Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 613

 

  Э.Э-д холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогч А.Х, иргэний нэхэмжлэгч А.Ж, нарын өмгөөлөгч Ш.Аманкелд,

иргэний хариуцагч Ц.Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 708 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч Ц.Н-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Э-д холбогдох 1803000010103 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х Б овгийн Э-н Э, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, усны менежер мэргэжилтэй, .......-ийн ........ сургуулийн оройн ангид суралцдаг, ам бүл 4, эх, дүү нарын хамт .............. дүүргийн ............ дугаар хороо, .... дугаар хорооллын .... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............../;

Э.Э нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 07 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Хөдөө аж ахуйн яамны урд замд “Тоёота приус” загварын, 51-77 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч А.Х, А.Ж, нарыг мөргөж, А.Ж-ний эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.Х-ний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Э.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Э-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолохыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хасагт зааснаар иргэний хариуцагч Ц.Н-с 1.298.093 төгрөгийг гаргуулж, А.Х-д, 480.250 төгрөг гаргуулж А.Ж-д тус тус олгож, хохирогч А.Х нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Иргэний хариуцагч Ц.Н давж заалдах гомдолдоо: “…Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 708 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

  1. Шийтгэх тогтоол дээрх илэрхий алдаа

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна” гэж заасан. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт “Шинжээч Б.Ундармаа шүүхийн хэлэлцүүлэгт оролцож, А.Х-ний өвчний түүхээс нэгдүгээр хуудас оно гэсэн хэсгээс оросоор бичигдсэн хэсгийг оросоор уншиж орчуулан өөрийн дүгнэлтийг тайлбарлаж, няцарсан гэх үг нь байгааг уншсан болно” гээд тархи няцарсан хүнд гэмтэл гэж үзэн тогтоолоо гаргажээ.

            Ямар Орос үгийг ямар зэргийн орчуулагч оролцоод “тархины няцрал” гэж орчуулсан нь үнэн зөв гэдгийг шүүх яаж үнэлсэн байх вэ, хэргийн оролцогч бүгд “тархины няцрал” гэсэн үг өвчний түүхэнд байхгүйг бид мэднэ. Гэтэл шинжээч ямар нэгэн орос үгийг тархины няцрал гэж худлаа уншсанаар шүүхийн шийдвэр гарсан.

Б.Ундармаагийн дүгнэлтэд 3.1.2-т зааснаар нүүрний ясны хугарал хүнд гэмтэл гэж дүгнэлт гарсан. Гэмтлийн зэрэг тогтоох журамд нүүрний ясны хугарал хүнд гэмтэлд хамаарахгүй гэсэн. Одончимэг, Болороо, Нандинцэцэг нарын дүгнэлтэд “тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн тархины эдийн няцрал... зүүн шилбэ, өвдөгний зөөлөн эдийн няцрал...” гэсэн үг огт байхгүй болно. Гэтэл шүүхийн тогтоолд дээрх дүгнэлтийг Одончимэг, Болороо, Нандинцэцэг нар гаргасан болгож худлаа бичжээ.

Шүүх Б.Ундармаагийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 451 дүгээр дүгнэлтэд “зүүн шилбэ, өвдөгний зөөлөн эдийн няцрал” гэсэн үг огт байхгүй байхад тогтоолын 8 дугаар хуудасны дээрээсээ 4 дэх мөрөнд бичигдсэн байна. Шүүгч дүгнэлтийг худлаа хуулж бичжээ.

Шийтгэх тогтоолын 9 дүгээр хуудасны дээрээсээ 10 дахь мөрөнд “Цаашид тархины гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт гаргажээ” гэж худлаа бичсэн. Б.Ундармаагийн дүгнэлтэд “цаашид тархины гэмтэл” гэсэн үг огт байхгүй байхад шүүх зориуд ингэж худал бичжээ. Дээрх гурван алдааг зөвхөн шийтгэх тогтоолоос олж харсан болно.

2. Шинжээч эмч нарын бие биенээ хамгаалсан илэрхий зөрчил.

Ундармаа нь А.Х-нийг 3 минут үзсэн ба ингэхдээ толгой, цээжийг нүдээр үзсэн, хөлийг нь огт үзээгүй. Ингээд Ундармаа нь өвчний түүхээс дүгнэлтээ гаргасан гэдэг. Б.Ундармаа нь дүгнэх хэсэгтээ “гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хүнд гэмтэл” гэсэн байдаг. 3.1.2-т нүүрний ясны хугарал хүнд гэмтэлд орохгүй гэж бичсээр байтал авлига авсан эмч хүндэвтэр гэмтлийг хүнд гэмтэл гэж худал дүгнэсэн. Гурван эмч Ундармаа эмчийн дүгнэлт зөв гарсан гэж дүгнэсэн. Таван эмч дүгнэлт гаргахдаа өвчний түүх, Ундармаагийн дүгнэлт, гурван эмчийн дүгнэлтэд огт байхгүй тархины бөмбөлгийн няцрал, шилбэ, өвдөгний няцрал, зөөлөн эдийн няцрал гээд баахан олон няцрал гэсэн үг бичээд дүгнэлтээ гаргасан боловч нөгөө алдартай 3.1.2 гэсэн үг огт байхгүй харин тархины няцралаар хүнд гэмтэл тооцсон мэтээр дүгнэжээ. Анх шүүх эмнэлгээс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шинжээч эмчээр Цэцэгмаа гэдэг хүнийг томилсон байдаг. Ундармаа нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ирж үзэхдээ Цэцэгмаа эмч өөр ажилтай учир оронд нь би үзэж байна гэж хэлээд үзсэн ба тэр хүнд томилолт байгаагүй. Бид Б.Ундармаа эмчийг “өвчний түүхэнд огт байхгүй үгийг өвчний түүхэнд бичигдсэн мэтээр худлаа дүгнэлт гаргасан” гэж цагдаад гомдол гаргаж өгсөн ба одоо болтол хариу ирүүлээгүй байна. Ундармааг аврахын тулд цагаандаа гарч өвчний түүх, онош, Ундармаагийн дүгнэлтэд огт байхгүй өвчин онош тогтоогоод түүнийгээ материалаар гаргасан дүгнэлт гэдэг. Тархины томографийн зургийг бид уншуулах гээд нэхэхэд өгдөггүй, хавтаст хэрэгт хийдэггүй, зөвхөн зураг уншсан хүний дүгнэлт нь явдаг. Зураггүй дүгнэлт нотлох баримт биш.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй учир шүүгчийн Б.Ундармаагаар орчуулуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хүнд гэмтэл гэж 3.1.2-т зааснаар нүүрний ясны хугарлыг хэлээд байна уу, эсвэл 3.1.3-т заасан тархины няцралын улмаас хүнд гэмтэл учирсан эсэхийг нэг мөр тогтоолгох шаардлагатай байна. Мөн тархины няцрал үүсэхэд 90 хувьд нь комд ордог ба доод тал нь сараас дээш хугацаагаар хэвтэж эмчлэгддэг. Учир нь няцрал гэдэг нь бүтцийн өөрчлөлт, нягтаршил гэдэг нь даралтын өөрчлөлт юм. Бодит байдал дээр 3.1.2, 3.1.3-т заагдсан гэмтэлд огт хамаарахгүй гэдэг нь шүүх хурал дээр тогтоогдоод байхад орос үгээр уншаад өөрөө тархины няцрал гэж хэлээд шүүх шийдвэрээ гаргасан нь ноцтой зөрчил юм.

            А.Х нь Баян-Өлгийд байгаа хүнд үнэтэй эм авч өгчихөөд тэр баримтаар шүүхэд мөнгө нэхсэн баримтыг бид тогтоогоод цагдаад өгсөн ба энэ хэрэг одоо эрүүгийн хэрэг үүсгэгдэж байгаа.

            Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, “гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-ын алинд нь хамаарах”, аль алинд нь хамаарахгүй бол хөнгөн хүндэвтэр гэмтлийн аль зэрэгт хамаарах болохыг тогтоолгохоор шийдвэрлэж өгнө үү.

            Жич: А.Х-ний тайлбарт Э.Э мөнгө өгдөггүй, найз нь надад мөнгө өгсөн сайн хүн гэсэн утгатай үг бичжээ. Тэр найз нь их нарийн харамч хүн байж өөрөө сайн дураараа хандив өгсөн гэдэг машиныг Э.Э биш харин тэр мөнгө өгсөн гэдэг хүн барьж явсан байж магадгүйг анхаарна уу.

Шүүх хуралдаанд дээр шүүгч, шинжээч эмчээс тархины няцрал гэж хаана байгааг асуухад шинжээч эмч Ундармаа “Компьютер томографийн зурган дээрх нягтрал гэдгийг урьд нь байгаа тоо нь тархины няцралын томьёо юм” гэж үзэн шийтгэх тогтоолоо гаргасан. Д.Гончигсүрэн, Д.Мөнхбаатарын бичсэн “Родиологийн үндэс”, В.Ичинхорлоогийн “Мэс заслын цочмог өвчнүүд”, Н.Даш, Г.Дэжид нарын бичсэн “Гэмтэл согогийн өвчин” гэх номд бичигдсэн шинж тэмдгийг үндэслэн энэ гомдлыг нэмж гаргалаа.

1. Шинжээч эмч Ундармаа шүүхэд “Компьютер томографийн зурган дээрх нягтрал гэдгийг урьд нь байгаа тоо нь тархины няцралын томьёо юм” гэсэн нь худал байна.

“Родиологийн үндэс” номын 12 дугаар хуудсанд “КТ-д усны шингээлтийн коэфицэнтийг О гэж үздэг ба эд бүхэн өөрийн гэсэн харьцангуй нягтын утгатай байдаг.

КТ-д бичигдсэн тэр тоо нь усны шингээлтийн коэфицэнт байх байтал шинжээч эмч Ундармаа “Тархины няцралын томьёо” гэж шүүхэд хэлсэн нь шүүхэд худал гэрчилсэн асуудал юм.

2. “Мэс заслын цочмог өвчнүүд” номын 16-17 дугаар хуудсанд тархины няралын бүх шинжийг бичжээ. Хөнгөн хэлбэр- Заавал ухаан алдана. Тархины бүрхүүлд цусан харвалт үүснэ. Дунд хэлбэр- Комд орно, удаан хугацаагаар ухаан алдана. Хүнд хэлбэр- Ухаангүй, бүрэн комд байна. Бүр хэлбэрт заавал уршигт үлдэц үүснэ гэжээ. Гэтэл А.Х огт ухаан алдаагүй, тархины цус харвалт байхгүй байгаа нь огт тархины няцрал үүсээгүйг гэрчилнэ.

     3. “Гэмтэл согогийн өвчин” номын 199 дүгээр хуудсанд “Тархи няцрах” хаягийг дор тархины няцралын талаар тодорхой бичжээ. Номд бичсэнээр: Хөнгөн хэлбэр- 1-2 цагаар ухаан алдана, Хүндэвтэр- няцрал нэлээд хэдэн цагаар ухаан алдана, Хүнд хэлбэрт- хэд хоногоор комд байна. Эдгээр шинж нь “тархины няцрал” гэдэг оношны цаана заавал байх ёстой шинж тэмдэг байтал ухаан алдаагүй 6 хоноод эрүүл болоод гэмтлийн эмнэлгээс гарсан А.Х гэдэг хүн яаж хүнд гэмтэлд хамаарах болж байна.

   Тархины няцрал гэсэн дүгнэлт бүхий А.Х-ний хувьд дээрх номуудад худлаа бичээгүй л бол 1 эмч, 3 эмч, 5 эмч үзсэн гээд байлгүй дээрх шинж тэмдгээр огт ухаан алдаагүй, 6 хоноод эдгээд гарсан хүнд тархины няцрал гэж онош тавьсан 9 ширхэг эмч эцсийн эцэст хуулийн хариуцлага хүлээх ёстой. Эмч нар магадгүй нүүрний 3 яс буюу дух, хацрын яс нь хөндийтэй, эрүүний яс тархинд үл хамаарах учир нүүрний яснуудын хугарал хүнд гэмтэлд хамаарахгүй тархины яснаас зөвхөн “цөмөрсөн” хугарал хүнд гэмтэлд хамардаг байна.

   Дээрх байдлаар 1,3,5 эмчийн дүгнэлт гэдэг нь зөвхөн Шүүх шинжилгээний үндэсний төвийн эмч нарын бие биенийгээ хамгаалсан байдлаар гардаг дүгнэлт ба 7,9 эмчийн дүгнэлтэд гаднаас өөр байгууллагад ажилладаг доктор, профессорууд оролцдог учир шинжлэх ухаанаар тогтоогдсон үйлдлийн эсрэг санаанаасаа дүгнэлт гаргахгүй юм.

  Энэ бүхнээс гадна хамгийн эмгэнэлтэй нь шүүгч Мөнхтуяа шүүхийн шийтгэх тогтоол гаргахдаа 1 жил 3 сараар шийтгэсэн ба тогтоол гарснаас хойш 2 удаа бичлэг үзсэн. Улсын Ерөнхий прокурорын газраас 1 удаа бичлэг үзсэн. Шинжээч эмчийг “илт худал дүгнэлт гаргасан” гэдгээр гомдол гаргасан, хуурч баримтаар шунахай сэдлээр мөнгө нэхэмжилсэн А.Х-д холбогдуулан гомдол гаргасан прокурор ёс зүй зөрчсөн үндэслэлээр гомдол гаргасан.

  Дээрх байдлаас болоод одоо шүүгч Мөнхтуяа нь эрүүгийн хэргийн хариуцагчид хавтаст хэргийг танилцуулж болохгүй хуультай гээд шинээр процессийн хуулийн заалт гаргаад иргэний хариуцагч Ц.Н-т танилцуулахаа больсон байгаа зэрэгт эмзэглэж “эргэлзээтэй баримтыг үнэлсэн” гэдгийгээ ухамсарлаж 1 жил 3 сар гэсэн шийтгэх тогтоолоо 1 жил гэж бичээд гаргасан байна.

    Э.Э гэмт хэрэг үйлдсэн байж болно. Ял оногдуулах ёстой бол хуулийн дагуу ял оногдуулах ёстой. Хүндэвтэр гэмтлийн ялын дээд хэмжээ нь 3 сар байтал шүүх 1 жил 3 сар ч гэдэг юм уу, 1 жил ч гэдэг юм уу, ял өгч байгаа үйлдэл нь тухайн шийтгэгдэж байгаа хүнийг 9 сараас 1 жилийн хугацаагаар хилсээр хохироож байгаа гэж үзнэ.

            Энэ хуульд заагдсанаар илүү эдэлж байгаа ял нь 9 ширхэг шинжээч эмч, эргэлзээтэй дүгнэлтийг үл хайхарсан прокурор, шүүгч нараас иргэдэд учруулж байгаа бодит хохирол гэж болно. Дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг 1 жил 3 сар ч гэх юм уу, 1 жил ч гэж үзэх юм уу энэ нь өөрөө ойлгомжгүй, тархины няцралтай хүн 6 хоног эмчлэгдээд эрүүл болоод гарсан ч гэдэг юм уу ойлгогдохгүй зүйлүүд үүсээд байгаа ч гэсэн дараах байдлаар залруулж болно.

  1. Шүүгдэгч Э.Э бусдыг гэмтээсэн үү гэвэл гэмтээсэн. Буруутай юу гэвэл

Буруутай. Тэгэхээр хүндэвтэр гэмтлийн доод хэмжээ 1 сар, дээд хэмжээ 3 сарын дундаж байдлаар шийтгүүлэх боломжтой. Учир нь хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

  1. Гэм хорын хохирлын тухайд хохирогч нь хуурамч баримтыг нотлох баримтаар

өгсөн үйлдлийг нь шалгаж үзээд Цагдаагийн газарт гомдол гаргаж шалгуулж байгаа учир гэм хорын асуудлыг нэхэмжлэгч тал үнэн зөв баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйгээр шийдэж болно.

Иймд дээрх 2 хүсэлтийн дагуу шийдвэрлэвэл дахин мөрдөн байцаалтад буцааж, дахин шинжээч томилогдож бидний гаргасан гомдлын дагуу прокурор, шинжээч эмч, А.Х нарын асуудлыг шийдэж дуустал хэргийг хүлээлгэж түдгэлзүүлэхгүй хаа хаанаа амар болох учир ялын хэмжээг 1 сар 15 хоногоор баривчлах ял болгож, иргэний нэхэмжлэлийг жич иргэний шүүхээр хохирлоо гаргуулах байдлаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Иргэний хариуцагч Ц.Н-н төлөөлөгч А.Эрдэнэбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдааны явцад “няцрал”-ын тухай яригдаж байсан болох нь тэмдэглэлээс харагддаг. Гэтэл “няцрал” гэдгийг шинжээч эмч “цус хурсан бол түүнийг няцрал гэнэ, анагаах ухааны хэллэгээр ингэж нэрлэдэг, эдгээр хүмүүс ойлгохгүй байна” гэж тайлбарласан. Шүүхэд өгсөн номуудыг би номын зах дээрээс худалдаж авсан. “Мэс заслын цочмог өвчнүүд”, “Гэмтэл согогийн өвчин” гэсэн энэ хоёр ном Шүүх шинжилгээний эмч нарын гарын авлага болдог хоёрхон ном. Энэ номуудад нягтаршил гэж юу юм, нягтрал гэж юу вэ гэдгийг үзэхэд тархины няцрал өөрөө бие даасан эмгэг өөрчлөлттэй өвчин байна. Няцрал өвчтэй тохиолдолд хүн хамгийн доод тал нь 1 сар түүнээс дээш сар хэвтэн эмчлүүлдэг, комд ордог. Тархины няцралтай холбоотой өвчтөнд эмчилгээ хийдэг Гуравдугаар эмнэлэгт харвалтын төв гэж байдаг. Харвалтын төвөөс тэтгэвэрт гарсан Ариунаа гэж эмчтэй уулзахад “комд орохгүй, ухаан алдахгүй тархины няцрал гэж хаана ч байхгүй” гэж хэлсэн. Үүнээс болж хохирлын талаар асуудал үүсч, хүнд гэмтэлтэй хүнд уршиг, үлдэц их байдаг учраас удаа дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх асуудал гардаг.

Шүүгдэгч Э.Э-н хувьд хүндэвтэр гэмтэл учруулсан бол дээд тал нь 3 сарын баривчлах ялтай, хүнд гэмтэл учруулсан бол 2 жилийн хорих ялын санкцитай. Тэгэхээр энэ олон сарын хооронд зөрүү байгаа ба магадлангаар гарах асуудал үүсэх учраас эдгээр номыг судалсан. Мөн хохирсон гэдэг нэрийн дор шунахай сэдэл байж болохгүй. Хавтаст хэрэгт авагдсан 100.000 төгрөгийн үнэтэй эм авсан баримт байдаг. Нэгэнт иргэний хариуцагч Ц.Н энэ асуудлыг шалгаж эмийн сангаас үнийг нь тодруулж, утасны дугаарыг авч, уулзахад “хоёр казак залуу үүгээр эргэлдэж байгаад Баян-Өлгий аймаг руу явуулах гэсэн юм яаралтай хэрэг болж байна гэж гуйгаад авсан. Уг нь эмчийн жороор олгодог. Тэгээд эмчийн жоргүй олгосон” гэсэн. Нэг нь арай өндөр үнэтэй авсан, нэгийг нь арай бага үнэтэй баримтгүй авсан байсан. Шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгвөл хариуцлага хүлээх ёстой. Шинжээч эмч хэрэгт хэн ч гомдол гаргаагүй гэсэн байдлаар нэг нь нэгийгээ өмгөөлж, зохисгүй үйлдэл гаргасан. Гэмтлийн хүнд, хүндэвтэр гэдгийг шинжээчийн дүгнэлтээр шийдвэрлэж байгаа. Анхны шинжээчийн дүгнэлтийг өвчний түүхэнд ийм олон үг бичдэг түүх байхгүй, 400 үг бичсэн байна. Энэ нь санаанаасаа зохиож гомдол бичсэн байна гэсэн. Дараагийн шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргахдаа “няцрал” гэдэг дээр гомдол гаргасан. Хоёр гэмтлийн зэргийг харгалзан үзэж шүүх ял оногдуулж, ялыг хөнгөрүүлж болно. Хүндэвтэр гэмтэл учруулсан бол ялын дээд хэмжээ 3 сар, доод хэмжээ нь 1 сар байдаг юм байна. Тийм учраас хүнд, хүндэвтэр хоёрын дундуур ял оногдуулж болно эсхүл тэнсэн харгалзах байдлаар хэргийг шийдвэрлэж болно... Нөгөө талаар 2015 оны Эрүүгийн хуульд “хохирол төлөхөө илэрхийлсэн” бол хохирол төлбөр барагдуулсантай адилтгаж үзэхээр хуульчилсан... Иргэний хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж өгнө үү...” гэв.

Хохирогч А.Х, иргэний нэхэмжлэгч А.Ж, нарын өмгөөлөгч Ш.Аманкелд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч А.Х, иргэний нэхэмжлэгч А.Ж, нар шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар  тайлбар гаргасан.

Иргэний хариуцагчийн давж заалдах гомдлын утга нь бүхэлдээ шинжээчийн дүгнэлт, гэмтлийн зэрэгтэй холбоотой байна. Давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэр бүхий этгээдүүдэд давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрх олгогдсон байдаг. Харин иргэний хариуцагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “иргэний нэхэмжлэгч.. нь шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй” гэж зааснаар давж заалдах гомдол гаргах эрхийг олгосон. Дээрхээс үзэхэд иргэний хариуцагчийн гаргаж байгаа давж заалдах гомдлыг эрх бүхий этгээдийн гаргасан гомдол гэж үзэх боломжгүй. Иймд иргэний хариуцагч Ц.Н нь давж заалдах гомдол гаргах этгээд биш гэдэг үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... Шүүгдэгч Э.Э, иргэний хариуцагч Ц.Н нар шинжээч эмч Ундармаагийн гаргасан дүгнэлтийг эс зөвшөөрч удаа дараа гомдол гаргасан... Шинжээчийн дүгнэлтүүдээр гэмтлийн зэрэг хангалттай тогтоогдсон ба маргаан байхгүй. Иймд анхан шатны шүүхээс Э.Э-д оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Э.Э нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 07 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Хөдөө аж ахуйн яамны урд замд “Тоёота приус” загварын, 51-77 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч А.Х, А.Ж, нарыг мөргөж, А.Ж-ний эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.Х-ний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

А.Х /хх 1-н 28-30/, иргэний нэхэмжлэгч А.Ж, /хх 1-н 73-74/, иргэний хариуцагч Ц.Н /хх 1-н 92/, гэрч Б.Өлзийбат /хх 1-н 94-95/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...А.Ж-ний биед бүсэлхий болон зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 450 дугаартай дүгнэлт /хх 1-н 99/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...А.Х-ий биед дух ясны хөндий болон зүүн  нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман далд хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн тархины эдийн няцрал, тархины хаван, хамар ясны цөмөрсөн далд хугарал, духны зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язрал, цус хуралт, 2 шүдний сулрал, зүүн шилбэ, өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дух ясны духны хөндий болон зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман далд хугарал гэмтэл нь... учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 451 дугаартай дүгнэлт /хх 1-н 102-103/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчдийн “...Шинжээч эмч Б.Ундармаагийн №451 дугаартай дүгнэлт үндэслэлтэй ба дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдээс өөр шинээр үүсгэгдсэн гэмтэл тогтоогдсонгүй. А.Х-ний биед дух яс, духны хөндий болон зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман далд хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн тархины эдийн няцрал, тархины хаван, хамар ясны цөмөрсөн далд хугарал, духны зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язрал, цус хуралт, 2 шүдний сулрал, зүүн шилбэ, өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх дух ясны зүүн талаас духны хөндий болон зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 218 дугаартай дүгнэлт /хх 1-н 120/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчдийн “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №451, материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №218 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна... А.Х-ний биед учирсан... дух яс, духны хөндий болон зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн эдийн няцрал гэмтэл нь 3.1.2-т зааснаар... хүнд зэрэгт хамаарна...” гэсэн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 583 дугаартай дүгнэлт /хх 1-н 231-233/,

Техникийн шинжээчийн “...”Тоёота приус” загварын, 51-77 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 13 “Явган хүний гарц нэвтрэх”, 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч А.Х, А.Ж, нар нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй...” гэсэн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 93 дугаартай дүгнэлт /хх 1-н 113/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх 1-н 8-12/, ослын талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 24-26/, компьютер томографийн шинжилгээний дүгнэлт /хх 1-н 124/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхийн хуулбар /хх 1-н 125-131/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Э.Э-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.   

Прокуророос Э.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн ба анхан шатны шүүх Э.Э-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирчээ.

Иргэний хариуцагч Ц.Н-с “...“Тархины няцрал” гэсэн үгийг өвчний түүхэнд бичигдсэн мэт худал бичсэн ба 3.1.2-т нүүрний ясны хугарал хүнд гэмтэлд орохгүй гэж бичсээр байтал хүндэвтэр гэмтлийг хүнд гэмтэл гэж худал дүгнэсэн. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, “гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-ын алинд нь хамаарах”, аль алинд нь хамаарахгүй бол хөнгөн, хүндэвтэр гэмтлийн аль зэрэгт хамаарах болохыг тогтоож өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна. 

Гэмтлийн зэрэг тогтоох журмыг Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар баталсан ба уг тушаалын нэгдүгээр хавсралтын 3.1.2-д “гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал Үүнд: гавлын орой (дух, зулай яс), чамархай, дагз ба суурь яс (өмнө, дунд, ар хонхор, эрвээхэй яс)-ны хугарал, заадсын салалт хамаарах...” бол гэмтлийн хүнд зэрэгт тооцохоор тусгажээ.

Хэрэгт авагдсан Гэмтэл согог судлалын Компьютер томографийн шинжилгээний /хх 1-н 124/ “А.Х-ний толгойны томограммуудад духны зүүн талаас духны хөндий, зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугаралтай...” гэсэн эмнэл зүйн оношийг үндэслэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №451, материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №218, 583 дугаартай дүгнэлтүүд гарчээ. Дээрх баримтуудаас үзэхэд хохирогч А.Х-ний биед учирсан гэмтэл нь “хүнд зэрэг”-т хамаарахаар байна.

Иймд Э.Э-д холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул иргэний хариуцагч Ц.Н-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.