Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/100

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогт Д-ийн Б-д холбогдох эрүүгийн 2135000650094 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Д-ын Б, 1989 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хорооны Хангайн 83-8 тоотод оршин суудаг, урьд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар: .......

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Өмнөговь сумын тавдугаар багийн нутагт согтуугаар Тоёота приус-20 загварын 80-32 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.3-д заасан заалтуудыг зөрчиж хохирогч А.Р-ийн унаж явсан Мустанг-5 загварын мотоциклтой мөргөлдөж хохирогч А.Р-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд эрүүгийн 2135000650094 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:

Улсын яллагч: 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийг /хх-ийн 01 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 3-6 дугаар хуудас/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 07-10 дугаар хуудас/, мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 11-13 дугаар хуудас/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг /хх-ийн 14-16 дугаар хуудас/, хохирогч А.Р-ийн мэдүүлгийг /хх-ийн 20-22, 25, 28 дугаар хуудас/, гэрч Я.Б-гийн мэдүүлгийг /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрч Ц.Б-ын мэдүүлгийг /хх-ийн 34 дүгээр хуудас/  гэрч Д.Н-ын мэдүүлгийг /хх-ийн 40 дүгээр хуудас/, гэрч Ш.Б-ы мэдүүлгийг /хх-ийн 44 дүгээр хуудас/, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 138 дугаартай дүгнэлтийг /хх-ийн 75-77 дугаар хуудас/, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 349 дугаартай шинжээчийн дүгнэлтийг /хх-ийн 109-112 дугаар хуудас/, согтуурал шалгасан магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 163-164 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хохирогч А.Р-ийн мэдүүлгийг /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч Ч.Ц-гийн мэдүүлгийг /хх-ийн 46 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Бын иргэний үнэмлэхийн лавлагааг, шүүгдэгч Д.Б-ын эхнэр С.А-ын иргэний үнэмлэхийн лавлагааг /хх-ийн 133-134 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Б-ын яллагдагчаар дахин өгсөн мэдүүлгийг /хх-ийн 126 дугаар хуудас/, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 394 дугаартай тодорхойлолтыг /хх-ийн 141 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Б-ын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбарыг /хх-ийн 142-145 дугаар хуудас/ тус тус шинжлэн судалсан байна.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

- Зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг[1],

- Хохирогч А.Р-ийн 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “...салхи намжихаар сумын төвийн ...эмнэлгийн урд талын замын хажуугаар явж байтал Гандангийн араас саарал өнгийн приус-20 машин арын хоёр дугуйгаа хоёр тийш шавдаад урдаас шороо босгож ирэхээр нь би айгаад баруун тал руу шахаж замаас гарсан гэтэл миний зүүн талаас мөргөхөд би толгойгоороо мөргөж унасан. Мотоцикл машин доор орсон ба би унаад ухаан алдаагүй, миний баруун хөл маш их өвдөж, нүд бүрэлзэж байсан, машинд байсан хүмүүс “чи босолдоо” гэхэд би дээшээ хартал Я.Б, Д.Б, Ц.Б нар “зүгээр үү” гэхээр нь “миний баруун хөл хугарсан юм шиг байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[2],

- 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дахин өгсөн “...урдаас тоос гарсан маш хурдтай ирж байсан би замынхаа баруун тал руу шахаад явж байхад приус-20 автомашин хоёр талдаа арын бөгс хэсгийг шидсээр байгаад орж ирсэн. Тэр өдөр салхитай байсан намайг гэрээс гараад явж байхад үзэгдэх орчин хэвийн бага зэрэг тоостой байсан. Миний баруун шилбэ хөндлөн хугаралтай, зүүн хацар хэсэг бага зэрэг шалбарсан байсан юм...” гэх мэдүүлэг[3],

- гэрч Я.Бгийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “...2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн орчим найз Д.Б-тай хамт айл руу явахаар уулзсан. Д.Б-тай уулзаад айл руу явахаа больж Д.Б-ын эзэмшлийн приус-20 загварын 80-32 УБР улсын дугаартай автомашинтай сумын төвөөс хоёр километр орчим зайтай газарт очиж Д.Б-ын машинд байсан Ерөөл гэх нэртэй 0.75 литрийн архийг Д.Б-тай хувааж уусан. ...манай сумын эрүүл мэндийн газрын дээд талд шороон зам дээр улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоцикл унаж явсан манай сумын А.Р гэх залуутай мөргөлдчихсөн юм. ...Д.Б бид хоёр машинаас буугаад харахад каск өмсчихсөн газар уначихсан байсан. Би босоорой гээд татахад “хөл эвгүй болчихсон юм шиг байна, босож чадахгүй байна” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг[4],

- гэрч Д.Н-ын 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “...Я.Б эмнэлэгт орж ирээд “мотоциклтой хүн уналаа” гээд намайг дагуулаад очиход приус-20, мотоцикл хоёрын хажууд А.Р уначихсан орилж байсан юм. ...Я.Б согтуу байсан нөгөө хоёр хүнийг сайн хараагүй юм...” гэх мэдүүлэг[5],

- гэрч Ш.Б-ы 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “...Би 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 18 цаг 20 минутын үед өөрийн таван настай хүүгээ цаг уурын хорооллоос авахаар Эрүүл мэндийн төвийн дээд талын замаар урагшаа явж байтал урд осол гарсан байхаар би яваад очтол мотоциклын хар каск өмссөн залуу газарт хэвтэж байсан хажуунаас нь  Я.Б бос гэсэн татаж байсан. Би Я.Бд “эхний ээлжинд хөдөлгөхгүйгээр эмч дууд дараа нь цагдаа дууд” гэж хэлэхэд Я.Б эмнэлэг рүү гүйгээд орсон. Хажууд нь явсан хоёр залуу “яав юу болов, бие нь яаж байна” гэж хэлээд сахиад хоцорсон...” гэх мэдүүлэг[6],

- 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “...Тухайн приус 20 тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д-ын Б-ыг согтуурал шалгах драггер багажаар шалгахад 1.31% согтолтой гарсан болно” гэх согтуурал шалгасан магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлт[7],

- 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 349 дугаартай “Шинжээч эмч Б.Х-ын гаргасан 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 154 дугаар дүгнэлт үндэслэлгүй байна. Хохирогч А.Р-ийн биед баруун шилбэний шаант ясны хугарал, баруун шилбэний цус хуралт, цээжний зүүн талын 5 дугаар хавирганы цууралт гэмтэл тогтоогдлоо. ...Хохирогч А.Р-ийн биед учирсан гэмтлүүд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт[8] зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Өмнөговь сумын тавдугаар багийн нутагт согтуугаар Тоёота приус-20 загварын 80-32 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.3-д заасан заалтуудыг зөрчиж хохирогч А.Рийн жолоодож явсан Мустанг-5 загварын мотоциклыг мөргөсний улмаас хохирогч А.Рийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг, хохирогч, гэрч нарын мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Д.Б Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглон гэж, 11.3-д “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг шүүгдэгч Д.Б зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж дүгнэлээ.

Уг зам тээврийн ослын улмаас хохирогч А.Р-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь 2021 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн 349 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.3 дахь заалтыг санаатай зөрчихдөө бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсаны улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо объектив болон субьектив шинжүүдээс гадна бусдын эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тодруулбал бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч Д.Бын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Д.Б Тоёота приус-20 загварын 80-32 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь гэрч Я.Б-гийн “...Д.Б-ын машинд байсан Ерөөл гэх нэртэй 0.75 литрийн архийг Д.Б-тай хувааж уусан...” гэх мэдүүлгээр, мөн шүүгдэгчийн амьсгал дахь спиртийн агууламж 1.31 (%o) промиль байсан болох нь 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн согтуурал шалгасан магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлтээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан хүн үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг хангасан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хохирогч А.Р-ийн “...Надад Д.Б нь шинэ мотоциклын үнэ 1’950’000 төгрөг, мөн хохирол, эмчилгээний зардал болох 1’100’000 төгрөгийг төлж барагдуулсан. Нийт 3’050’000 төгрөг өгсөн юм. Надад учирсан хохирлыг Д.Б нь төлж барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн[9] байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч нөхөн төлсөн гэж дүгнэв.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ...эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Шүүгдэгч Д.Б-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т заасан гэмт хэрэгт хамаарахгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй байна.

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн 2135000650094 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Б-ын 1133374 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ургийн овогт Д-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогт Д-ын Б-д холбогдох эрүүгийн 2135000650094 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн шүүгдэгч Д.Б-ын 1133374 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

5. Шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА

 

[1] хх-ийн 14-16 дугаар хуудас

[2] хх-ийн 20-22 дугаар хуудас

[3] хх-ийн 28 дугаар хуудас

[4] хх-ийн 32 дугаар хуудас

[5] хх-ийн 40 дүгээр хуудас

[6] хх-ийн 44 дүгээр хуудас

[7] хх-ийн 163-164 дүгээр хуудас

[8] хх-ийн 109-112 дугаар хуудас

[9] хх-ийн 25 дугаар хуудас