| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00690/И |
| Дугаар | 1578 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 1578
| 2017 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2017/01578 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 хороолол, Сөүлийн гудамжны 11/1 барилга, 6 давхарт байрлах, “Бизнес-Инвест Девелопмэнт ББСБ” ХХК /РД:5013348/
Хариуцагч: Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 3 дугаар хороолол 13а дугаар байр 90 тоотод оршин суух, 1957 онд төрсөн 60 настай, Хар тугчин овогт Сүхбаатарын Оюундулам /РД: ЧИ57022608/
Гэрээний үүрэг 43.817.890.67 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг, хариуцагч С.Оюундулам, өмгөөлөгч О.Одхүү /шүүхэд төлөөлөх эрх-0351/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Бизнес-Инвест Девелопмэнт ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн С.Оюундулам нь 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр №ЗГ0102150339 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж зээлийн барьцаанд Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 3 дугаар хороолол 90 тоот 29 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж 12 сарын хугацаатай 23.000.000 төгрөгийг сарын 4.5%-ийн хүүтэйгээр зээлсэн. С.Оюундуламаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор өнөөдрийг хүртэл хугацаанд нь биелүүлээгүй. Банк бус санхүүгийн байгууллагын зүгээс эвлэрэх саналыг тавьсан боловч өмгөөлөгчийн хамт ирж уулзаагүй. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсаны зардал 3.900.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ хэмжээгээр нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж байна. Хариуцагчийн хүүнд төлсөн 7.959.400 төгрөгийг хасаж тооцсон. Иймд хариуцагч С.Оюундуламаас үндсэн зээл 23.000.000 төгрөг, зээлийн хүү14.454.590 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.463.300 төгрөг нийт 39.917.890 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Оюундулам шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Бизнес-Инвест Девелопмэнт ББСБ” ХХК-иас 23.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэж авсан. 2016 оны 05 дугаар сар хүртэл хугацааны хүү 7.959.400 төгрөг төлсөн. Үүнээс хойш мөнгө төлөөгүй. Үндсэн зээл 23.000.000 төгрөгийг 6, 7, 8 сарын хүү, нэмэгдүүлсэн хүүний хамт 26.767.400 төгрөгийг төлнө гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Бизнес-Инвест Девелопмэнт ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч С.Оюундуламаас гэрээний үүрэгт 43.817.890.67 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 39.917.890 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч С.Оюундулам нь 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Бизнес-Инвест Девелопмэнт ББСБ” ХХК-иас 23.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 4.5 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд Баянгол дүүрэг 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол 13-а дугаар байр, 90 тоот 2 өрөө 29 мкв талбай бүхий орон сууцыг барьцаалсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, зээлийн өргөдөл, хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл, зээл болон барьцааны гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Зээлийн болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна .
Хариуцагч шүүх хуралдаанд үндсэн зээл 23.000.000 төгрөгийг 6, 7, 8 сарын хүү, нэмэгдүүлсэн хүүний хамт 26.767.400 төгрөгийг төлнө гэж тайлбарладаг боловч тэрээр зээлийн гэрээний 2.2-т заасан үндсэн зээл, зээлийг хүүг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн, 6.1-т зааснаар зээлийн хүүгээ төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүг нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхөөр гэрээгээр тохиролцсон тул хугацаа хэтрүүлсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч С.Оюундуламаас гэрээний үүрэгт 39. 917.890 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Бизнес-Инвест Девелопмэнт ББСБ” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 3 дугаар хороолол 13-а дугаар байр 90 тоот 2 өрөө 29 мкв талбай бүхий орон сууцаар хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлйин 453.1-д зааснаар хариуцагч С.Оюундуламаас 39.917.890 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Бизнес-Инвест Девелопмэнт ББСБ” ХХК-нд олгосугай.
2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар хариуцагч С.Оюундуламын өмчлөлийн Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 13-а дугаар байр, 90 тоот 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдахыг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398.894 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Оюундуламаас 357.539 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Бизнес-Инвест Девелопмэнт ББСБ” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА