Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2023/0367

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“У” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн татварын газрын Хуулийн хэлтсийн Татварын улсын байцаагч В.Б

Нэхэмжлэгч: “У” ХХК

Хариуцагч: нийслэлийн Татварын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “У” ХХК-д Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч А.Ө, Ч.Б нарын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0294848 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан 203,736,119.8 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг импортоор оруулж ирсэн бараанд төлсөн татвараар бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, импортоор оруулж ирсэн бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар зөвтгөж бүртгэх”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 291 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, Г.С нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Б

Хэргийн индекс: 128/2022/0436/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 291 дүгээр шийдвэрээр:

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 16 дугаар зүйлийн 16.1.2-т тус тус заасныг баримтлан “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Татварын албанд холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч А.Ө, Ч.Б нарын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0294848 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан 203,736,119.8 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг импортоор оруулж ирсэн бараанд төлсөн татвараар бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, импортоор оруулж ирсэн бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар зөвтгөж бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн татварын газрын Хуулийн хэлтсийн Татварын улсын байцаагч В.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...шүүхийн шийдвэрийн 5, 6, 7 дахь хэсэгт заасан үндэслэлүүд нь хуульд нийцэхгүй, хууль бус гэж үзээд дараах тайлбарыг өгч байна.

1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн зорилт нь нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих зорилготой. Энэхүү хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3. "анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог; 3.1.4. "журнал" гэж ажил, гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь бүртгэх бичилтийг; 3.1.5. "ерөнхий дэвтэр" гэж аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг бүрдүүлж байгаа бүх дансыг гэж,

2.2.Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.Аж ахуйн нэгж, байгууллага Дараах бүртгэлийн стандартыг дагаж мөрдөнө: 4.1.1.Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, 4.1.2.Жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлагналын олон улсын стандарт:-д зааснаар стандартыг дагаж мөрдүүлэх.

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална: 5.1.1.бие даасан байх; 5.1.2. тасралтгүй байх; 5.1.3.жинхэнэ хэрэгжилтийн; 5.1.4. үнэн зөв байх; 5.1.5. хэмжигдэхүйц байх; 5.1.6. зохицох,

2.2.1Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлангаа гаргах үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь дараах бүрэлдэхүүнтэй байна: 8.1.1. санхүүгийн байдлын тайлан; 8.1.2.орлогын дэлгэрэнгүй тайлан; 8.1.3. өмчийн өөрчлөлтийн тайлан; 8.1.4 мөнгөн гүйлгээний тайлан; 8.1.5. санхүүгийн тайлангийн тодруулга,

2.2.2.Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.Харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлж байгаа санхүүгийн тайланг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, эсхүл ерөнхий нягтлан бодогч цахим гарын үсэг зурж баталгаажуулна. 9.6. Харилцагч санхүүгийн байгууллагын баталгаажуулсан цахим санхүүгийн тайланд үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийхээс гадна төрийн эрх бүхий байгууллага нь энэхүү цахим санд баталгаажсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, тодруулгыг ашиглана.

2.2.3.Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн жил тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. 10.3.Энэ хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага нь эхний хагас жилийн санхүүгийн тайланг 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн санхүүгийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ, 13 дугаар зүйлийн 13.1. Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн. зөв гаргах үндэслэл болно, 13.4.Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна. 13.5. Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно, 13.7. Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.

2.2.4.Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөлтөд гарсан алдааг алдаа гарсан шалтгаан, залруулах аргыг тодорхой тусгасан баримт, тайланг үндэслэн залруулах бөгөөд зөвшөөрсөн болон залруулга хийсэн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна. 15.2.Нягтлан бодох бүртгэлийн алдааг алдаа гарсан үеийн санхүүгийн тайланд тусгах замаар залруулна.

2.3.Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө, 29 дүгээр зүйлийн 29.1-д Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ: 29.1.1. анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх, гэж заасан байна.

2.4.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлээр албан татвар ногдуулах хугацааг дараах байдлаар зохицуулсан байна. Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.5.-д "Бараа импортоор оруулсан бол уг барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн өдрөөр албан татвар татвар ногдуулах хугацааг тогтооно.", 16.2.-т "Импортын бараанд албан татварыг доор дурдсан журмаар ногдуулж тайлагнана: 16.2.1 гаалийн байгууллага энэ хуулийн 7.1.2, 8.1.1-д заасан импортын бараанд энэ хуулийн 9.1.1, 11.1-д заасны дагуу албан татвар ногдуулж, төсөвт төлүүлэх арга хэмжээ авна, 16.2.2. импортлогч нь энэ хуулийн 16.2.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлнэ:, 16.4. Импортын бараанд ногдуулж төлүүлсэн албан татварын тухай мэдээллийг гаалийн байгууллага тухай бүр татварын албанд гаргаж өгнө. гэж заасан.

2.5.Өөрөөр хэлбэл дээрх хуулиудын зохицуулалтаар татвар төлөгч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар анхан шатны баримтыг үндэслэн олон улсын стандартын дагуу тайлагнах бөгөөд энэхүү тайланд тусгагдах бараа нь үнэн зөв, хэмжигдэхүйц байх шаардлагатай байна. Түүнээс үндэслэх хэсэгт дурдсанчлан үнэ өртгийн хувьд зөвхөн тасалбар борлуулсны орлогоос хамааралтай байхад гэдэг нь ойлгомжгүй бөгөөд хуульд заасан нөхцөл шаардлагыг хангахгүй байна. Хуульд тухайн бараа буюу кино нь ямар нэгэн өртөг зардлаар бий болсныг анхан шатны баримтаар үнэлж, өртгийг нь тогтоож, бүртгэх тухай зохицуулсан байдаг. Тухайн барааг борлуулсан орлогоос зардал өртгийг хасч ашиг алдагдлаа тооцдог. Түүнээс биш борлуулалтын орлогыг эхэлж тооцоод дараа нь өртөг зардал тооцох нягтлан бодох бүртгэлийн стандарт, тооцоолол байхгүй болно.

2.6.Мөн хуульд заасан тайлант хугацаанд хамаарах бөгөөд Татварын ерөнхий хуулийн дагуу татвар төлөгч нь холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлөх үүрэгтэй ба анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэхээр зохицуулсан байна. Монгол Улсад мөрдөгдөж байгаа татварын хуулийг тэгш эрхийн хүрээнд мөрдөх зарчим байгаа болохоос хууль зөрчиж дутуу бүртгэсэн, хил гааль дээр бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тухайн хугацаанд татвар ногдуулж төлөөгүй байхад түүнийг нөхөж төлөх, тайлант хугацааг тооцохгүй байх, хуульд заасан үндэслэлээр ногдуулсан нөхөн татвар, хүү, алданги, торгуулиар ногдуулсан төлбөрийг хуулийн дагуу ногдуулсан албан татвар мэтээр үзэж татвар төлөгчийн гэм бурууг зөв мэтээр хүлээн зөвшөөрөх үндэслэл байж болохгүй. Тэгвэл олон улс болон Монгол улсад мөрдөж байгаа нягтлан бодох бүртгэлийн стандарт, хууль байх шаардлагагүй. Хэн дуртай этгээд нь өртөг зардал тооцохгүй зөвхөн борлуулалтын орлого олсны дараа дуртай үедээ татвар төлдөг болох уу.

2.7.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар "бараа импортоор оруулсан бол уг барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн өдрөөр албан татвар ногдуулах хугацааг тогтоож, гаалийн байгууллага энэ хуулийн 7.1.2, 8.1,1-д заасан импортын бараанд энэ хуулийн 9.1.1, 11.1-д заасны дагуу албан татвар ногдуулж, төсөвт төлүүлэх арга хэмжээ авч, импортын бараанд ногдуулж, төлүүлсэн албан татварын тухай мэдээллийг гаалийн байгууллага тухай бүр татварын албанд гаргаж өгөхөөр зохицуулсан байна.

2.8.Эдгээр хуулийн зохицуулалтаар импортын барааны хувьд татвар төлөгч болон гаалийн байгууллагын хооронд үүсэх харилцааг тодорхой зохицуулсан бөгөөд гаальд мэдүүлээгүй бараатай холбоотой албан татварын асуудлыг татварын байгууллага хариуцахааргүй байна.

2.9.Харин Монгол улсад бараа, үйлчилгээнээс борлуулалтын орлогод татварын хяналт олсон шалгалтын явцад ногдуулсан нөхөн татвар, хүү, торгууль нь импортоор оруулж ирэхдээ төлөөгүй албан татварт хамааралгүй бөгөөд цаг хугацааны хувьд ч, татварын төрлөөр бүртгэх үйл ажиллагаанд ч хамааралгүй байна. Иймд дээрх үндэслэл нь хууль бус байна.

 

2.10.Татварын Ерөнхий хуулиар татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг хөтлөх чиглэлээр уг хуулийн 33.2-т "Татварын алба нь энэ хуулийн 33.1.2-т заасан бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн хөтлөх бөгөөд татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлт, өрийг анхан шатны баримтад үндэслэн татварын бүртгэлд бүрэн тусгана." гэсний дагуу тус татвар төлөгчид шийтгэлийн хуудсаар ногдуулсан нөхөн татвар, хүү, торгууль, алдангийг тус мэдээллийн санд тухай бүр бүртгэж баталгаажуулсан болно.

2.11.Түүнээс импортоор орж ирсэн нь бүртгэгдээгүй, мэдүүлээгүй бараанд Татварын Ерөнхий хуулийн дагуу хяналт шалгалт хийж зөрчлөөр илэрсэн, татвар ногдуулаагүй борлуулалтын орлогод нөхөн ногдуулсан албан татвар, хүү, алданги, торгуулийг шийтгэлийн хуудсаар ногдуулсан байхад түүнийг тайлант хугацаанд ногдуулсан мэтээр, гаальд мэдүүлж төлсөн мэтээр одоо нөхөж импортоор оруулж ирсэн бараанд төлсөн албан татвар гэж үзэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Импортоор орж ирсэн бараанд Гаалийн байгууллага албан татвар ногдуулах, төлүүлэх үүрэгтэй бөгөөд Татварын албаны чиг үүрэгт хамааралгүй юм.

2.12.Татвар төлөгч нь татвараа үнэн зөв тайлагнах, татварын таатай нөхцөл эдлэх эрхийн хүрээнд аль ч татвар төлөгч нь Нягтлан бодох бүртгэлээ үнэн зөв бүртгэж, Санхүү болон Татварын тайлангаа цаг хугацаандаа бүрэн зөв тайлагнаж ямар нэгэн эрсдэлд орохгүй байх нь эдийн засгийн болон эрх зүйн хувьд таатай орчинд ажил үүргээ явуулах үндэс болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0291 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад буруу дүгнэлт өгч, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв:

1.Нэхэмжлэгч “У” ХХК-аас нийслэлийн Татварын газарт холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч А.Өнөрмаа, Ч.Болормаа нарын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0294848 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан 203,736,119.8 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг импортоор оруулж ирсэн бараанд төлсөн татвараар бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, импортоор оруулж ирсэн бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар зөвтгөж бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 130 дугаар тогтоолоор ...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан бараанд төлсөн” гэж заасан албан татварын хасалт хийх татвар болохыг дүгнэсэн. ...“импортоор оруулж ирсэн бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар зөвтгөж бүртгэхгүй байгаа нь хууль бус” гэж маргажээ.

3.Хариуцагчаас “...захиргааны актаар ногдуулсан төлөх төлбөр, өр барагдуулах ажиллагааг хуулиар нарийвчлан зохицуулсан бөгөөд нөхөж тайлан гаргах боломжгүй...” гэж тайлбарлажээ.

4.Анх Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч А. Өнөрмаа, Ч.Болормаа нар нь “У” ХХК-ийн 2013-2017 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0294848 дугаартай шийтгэлийн хуудсаар ...407,126,897.7 төгрөгийн нөхөн татвар, 182,978,939.2 төгрөгийн торгууль, 114,202,181.7 төгрөгийн алданги, нийт 704,308,018.60 төгрөгийг төлбөр ногдуулсан байна.

5.Шийтгэлийн хуудсаар “У” ХХК-ийн 2015, 2016, 2017 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино борлуулж, уг кино үйлчилгээ борлуулалтын орлогыг 2015 онд 553,523,185.1, 2016 онд 686,725,190.0, 2017 онд 793,659,404.0 төгрөгийг тус тус “Блумсбэри ресорсес” ХХК-д шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган тооцож, төсөвт төлөөгүй зөрчлийг гаргасан, татварыг хугацаанд нь төлөөгүй үндэслэлээр нөхөн татвар, хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцож, торгууль ногдуулжээ.

6.Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор “2,650,543,074,0 төгрөгийн зөрчилд 203,736,119,8 төгрөгийн нөхөн татвар, 121,907,154,9 төгрөгийн торгууль, 73,487,657,7 төгрөгийн хүү нийт 399,130,932,4 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр” дээрх шийтгэлийн хуудсыг өөрчилж, тухайн тогтоолыг Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолоор хэвээр үлдээжээ.

7.Нэхэмжлэгч “У” ХХК-нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0294848 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрөөс үлдсэн хэсэг болох 2,650,543,074,0 төгрөгийн зөрчилд 203,736,119,8 төгрөгийн нөхөн татвар, 121,907,154,9 төгрөгийн торгууль, 73,487,657,7 төгрөгийн хүү нийт 399,130,932,4 төгрөгийн төлбөр ногдуулсныг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргасан.

8.Уг гомдлыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 205 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 294 дүгээр магадлалаар шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 130 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн.

9.Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 130 дугаар тогтоолын Хянавал хэсгийн 23-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д ...”бараа, ажил үйлчилгээг гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан” бол нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар хуульчилсан байх тул энэ тохиолдол нь тухайн бараа, ажил үйлчилгээг борлуулсан эсэхээс үл хамаарах буюу “импортоор оруулсан”-аар тухайн бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, импортоор оруулж ирж буй этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үр дагавар үүсэх юм.”,

Мөн тогтоолын 24-т “Хуулийн энэ зохицуулалтын дагуу барааг Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор оруулахдаа тухай бүр төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг мөн хуулийн 14, 15 дугаар зүйлд заасан журмын дагуу албан татварын хасалт, буцаалт хийх замаар, нэмэгдсэн өртгийн албан татварыг Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан борлуулах зорилгоор гадаад улсаас импортоор оруулж ирсэн этгээд биш, албан татвар төлөгч буюу хэрэглэгч төлөх “нэмэгдсэн өртгийн албан татвар”-ын агуулгыг хангах буюу “эцсийн хэрэглэгч нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх” зохицуулалтыг хуулиар журамласан байна.”,

Дээрх тогтоолын 25-д “Тухайн тохиолдолд, “У” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт, буцаалттай холбоотой асуудлаар маргаагүй, энэ нь татварын улсын байцаагчийн маргаан бүхий 0294848 дугаар шийтгэлийн хуудсын үндэслэлд заасан зөрчил, шийтгэл ногдуулсан үндэслэлд хамаарахгүй тул энэ асуудлаар дэлгэрэнгүй дүгнэлт хийхгүй.” гэж дүгнэн ...магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхижээ.

10.Дээр дурдсан маргааны үйл баримтаас үзэхэд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0294848 дугаартай шийтгэлийн хуудсаар “У” ХХК-д  203,736,119,8 төгрөгийн нөхөн татвар, 121,907,154,9 төгрөгийн торгууль, 73,487,657,7 төгрөгийн хүү нийт 399,130,932,4 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэснийг захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээс тус тус холбогдох хуульд нийцсэн гэж үзсэн, харин “У” ХХК гомдлын шаардлагыг хүлээн аваагүй, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоогүй байна.

11.Иймээс эдгээр шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэж заасан шаардлагын дагуу заавал биелэгдэх, нэхэмжлэгч “У” ХХК нь 0294848 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийг төлөх үүрэгтэй.

12.Гэтэл нэхэмжлэгч “У” ХХК нь дээр дурдсан захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарах цаг хугацаанд 0294848 дугаартай шийтгэлийн хуудсыг нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт, буцаалттай холбоотой асуудлаар болон шийтгэлийн хуудсаар ногдуулсан нөхөн татварыг  импортоор оруулж ирсэн бараанд ногдуулсан гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргаагүй, мөн “нөхөн татварыг хасагдах зардлын буюу импортоор оруулж ирсэн бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар хариуцагч бүртгэх үүрэгтэй” гэсэн нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл нь 0294848 дугаар шийтгэлийн хуудсын үндэслэлд заасан зөрчил, шийтгэл ногдуулсан үндэслэлд хамаарахгүй байна.

13.Тодруулбал, нэхэмжлэгч компани нь 0294848 дугаар шийтгэлийн хуудсын хууль зүйн үндэслэлийг хянан шийдвэрлэх захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дараа хариуцагчаас 0294848 дугаартай шийтгэлийн хуудсаар “У” ХХК-д ногдуулсан 203,736,119,8 төгрөгийн нөхөн татварыг импортоор оруулж ирсэн бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар зөвтгөж бүртгэхийг шаардаж байгааг шүүх хуульд нийцсэн гэж үзэх, хариуцагчийг энэ үндэслэлээр буруутгах нь хуульд нийцэхгүй юм.

14.Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.”, 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасныг зөрчиж “Кино уран бүтээл нь бараа, бүтээгдэхүүний хувьд онцлогтой бөгөөд Монгол Улсын хилээр биет бус хэлбэрээр /цахим хаягаар, хальс, CD, DVD г.м/ нэвтрэх боломжтой, үнэ өртгийн хувьд зөвхөн тасалбар борлуулсны орлогоос хамааралтай байхад гаальд мэдүүлээгүй гэх үндэслэлээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1.2-т заасан импортоор оруулж ирсэн барааны татварын төрлөөр бүртгэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус байна” гэсэн үндэслэлээр “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

15.Харин хариуцагчийн “Монгол улсад бараа, үйлчилгээнээс борлуулалтын орлогод татварын хяналт олсон шалгалтын явцад ногдуулсан нөхөн татвар, хүү, торгууль нь импортоор оруулж ирэхдээ төлөөгүй албан татварт хамааралгүй бөгөөд цаг хугацааны хувьд ч, татварын төрлөөр бүртгэх үйл ажиллагаанд ч хамааралгүй байна,... импортоор орж ирсэн нь бүртгэгдээгүй, мэдүүлээгүй бараанд Татварын Ерөнхий хуулийн дагуу хяналт шалгалт хийж зөрчлөөр илэрсэн, татвар ногдуулаагүй борлуулалтын орлогод нөхөн ногдуулсан албан татвар, хүү, алданги, торгуулийг шийтгэлийн хуудсаар ногдуулсан байхад түүнийг тайлант хугацаанд ногдуулсан мэтээр, гаальд мэдүүлж төлсөн мэтээр одоо нөхөж импортоор оруулж ирсэн бараанд төлсөн албан татвар гэж үзэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй.” гэх гомдол үндэслэлтэй.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцэхгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 291 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4-т заасныг тус тус баримтлан “У” ХХК-аас нийслэлийн Татварын албанд холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч А.Өнөрмаа, Ч.Болормаа нарын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0294848 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан 203,736,119.8 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг импортоор оруулж ирсэн бараанд төлсөн татвараар бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, импортоор оруулж ирсэн бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар зөвтгөж бүртгэх”-ийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                       Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                       О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ