо байдаг Д.О гэдэг хүний уядаг бор морь, ногоон морь хоёр нь байсан. ...” /хх 1-н 26, 2-н 190/,

гэрч Г.Нямбатын “...2013 оны хавар “Итгэлт” хамбын нэрэмжит уралдаанд 2 жил дарааллан түрүүлсэн, их насны морио Д.О-д 20.000.000 төгрөгөөр худалдсан. ...” /хх 2-н 227/,

хохирогч М.Энхбаярын “... Манай нэг азарга адууг цаашаа “Зөөхий” гэх газар луу туугаад Гэндарам гэдэг айлын урдаас гурван тооны адууг цэнхэр өнгийн Пронтер загварын машинтай хүмүүс ачаад Улаанбаатар хотод Эмээлт зах руу оруулсан байна гэж манай ах Энхбатад хүн хэлсэн байсан. ... Намайг Эмээлт зах дээр иртэл нядалгаанд орчихсон байсан. Ямар хүмүүс авчирч өгсөн талаар сураглахад манай нутгийн Ч.П, Нацагаа, Саруул гэх хүмүүс авчирч өгснийг мэдсэн. ...” /хх 1-н 87/,

хохирогч Д.Түгждоржийн “...Өглөө Энхбаяр ах адуу хулгайлсан хүмүүсийн араас нь сураглаж байгаад Төв шуудангийн хажуу талд уулзаад намайг дуудсан. ... Тэр хүмүүсийг дагуулж яваад Эмээлт дээр өөрсдөөр нь заалгуулж очиход алдсан адуунуудыг нядлаад авч явахад бэлдчихсэн байсан. ...  Хүрэн халзан, таван хошуу тамгатай соёолон адуу нь миний нэр дээр байдаг. ...” /хх 1-н 93/,

хохирогч Б.Отгонбаатарын “...Миний алдсан адуу бол нум, суман тамгатай, хээр морь байсан. ... Миний хээр морь Төв аймгийн Жаргалант сумын “Зөөхий” гэх газраас Энхбаяр, Түгждорж нарын хоёр тооны адууны хамт алдагдсан. ...” /хх 1-н 98/,

гэрч М.Энхбатын “...Би шууд Эмээлтэд Явуу гэдэг хүний мал нядалгааны газар очиход манай дүү Энхбаярын эзэмшлийн нум суман тамгатай хүрэн хязааланг, Түгждорж, Отгонбаатар гэх хүмүүсийн хоёр тооны адуутай хамт нядалсан байсан. Тэгээд би Саруул гэх залуугийн дээл хувцасыг нь тайлуулаад “чи энэ адууг яах гэж нядалж байгаа юм бэ” гэхэд тэрээр “би ямар ч хамаагүй, наад гурван тооны адууг чинь Ч.П ах мэдэж байгаа, нядлаад зардал хийгээд адуу руугаа явна гэж хэлсэн” гэсэн. ...” /хх 1-н 101-102/,

гэрч А.Батхишигийн “...Ч.П тухайн үед Р.С, Ц.Н нарын хамт Ц.Н-н тээврийн хэрэгсэлтэй Жаргалант сумаас 3 тооны адууг авчирсан байсан. ...” /хх 1-н 105/,

гэрч М.Явуухүүгийн “... Р.С над руу утасдаад “танай нядалгааны газар 3 адуу аваад ирлээ..., гарал үүслийн гэрчилгээ нь ачиж явсан машинтай нь цуг хот руу явсан, одоо ирнэ” гэж хэлсэн. ... Р.С надад дахин утсаа өгөөд Ч.П гэх хүнтэй яриулсан бөгөөд “наад гурван адуугаа нядалгаанд оруулж бай, бичиг нь ирж байгаа” гэсэн ба би тэр үед Пүрвээ гэх хүний утсыг тэмдэглэж авсан. ...” /хх 1-н 106-107/,

гэрч Д.Ганбаатарын “...Манай нутгийн Ч.П гэж залуу манай хүү Г.З-г дуудаж уулзаад цагдаагийн байгууллагад худлаа мэдүүлэг өгүүлсэн юм шиг байна. ...” /хх 3-н 207/ гэх мэдүүлгүүд болон гэрэл зургийн үзүүлэлт, хурдан морины үнэмлэх /хх 1-н 40-45/, мал тооллогын маягт /хх 1-н 90, 157/, алдагдсан адуунуудыг үнэлсэн үнэлгээний тайлан /хх 1-н 38, 138, 146, 161, 181-193, 3-н 134/ зэрэг мөрдөн шалгах явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Ч.П, Р.С, Ц.Н, Ч.Э, Г.З  нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан боловч хэргийг шүүхэд шилжүүлэх шатанд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд прокуророос шүүгдэгч Ч.П-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Р.С, Ц.Н нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ч.Э, Г.З  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос Ч.П-ийг  гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг ятгаж, шан харамж өгөхөөр амлаж үйлдсэн гэж үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,

шүүгдэгч Ч.Э, Г.З  нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн анхан шатны шүүхээс Ч.П-т оногдуулсан хорих ялын төрөл, хэр хэмжээ нь түүний хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байна.

2002 оны Эрүүгийн хуульд мал хулгайлах гэмт хэргийг тусгайлан зүйлчлээгүй бөгөөд халдлагын зүйл нь мал болон эд зүйл байхаас үл хамааран “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд зааснаар зүйлчлэхээр хуульчилжээ.

Харин Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд “мал хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хуульчилсан ба энэ зүйлд заасан эрүүгийн хариуцлагын төрөл нь шүүгдэгчийн хувьд илүү ашигтай, эрх зүйн байдал нь дээрдэхээр байна.

Иймд шүүгдэгч Ч.П-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Р.С, Ц.Н нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилснийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Р.С, Ц.Н нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.П, түүний өмгөөлөгч П.Баасанжав нараас “...гэрч А.Шинэбаярын мэдүүлгүүд зөрүүтэй, эргэлзээтэй тул 2014 онд үйлдсэн гэх хулгайн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан гэрч А.Шинэбаярын мэдүүлгүүдээс үзэхэд тэрээр Ч.П-ийг  Д.О-н 3 тооны адууг ачиж явсан тухай тогтвортой мэдүүлдэг /хх 1-н 26, 2-н 190/ ба хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Шинэбаярт тухайн үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлүүдийг сануулж мэдүүлэг авсан, гэрч худал мэдүүлсэн, шүүгдэгчийг гүтгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

     Түүнчлэн шүүгдэгч Ч.П-ийн өмгөөлөгч П.Баасанжавын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүгдэгч Ч.П-т оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн “Киа Вонго пронтер” загварын, 25-72 УНО улсын дугаартай, С.Мөнхтөрийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй авто машиныг шүүгдэгч Ц.Н-н өмч гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

     Гэрч С.Мөнхтөрийн “...25-72 дугаартай тээврийн хэрэгслийг би анх 2011 онд худалдаж авч байсан ба... 2013 онд Ц.Н болон түүний эцэг Цэвэлцэгмид нарт бэлэглэн өгсөн...” /хх 1-н 112/, “...Би ажил ихтэй Ц.Н хөдөөнөөс орж ирэхгүй байсаар нэр шилжүүлж чадахгүй байгаа... шаардлагатай гэвэл одоо ч Ц.Н-н нэр дээр шилжүүлэхэд бэлэн байна...” /хх 3-н 144/ гэсэн мэдүүлгүүдээр дээрх авто машин нь шүүгдэгч Ц.Н-н өмч болох нь нотлогдож байх тул түүний мал хулгайлах гэмт хэрэгтээ ашигласан  “Киа Вонго Пронтер” загварын, 25-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.