Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 Эх голомтын илч ХХК-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 619 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Эх голомтын илч ХХК-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани /цаашид ЭБЦТСТӨХК/-д холбогдох

1.Гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол 55661110 төгрөг гаргуулах

2.Захирал Энхсайханы “Эх голомтын Илч” компаниас авч ашигласан 9164972 төгрөгийг Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Архангай салбарын албан ёсны дансанд тушаалгаж төрийн компанийг хохиролгүй болгох

3.Захирал Энхсайханы 2015 оны 09 сарын 20-ны өдөр бэлэн авсан 2000000 төгрөг гаргуулах

4.АС-35 маркийн 5370 м утасны үнэ 3759000 төгрөг гаргуулах

Хариуцагч Эрдэнэтбулганы цахигаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компаний Архангай салбараас нэхэмжлэгч “Эх голомтын Илч” ХХК-д холбогдуулан гаргасан 18767649 төгрөг гаргуулах, 2014 оны 01 сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээг цуцлагдсанд тооцох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч байгууллагын гаргасан давж заалдах гомдлоор 2017 оны 01 дүгээр сарын        05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж, нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                              

          Нэхэмжлэгч “Эх голомтын Илч” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          Манай “Эх голомтын Илч” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын  төвд орших 37 орон сууцны 857 айл өрхийг дулаан эрчим хүчээр хангадаг. Эдгээр орон сууцыг дулаан эрчим хүчээр хангасны төлбөрийг манай 2 ажилчин хурааж авдаг байсан төдийгүй орлого 90-98 хувьтай байдаг байсан. 2014 оны 02 сард Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Архангай салбарын дарга Н.Энхсайхан, “Эх голомтын Илч” ХХК-ий захирал Ч.Өсөхбаяр бид нар сайн дурын үндсэн дээр харилцан тохирч айл өрхийн  халаалтын хөлсний хураамжийг цахилгаан эрчим хүчний төлбөртэй хамт хураан авч нэг цэгийн үйлчилгээнд оруулахтай холбоотой байгууллагуудын хамтын ажиллагааны харилцааг зохицуулах үүднээс 2014 оны 03 сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэрээнд зааснаар Эрдэнэбулганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Архангай салбар нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын орон сууцанд амьдардаг 857 айл өрхийн халаалтын хөлсний төлбөр 1 сард орох 31223946 төгрөгийг 100 хувь төвлөрүүлэн хураан авч гэрээгээр тохиролцсоны дагуу нийт орлогын 15 хувьтай тэнцэх төгрөгийг ажлын хөлс болгон авах, үлдсэн 85 хувийг “Эх голомтын Илч” ХХК-н Төрийн банкны 180000045306 тоот дансанд оруулах ёстой юм. Гэрээ ёсоор бол 2014 оны 03 дугаар сарын 01-нээс 2015 оны 03 дугаар сарын 31 хүртэл 37 орон сууцны 857 айл өрхийн халаалтын төлбөр 209673679 төгрөгийн орлого оруулахаас 156685197 төгрөгийн орлогыг ЭБЦТСТӨХК-ний Архангай салбар оруулсан байна. Харин орон сууцны халаалтын төлбөрийн үлдэгдэл 52988483 төгрөгийг одоо хүртэл хураан авч манай дансанд оруулаагүй үлдэгдэлтэй байгаа юм. Гэрээний 2 дугаар зүйлийн 2-т “Гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас цуцлах санал гаргаагүй тохиолдолд гэрээг анх байгуулсан хугацаанд сунгасанд тооцно” гэж зааснаар энэ гэрээний үйлчлэх хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 сарын 15-ны өдөр хүртэлх орон сууцны халаалттай үеийн орлого 49305892 төгрөгний орлого оруулахаас 30308236 төгрөгийг манай дансанд оруулж үлдэгдэл 18997565 төгрөгийн халаалтын хөлсийг дутуу оруулсан байна. Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Архангай салбар нь гэрээнд зааснаар 258979571  төгрөг оруулахаас 186993443 төгрөгний халаалтын хөлсийг манай дансанд оруулж 71986138 төгрөгийг оруулаагүй байна. Үүнээс болж цалин тавих, зуухны засвар хийх зэрэгт ХААН банкнаас 50 сая төгрөгний зээл авч одоо зээл, зээлийн хүүг төлсөөр байна. “Манайд төлөх мөнгөнөөсөө урьдчилгаа өг, бид хүмүүсийн цалин өгнө” гэж шаардсаны дагуу байцаагч нарт 2332486 төгрөг өгсөн ба “Байгууллагадаа авах ёстой мөнгөнөөс урьдчилан 2000000 төгрөг өг” гэж шаардсаны дагуу Н.Энхсайханд бэлнээр 2000000 төгрөг өгсөн. Баримт нэхсэн боловч “Дараа нэгмөсөн өгье” гэснээр баримтгүй авч явсан. Гэрээний дагуу халаалтын  төлбөр орохгүй байгааг дахин Н.Энхсайханд мэдэгдсэн боловч мөн л зарим хүмүүс урамшууллаа нэхэж авах хүсэлтэй байгааг дурдаж дахин 2332486 төгрөгийг байцаагчдад өг гэж өгүүлсэн. Мөн байгууллагад өгөх ёстой мөнгөнөөс яаралтай шилжүүл гэж шаардсаны дагуу 2500000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Мөн манайхаас АС-35 маркийн 5370 м утасны үнэ 3579000 төгрөгийн ЦДАШ-ын утас зээлээр аваад одоо хүртэл үнийг төлөөгүй байна. Гэрээний дагуу нийт 9164972 төгрөгийн эд материал болон бэлэн мөнгө авч байсан боловч үүнийгээ байгууллагынхаа дансанд тусгаагүйгээс болж хоёр байгууллагын хооронд ихээхэн хэмжээний өр авлага харагдаж байна. Ингэж нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.4, 14.4 дугаар зүйлүүд /аж ахуйн бүх ажил, гүйлгээ, бүх хөрөнгө оруулалт, авлага, бүх төлбөр, бүх орлого, бүх зардлын бүртгэлийн маягтыг хуульд заасны дагуу хадгалах/-ыг зөрчиж байгаагаас тус компанийн борлуулалтын инженер, байцаагч нар цахилгаан эрчим хүчээр хязгаарлалт хийж 800000 төгрөгийн хохирол үзүүлээд байна. Иймд: 1. Энхсайхан захирлын манай компаниас ашигласан 9164972 төгрөгийг Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Архангай салбарын албан ёсны дансанд тушаалгаж төрийн компанийг хохиролгүй болгох

          2. Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Архангай салбар нь гэрээний үүргээ биелүүлээгүй учирсан хохирол 55661110 төгрөгийг гаргуулж манай дансанд шилжүүлж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Нэхэмжлэгч “Эх голомтын Илч” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

          Хариуцагч Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Манай “Эх голомтын Илч” ХХК-аас ЦДАШ-ын шугамын АС-35 маркийн 5370 м утас зээлээр авсан. Энэ утасны үнэ 3579000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Мөн хариуцагч байгууллагын захирал Н.Энхсайхан 2015 оны 09 сарын 20-ны өдөр манай компанийн захирал Ч.Өсөхбаяраас Улаанбаатар хотод бэлэн 2000000 төгрөгийг 2014 оны 03 сарын 01-ний өдрийн гэрээний урамшуулал гэж авсан болно. Иймд утасны үнэ 3579000 төгрөг, Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн захирал Н.Энхсайхан бэлэн авсан 2000000 төгрөг, нийт 5759000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Өсөхбаяр анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тайлбар хэлэхийн өмнө манай талаас гаргаж өгсөн хүсэлт болоод нэхэмжлэлийн хувьд нотлох баримтаар бүгд тогтоогдож байгаа. “ЭБЦТС” ТӨХК нь өөрөө 100 хувь төрийн өмчит компани. Манай талаас хамгийн гол нь Төрийн өмчит компанийн баримтыг хариуцагч байгууллага өгөхгүй байгаа нь бидний анхаарлыг татаж байна. Яагаад гэвэл Төрийн өмчит компанийг төлөөлөөд компанийн захирал хувираа мөнгө аваад төрийн өмчит компанийг ашиглаад байгаа юм шиг санагдаж байгаа учраас энэ хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх гэж манай талаас хүсэлт гаргасан. Манай байгууллагад айл өрхүүдээс өргөдөл, гомдол ирээд байгаа. Тэр нь “ЭБЦТС” ТӨХК-ийн байцаагчид тушаасан мөнгө манай дээр өр болгож харагдаад байна. Тийм учраас өргүй гэсэн бичиг авмаар байна гэсэн өргөдөл гомдол ирээд байна. Хариуцагч тал бэлэн мөнгөнүүдийг байцаагч нарт өгсөн учраас хамаагүй гэж хэлж байх шиг байна. Би байцаагч гэх албан тушаалын хүнтэй гэрээ хийгээгүй. Иргэн Н.Энхсайхан Архангай аймгийн “ЭБЦТС” ТӨХК-ийг төлөөлж тамга дарж, гарын үсэг зурсан учраас гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсныхаа дагуу гэрээнд тусгасан 15 хувиа тооцоод ав гэж шүүхэд болон өмнө нь хэлсэн. Би өөрөө олон жил компани удирдаад явж байна. Авсан мөнгөө аваагүй гэж хэлж байгаа анхныхаа хүнтэй таарч байна. Тийм учраас энэ хүний хувьдаа авсан мөнгийг буцааж авъя гэж хэлээгүй. Гэрээний дагуу байгууллагынхаа дансанд хийчих. Тэр байгууллагаас нэмээд авна уу, дутуу авна уу надад огт хамаагүй. Төрийн өмчит компанийн дүрэм журмыг судлахад төрийн өмчит компани ямар ч хүн тоног төхөөрөмж, эд хөрөнгө, төрийн нэрийг барьж хувиараа эд хөрөнгө эзэмших ёсгүй юм байна лээ. Тийм учраас шинэ дарга нь дахиад л надаас Н.Энхсайхан захирлын компанидаа өгөөгүй ажлын хөлсийг  нэхэх байх. Хариуцагч талаас танай орлого 100 хувь ордоггүй байсан юм байна. 249 305 598 төгрөгийн авлагатай гэж ярьж байна. Манай байгууллага ганцхан дулаан үйлдвэрлэдэг компани биш. Манайх зам, эрчим хүчний шугам барьдаг. Энэ авлагын 200 гаруй сая нь Тариат сумын цэвэр бохир усны шугам, агаарын шугам хийсний авлага тусгагдсан байгаа. Цахилгаан дамжуулах агаарын шугамыг манай уурыг зуух руу татсан гэж байна. Тэр шугамын хувьд Бор толгой дээрээс ирсэн дипк дээрээс Булган хангай хорооллын дунд нь татаж авчраад эхний ээлжинд Онцгой байдлын газар, 8 айлын хаус, Спорт сургууль зэргийг барьж байсан компани бүгд ашиглаж байсан. Утасны үнэ болох 3 759 000 төгрөгийг шүүхийн журмаар хариуцагч талаас авлаа гэхэд хариуцагч тал хуулийнхаа дагуу тэр шугам сүлжээг өөрийнхөө дансанд авах ёстой. Хэрвээ тэгээд авахгүй бол хэн ч мэдэхгүй хүн ирээд аваад явчих учраас дахиад төрийн өмчийн хөрөнгийг шамшигдуулаад байна. Тийм учраас Эрчим хүчний тухай хуулиараа зохицуулах ёстой. Дулаан ашиглах дүрэм журмандаа шүүхээр шийдүүлээд мөнгөө авах боломжтой гэж заасан байна гэж ярьсан. Энэ тал дээр шинээр гаргаж өгсөн нотлох баримт ач холбогдолтой. Миний хувьд гэрээ байгуулах болсон хоёрхон зорилго байдаг. Нэгдүгээрт нь 100 хувь орлогоо авахын тулд хариуцагч талтай гэрээ хийсэн. Хоёрдугаарт айл өрхүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй тулд ганцхан байцаагч явуулъя гэж тохиролцоод гэрээ байгуулсан.  Ийм учраас бидний гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй. Анхны Н.Энхсайхан даргын мэдүүлэг дээр “Эх голомтын Илч” ХХК-иас болон Ч.Өсөхбаяр даргаас нэг ч төгрөг аваагүй. Үүнийг хүлэн зөвшөөрөхгүй байна гэж мэдүүлэг өгсөн байсан. Хувийн данс руу нь орсон 2 500 000 төгрөгийг хариуцагчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байна. Бодвол Н.Энхсайхан дарга хүлээн зөвшөөр гэж хэлсэн байх гэж бодож байна. Үүнээс харахад анхны мэдүүлэг болон одоо өгч байгаа тайлбар хоёр зөрөөд байгааг ойлгохгүй байна  гэв.

 

             Хариуцагч Эрдэнэтбулганы цахигаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Архангай салбар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

          Манай хоёр байгууллага харилцан тохиролцож хамтран ажиллаж байх хугацаанд манай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж дээрх хохирол үүсээгүй юм. Бидэнд мэдэгдэлгүй халаалтын мөнгө нэмснээс үүдэн гарсан хохирол юм. Манай байгууллагатай хамтарч ажилласнаар “Эх голомтын Илч” ХХК-нд ашигтай бөгөөд давуу орлоготой байсан уу гэхээс алдагдалтай орлогогүй байсан удаа байхгүй. “Эх голомтын Илч” ХХК нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд орших 37 орон сууцны 857 айл өрхийг дулаан эрчим хүчээр хангаж, ингэж үйлчилсний төлбөрийг тухайн байгууллагын хоёр ажилтан хураан авч үр дүн нь 90-98 хувьтай байдаг байсан бол энэ байгууллага манай байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулах шаардлагагүй байсан байна. Манай байцаагчид гэрээний үүргээ сайн биелүүлсэн, тухайн байгууллагад 55661110 төгрөгийн хохирол учруулаагүй учир  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

          Нэхэмжлэгч тал анх 2016 оны 04 сарын 12-нд гаргасан нэхэмжлэлдээ “байгууллагад авах ёстой мөнгөнөөс урьдчилан 2000000 төгрөг Энхсайхан бэлнээр авсан. Баримт нэхсэн боловч дараа нэгмөсөн больё гээд баримтгүй байгаа. Мөн АС-35 маркийн 5370 м утасны үнэ 3579000 төгрөгийн ЦДАШ зээлээр аваад одоог хүртэл үнийг төлөөгүй гэж нэхэмжлэлдээ дурдаж 5459000 төгрөгийг нэхэмжилсэн атлаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа энэ байдлыг давхцуулж оруулсан байна. Ер нь үндсэн нэхэмжлэлд дурдагдсан нэхэмжлэлийн шаардлагаас гадна нэмж гаргах төлбөрийн асуудлыг нэмэгдүүлж гаргах хуулийн заалттай. Гэтэл нэхэмжлэгч тал үндсэн нэхэмжлэлдээ дурдсан нэхэмжлэлийн шаардлагаа давтаж гарган улсын тэмдэгтийн хураамж төлсөн нь нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм. Нэхэмжлэлд дурдагдаж буй АС-35 маркийн 5370 м ЦДАШ-ын утсыг “Эх голомтын Илч” ХХК-ий эзэмшлийн шинээр баригдсан уурын зууханд зориулалтын дагуу ашигласан тул үүнээс болж нэхэмжлэгч тал хохирсон гэх асуудал байхгүй юм. Иймд нэмэгдүүлж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа нэхэмжлэлтэй холбогдуулан нэмэлт баримт болон сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

 

ЭБЦТСТӨХК-ий Архангай салбар нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

            ЭБЦТСТӨХК нь 2014 оны 01 сарын 01-ны өдөр “Эх голомтын илч” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний зорилго нь Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр дээрх айл өрхийн халаалтын хураамжийг цахилгаан эрчим хүчний төлбөртэй хамт хураан авч, “Эх голомтын илч” ХХК-ий Төрийн банкан дахь дансанд хураан авсан хураамжийг шилжүүлж байхаар тохиролцсон юм. Гэрээнд зааснаар “Эх голомтын илч” ХХК нь захиалагч тал, ЭБЦТСТӨХК нь гүйцэтгэгч тал гэдгээр оролцохоор болсон. Гэрээнд заасан айл өрхийн дулааны төлбөрийг хурааж байх явцад захиалагч “Эх голомтын илч” ХХК нь халаалтын үнээ нэмснээс шалтгаалж айл өрхүүд төлбөрөө төлж чадахгүйд хүрч, халаалтын төлбөрийг бүрэн төлөх боломжгүй болсон. Гэтэл “Эх голомтын илч” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэж 55 661 110 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилж байна. “Эх голомтын илч” ХХК нь Эрдэнэбулган суман дахь айл өрхүүдийг халаалтаар хангаж, халаалтын хөлсний хураамжийг хураан авах үндсэн үүрэгтэй атлаа төлөгдөөгүй төлбөрийн хохирол гэж дээрх мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь “Эх голомтын илч” ХХК нь хэрэглэгчтэй байгуулсан гэрээтэй ба гэрээний дагуу төлбөр төлөөгүй хэрэглэгчдээс хохиролыг нэхэмжилж авах эрх нь нээлттэй. Иймээс нэхэмжлэгч тал хохирсон гэх байдал байхгүй. Мөн 9 164 972 төгрөгийг Н.Энхсайхан захирал авч ашигласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хамтран ажиллах гэрээний 2.3, 4.4-д “Эх голомтын илч”-ны ХХК-ий хураамжийн 15 хувийг гүйцэтгэгч тал ажлын хөлс болгож авна гэх заалтын дагуу ЭБЦТСТӨХК-аас “Эх голомтын илч” ХХК нь цахилгаан эрчим хүч хэрэглэсний 2015 оны төлбөр болох 9 105 177 төгрөг, 2016 оны 3-р сарын бичилтийн үлдэгдэл 8 594 995 төгрөг нийт 17 700 172 төгрөгийг өдий хүртэл төлөөгүй. ЦЭХ хэрэглэсэн дээрхи төлбөрөө төлөхгүй гэж хамтран ажиллах гэрээний дагуу ажлын хөлс болгож өгсөн мөнгө болон шинээр баригдсан уурын зууханд тавьсан АС-35 маркийн ЦДАШ-ын утасны нийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. ЭБЦТСТӨХК-ий Архангай аймаг дахь салбар ЦЭХэрэглэсэн төлбөрийг нэхэмжилсэн 2015 оны 12-р сарын 9-ний өдрийн 115 тоот мэдэгдлийг хариуцагч тал хүлээн авсан боловч төлбөрийг одоо болтол төлөөгүй. 2016 оны 3, 4-р сард өгсөн мэдэгдлийг хүлээн авахаас татгалзаж гарын үсэг зураагүй зэрэг Эрчим хүчний тухай хуулийн заалтыг зөрчиж, манай ЭБЦТСТӨХК-ий Архангай аймаг дахь салбарыг хохироож байгаа тул энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Энхсайхан дарга хувьдаа завшлаа гэх 9 164 972 төгрөг үүнийг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага байна. Үүнийг төлөөлөгч миний зүгээс ойлгохдоо байцаагч нарт 2 332 486 төгрөг, 2 000 000 төгрөг, 2 332 456 төгрөг, дансаар 2 500 000 төгрөг тушаасан энэ бүгд нийлээд 9 164 972 төгрөг гэж ойлгож байна. Байцаагч нарт өгсөн мөнгийг Н.Энхсайхан дарга өөртөө ашигласан гэж нэхэмжлээд байгаа юм уу, байцаагч нарыг авсан гээд байгаа юм уу. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байна. Байцаагч нар бүгд мэдүүлэг өгсөн байгаа. Тэр мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан. Энэ мөнгийг Н.Энхсайхан даргаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээний 2.3, 4.4-д тодорхой заасан. Үүнээс үзэхэд 2 332 486 төгрөгийг хоёр удаа өгсөн гэсэн мөнгө хасагдах ёстой. Дараа нь Н.Энхсайхан даргад 2 000 000 төгрөгийг нэг биш хоёр удаа өгсөн болж таарч байна. Нэгийг нь Улаанбаатар хотод, нөгөө 2 000 000 төгрөгийг нь Архангай аймагт байхад нь өгсөн гэж байна. Энэ талаар нэхэмжлэлийн шаардлагад нэг ч баримт болон үүний талаар дурдаагүй байгаа. 2 000 000 төгрөгийг Н.Энхсайхан даргад өгсөн авсан талаар гэрчээр н.Янжиндуламыг асуусан. Н.Янжиндулам нь мэдүүлэхдээ “Ч.Өсөхбаяр дарга нэг хүнтэй өрөөнд орж ирээд суучихсан мөнгө тоолоод сууж байсан. 2 000 000 төгрөг өгсөн авсан талаар би мэдэхгүй байна” гэж мэдүүлдэг.   Би энэ талаар Н.Энхсайхан даргаас асуухад Улаанбаатар хотод байхдаа мөнгө төгрөг аваагүй наана чинь андуурч, эндүүрээд байх шиг байна. Харин 2 500 000 төгрөгийг Н.Энхсайхан даргатай ХААН банкан дээр очиж харсан. Үнэхээр 2 500 000 төгрөг шилжүүлсэн байсан. Тийм учраас 9 164 972 төгрөгөөс 2 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Бусад мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дараагийн нэхэмжлэлийн шаардлага нь  гэрээний үүрэг биелүүлээгүй улмаас үүссэн гэх 55 661 110 төгрөг. Гэрээний 5.4-д халаалтын орлогыг сард 100 хувиар оруулсан байна гэдэг нь бас ойлгомжгүй. Тэгээд нэхэмжлэгч талаас энэ гэрээнд заасан гэж үзээд орох ёстой мөнгөө оруулаагүй учраас манай байгууллага хохирч байна гэж байна. Нэхэмжлэл гаргах гол үндэслэл нь бодит хохирол учирсан байх ёстой. Хохирол учирсан зүйл хавтаст хэрэгт харагдахгүй байгаа. Миний зүгээс шүүхэд хүсэлт өгсөн. Хүсэлт өгсний дагуу ирсэн материалаас нэгдүгээр хавтаст хэргийг 197 хуудсанд “Эх голомтын Илч” ХХК-ий дүрэм байгаа. Дүрмийн 1.4-д зааснаар “Компани байгуулагдсан бие даасан тайлан тэнцэл, харилцах данстай, өөрийн нэрийн өмнөөс эрх эдлэх, үүрэг хүлээх, хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр ажиллана” гэж заасан байна.  Хавтаст хэргийн 201-д Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 189 тоот тогтоолыг Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журмын 2.1-д “Хэрэглэгч нь хууль тогтоомжид нийцүүлж дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулна” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл хангагч нь хэрэглэгчдээ эрчим хүчээр хангах гэрээ байгуулна гэж заасан байдаг. Мөн хавтаст хэргийн 204 хуудсанд нотлох баримт болгоод орон сууцны айл өрхийн дулаан ашигласны гэрээг хавсаргасан байна. Дэвтрийн эхний нүүрэн дээр Эрчим хүчний тухай хуулийн 28, дулааны эрчим хүчний журмын 1.1, 1.3-д заасныг баримталж гэрээ байгуулна гэж заагаад хангагчийн  эрх үүрэг 1.1.4-д халаагчийн төлбөр тооцоог хугацаанд нь төлөөгүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлнэ гэж эрчим хүчээр хангагч байгууллагын эрхийг заасан байдаг. Хавтаст хэргийг 214 хуудсанд мөн дансны авлага гэдэг дээр 240 305 989 төгрөгийн авлагатай гэсэн байгаа. Нийт авлага дээр 282 552 602 төгрөг байсан. Энэ бүгдийн яагаад ингэж тоочоод байгаа гэхээр нэхэмжлэгч байгууллага дулааны төлбөр гээд 100 хувь авдаг байсан юм байна. Хариуцагч талын байцаагч нарын мэдүүлгээс тодорхой харагдаж байгаа. Юун 100 хувь төлөх. Хаарин ч манай байгууллагатай нийлээд ахиц гарсан. Санхүүгийн тайлан дээр 240 сая төгрөг нийт авлага нь 282 сая төгрөг байдаг. Үүнээс 100 хувь хэзээ ч авч байгаагүй гэсэн үг. Хоёрдугаарт Эрчим хүчний тухай хууль болон өөрийн байгууллагынх нь дүрэм, айл өрхүүдийн дэвтэр дээрээс харахад “Эх голомтын Илч” ХХК хэрэглэгч нараас хэзээ ч, ямар ч тохиолдолд тэр мөнгөө нэхэх бүрэн эрхтэй. Энэ нь өөрсдийнх нь үндсэн үүрэг гэдэг нь үүнээс гарч ирж байна. Үүнийг аваагүй нэхэмжлэгч байгууллага хохирсон гэх асуудал байхгүй. Тийм учраас гэрээнээс үүссэн хохирол болох 55 661 110 төгрөгийг нэхэмжлэх эрх зүйн үндэслэл байхгүй учраас үндэслэлгүй гэж үзэж байна. Н.Энхсайхан дарга сүүлийн 2 000 000 төгрөгийг авсан гэх асуудал нотлох баримтаар болон хавтаст хэрэгт байхгүй байгаа учраас үүнийг нотлох баримтыг хэмжээнд шийдвэрлэх ёстой. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаас 2 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Бусад мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Утасны үнийн хувьд зээлээр худалдаж авсан гэх асуудал хэрэгт байхгүй. Утас авснаа бол хүлээн зөвшөөрдөг. Утаснаас үлдсэн утсыг буцааж өгөхөд татгалзах юм байхгүй. Н.Энхсайхан дарга энэ тал дээр эвлэрвэл эвлэрнэ. Эвлэрэхгүй бол ажлын хөлсөө авна гэж ярьж байсан. ...Хавтаст хэргийн 201 хуудсанд Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолоор батлагдсан 2014 оны 189 дугаартай Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журмын 1.1-д хангагч хэрэглэгч нь хууль тогтоомжид нийцүүлэн дулааны эрчим хүчний хангах гэрээ байгуулна гэж заасан. Энэ журамд тоолууртай, тоолуургүй хэрэглэгчийн төлбөр тооцоог хэрхэн яаж авах талаар тусгасан байгаа. Хавтаст хэргийн 238 дугаар хуудсанд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчилгээ үзүүлэх дүрмийн 4.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэний эрчим хүчний тухай хууль, дулааны эрчим хүч хэрэглэх аж ахуйн дулааны эрчим хүчинд нийлүүлэн, дулааны эрчим хүчээр хангах гэрээг хэрэглэгчтэй байгуулж түүнийг заасан хугацаанд дүгнэх гэсэн заалтууд байна. Хамтран ажиллаж гэрээний 4.7-д “Эх голомтын Илч” ХХК-иас дулааны мөнгө хураалтын ажилд хүн ажиллуулахгүй тул гүйцэтгэгч байгууллагын хувьд байцаагч нарт тодорхой хэмжээний урамшуулал өгнө гэж заасан. Энэ нь өөрөөр хэлбэл “Эх голомтын Илч” ХХК дулаан түгээсний төлөө байцаагч нараа ажиллуулах ёстой. Байцаагч нараар дамжуулаад орлого авах ёстой. Үүнээс миний хэлэх гэж байгаа гол санаа нь эдийн засгийн хувьд “Эх голомтын Илч” ХХК хохироогүй, төлбөр нь хэвээрээ байгаа. Төлбөрөө нэхэмжлэх эрх нь байцаагч нараар дамжуулан нэхэх эрх нь нээлттэй байгаа. Ийм учраас 55 661 110 төгрөгийг бодит хохирол үүссэн гэж үзэх үндэслэл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. 2 000 000 төгрөгийн асуудал дээр гэрч Н.Янжиндулам “2 000 000 төгрөг өгсөн асуудлыг мэдэхгүй мөнгө л тоолж байсан” гэж мэдүүлдэг. Ийм эргэлзээтэй мэдүүлгээр Ч.Өсөхбаяр даргаас Н.Энхсайхан даргыг 2 000 000 төгрөг авсан гэж хэлж болохгүй байх. Тиймээс 2 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа учраас бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.3, 227 дугаар зүйлийн 227.5-т зааснаар нэхэмжлэгч “Эх голомтын Илч” ХХК-н хариуцагч Эрдэнэтбулганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Архангай салбарт холбогдуулан гаргасан гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учруулсан хохирол 55661110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож; Захирал Энхсайханы “Эх голомтын Илч” компаниас авч ашигласан 9164972 төгрөгийг Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Архангай салбарын албан ёсны дансанд тушаалгаж төрийн компанийг хохиролгүй болгох, захирал Энхсайханы 2015 оны 09 сарын 20-ны өдөр бэлэн авсан 2000000 төгрөг гаргуулахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Эрдэнэтбулганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Архангай салбараас 3759000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Эх голомтын Илч” хувьцаат компанид олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Эх голомтын Илч” хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 706944 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Эрдэнэтбулганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Архангай салбараас улсын тэмдэгтийн хураамж 75094 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож;  Хариуцагч Эрдэнэтбулганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Архангай салбар нь нэхэмжлэгч “Эх голомтын Илч” хувьцаат компанид холбогдуулан гаргасан 18767649 төгрөг гаргуулах, 2014 оны 01 сарын 01-нд байгуулагдсан гэрээг цуцлагдсанд тооцох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож; Хариуцагч Эрдэнэтбулганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Архангай салбар нь сөрөг нэхэмжлэлийн талаар давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдаж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Эрдэнэтбулганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Архангай салбарын сөрөг нэхэмжлэлдээ төлсөн улсын тэмдэгтийн хураамж 251788 төгрөгөөс 196094 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж орон нутгийн орлогоос 55694 төгрөг, нэхэмжлэгч “Эх голомтын Илч” хувьцаат компаниас улсын тэмдэгтийн хураамж 125894.12 төгрөг тус тус гаргуулж хариуцагч Эрдэнэтбулганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Архангай салбарт олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

            Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 619 тоот шийдвэрийг нэхэмжлэгч Ч.Өсөхбаяр би 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээж авч танилцаад эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ны 619 тоот шийдвэрээр нэхэмжлэгч талд шийдвэрлэсэн хариуцагч ЭБЦТСТӨХК-ий Архангай салбараас 3.759.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 75.094 төгрөг тус тус одоог хүртэл манай байгууллагын дансанд орж ирээгүй, тус 619 тоот шийдвэрээр захирал Н.Энхсайханы нэхэмжлэгч талаас авч хувьдаа ашигласан 9.164.972 төгрөгийн хохиролыг захирал Н.Энхсайхан нь ЭБЦТСТӨХК-д барагдуулахыг, мөн захирал Н.Энхсайханы 2015 оны 09 сарын 20-ны өдөр нэхэмжлэгч талаас бэлэн авсан 2.000.000 төгрөг зэргийг манай зүгээс бүрдүүлж өгсөн баримт бичиг бүрэн үндэслэлтэй нотолж байсан боловч дээрх хэсгийг ямар ч үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, тус хэрэгт нэхэмжлэгч талын хоёр гэрчийн зөвхөн нэг нь оролцсон, мөн ЭБЦТСТӨХК, “Эх Голомтын илч” ХХК хоёрын хооронд хамтран ажиллах гэрээтэй, гэрээний хүрээнд үүрэг гүйцэтгэгч тал үүргээ гэрээнд заасан ёсоор биелүүлээгүй учир манай компани санхүүгийн ихээхэн хохиролд орж уг хохиролоо үнэлэн баталгаажуулж нэхэмжилсэн 55.661.110 төгрөг зэрэг нэхэмжлэгч талаас нэхэмжилсэн хэргүүдийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй байна.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гэрч асуулгах хүсэлтийн дагуу шүүх 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүсэлт хангаж, даалгавар гүйцэтгүүлэх тухай №1783 дугаартай шүүгчийн захирамж гаргажээ.

 

            Шүүх зохигчийн хүсэлтийг хангаж, тодорхой ажиллагаа гүйцэтгэхийг зохих шүүхэд даалгасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 80 дугаар зүйлийн 80.1.8-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх учиртай.

 

            Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэлгүй, удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж, гэрч асуух зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх ба даалгаврын биелэлтийг хүлээж аваагүй байж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, зохигчийн эрхийг ноцтой зөрчжээ.

 

            Түүнчлэн “ЭБЦТС” ТӨХК-ий Архангай салбар нь Эх голомтын илч ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулах эрх хэмжээтэй эсэх,  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд мөн эсэх талаар хэрэгт авагдсан баримтгүй, энэ талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй, хариуцагчийг зөв тодорхойлолгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 629846 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогоос  шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон

           

                                                                ТОГТООХ нь:

 

            1.Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 619 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

            2.Нэхэмжлэгч Эх голомтын илч ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 629846 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогоос буцаан олгосугай.

             3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар   зүйлийн 167.5-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ДАВААСҮРЭН

                                                ШҮҮГЧИД                              Л.НЯМДОРЖ

                                                                                                Г.УЛАМБАЯР