| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00324/И |
| Дугаар | 1510 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 1510
| 2017 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2017/01510 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 40А-49 тоотод оршин суух, Боржигин овогт Батдоржийн Энхгэрэл /РД:ХА81092100/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 хороолол, Энэбиш гудамж, Москва рестораны урд байрлах, “Визард констракшн” ХХК /РД:5476003/
Орон сууцны талбайн зөрүү 3.150.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Энхгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Энхгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Энхгэрэл би Голомт банктай 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулан “Визард констракшн” ХХК-ийн Голомт банк дахь 1205026727 тоот дансанд 102,76 кв.м талбайтай орон сууцны нийт төлбөр 184.968.000 төгрөг, хоёр авто зогсоолын төлбөрт 40.000.000 төгрөгийг тус тус бэлнээр болон банкнаас шилжүүлсэн. Засгийн газрын хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлд хамрагдахаар материал бүрдүүлж “Голден моргон” ХХК-иар 2016 оны 03 дугаар сард талбайн хэмжилт хийлгэхэд 101.01 м.кв талбайтай болохыг тодорхойлж өгсөн. Анх худалдаж авахдаа 1.75 м.кв үнийг илүү төлсөн тул 1 м.кв талбайн үнэ болох 1.800.000 төгрөгөөр тооцоолж 3.150.000 төгрөгийг буцаан авах тухайгаа дэд захирал Д.Атарсайханд амаар, ерөнхий захирал Ф.Цогоод бичгээр хүсэлт гаргахад шийдвэрлэх боломжгүй хариуг утсаар хэлсэн. Иймд гэрээнд заасан талбайн хэмжээгээр тооцоолж илүү төлсөн 3.150.000 төгрөгийг “Визард констракшн” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Энхгэрэл шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Б.Энхгэрэл би “Визард констракшн” ХХК-иас талбайн зөрүү төлбөрт 3.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Визард констракшн” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 3.150.000 төгрөгийг, шинжээчийн зардалд миний төлсөн 188.383 төгрөгийн хамт бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Энхгэрэл нь хариуцагч “Визард констракшн” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү 3.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.Энхгэрэл нь хариуцагч “Визард констракшн” ХХК-тай харилцан эвлэрч тохиролцсон учир “Визард констракшн” ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны талбайн зөрүү 3.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тухай хүсэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь зохигчдын эрх ашиг болон хуульд харшлахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Энхгэрэл нь хариуцагч “Визард констракшн” ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны талбайн зөрүү 3.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65350 төгрөгийн 50 хувь болох 32675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 32675 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Энхгэрэлд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4. дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА