Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 118/ШШ2019/0014

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С.Дэ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох

******* сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Санхүүгийн албаны даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, 2019 оны 01 дүгээр сараас эхлэн цалин нэмэгдсэн болон шинэчилсэн цалин тогтоомжоор төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 20%-г, төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдлийг хуулийн хүрээнд үр дүнгийн гэрээнд заасны дагуу Дэс түшмэлийн дэд зэргийн нэмэгдэл 18%, нийт 6.129.735 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нөхөн тооцуулах, ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж болох 1.958.369 төгрөгийг гаргуулах, Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Дэ-,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.*******, Э.*******,

хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.*******,

хариуцагчийн өмгөөлөгч Э.,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Дэ- нь Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/11 дүгээр хууль бус тушаалаар ажлаас халагдсан. Уг тушаалын үндэслэл хэсэгт 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн гаргасан нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нөхөн тооцуулах, ажилгүйдлийн тэтгэмж 1.958.369 төгрөг гаргуулах, Ёс зүйн хорооны дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч нь ёс зүйн хорооны дүгнэлт гээд байгаа нь миний хувьд Төсвийн тухай хууль, Төрийн сангийн үйл ажиллагааны журам, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Орон нутгийн хөгжлийн сангийн заавар журам, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, Төрийн аудитын газрын албан шаардлага, Санхүүгийн хяналтын дүгнэлт зөвлөмж, Санхүүгийн албаны даргын ажлын чиг үүргийн хүрээнд хийж хэрэгжүүүлэх гэсэн ажил байтал нэг талыг баримтлан шийдвэрлэсэн байгаа. Санхүүгийн албаны дарга буюу сумын төсвийн ерөнхий нягтлан бодогч гэсэн миний албан тушаалд чөлөөлөх, томилохдоо Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалтын дагуу аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчтай зөвшилцөн томилох, чөлөөлөх ёстой байтал зөвхөн Ёс зүйн хороо нь Засаг дарга болон шууд удирдлагад нь байдаг орлогч дарга, байгууллагын дарга удирдлага, нягтлан бодогч, нярав нарын хамт өгсөн өргөдөл, мэдүүлгийг хүлээн авч ажлаас халах үндэслэл болгосон байгаа. Мөн Тамгын газрын дарга нь үр дүнгийн гэрээ дүгнүүлэх үүргээ биелүүлээгүй гэсэн нь цаг хугацааны тухайд өөрөө байхгүй байсан, цаг үеийн ажил ихтэй байсан, жилийн эцсийн ажил дуусгавар болоогүй байсан учир эдгээр нь хуульд нийцээгүй ажлаас халах үндэслэл болохгүй байна. Засаг даргын Тамгын газрын дарга нь ажлаас халахдаа тушаалаа буруу, үндэслэлгүй гаргасан учир ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж болох 1.958.369 төгрөгийг дарга Г.*******оос гаргуулж өгөх гэжээ. Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие Г.******* хариуцагчтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Үүнд: 2019 оны 01 дүгээр сараас эхлэн цалин нэмэгдсэн болон шинэчилсэн цалин тогтоомжоор төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 20%-г, төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдлийг хуулийн хүрээнд үр дүнгийн гэрээнд заасны дагуу Дэс түшмэлийн дэд зэргийн нэмэгдэл 18% -г тус тус авах ёстойг ажилгүй байгаа хугацаандаа нөхөн тооцуулах хүсэлт гаргаж байна. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/11 дүгээр ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, мөн 2019 оны 1-5 дугаар сарын цалин 5.460.150 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажилласан цалин 669.630 төгрөг, нийт 6.129.735 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд ажил олгогчоос 766.216 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 1.958.369 төгрөг гаргуулах, Санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, Ёсзүйн хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Завхан аймгийн ******* сумын Санхүүгийн албаны дарга буюу Ерөнхий нягтлан бодогч С.Дэ-ийг ажлаас чөлөөлөхдөө Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчтай зөвшилцөх ёстой байсан боловч энэ журмыг зөрчиж зөвшилцөхгүйгээр ажлаас нь чөлөөлсөн байдаг. Хариуцагч энэ талаараа шүүхэд 3/69 дугаартай албан бичгээр хариу тайлбар гаргасан байдаг. Энэ хариу тайлбартаа 1999 оны Төрийн албаны тухай хуулиар төрийн албанаас чөлөөлөх, халах асуудлыг тус тусдаа эрх зүйн үр дагавартай. С.Дэ-ийг ажлаас нь чөлөөлөөгүй, харин ажлаас халсан гэсэн тайлбар гаргасан байдаг. Б/11 дугаар тушаал гаргах үед буюу 2018 оны 12 сарын 28-нд 2002 оны 06 дугаар сарын 28-нд батлагдсан Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болно гэж заасан. Тэгэхээр маргаж байгаа Б/11 дүгээр тушаал нь 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг үндэслэж С.Дэ-д сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр байгаа. Иймээс Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалтыг зөрчиж гаргасан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/11 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хариуцагчийн тус хариу тайлбарт 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/11 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал эрх зүйн үр дагаваргүй болсон гэсэн байдаг. Захиргааны акт эрх зүйн үр дагаваргүй болох гэдэг заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар Илт хууль бус захиргааны акт эрх зүйн үйлчлэлгүй байна гэж хууль тогтоогчоос тодорхойлсон байдаг. Эндээс үзэхэд хариуцагч байгууллага Б/11 дүгээр тушаалаа илт хууль бус болохыг нь өөрсдөө хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. С.Дэ-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр болон 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрүүдэд тушаал гаргаж сахилгын шийтгэл ногдуулсан, халсан байдаг. Эдгээр тушаалуудыг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Учир нь С.Дэ-ийг ажлаас халах болсон шалтгаанаа тушаалдаа заахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5 дахь заалтууд, мөн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтуудыг үндэслэн тушаал гаргаж ажлаас нь халсан байдаг. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5 дахь заалтуудыг баримталсан нь тухайн үйл явдал, үйл баримтыг заасан заалт байгаа. Энэ үйл баримтуудыг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд бүрэн дүүрэн тогтоож чадаагүй байдаг. Тийм учраас хууль зүйн үндэслэлгүй тушаал байна гэж үзэх эрх зүйн үндэслэл нь болж байгаа юм өөр тайлбар байхгүй гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.Дэ- нь ******* сумын Санхүүгийн албаны даргаар сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар томилогдсон. Томилогдон ажиллаж байх хугацаандаа төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд ёс зүйн зөрчил, төрийн мөнгийг хувьдаа завшсан үйлдлүүд гаргаж байсан нь Завхан аймгийн санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн актаар тогтоогдож байсан. Гэсэн ч түүнийг албан тушаалд нь ажиллуулсаар байсан ч 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн хорооноос С.Дэ-д холбогдуулан гаргасан нэр бүхий иргэдийн гомдлыг шалгахад тэрээр ёс зүйн зөрчил гаргасан болох нь Ёс зүйн хорооны шалгалтын дүнд тогтоогдсон талаар дүгнэлт ирүүлсэн. Ёс зүйн хорооны энэхүү дүгнэлтийн талаар С.Дэ- нь гомдол гаргаагүй. Мөн Засаг даргын Тамгын газрын бүх ажилтнуудын 2018 оны үр дүнгийн гэрээг хугацаатай дүгнэх талаар нийт ажилтнуудад хугацааг танилцуулан өөрсдөөр нь гарын үсгийг нь зуруулж, үүрэг өгсөн. Үүнтэй танилцаж С.Дэ- зөвшөөрч гарын үсгээ зурсан. Энэхүү хуваарийн дагуу С.Дэ- нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор үр дүнгийн гэрээг дүгнүүлэх байтал заасан хугацаанд үр дүнгийн гэрээний биелэлтээ ирүүлээгүй. Иймд 2018 оны үр дүнгийн гэрээг дүгнүүлээгүй, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн нь Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр санхүүгийн албаны дарга С.Дэ-ийг Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.4, 33.5, Төрийн албаны тухай хуулийн 13.1.4, 13.15, 26.1.3 дахь хэсгийг баримтлан төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Нэхэмжлэлд дурдсан 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/11 дүгээр тушаалын тухайд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлаас халах тушаал гаргахад бичиг хэргийн ажилтан тушаалын огноог тавихдаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэж буруу бичиж техникийн алдаа гаргасан байсныг дараа нь илрүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасны дагуу тушаалын техникийн алдаа буюу огноог зассан. Энэхүү огноог зассан зөв тушаалыг С.Дэ-д Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн эрхлэгч 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр утсаар мэдэгдэж С.Дэ-д тушаалыг гардуулах талаар хэлэхэд Улаанбаатар хот явлаа авахгүй гэж хэлсэн талаар бичгээр баталгаажуулж бүртгэлийн дэвтэрт хавсаргасан байна. С.Дэ-ийг хуульд заасны дагуу зөв халсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан С.Дэ- нь ажлаас сахилгын шийтгэлээр халагдсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлд дурдсан цалингийн нэмэгдэл, төрийн алба хаасны нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдэл олгох боломжгүй. Иймд С.Дэ-ийн нэмэлт нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Дэ-ийг ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулж төрийн албанаас халсан байгаа. Нэгдүгээрт нэхэмжлэлийн талаар яръя. Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн хувьд ойлгомжгүй зүйл байна. Хариуцагчаар Гочоогийн *******ыг тогтоож нэхэмжлэлээ гаргасан байгаа. Энэ байдал нь засагдахгүй явсаар байгаад өнөөдрийн шүүх хуралдаан боллоо. Хариуцагч нь ******* сумын Засаг даргын Тамгын газар юм уу? эсвэл Гочоогийн ******* юм уу? гэдэг нь эргэлзээтэй. Нэхэмжлэлд хариуцагч Гочоо ******* гэсэн байгаа. Хэдийгээр байгууллагын дарга байгууллагын төлөөлөгчөөр томилогддог боловч хариуцагч нь тусдаа эрх зүйн үр дагавартай байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хариуцагчаа тодорхойлох нь нэхэмжлэлийн нэг бүрдүүлбэр болдог. Хоёрдугаарт нэхэмжлэгчийг өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээд байгаа юм болов уу? гэж ойлголоо. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа ажлаас халагдсаны тэтгэмж 1.958.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 842.835 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлээ гаргасан. Үүнээс хойш нэхэмжлэлийн шаардлагаа нэг удаа ихэсгэсэн. Ингэж ихэсгэхдээ урамшуулал авъя, зэрэг дэвийн нэмэгдэл авъя, ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж авъя гэж ихэсгэсэн болохоос биш ажилгүй байсан хугацааны цалингийн шаардлагаа ихэсгээгүй. Мөн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа ойлгомжгүй яриад байна. Өөрөөр хэлбэл С.Дэ- нь өөрийгөө ёс зүйн хорооны дүгнэлтийг яагаад үндэслэлгүй гэж үзэж байгаа талаараа тайлбарлахгүй байна. С.Дэ- ёс зүйн хороонд тайлбар гаргахдаа хүмүүсийг хэл амаар доромжилсон нь үнэн гэсэн мөртлөө өнөөдрийн шүүх хуралдаанд ямар үндэслэлээр ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзээд байгаагаа тайлбарлахгүй байна. Г.******* гэдэг хүн Тамгын газрын даргынхаа хувьд Санхүүгийн албаны даргыг томилох чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан болохоос биш ёс зүйн хорооны дүгнэлтийг гаргахад оролцдог албан тушаалтан биш юм. Ёс зүйн хороо бол нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэдэг хөндлөнгийн байгууллага. Тийм учраас өнөөдрийн шүүх хуралдаанд Г.******* дарга ёс зүйн хорооны дүгнэлтийг хамгаалах үүрэг хүлээхгүй. Тэгэхээр ёс зүйн хорооны дүгнэлтийг хүчингүй болгох шаардлага гаргаад байхад ёс зүйн хороог шүүх яагаад гуравдагч этгээдээр татаагүй юм бэ? гэдгийг гайхаж байна. Ёс зүйн хороонд С.Дэ-ийн асуудлыг шийдвэрлэхдээ ямар процессын ажиллагаа явагдсаныг Г.******* гэдэг хүн сайн мэдэхгүй. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр ёс зүйн хорооны дүгнэлт гар дээр нь ирсэн учраас түүнийг үндэслэж шийдвэрээ гаргасан байгаа. Мөн С.Дэ-ийг томилж чөлөөлөхдөө Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар зөвшилцөөгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьж байна. Гэтэл С.Дэ-ийг хариуцагч чөлөөлөөгүй харин Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэл ногдуулахдаа аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчтай зөвшилцөх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д томилох эрх бүхий этгээд нь сумын Санхүү албаны дарга буюу ерөнхий нягтлан бодогчийг томилж чөлөөлөхдөө гэж байгаа. Төрийн албаны тухай хуульд томилох, чөлөөлөх, түр чөлөөлөх, халах, сахилгын шийтгэл ногдуулах гэсэн асуудлуудыг тус бүрт нь эрх зүйн үр дагавартай байхаар өөр өөр зүйл заалтаар зохицуулж өгсөн байдаг. Тэгэхээр сахилгын шийтгэл ногдуулахдаа заавал зөвшилцөх шаардлага байгаагүй учраас зөвшилцөөгүй. Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэж байгаа. Эндээс эрх зүйн үр дагаврыг харахаар халсан байгаа. Гэтэл Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д томилж, чөлөөлөхдөө зөвшилцөнө гэсэн байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Төрийн сангийн хэлтэс рүү бичиг явуулж Төрийн сангийн хэлтсээс С.Дэ-ийг анх томилохдоо аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчтай зөвшилцсөн гэсэн агуулгатай бичиг ирүүлсэн байгаа. Эндээс харахад Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар аймгийн Төсвийн төвлөрүүлэн захирагчтай зөвшилцөнө гэснээс аймгийн Төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөнө гэсэн заалт, ойлголт байхгүй. Төрийн албаны зөвлөлөөс тухайн хүнийг төрийн албан хаагчийн шалгалтад тэнцсэн томилох боломжтой гэсэн саналыг албан бичгээр ирүүлснээс аймгийн засаг даргатай зөвшилцсөн гэсэн агуулга харагдахгүй байна. Нэхэмжлэгч С.Дэ-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

1. ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Санхүүгийн албаны даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, 2019 оны 01 дүгээр сараас эхлэн цалин нэмэгдсэн болон шинэчилсэн цалин тогтоомжоор төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 20%, төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдлийг хуулийн хүрээнд үр дүнгийн гэрээнд заасны дагуу Дэс түшмэлийн дэд зэргийн нэмэгдэл 18%, нийт 6.129.735 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нөхөн тооцох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь анх маргаан бүхий С.Дэ-д сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/11 дүгээр тушаалыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөр огноолж гаргасан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр дээрх 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагад захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Б/11 дүгээр тушаалын огноо бичилтийн алдаатай байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг үндэслэж 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэж залруулсан ба энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, нэхэмжлэгч уг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тул хариуцагчаас Б/11 дүгээр тушаалын огноог зассан үйлдлийг буруутгах боломжгүй байна.

Хариуцагч маргаан бүхий Б/11 дүгээр тушаалыг гаргахдаа 1. тус Тамгын газрын Ёс зүйн хорооны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны дүгнэлт, 2. Нэхэмжлэгч С.Дэ-д өгсөн үүрэг даалгавар буюу 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр үр дүнгийн гэрээг дүгнүүлэх албан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр Б/11 дүгээр тушаалыг гаргасан гэж тайлбарлаж байна.

******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А/03 дугаар тушаалаар тус Тамгын газрын Ёс зүйн хороог байгуулсан байна. Ёс зүйн хороо нь тус сумын Засаг дарга Д.*******, сургуулийн захирал А.*******, Хүн эмнэлэгийн дүн бүртгэгч эмч Б.*******, нярав Ч.******* нарын С.Дэ-д холбогдуулж гаргасан төрийн захиргааны албан хаагчийн ёс зүй зөрчсөн гэх гомдол, мэдээллийг хүлээн авч 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан хуралдаанаар С.Дэ- нь төрийн захиргааны албан хаагчийн ёс зүй зөрчсөн эсэхэд үнэлэлт өгч, дүгнэлт гарган Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг эрх бүхий албан тушаалтан, хариуцагч Тамгын газрын даргад уламжилсан байна.

Энэ дагуу ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь нэхэмжлэгч С.Дэ-д төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчийн баримтлах ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам-ын 2.5.2-т заасан гомдол, мэдээлэлд холбогдох төрийн захиргааны албан хаагч болон ... гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо, материал, баримт бичгийг шаардан авах, 2.5.4-т заасан гомдол, мэдээллийг шалгасан тухай дүнг хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар дүгнэлт гаргах бөгөөд энэхүү дүгнэлт нь ... нотлох баримтад үндэслэгдсэн байх шаардлагыг хангаагүй, тухайлбал гомдол мэдээлэл гаргагч дээрх нэр дурдсан албан тушаалтнуудын гомдол, мэдээллийг өөр бусад байдлаар шалгаагүй, тухайн гомдол мэдээлэлд холбогдогч С.Дэ-өөс гомдол, мэдээлэлтэй холбоотой тайлбар, санал аваагүй, түүнд холбогдох гомдол мэдээллийг хэлэлцсэн хуралд түүнийг оролцуулахгүйгээр Ёс зүйн хороо дүгнэлт гаргасан байхад энэхүү дүгнэлтийн үндэслэл, үйл баримтыг хянан үзэх үүргээ биелүүлэлгүйгээр хариуцагчаас нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 129 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 4.4-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Түүнчлэн хариуцагч Тамгын газрын дарга нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 97 дугаар тогтоолоор баталсан "Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам"-ын хавсралтын 4-т заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй гэх зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч С.Дэ-д сахилгын шийтгэл ногдуулах Б/11 дүгээр тушаалын үндэслэл, үйл баримтыг урьдчилан танилцуулаагүй, нэхэмжлэгч нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхийг хэрэгжүүлэлгүй 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус Тамгын газрын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ёс зүйн хорооны дүгнэлт, С.Дэ-д сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/11 дүгээр тушаалыг гардуулсан болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул дээр дурдсан хууль, хэм хэмжээний актад заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг албан үүргээ биелүүлээгүй /2018 оны үр дүнгийн гэрээгээ 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дүгнүүлэх удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй/ гэх үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч С.Дэ-ийн ажлын байрны тодорхойлолтын 4.4-т тамгын газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтийг нь хангаж дүгнүүлж ажиллах-аар заасан байна. Нэхэмжлэгч С.Дэ- нь хариуцагч Тамгын газрын даргатай 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Үр дүнгийн гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээний 4.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч гэрээний биелэлтийг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр багтааж тайлагнах, төсвийн шууд захирагч 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор багтаан түүний биелэлтийг дүгнэхээр байна.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 8.1-д ... төрийн жинхэнэ албан хаагч нь гэрээнд заасан хугацаанд менежерт гэрээний биелэлтээ тайлагнаагүй ... тохиолдолд ... байгууллагынхаа дээд шатны удирдах албан тушаалтан болон Төрийн албаны салбар зөвлөлд харъяаллын дагуу гомдол гаргаж болно. Холбогдох зөвлөл шаардлагатай тохиолдолд буруутай албан тушаалтанд шаардлага хүргүүлэх, сахилгын шийтгэл хүлээлгэхээр эрх бүхий этгээдэд санал гаргаж болно гэж заасны дагуу үр дүнгийн гэрээгээ заасан хугацаанд дүгнүүлээгүй нэхэмжлэгчид дээрх журмаар сахилгын шийтгэл ногдуулах боломжтой байхад энэхүү журмыг хэрэглэлгүй, үр дүнгийн гэрээгээ хугацаанд нь дүгнүүлээгүй нөхцөл байдлыг судлалгүй арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар менежер нь тухайн оны гэрээний биелэлтийн тайланг хугацаанд нь ирүүлээгүй төрийн жинхэнэ албан хаагчид шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулах, дүгнэх үүрэгтэй атлаа тухайн онд нэхэмжлэгч бодитоор албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн байхад зөвхөн хугацаандаа тайлагнаагүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг үнэн зөв, хийсэн ажилд нь тохирсон байдлаар үнэлэх зарчимд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны үр дүнгийн гэрээ, сумын санхүүгийн албаны үйл ажиллагааны төлөвлөгөөний тайланг 2018 оны 11 дүгээр сарын байдлаар бодит байдалд хэрэгжүүлж, тайлагнасан, хариуцагч нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 80 хувьтай дүгнэсэн атлаа үр дүнгийн гэрээгээ 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хугацаанд тайлагнаагүй гэх үндэслэлээр албан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн бодит байдалд нийцэхгүй байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч С.Дэ-ийг ******* сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, 2019 оны 01 дүгээр сараас эхлэн цалин нэмэгдсэн болон шинэчилсэн цалин тогтоомжоор төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 20%, төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдлийг хуулийн хүрээнд үр дүнгийн гэрээнд заасны дагуу Дэс түшмэлийн дэд зэргийн нэмэгдэл 18%, нийт 6.129.735 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нөхөн тооцох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д төрийн албан хагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстөй тэнцэх олговор олгоно.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а/-д ... ажилтанд... буруу халсан үеийн олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлох-оор заасны дагуу нэхэмжлэгч С.Дэ-ийн ажилгүй байсан 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх 123 хоногийн дундаж цалин 4.369.056 төгрөгийг нөхөн олговрыг ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.760.579 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2. Ажилгүйдлийн тэтгэмж 1.958.369 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйлдлээс болж ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээ алдсан гэж дээрх нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэжээ. Хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Дэ-д сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/11 дүгээр тушаалыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн огноотойгоор гаргаж нэхэмжлэгчид 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гардуулсан ба нэхэмжлэгч нь тус шүүхэд 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийг тус шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хариуцагч нь Б/11 дүгээр тушаалын огноо бичилтийн алдаатай байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг үндэслэж 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэж залруулсан ба энэ талаар нэхэмжлэгчид 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр мэдэгдэхэд нэхэмжлэгч би Улаанбаатар хот явах гэж байна, гардаж авахгүй гэсэн тул үйлдлийн тэмдэглэл хийсэн нь хэрэгт авагдсан байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй гэжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь хуулийн дээрх заалтад заасан субьектив эрхээ хэрэгжүүлээгүй, тодруулбал түүнд хамаарах 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/11 дүгээр тушаалын огноог зассан 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг гардан авч 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Нийгмийн даатгалын байгууллагад хандах боломжтой байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагчийг шууд буруутгах үндэслэл болохгүй гэж үзлээ.

3. Ёс зүйн хорооны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ёс зүйн хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулж гаргасан ба Ёс зүйн хороо Тамгын газрын даргын тушаалаар байгуулагддаг тул тус хороог төлөөлж хариуцагч болно гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна.

Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчийн баримтлах ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам-ын 2.1-д төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, дүгнэлт гаргах эрх бүхий байнгын, орон тооны бус Ёс зүйн хороо ажиллана, 2.2-т ... төрийн албаны салбар зөвлөлгүй төрийн байгууллагад томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр Ёс зүйн хороог байгуулах, тус журмын 4.4-т ... эрх бүхий албан тушаалтан Ёс зүйн хорооны дүгнэлтийг хянаж үзээд,... дахин шалгуулахаар Ёс зүйн хороонд буцааж болно, 5.1-д ...Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан тухайн төрийн захиргааны албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах тухай шийдвэр гаргана гэж зааснаар нэхэмжлэгчид шууд чиглэсэн эрх зүйн тодорхой үр дагавар үүсгэсэн шийдвэрийг хариуцагч гаргаж байгаа ба уг шийдвэрийг гаргахдаа Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэл болгох, эсхүл дахин шалгуулахаар буцаах зэрэг эрхтэй байх тул Ёс зүйн хороо нэхэмжлэгчид шууд чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд үүсгэсэн, захирамжилсан захиргааны акт гаргасан гэж үзэхгүй ба хариуцагч Тамгын газрын дарга Ёс зүйн хороог төлөөлөхгүй тул уг нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяалалын бус үндэслэлээр нэхэмжлэлийн дээрх шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтад заасныг баримтлан ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн С.Дэ-д сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, С.Дэ-ийг ******* сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Дэ-ийн ажилгүй байсан 123 хоногийн цалин 4.369.056 төгрөгийг нөхөн олговрыг ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.760.579 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

3. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан 1.958.369 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан С.Дэ-ийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулж гаргасан Ёс зүйн хорооны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч С.Дэ-өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Дэ-д олгосугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР