| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/01141/И |
| Дугаар | 1579 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 1579
| 2017 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2017/01579 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 хороолол, 39 байр, 31 тоотод оршин суух, Харчин овогт Хорлоогийн Жаргалсайхан /РД:ХЕ60041031/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 58 байр, 6 тоотод оршин суух, Сартуул овогт Рэнцэнцогтын Өнөрсайхан /РД:ХИ60091262/
48.892.430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Жаргалсайхан, өмгөөлөгч О.Баяраа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбат, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Жаргалсайхан миний бие Р.Өнөрсайханд 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Багатойруу 2 байрны 03 тоот Ү-2203004792 дугаарт бүртгэлтэй 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг ББСБ болон ХЗХ-д 30 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, гэрээ барьцаалбарыг Эд Хөрөнгийн Эрхийн Улсын Бүртгэлийн Төвд бүртгүүлэх, хүлээн авах эрхийг итгэмжлэлээр 6 сарын хугацаатай олгосон юм. Итгэмжлэл олгохдоо 2014 оны 03 дугаар сарын 31-нд ББСБ болон ХЗХ-оос 30 сая төгрөгийг хүүгийн хамт 6 сарын дотор төлж барагдуулна иргэн Х.Жаргалсайханд ямар нэг хохирол учруулахгүйгээр төлж барагдуулна гэсэн хэлцэл байгуулсан боловч “Алтан давалгаа” ХЗХ-оос 30 сая төгрөгийг 3,5% -ийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээл авч үндсэн төлбөр болон хүүг төлөхгүй байснаас “Алтан давалгаа” ХЗХ 2016 оны 01 дүгээр сарын 25-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 102/Ш32016/01463 дугаар захирамжаар 48892430 төгрөгийг Р.Өнөрсайханаас гаргуулах, 2016 оны 06 дугаар сарын 23-нд 102/Ш32016/20459 захирамжаар барьцаа хөрөнгийг албадан гүйцэтгүүлэхээр захирамж гарсан байна. Уг захирамж мэдэгдлийг надад Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албанаас 2016 оны 09 дүгээр сарын 25-нд мэдэгдсэн бөгөөд энэ цагаас хойш хариуцагч Р.Өнөрсайханд төлбөрөө барагдуулахыг шаардсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй.
Миний бие өөрийн эзэмшлийн байраа алдахгүйн тулд банк, ББСБ-аас зээл авахаар сар гаруй хөөцөлдөж байж “Платин Капитал” ББСБ-аас 30 сая төгрөгийг 3,5%-ийн хүүтэй 36 сарын хугацаатай зээл авахаар болсон боловч нотариат, үл хөдлөх хөрөнгийн шимтгэл, зээл олгосны шимтгэлийг гаргаж өгөөгүй. Миний бие “Платин Капитал” ББСБ-аас 2016 оны 12 дугаар сарын 23-нд зээл авч 30 сая төгрөгийг “Алтан давалгаа” ХЗХ-д төлсөн. Хариуцагч О.Өнөрсайханы төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 18.982.430 төгрөгийг хариуцагч Р.Өнөрсайханыг олж төлөөд эд хөрөнгийг минь чөлөөлж өгнө үү гэсэн боловч ямарч арга хэмжээ авалгүй 2016 оны 11 дүгээр сарын 25, 2016 оны 11 сарын 29, 2016 оны 12 сарын 07-ны өдрүүдэд албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан авагч тодроогүй тул албадан чөлөөлөхөөр болсон.
|
|
![]() |
Миний бие олон зээлтэй дахин банк болон ББСБ-аас зээл авах боломжгүй болсон тул аргагүйн эрхэнд хувь хүнээс 5%-ийн хүүтэй 20 сая төгрөгийн зээл авч “Алтан давалгаа” ХЗХ-нд "Платин Капитач” ББСБ-аас авсан 30 сая төгрөгийн хүүнд 2016 оны 12 сар, 2017 оны 1,2 сард нийт 3.535.000 төгрөг, хувь хүнээс авсан 20 сая төгрөгийн зээлийн хүүнд 3 сая төгрөг нийт 6.535.000 төгрөгийн хүү одоогийн байдлаар төлөөд байна. Хариуцагч Р.Өнөрсайханд “Платин Капитал” ББСБ-аас авсан 30 сая төгрөгийг үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөөд, үлдэх 20 сая төгрөгийг өөрийн өмчлөлд байдаг газраа зараад төлнө гэснийхээ дагуу төлөөч гэсэн боловч огт төлбөр хийхгүй байна. Иймд хариуцагч Р.Өнөрсайханы төлөх ёстой “Алтан давалгаа” ХЗХ-д миний төлсөн 48.892.430 төгрөгийн хохирлыг Р.Өнөрсайханаас нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Х.Жаргалсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Р.Өнөрсайхан нь нэхэмжлэлийн шаардлага 48.892.430 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс сар бүр 1.547.200 төгрөгөөр нийт 19 сарын хугацаанд 30.000.000 төгрөгийг төлж, үлдэх 18.892.430 төгрөгийг бөөнд нь төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.
Хариуцагч Р.Өнөрсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Р.Өнөрсайхан нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 48.892.430 төгрөгөөс сар бүр 1.547.200 төгрөгөөр нийт 19 сарын хугацаанд 30.000.000 төгрөгийг төлж, үлдэх 18.892.430 төгрөгийг бөөнд нь төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Р.Өнөрсайхан нь Х.Жаргалсайханы нэхэмжлэлийн шаардлага 48.892.430 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс сар бүр 1.547.200 төгрөгөөр нийт 19 сарын хугацаанд 30.000.000 төгрөгийг төлж, үлдэх 18.892.430 төгрөгийг бөөнд нь төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Жаргалсайхан нь хариуцагч Р.Өнөрсайханд холбогдуулан 48.892.430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, үүгээр хариуцагч Р.Өнөрсайхан нь нэхэмжлэлийн шаардлага 48.892.430 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс сар бүр 1.547.200 төгрөгөөр нийт 19 сарын хугацаанд 30.000.000 төгрөгийг төлж, үлдэх 18.892.430 төгрөгийг бөөнд нь төлж барагдуулахаар зохигч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Х.Жаргалсайхан, хариуцагч Р.Өнөрсайхан нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд зохигчид эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402.870 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Р.Өнөрсайханаас 402.870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Р.Өнөрсайхан нь Х.Жаргалсайханы нэхэмжлэлийн шаардлага 48.892.430 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс сар бүр 1.547.200 төгрөгөөр нийт 19 сарын хугацаанд 30.000.000 төгрөгийг төлж, үлдэх 18.892.430 төгрөгийг бөөнд нь төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402.870 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Р.Өнөрсайханаас 402.870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Жаргалсайханд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА