Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1581

 

 

 

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01581

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд  хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 хороолол, Сөүлийн гудамжны 11/1 барилга, 6 давхарт байрлах, “Бизнес-Инвест Девелопмэнт ББСБ” ХХК /РД:5013348/

           Хариуцагч: Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 13 дугаар байр 41 тоотод оршин суух, 1980 онд төрсөн 37 настай, Сартуул овогт Тогтоохүүгийн Болорчимэг /РД:ЧЛ80120669/

           Гэрээний үүрэг 63.330.400 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03  дугаар  сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тогтоохүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

               

            Нэхэмжлэгч “Бизнес-Инвест Девелопмэнт ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг шүүх  хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Т.Болорчимэг нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр №ЗГ0101150036 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 82 дугаар байр 1-1 тоот 49 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж 18 сарын хугацаатай 30.000.000 төгрөгийг  сарын 4.4%-ийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч Т.Болорчимэгтэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дууссан бөгөөд зээлдэгчийн хүсэлтийн дагуу тус банк бус санхүүгийн байгууллага зээлийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл сунгасан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч Т.Болорчимэгээс зээл болон барьцааны гэрээний үндсэн зээлд 30.000.000 төгрөг, зээлийн хүүнд 25.342.400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2.288.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 5.700.000 төгрөг нийт 63.330.400 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл өгсөнөөс хойш хариуцагч 20.000.000 төгрөг төлсөн. Өмгөөлөгчийн зардал 5.700.000 төгрөгийн шаардлагаас татгалзаж нийт 37.630.400 төгрөг нэхэмжилж байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тогтоохүү шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Болорчимэг 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Бизнес-Инвест Девелопмэнт ББСБ” ХХК-иас 30.000.000 төгрөгийг 4.4 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдэж авсан нь үнэн. Зээлийн хүүг төлж байсан. Улс орны эдийн засгийн байдалтай холбогдуулан бүтээгдэхүүн борлуулалт удаашрах байдлаас шалтгаалан авсан зээлээ хугацаанд нь төлж чадаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээлээс 20.000.000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч өмгөөлөгчийн зардал 5.700.000 төгрөгөөс татгалзаж 37.630.400 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрч байна. Энэ үнийн дүнд маргахгүй төлнө. Гэхдээ бидэнд хугацаа шаардлагатай буюу төлбөрийг 2017 оны 09 дүгээр сар гэхэд төлж барагдуулна. Барьцаа хөрөнгийг худалдах энэ тэрд хүрэлгүй зээлийг төлнө гэв.

         

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Бизнес-Инвест Девелопмэнт ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Т.Болорчимэгээс гэрээний үүрэгт 63.330.400 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тухай шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлсөн 20.000.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 5.700.000 төгрөгийн хэмжээгээр шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үүнийн дүнг багасгаж 37.630.400 төгрөг гаргуулахыг шаарджээ.

            Хариуцагч Т.Болорчимэг нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр №ЗГ0101150036 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 82 дугаар байр 1-1 тоот 49 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж 18 сарын хугацаатай 30.000.000 төгрөгийг  сарын 4.4%-ийн хүүтэйгээр зээлдэж авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, зээлийн өргөдөл, зээл болон барьцааны гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

            Зээлийн болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна .

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 37.630.400 төгрөг нэхэмжилсэнг хариуцагч энэ үнийн дүнд маргахгүй, төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагч Т.Болорчимэгээс 37.630.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Бизнес-Инвест Девелопмэнт ББСБ” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 82 дугаар байр 1-1 тоот 49 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлйин 453.1-д зааснаар хариуцагч Т.Болорчимэгээс 37.630.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Бизнес-Инвест Девелопмэнт ББСБ” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар хариуцагч Т.Болорчимэгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 82 дугаар байр 1-1 тоот 49 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдахыг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 474.602 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.Болорчимэгээс 346.102 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Бизнес-Инвест Девелопмэнт ББСБ” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                      

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                          Ж.КУЛЬДАНА