Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/106

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбекээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ургийн овогт Б-ын Б-д холбогдох эрүүгийн 2135000000111 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Х ургийн овогт Б-ын Б, 1982 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Орхон сумын хоёрдугаар багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, регистрийн дугаар: ..............

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутагт 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 82-65 СЭҮ улсын дугаартай автомашин жолоодож яваад эргүүлийн үүрэг буюу албан үүргээ биелүүлж явсан тус сумын хэсгийн төлөөлөгч С.Н-д хүч хэрэглэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд эрүүгийн 2135000000111 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:

Улсын яллагч: Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэлийг /хх-ийн 01 дүгээр хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн даргын тушаалын хуулбарыг /хх-ийн 10-15 дугаар хуудас/, хохирогч С.Н-гийн мэдүүлгийг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Б.Б-ий мэдүүлгийг /хх-ийн 36 дугаар хуудас/, гэрч Д.С-гийн мэдүүлгийг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, гэрч Д.Б-ийн мэдүүлгийг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хохирогч С.Н-гийн дахин өгсөн мэдүүлгийг /хх-ийн 24 дүгээр хуудас/, гэрч Б.Ц-ын мэдүүлгийг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагааг /хх-ийн 71 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг /хх-ийн 66-67 дугаар хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүгдэгчийн эхнэр Д.О-ы иргэний үнэмлэхийн хуулбар, шүүгдэгч Б.Б-ын хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагааг /хх-ийн 89-92 дугаар хуудас/ тус тус шинжлэн судалсан байна.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

- Хохирогч С.Н-гийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өгсөн “...2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед Малчин сумын хоёрдугаар баг Давааны ам гэх газар постод үүрэг гүйцэтгэж байсан Засаг даргын тамгын газрын дарга Ш.Баттулга гэх хүн утсаар яриад “саарал Икстрайл /Xtrail/ загварын автомашин бензин авах шалтгаанаар сумын төв рүү орчхоод айл руу орчихлоо, гарч ирэхгүй байна” гэж хэлсэн. Би тухайн үед цагдаагийн албаны хээрийн хувцастай эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байсан. ...Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй тул 82-65 СЭҮ улсын дугаартай автомашин хэсгийн байрны гадна ирээд хүмүүс машинаас буухаар нь жолоочид хандаад “та архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон байж болзошгүй байна, таны согтолтын зэргийг согтуурал шалгах багажаар шалгана” гэхэд “чи ер нь юу болчихсон юм, миний нутагт ингэдэг болчихсон юм уу, наашаа хувцсаа тайлаад гараад ир чамайг ална” гэж хэлсэн. Би тухайн хүнийг автомашинаа асаагаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод осол гаргачхаж магадгүй гэж бодоод тухайн автомашины зүүн урд талын хаалгаар ороод автомашины түлхүүрийг авахад “чи ер нь юу болчихсон юм, чи яахаараа миний автомашины түлхүүр авдаг юм. Би чамайг Малчин суманд дарлуулна, чи чаддаг юм бол хувцсаа тайлаад гараад ир ална шүү” гэж хэлсэн. Би “та цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүл” гэхэд Б.Б гэх жолооч шууд гүйж ирээд миний зүүн талын хацар, чамархайн хэсэгт нэг удаа гараа атгаад цохисон. Миний цагдаагийн дүрэмт хувцасны саравчтай малгай газарт унасан бөгөөд би малгайгаа аваад Б.Б над руу дайрахаар нь би түлхээд зайгаа барихад хамт явсан хүмүүс Б.Б-ыг салгаад авчихсан...” гэх мэдүүлэг[1],

- Гэрч Д.Б-ийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “...2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Малчин сумын хүн нь дугуйгаа авна гэхээр нь Б.Б нь машинтай Малчин сумын төв рүү орохоор болсон. ...Б.Б бензинээ авч дуусаад цагдаагийн хэсгийн гадна автомашинтай очсон бөгөөд цагдаагийн алба хаагч “та архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай автомашин жолоодож болохгүй, таныг шалгана” гээд автомашины түлхүүрийг машин дотроос сугалаад авчихсан. Тэр үед манай хүргэн Б.Б уурлаад цагдаагийн алба хаагчийн нүүрний хэсэгт нэг удаа гараараа алгадсан ба цагдаагийн алба хаагчийн малгай газар унасан. Цагдаагийн алба хаагч малгайгаа газраас аваад хоорондоо барьцалдахаар нь бид нар дундуур нь ороод салгаад авчихсан юм...” гэх мэдүүлэг[2],

- Гэрч Б.Б-ий 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өгсөн “ ...2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ойролцоогоор 11 цагийн орчимд байх цаг хугацааг тодорхой анзаарч хараагүй би ажилд гарах гээд тус аймгийн Малчин сумын төвд байрлах Засаг даргын тамгын газрын хашаан дотор байхад цагдаагийн хэсгийн хашааны урд талын хэсэгт хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч С.Н-г саарал өнгийн футболктой эрэгтэй хүн баруун талын хацрын орчимд гараараа цохиод хэсгийн төлөөлөгч С.Н гэх залуугийн малгай нь газар унаж байсан. Тэнд саарал футболктой залуутай хамт явсан хүмүүс нь түүнийг салгаж авч байсан...” гэх мэдүүлэг[3],

- Гэрч Д.С-гийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “ ...Б.Б бензинээ авч дуусаад цагдаагийн хэсгийн гадна автомашинтай очсон бөгөөд цагдаагийн алба хаагч та архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай автомашин жолоодож болохгүй таныг шалгана гээд автомашины түлхүүрийг машин дотроос сугалаад авчихсан. Тэр үед манай хүргэн Б.Б уурлаад цагдаагийн алба хаагчийн нүүрний хэсэгт 1 удаа гараараа алгадсан ба цагдаагийн алба хаагчийн малгай нь газар унасан. Цагдаагийн алба хаагч малгайгаа газраас аваад Б.Бтой барьцалдаад тэр хоёр автомашины түлхүүрээс болоод маргалдахаар нь Д.Батсүх ах бид хоёр дундуур нь ороод салгаад авчихсан юм...” гэх мэдүүлэг[4] зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Ниссэн икстрайл загварын 82-65 СЭҮ улсын дугаартай автомашин жолоодож явахад нь Увс аймаг дахь Цагдаагийн газрын Малчин сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч С.Н согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгуулах шаардлага тавихад нь эсэргүүцэж түүний хацар орчим газарт нь гараараа нэг удаа цохисон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж заасан ба Увс аймаг дахь Цагдаагийн газрын Малчин сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч С.Н нь хууль сахиулагч гэх ойлголтод хамаарна.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч Б.Б-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Энэ гэмт хэргийн улмаас нийтийн албаны ашиг сонирхол, хууль сахиулагчийн халдашгүй байдал зөрчигдсөн байна. Хохирогч С.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад гэмт хэргийн улмаас аймаг руу явахад зарцуулсан бензиний мөнгө 150’000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлыг Б.Б гэгч нь төлж барагдуулсан. Өөр надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн[5] байх тул гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хугацаагаар хорих ял оногдуулах” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...миний үйлчлүүлэгчийн ар гэрийн байдал, гачигдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг халдааж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Д.Оюуны “Б.Б зан байдлын хувьд илүү дутуу зангүй, төлөв даруухан зантай, эелдэг боловсон харилцаатай, хүмүүстэй зөв боловсон харилцдаг, ажилсаг, тусархуу, хэлэх үгээ шулуухан хэлчихдэг, илэн далангүй, нээлттэй, архи, согтууруулах ундаа хааяа хэрэглэдэг, тамхи татдаг, өөр ямар нэгэн муу зуршилгүй, гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй” гэх мэдүүлэг[6], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[7], Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар[8] зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь эхнэр, гурван хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Орхон сумын хоёрдугаар багт мал аж ахуй эрхэлж амьдардаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан бөгөөд энэхүү шүүхэд эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Шүүгдэгч Б.Б урьд нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдэж шүүхээс хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнссэн байх ба дахин нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг буюу хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн байна. Иймд шүүгдэгчийг нийгмийн дэг журмыг хүндэтгэн сахидаггүй, иргэний хувьд шударгаар Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлдэггүй зан суртахуунтай зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Б-д хорих ял оногдуулсан тул улсын яллагчийн саналыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б.Б-д 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.МӨНХЗАЯА

 

[1] хх-ийн 20-21 дүгээр хуудас

[2] хх-ийн 30-31 дүгээр хуудас

[3] хх-ийн 36 дугаар хуудас

[4] хх-ийн 33-34 дүгээр хуудас

[5] хх-ийн 24-25 дугаар хуудас

[6] хх-ийн 43-44 дүгээр хуудас

[7] хх-ийн 81 дүгээр хуудас

[8] хх-ийн 84-85 дугаар хуудас