Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 118/ШШ2019/0013

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: иргэн Б.Ба-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн *******ын газрын даргад холбогдох

Говь-Алтай аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын төлбөр, татвар үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, тус газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/27 дугаартай тушаалыг илт хууль бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ба- /Говь-Алтай аймгаас онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******, Б.*******

хариуцагч М.*******

гэрч С.*******

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ба- миний бие 2011 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг газрын кадастрын инженер мэргэжлээр төгссөн. Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар Бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцан мэргэжилтнээр томилогдон ажиллаж, 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/ 02 дугаар тушаалаар Дотоод ажил, архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар Газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Уг албан тушаалд ажиллаж байгаад 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрийн албан хаагчийн тангараг өргөн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Газрын төлбөр, татвар үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр төрийн жинхэнэ албанд томилогдон ажилласан. Миний бие Монгол улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуулиар олгосон ажил мэргэжлээ, дээшлүүлэх сурч хөгжих эрхээ эдлэх хүсэлтэй байсан тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь заалтыг үндэслэн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад өөрийн зардлаар сурах хүсэлт гаргасан. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад өөрийн зардлаар сурах хүсэлт гаргасан. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын Б/27 дугаар тушаалаар хувийн зардлаар 1 жилийн хугацаатай түр чөлөө олгосон. Ингээд Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын даргад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй тул 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан боловч 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 тоотоор суралцах гэж буй сургалтын чиглэл нь албан үүрэгтэй нь холбоогүй, байгууллагын сургалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг хууль бус үндэслэлээр ажилд маань томилоогүй байна. Ийм асуудал гарсны дараа өмгөөлөгч аваад тушаалаа үзүүлтэл энэ тушаал нь надад нэг жилийн чөлөө олгосон хэрнээ тушаалын 4 дэх заалт дээр миний жинхэлсэн болон төрийн албаны шалгалт өгсөн тушаалуудыг хүчингүй болгосон заалт байсан. Энэ заалт нь дарга анхнаасаа намайг ажлаас чөлөөлөх санаа агуулж байсан байна гэдгийг би сүүлд мэдсэн. Тухайн үед надтай адил шалтгаанаар жилийн чөлөө авсан 2 мэргэжилтэн одоо ажилдаа буцаад орчихсон байгаа. Яагаад би орж чадахгүй байна вэ? гэвэл М.******* дарга ******* хоёр нэг айлын хүргэн, бэрүүд буюу садан төрлийн холбоотой, хамаарал бүхий этгээдүүд. Ийм учраас анхнаасаа ийм тушаал гаргаж одоо намайг эргүүлэн авах боломжгүй гэсэн хариу өгч байгаа нь миний анх авсан чөлөөтэй огт холбоогүй илт хууль бус байгаа учраас би нэмэлт шаардлага гаргасан юм. Иймд Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн-ээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалуудыг төлүүлэх, Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын Газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/27 дугаартай тушаалыг илт хууль бусад тооцуулах шаардлагыг гаргаж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн албаны салбар зөвлөлөөс ирүүлсэн тайлбарт тус мэргэжилтнийг албан байгууллагын болон захиргааны санаачилгаар суралцаагүй гэж тайлбарласан байна. Гэтэл *******ын газрын дарга нь тус ажилтныг суралцах боломжоор хангаад өргөдлийнх нь дагуу тушаалыг нь гаргаад явуулсан байгаа. Төрийн алба бол иргэний эрхийг хамгаалдаг байгууллага. Гэтэл энэ эрхийг нь олгочихоод эргээд ажилд нь авах болохоороо захиргааны санаачилгаар сураагүй учраас эргэж ажилд нь авах боломжгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Төр өөрөө хүний эрхийг хэрэгжүүлдэг гэтэл төр өөрөө хүний эрхийг хохироож байна. Шүүгчийн асуултад хариуцагч Б/27 дугаартай тушаалын агуулга нь чөлөө олгосон юм гэж хариулсан. Б.Ба- чөлөө хүссэн дарга нь чөлөө олгосон гэж ярьж байна. Төрийн албанд ажиллаж байгаа эдгээр хүмүүс өөрсдөө хуулиа бас сайн мэдэхгүй байна. Хариуцагч нэхэмжлэгчид түр чөлөө олгосон гэж байгаа боловч гаргасан тушаал нь өөрөө нэхэмжлэгчийг ажлаас нь бүр чөлөөлчихсөн харагдаад байгаа юм.

Б.Ба-гийн гаргасан өргөдөл нь 1 жилийн хугацаатай чөлөө хүссэн өргөдөл байсан учраас нэгдүгээрт нэхэмжлэгчийн хүсэл зоригт энэ Б/27 дугаар тушаал нийцээгүй шийдвэр байна. Хоёрдугаарт Б/27 дугаартай тушаал нь утга агуулгын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар илэрхий алдаатай, мөн хуулийн 47.1.5-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан 47.1.6-д иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдгийг Б/27 дугаар тушаалын 4 дүгээр заалт руу оруулж харж байна. Яагаад гэвэл хүн чөлөө авах гээд ирж байхад яагаад томилсон жинхэлсэн тушаалуудыг нь хүчингүй болгоод байгаа юм бэ? ийм эрх зүйн үндэслэл байсан уу? энэ бол удирдлагын хууль бус үйлдэл юм. Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд Б/27 дугаар тушаал нь илт хууль бус байна гэж үзэж байна. Сургалтын талаар ярихад Төрийн албаны салбар зөвлөл болон байгууллагаас тайлбар өгөхдөө төрийн зардлаар сураагүй, суралцах чиглэл нь мэргэжил дээшлүүлэхээс өөр байна гээд байгаа юм. Гэтэл төрийн албан хаагч үр дүнгийн гэрээ болон хуулиараа мэдлэг боловсролоо дээшлүүлэх эрхтэй. Заавал төрийн зардлаар, заавал мэргэжлээрээ сурсан байна гэсэн зохицуулалт байхгүй. Ер нь шүүхээс Б/27 дугаартай актыг яасан гэж үзсэн байсан ч Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т зааснаар 1 жилийн хугацаанд түр чөлөөлөгдсөн албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д зааснаар төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэнд тооцогддог. Хариуцагч гуравдагч этгээд Д.*******г төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгөөгүй гэж хэлж байна. Төрийн албан хаагч тухайн албан тушаалдаа төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгөөгүй бол тухайн орон тоог сул орон тоо гэж үздэг. Тэгэхээр тухайн сул орон тоонд Б.Ба-г шууд томилох эрхтэй гэж үзэж байна. Нөгөө талаар шүүхээс Б/27 дугаартай актыг илт хууль бус биш гэж тогтоолоо гэж бодоход тухайн албан хаагчийн чөлөөний хугацаа дуусаад ирэхэд тухайн албан тушаалд шалгалтаа өгөөд тангарагаа өргөчихсөн учраас томилох бүрэн боломжтой. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газрын Газрын төлбөр, татвар, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Ба- нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь заалт /хуучин хуулийн заалт/-ын дагуу 2017 оны 10 сарын 25-ны өдөр Япон улсад жилийн хугацаатай хувийн зардлаар суралцахаар өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд дараах шалтгаанаар ажилд эгүүлэн томилоогүй болно. Үүнд: 1.Япон улсад ажлын шинэ дадлага, туршлага эзэмших мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцаагүй бөгөөд суралцсаныг нотлох баримт ирүүлээгүй болно. 1.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь заалт /хуучин хуулийн заалт/-аар чөлөөлөгдсөн бөгөөд 23 дахь зүйл заалт нь захиргааны санаачлагаар төрийн албанаас түр чөлөөлнө гэж заасан. Тус мэргэжилтэн нь Засгийн газрын ямар нэгэн тэтгэлэгт болон албан байгууллагын захиргааны санаачлагаар сураагүй гэж үзэж байгаа тул тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалт /хуучин хуулийн заалт/ мөрдөгдөж байгаа хуулийн заалтаар бол 46 дугаар зүйлийн 46.6.6-д заасны дагуу ажлын байрыг хадгалах шаардлагагүй гэж үзэж байна. 1. 2017 оны жилийн эцсийн тайлан, 2018 онд болсон байгууллагын 20 жилийн ой болон бусад томоохон арга хэмжээ болон ажлын ачааллаас зугтан 1 жилийн чөлөө авч явсан гэж үзэж байгаа бөгөөд бүх ажлын ачаалал дууссан үед ажилд орох хүсэлт өгч байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-дэх заалтаар өөрөө ажлаас чөлөөлөх хүсэлт гаргасан тул тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь заалтыг зөрчиж байна гэжээ. Би тус газарт 2016 онд томилогдсон. 2017 онд Б.Ба-г ажлаас чөлөөлсөн Б/27 тоот тушаал гарах үед 2015, 2016, 2017 оны газрын төлбөртэй холбоотой шалгалтууд манай байгууллага дээр явагдаж байсан. Гэтэл нэг өдөр н.*******, Б.Ба- хоёр Япон улс руу явна, хувийн зардлаар сурна гэсэн. Тэгэхээр нь би та нарыг явуулахгүй. Шалгалтаа дуусгаад яв гэж хэлсэн. Тэгсэн Ба- тухайн үед ажиллаж байсан орлогч дарга, хурлын дарга гээд бүх дарга нартай уулзаж дарга нараар над руу яриулсан. Ингээд би Б.Ба-д чөлөөг нь өгөхөөр болоод тушаалыг нь гаргасан. Тухайн үед манай дээр шалгалт ирсэн байсан учраас маш их ажилтай байсан. Б.Ба- ажил ихтэй байхад тушаалаа гаргуулах гэсээр байгаад гаргуулсан. Б.Ба-гийн хувьд чөлөөний хугацаандаа надтай ямар ч эргэх холбоо байгаагүй. Ингэж чимээгүй явсаар 2018 оны 10 сард Б.Ба- ажилдаа оръё гэж ирсэн. Энэ хүн байгууллага хамт олноо гэсэн сэтгэл байсан бол шалгалттай байх тухайн үед ирж тусалж болох байсан. Гэтэл ирээгүй. Харин ч Б.Ба- гадаад улс руу явж өөр чиглэлээр ажил хийсэн байх. Тийм сураг сонсогдож байсан. Нэхэмжлэгч виз гараагүй гэж ярьж байна. Манайхаас шалтгаалах бүх тодорхойлолтуудаа аваад, тушаалаа гаргуулж аваад явсан. Ингээд Б.Ба- чөлөө хүсээд тушаалаа гаргуулаад явсан учраас би төрийн албаны залгамж холбоог үргэлжлүүлэх үүднээс дараагийн хүнийг томилох шаардлага гараад томилсон. Хэрвээ эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж байсан бол хуульд хэд хоногийн дотор гомдол гаргах эрхтэй талаар зааж өгсөн байгаа. Нэхэмжлэгч тухайн үед хамт чөлөө авсан 2 хүн нь ажилдаа орсон гэж байна. н.*******ийн хувьд түр ажлын байранд ажиллаж байгаа. Б.Ба- тухайн үед ажилдаа ормоор байна гэж мөн адил маш олон хүнээр яриулсан. Тэгэхээр нь түр ажлын байр гарлаа орох уу? гэхэд түр ажлын байранд орохгүй гэсэн. Дараа нь Чандмань, Хөх морьт, Тайшир сумд байнгын ажлын байр гарлаа ажиллах уу? гэхэд ажиллахгүй аймгийн төвдөө ажиллана гэсэн. Миний шүтдэг ламаар хүртэл ажилд нь оруулаач гэж надруу яриулсан. Ажил гарлаа орох уу? гэхээр өөрөө орохгүй гээд байсан. Дараагийн асуудал нь намайг гуравдагч этгээдтэй хамаатан садан, нэг айлын хүргэн бэрүүд гэж ярьж байна. Тийм зүйл байхгүй. Д.******* нь 2014 оноос эхлэн тус байгууллагад дэвшиж ажиллаж байгаа. Бид ямар ч хамааралгүй хүмүүс. Б.Ба- захиргааны санаачилгаар сурахаар яваагүй. Чөлөө өгөхгүй гээд байхад өөрөө зүтгэсээр байгаад тушаалаа гаргуулаад явсан. Япон улс руу явуулсан албан тоотыг мөн л ингээд гаргаад өгөөч гэж шалсаар байгаад гаргуулсан. Б.Ба- төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байсан. Би түр болон бүр ажлын байр гарах бүрт орохыг санал болгож байсан. Б.Ба- өөрөө ороогүй. Дотоод журамд чөлөө олгох асуудлаар тухайн үед ямар нэгэн зохицуулалт байгаагүй. Б.Ба-гийн өргөдлийнх нь дагуу хуулийн дагуу чөлөөг нь олгосон байгаа гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ба-гийн нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Гуравдагч этгээдээр татагдаж байгаа Д.******* миний бие нь 2010 онд төрийн албан хаагчийн шалгалтад орж тэнцээд Чандмань сумын Засаг даргын Тамгын газарт Бэлчээр, газар тариалан, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад гэр бүлийн хүнээ дагаж Есөнбулаг сумд шилжиж ирж Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2015 оны 10 сараас хойш тасралтгүй ажиллаж байгаа төрийн албанд тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм. Гуравдагч этгээд болох Д.******* миний бие байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, байгууллагын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг тасралтгүй ханган ажиллаж байхад нэхэмжлэгч Б.Ба- нь байгууллагын төлөвлөгөө, үндсэн чиг үүрэгт тусгагдаагүй чиглэлээр мэргэжил боловсролоо дээшлүүлнэ гэсэн нэрийн дор уг ажлын байрыг орхин явсан хүний эрх ашиг Д.******* миний эрх ашгаас дээгүүр тавигдах учиргүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Ба- нь 2017 оны 10 сард өөрийн зардлаар мэргэжил боловсролоо дээшлүүлэхээр Япон улсруу суралцах өргөдөл гаргасан бөгөөд өргөдөлд заасны дагуу мэргэжил боловсрол, хэлний мэдлэгээ дээшлүүлсэн талаарх холбогдох материал хавтаст хэрэгт байхгүй байгаа нь тухайн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын төлбөр, татвар, үнэлгээ, хариуцсан мэргэжилтэн-ий ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг илт хууль бусад тооцуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын төлбөр, татвар, үнэлгээ, хариуцсан мэргэжилтэн-ий ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Ба- нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад хандан 2017 оны 11 дүгээр сараас өөрийн зардлаар мэдлэг боловсролоо дээшлүүлж Япон улс руу хэлний бэлтгэлд явахаар болсон тул Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь заалтын дагуу 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгуулах хүсэлт гаргасны дагуу хариуцагчаас 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Ба-г тус газрын Газрын төлбөр, татвар, үнэлгээ, хариуцсан мэргэжилтэн-ий албан тушаалаас захиргааны санаачилгаар түр чөлөөлөх тухай Б/27 дугаар тушаалыг гаргажээ.

Улмаар нэхэмжлэгч нь Японы элчин сайдын яамнаас визний татгалзсан хариу авч 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр урьд эрхэлж байсан эргэн орохоор хүсэлт гаргасан боловч хариуцагч нь хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан тул Говь-Алтай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хандсан боловч тус салбар зөвлөлөөс Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн байна гэсэн хариу ирүүлсэнээр нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 23 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгээр төрийн албанаас түр чөлөөлөх үндэслэлийг хуульчилсан ба 23.3.2-т гурван сараас дээш хугацааны сургалтаар /шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан/ бэлтгэгдэх болсон гэх нөхцлийг тодорхойлсон байна. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн ... төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцох нөхцлийг хуульчилснаас өөрөөр буцаан томилох зохицуулалтгүй байна.

Тодруулбал Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 23.3.2 зүйлд заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас түр чөлөөлөгдсөн нэхэмжлэгч тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д зааснаар төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаад тооцогдох ба сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-д заасныг үндэслэн нөөцөөс нэр дэвшин томилогдох боломжтой байх ба үүнээс өөрөөр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь шууд томилох үүргийг хариуцагч захиргааны байгууллага хуулиар хүлээгээгүй байх тул энэхүү үндэслэлээр нэхэмжлэлийн дээрх шаардлага үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж тус тус зааснаар төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдаж, ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон ажилтанд, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор хуульчилсан. Иймээс нэхэмжлэгч Б.Ба-гийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг дээрх нөхцлөөр хангах үндэслэлгүй байна.

2. Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь Япон улсад хэлний бэлтгэлд суралцах зорилгоор 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө хүссэн өргөдлийг хариуцагч хүлээн авч 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/27 дугаар тушаалын 1 дэх заалтаар нэхэмжлэгчийг эрхэлж буй албан тушаалаас нь 1 жилийн хугацаатай захиргааны санаачилгаар түр чөлөөлсөн ба маргаан бүхий Б/27 дугаар тушаалын 1 дэх заалт нь нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцэж энэхүү үндэслэлээр гарсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласнаар илэрхийлэгдэж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь маргаан бүхий Б/27 дугаар тушаалын 1 дэх заалт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 1 жилийн чөлөө хүссэн өргөдөл гаргасан байхад хариуцагч 1 жилийн хугацаатай түр чөлөөлсөн нь илт хууль бус гэж маргаж байна. Төрийн албаны тухай /2002 оны / хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч гурван сараас дээш хугацааны сургалтад бэлтгэгдэхээр чөлөө хүссэн тохиолдолд түүнийг төрийн албанаас түр чөлөөлөх зохицуулалттай ба Б/27 дугаар тушаалын 1 дэх заалт дээрх агуулгаар гарсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д заасан илт хууль бус байх нөхцөлд хамаарахгүй байна.

Харин маргаан бүхий Б/27 дугаар тушаалын 4 дэх заалт нь нэхэмжлэгчийн хүсэл зориг болох Төрийн албаны тухай /2002 оны / хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасан үндэслээр түр чөлөөлөгдөх хүсэлтээс гадуур буюу нэхэмжлэгчийг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтний албан тушаалд түр болон жинхлэн томилсон 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/31, 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн Б/05 дугаартай тушаалыг тус тус хүчингүйд тооцсон нь Б/27 дугаар тушаалыг гаргах гол үндэслэл болсон сургалтад бэлтгэгдэхээр 1 жилийн хугацаатай түр чөлөөлөгдөх хүсэл зоригт хамаарахгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад эдгээр тушаалуудыг хүчингүй болгосон илт хууль бус байна.

Тодруулбал маргаан бүхий Б/27 дугаар тушаалын 4 дэх заалт нэхэмжлэгчийн хүсэл зоригоос гадуур, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байхгүй байхад тус газрын мэргэжилтнээр түр болон жинхлэн томилсон тушаалуудыг хүчингүй болгосон нь уг Б/27 дугаар тушаалын үндэслэл, зорилгод нийцээгүй, хуульд үндэслээгүй, бодит байдалд нийцэхгүй зэргээрээ илт хууль бус байна.

Гэвч нэхэмжлэгч нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул шүүхээс маргаан бүхий Б/27 дугаар тушаалын 4 дэх заалт илт хууль болсноороо уг тушаал бүхэлдээ илт хууль бусад тооцогдох нөхцөлд дүгнэлт хийх нь зүйтээ байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж заажээ. Маргаан бүхий Б/27 дугаар тушаалын 1 ба 4 дэх заалт нь хоорондоо агуулгын хувьд уялдаа холбоогүй, түүнчлэн 4 дэх заалт нь илт хууль байх хэдий ч уг тушаалыг гаргах болсон гол үндэслэл болох 1 дэх заалт хууль зөрчөөгүй байх тул маргаан бүхий захиргааны актын зарим хэсэг буюу 4 дэх заалт илт хууль бус болсноороо Б/27 дугаарын бусад заалтыг илт хууль бус гэж тооцох нөхцлийг үүсгэхгүй.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагч маргаан бүхий Б/27 дугаар тушаалыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэгчид уг тушаалын үр дагаврыг тайлбарлаагүй гэж маргаж байх хэдий ч уг тушаалыг гаргах гол үндэслэл болох 1 дэх заалт нь нэхэмжлэгчийн хүсэлт, саналын дагуу гарсан тул сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй байна.

Иймд дээрх дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5, 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ба-гийн Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын төлбөр, татвар, үнэлгээ, хариуцсан мэргэжилтэн-ий ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх, Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг илт хууль бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ба-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР