Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 02

 

               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар /0134/

Шүүгдэгч Г.Батсайхан нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Боржигин овогт Гялбааны Батсайханд холбогдох эрүүгийн 201626020391 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                      Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1966 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Өнөр хороолол 19 дүгээр байр 111 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтайн хотхоны 16 дугаар байрны 3 дугаар орц 237 тоотод сууж байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй,

                      Урьд 1986 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хилийн ба ДЦ-ийн Дорнод аймгийн Чойбалсан хот дахь тусгай шүүхийн 06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 73 дугаар зүйлийн 73а, 198 дугаар зүйлийн 198а-д зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж 1990 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 125 дугаар магадлалаар 5 сар 4 хоногийн хорих ялаар тэнсэн суллагдсан,

                       1993 оны 01 дүгээр  сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн шүүхийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3, 134 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1995 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаа дуус суллагдсан,

                      2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн 125 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан “...эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон Боржигин овогт Гялбааны Батсайхан /РД:УУ66050614/.                         

                     

            Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд бичсэнээр:

Шүүгдэгч Г.Батсайхан нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоноос Нарны гүүр лүү нийлэх замын уулзвар дээр иргэн О.Хишигтогтохыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Батсайхан мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үдээс хойш эмнэлэг явахаар гэрээсээ гараад Алтай хотхон талаас Нарны гүүрний зам руу орох үед хар өнгийн жип машин ирээд сигналдаад орилж хашгираад доромжлоод байсан. Тэгээд уулзвар луу ороод яваад дахин зогсоход араас сигналдаад дахин хэл амаар доромжлоод байхаар нь би машинаасаа бууж очоод тэр эмэгтэйг нэг удаа нүүр лүү нь алгадаад явсан гэв.

           

            Гэрч Волфганг Петерс /Wolfgang Peters/ мэдүүлэхдээ: Би 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлынхаа эмэгтэй Хишигтогтохтой хамт 16 цагийн орчимд Хермис худалдааны төвийн хажуу талд байрлах Петровис шатахуун түгээх станцын автомашин угаалгын газар ажиллаж байгаад ажлын 30-36 гэсэн улсын дугаартай Рав 4 маркийн автомашиныг би бариад замын хөдөлгөөнд ороцож барс худалдааны төвийн хойд талын замаар яваад нарны гүүрээр урагш гүүр даваад явж байтал цагаан өнгийн тоёота Гранд марк 2 маркийн автомашин нь баруун талаас дохио өгөхгүйгээр огцом урдуур дарж орж ирсэн. Тэр үед би мөргөхгүйн тулд огцом тоормос гишгэж зогссон. Тэгтэл миний хажууд сууж явсан Хишигтогтох нь машины дуут дохион дээр 2-3 дарсан. Тухайн манай машины урдуур орсон гэх машин нь дотор нэг эрэгтэй сууж явсан. Тэгээд тэр эрэгтэй машиныхаа баруун талын урд хаалгаар бууж ирсэн. Тэр хүн нь ойролцоогоор 190 см өндөртэй, их том биетэй хүн байсан.

            Тэгээд манай машины баруун талаар Хишигтогтох руу ойртож ... машины хаалганы шилийг доош нь буулгаад цонхоор нүүрээ Хишигтогтох бага зэрэг гаргатал нөгөө эрэгтэй ямар нэгэн үг хэлэхгүйгээр шууд Хишигтогтохын нүүр лүү нь гараа атгаад 1 удаа зүүн нүд орчим нь цохисон. Тэгээд нэг үг хэлэхгүйгээр машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Бид нарыг мэдүүлэг өгч байхад нөгөө эрэгтэй цагдаа нарт баригдаад ирсэн. Хишигтогтох бид 2 архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй байсан. Бид 2 шууд цагдаагийн газар ирсэн. Тэр хүнийг хэл ам болон ямар нэгэн байдлаар доромжилсон зүйл байхгүй. Манай машины 2 хажуу талаар теньтэй, нөгөө машин бас теньтэй байсан. Тэр эрэгтэй машинаас бууж ирэх үед нь харсан тэрнээс өмнө нь хараагүй гэжээ. /хх 23-25 хуудас/

 

            Шинжээч Ц.Ганболд мэдүүлэхдээ: Дээрхи гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайн гэмтэл бэртэлийг атгасан гараар цохих нь илүү учруулна. Хамар ясны хугарал, хамар, доод зовхинд цус хуралт бүхий гэмтлийг гарын алганы ар хэсгээр цохих үед хэр их хүчтэйгээс шалтгаалж тухайн гэмтэл бэртэл үүсэх боломжтой гэжээ. /хх 103-104 хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1608 дугаар дүгнэлтэд: О.Хишигтогтохын биед хамрын ясны хугарал, хамар, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж дүгнэжээ. /хх 27 хуудас/

 

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41 хуудас/

            Шүүгдэгч Г.Батсайханы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 47,64-65 хуудас/

            Хохирогч О.Хишигтогтохын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 46 хуудас/

            36-51 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 53 хуудас/

            Хохирлын баримт /хх 53, 56 хуудас/

            Гэмтэл согог судлалын үндэсний төв, эмчийн үзлэг, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 57-58, 60-62 хуудас/

            Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх 75 хуудас/

            Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн шүүхийн 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаар таслан шийдвэрлэх тогтоол, Дорнод аймгийн Чойбалсан хот дахь тусгай шүүхийн 1986 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх 77-94, 99-101, 116-119/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. 

 

Шүүхийн дүгнэлт:

            Шүүгдэгч Г.Батсайхан нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоноос Нарны гүүр лүү нийлэх замын уулзвар дээр иргэн О.Хишигтогтохыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч О.Хишигтогтохын мэдүүлэг /хх 14-15/, гэрч Волфганг Петерс /Wolfgang Peters/ мэдүүлэг /хх 23-25/, шинжээч Ц.Ганболд мэдүүлэг /хх 103-104/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1608 дугаартай дүгнэлт /хх 27/, шүүгдэгч Г.Батсайханы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 47,64-65/, хохирогч О.Хишигтогтохын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 46/, 36-51 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 53/, хохирлын баримт /хх 53, 56/, Гэмтэл согог судлалын үндэсний төв, эмчийн үзлэг, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 57-58, 60-62/, Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх 75/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон тул шүүгдэгч Г.Батсайханыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Батсайхан үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч О.Хишигтогтох нь хамрын хугарал засах хагалгааны төлбөр 4,000,000 төгрөг /хх 53/ нэхэмжилсэн боловч уг баримт нь хуулбар, тамга тэмдэг нь харагдахгүйгээс гадна уг нэхэмжлэх баримтаас өөр эмчилгээ, хагалгаа хийлгэсэн гэх баримт хавтаст хэрэгт байхгүй байна.

 

Иймд хохирогчийн хамрын хагалгаа хийлгэх төлбөр гэх 4.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хохирогч О.Хишигтогтох дээрх нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хохирогч О.Хишигтогтохийн баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал болох 120,000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлэгт төлж барагдуулсан болохыг тус тус дурдлаа.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: “...хэргийн газрын схем зургийг шүүгдэгч бид хоёр зурж өгсөн боловч хавтаст хэрэгт авагдаагүй байна. Мөн гэрч Волфганг Петерс /Wolfgang Peters/-ийн мэдүүлэг солигдсон байна” гэх боловч дээрх асуудлууд нь нотлох баримтаар нотлогдохгүй байгаагаас гадна гэрч Волфганг Петерс /Wolfgang Peters/ нь нас барсан талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул ач холбогдолгүй гэж үзэв.

 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д шүүгдэгч Г.Батсайханы өмнө холбогдсон гэмт хэргийн ялтай байдал хамаарч ялгүй болсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Батсайхан нь анх удаа үйлдсэн хүндэвтэр гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бага, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Боржигин овогт Гялбааны Батсайханыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Боржигин овогт Гялбааны Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 /гурав/ жил, 01 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй. 

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батсайханд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт хавсаргаж эд мөрийн баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Батсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 120,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан зэргийг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч О.Хишигтогтохын нэхэмжилсэн 4.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, дээрх нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Г.Батсайханд оногдуулсан 3 жил 01 сарын хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Батсайханы батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ