Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1580

 

 

 

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01580

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 хороолол, 36 байр, 20 тоотод оршин суух, Цуглуулга овогт Алтангэрэлийн Одгэрэл /РД:СЮ90092261/

Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Хуу-ноён овогт Аюушийн Одбаяр /РД:ТЯ87122611/-ыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.Одгэрэл, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.                                  

                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч А.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Одгэрэл миний бие А.Одбаяртай 2010 оноос эхлэн амьдарч 3 хүүхдийн эцэг, эх болсон. Хамтран амьдрах хугацаанд буюу 2016 оны 12 дугаар сараас эхлэн А.Одбаяр нь гэртээ ирэх нь цөөрч сүүлдээ бүр ирэхээ больсон. Одоо миний бие 3 хүүхдийн хамтаар амьдарч байна. Том охин Хулан 6 настай, дунд охин Хүслэн 3 настай, бага охин Хэрлэн 2 настай бөгөөд цэцэрлэгт явдаггүй. Би өөрөө ажилгүй хүүхдээ хараад гэрт байдаг. А.Одбаяр нь өнөөг хүртэл гэртээ ирээгүй, тогтсон ажилгүй бөгөөд түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандсан боловч хаана байгаа хаяг нь тодорхойгүй байна. А.Одбаяр нь 89741444, 95113260, 99302151, 88848781 дугаарын гар утастай байсан.

Иймд эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Хуу-ноён овогт Аюушийн Одбаяр /РД:ТЯ87122611/-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч А.Одгэрэл нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Хуу-ноён овогт Аюушийн Одбаяр /РД:ТЯ87122611/-ыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШЗ2017/06479 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” Шүүгчийн захирамж авагдсан байх ба уг захирамжаар А.Одгэрэлийн нэхэмжлэлтэй А.Одбаярт холбогдох эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.

Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Хуу-ноён овогт Аюушийн Одбаяр /РД:ТЯ87122611/-ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд А.Одбаярыг олж болох эх сурвалжийг 89741444, 95113260, 99302151, 88848781 дугаарын гар утастай гэж нэрлэн заасныг дурдаж,, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.  

            Хүсэлт гаргагч А.Одгэрэлтэй холбоо барих утас: 89719570 болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                                 

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч А.Одгэрэлийн хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Хуу-ноён овогт Аюушийн Одбаяр /РД:ТЯ87122611/-ыг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.

 

2. Хүсэлт гаргагч А.Одгэрэл нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                        Хүсэлт гаргагч А.Одгэрэлтэй

холбогдох утас: 89719570 болно.

                           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА