Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/108

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, хохирогч П.М /цахимаар/, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө, шүүгдэгч Н.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ургийн овогт Н-ийн Л-д холбогдох эрүүгийн 2135000000087 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Н-ийн Л, 1977 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эцэг, эхийн хамт Увс аймгийн Улаангом сумын наймдугаар багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсгүүдэд зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 145 дугаар зүйлийн 145.3, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар: ............

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Л нь Увс аймгийн Давст сумын нэгдүгээр багийн нутгаас 2021 оны 4 дүгээр сарын 22-ны орой хохирогч П.М-ын хоёр тооны адуу буюу олон тооны бод малыг хулгайлж 2’250’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд эрүүгийн 2135000000087 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:

Улсын яллагч: 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 04-09 дүгээр хуудас/, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлийг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолыг /хх-ийн 20 дугаар хуудас/, 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдөр П.М-ыг хохирогчоор тогтоосон тогтоол, мөн хохирогчийн 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр болон 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлгийг /хх-ийн 22, 23-27, 29 дүгээр хуудас/, 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрч Ц.Б-ын өгсөн мэдүүлгийг /хх-ийн 31-33 дугаар хуудас/, 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрч Б.М-ийн өгсөн мэдүүлгийг /хх-ийн 35 дугаар хуудас/, 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрч Ц.Н-ын өгсөн мэдүүлгийг /хх-ийн 37-39 дүгээр хуудас/, 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрч Э.Ц-ийн өгсөн мэдүүлгийг /хх-ийн 41-43 дугаар хуудас/, 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрч Б.Б-ын өгсөн мэдүүлгийг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, 2021 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн 146 дугаартай дүгнэлтийг /хх-ийн 71 дүгээр хуудас/, 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 133 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолыг /хх-ийн 161-163 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийг /хх-ийн 01 дүгээр хуудас/, 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хохирогч П.М-ын өгсөн мэдүүлгийг /хх-ийн 23-27 дугаар хуудас/, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэрч Д.Ж-гийн өгсөн мэдүүлгийг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/, 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэрч Н.Н-ийн өгсөн мэдүүлгийг /хх-ийн 65 дугаар хуудас/, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэрч Н.Ж-ы өгсөн мэдүүлгийг /хх-ийн 67 дугаар хуудас/, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 222 дугаар хуудас/ гэх баримтыг тус тус шинжлэн судалсан байна.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Хохирогч П.М нь 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “Давст сумын нэгдүгээр багийн Авсай гэх гэх газраас 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр миний нэг тооны хээр зүсмийн азарга алга болоод олдохгүй байна хулгай авсан байна”[1] гэх гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл гаргаж, 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ...миний төрсөн дүү П.Б Торхилог багийн Авсай гэх газарт манай нэг азарга адуу, 16 тооны ижилтэй адууг харсан юм. Манайх 2021 оны 4 дүгээр сарын 23-24-ний өдөр ямаа самнаад адуугаа дахин анзаарч хараагүй. 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр манай аавын төрсөн дүү н.Т утсаар залгаад танай им тамгатай адуу Торхилог багийн Хатуугийн адаг гэх газарт Увс нуурын хөвөөнд байна гэж ярьсан. 2021 оны 4 дүгээр сарын 26-ны орой н.Түмэнбаярын хүү Т.М-ыг адуу руу явуулсан. Т.М над руу залгаад танай адуу мөн байна гэж хэлсэн. Т.М нь манай адууг өөрийнхөө гэрийн ойролцоо Торхилог багийн Худаг гэх газарт авч ирж хонуулсан. Тэгэхэд “15 тооны адуу байсан, танай хээр зүсмийн азарга байхгүй байсан” гэж хэлсэн. 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр миний төрсөн дүү П.Б очиж авч ирсэн...”[2] гэж мэдүүлжээ.

Шүүгдэгч Н.Л 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “...Давст сумын нутаг Торхилогын голыг зөрөөд явж байгаад 23 цагийн үед замд хээр азаргатай 20 орчим тооны голдуу бараан зүсмийн адуунууд байсныг хөөж яваад Увс нуурын хөвөө рүү шахаж байгаад хээр зүсмийн азарга, хээр гүү хоёрыг сур аргамжаар бугуйлдаж барьсан”[3] гэж мэдүүлэг өгсний дараа буюу 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хохирогч П.М “2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Торхилогын голд байсан адууг Увс нуурын хөвөө рүү хөөж нуур руу шахаж байгаад хоёр тооны морь барьсан байдаг. Хээр зүсмийн азарга, хээр зүсмийн дөрвөн настай гүү зэрэг хоёр тооны морь барьсан байдаг. Би урьд нь мэдүүлэг өгөхдөө адуу малаа шалгаж үзэлгүйгээр зөвхөн хээр зүсмийн азарга хулгайлсан талаар мэдүүлсэн юм. Дөрвөн настай хээр зүсмийн гүү бол хээр зүсмийн азаргатай адуунд хамт байсан. Миний адуунаас хоёр тооны морь хулгайлсан байсан...”[4] гэж мэдүүлжээ.

Тодруулбал хохирогч П.М 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл гаргахдаа болон эхний удаа мэдүүлэг өгөхдөө зөвхөн хээр зүсмийн азарга алга болсон талаар мэдүүлсэн байх ба шүүгдэгч Н.Л яллагдагчаар хээр зүсмийн азарга болон гүү хулгайлсан талаар мэдүүлэг өгсний дараа, хэргийн материалыг танилцуулаагүй байхад “2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Торхилогын голд байсан адууг Увс нуурын хөвөө рүү хөөж нуур руу шахаж байгаад хоёр тооны морь барьсан байдаг. Хээр зүсмийн азарга, хээр зүсмийн дөрвөн настай гүү зэрэг хоёр тооны морь барьсан байдаг...” гэж шүүгдэгчийн мэдүүлэгтэй танилцсан юм шиг мэдүүлсэн нь эргэлзээ төрүүлж байна.

Хохирогч “...Би Увс аймгийн Өлгий сумын иргэн н.Энхбаяр гэх хүнээс 2019 оны хавар 5 дугаар сарын үед гурван сая төгрөгөөр худалдаж авч байсан юм. Би азарга авсан үнэ болох гурван сая төгрөгөөр үнэлж байна”[5] гэх мэдүүлсэн байх боловч гэрч Э.Сарантуяагийн “2019 онд манай нөхөр н.Э нь Давст сумын Торхилог багийн иргэн П-ын М гэх залууд хээр зүсмийн азаргыг бэлэн 2’500’000 төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлгээс зөрүүтэй байна.

Мөн хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “манайд дандаа бага насны хээр зүсмийн гүүнүүд байдаг” гэж мэдүүлсэн, улсын яллагчийн “танай адуунууд гүү голдуу байдаг юм уу?” гэх асуултад “азаргатай гүүнүүд, нэг азаргатай дандаа гүүнүүд, морь бол байхгүй” гэж хариулсан нь “хохирогч П.М дөрвөн настай: хоёр эр, гурван эм, өнгөрсөн жилийн төл: нэг эр, нэг эм, энэ жилийн төл: хоёр эр, нэг эм нийт арван тооны адуутай” гэх Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого гэх баримтаас зөрүүтэй байна.

Өөрөөр хэлбэл хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрт ашигтай байдлаар мэдүүлсэн болох нь дээр дурдсан үйл баримтуудаас харагдаж байх тул түүний 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлгийг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хээр зүсмийн гүү хулгайд алдсан гэх мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Л 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “...Давст сумын нутаг Торхилогын голыг зөрөөд явж байгаад 23 цагийн үед замд хээр азаргатай 20 орчим тооны голдуу бараан зүсмийн адуунууд байсныг хөөж яваад Увс нуурын хөвөө рүү шахаж байгаад хээр зүсмийн азарга, хээр гүү хоёрыг сур аргамжаар бугуйлдаж барьсан” гэж мэдүүлсэн атлаа шүүхийн хэлэлцүүлэгт “...Тэгж байтал модны захад хэдэн адуу таарснаас нэг азарга барьж аваад цаашаа нуур руу явж байгаад морио ус руу унагасан” гэж зөрөөтэй мэдүүлсэн байна. Шүүгдэгчийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг нотлох баримтаар тооцох боловч хоёр тооны морь хулгайлсан гэх үйл баримт бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх боломжгүй байна.

Дээр дурдсан үйл баримтын хүрээнд шүүгдэгч Н.Л хохирогчийн хээр зүсмийн гүүг хулгайлсан болох нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар хэргийн үйл баримтад дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Иймд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар:

- 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хохирогч П.М-ын гаргасан “Давст сумын нэгдүгээр багийн Авсай гэх гэх газраас 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр миний нэг тооны хээр зүсмийн азарга алга болоод олдохгүй байна хулгай авсан байна” гэх гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл[6],

- 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн ажиллагааны “...Уг нуурын хөвөөнд овоолсон мөснөөс хоёр метрийн зайд бага зэрэг устай шалбааг дотор нэг тооны хээр зүсмийн морь үхсэн байдалтай байв. ...уг адууны толгой хэсэгт нь суран хазаар, суран ногттой байх ба хазаарын амгай хэсэг нь аман дотор нь байв. ...Уг адууны нуруу хэсэг дээр төмөр хийцтэй эмээл тохоотой байх ба уг эмээл нь суран тоногтой, цэнхэр өнгийн даавуу мэт тохомтой байв. Уг адууны дээр байсан эмээлийн бүүрэгнээс сур аргамж холбоотой байсан. ...Тухайн морь бөөсөгтэй азарга байсан ба үзлэгийн явцад хохирогч П.М нь манай алга болсон азарга мөн байна гэж заав. ...Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд тухайн үхсэн байсан мориноос хойд зүгт гурван метрийн зайд цэнхэр өнгийн даавуун дээл байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[7],

- 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хохирогч П.М-ын өгсөн “2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ...миний төрсөн дүү П.Б Торхилог багийн Авсай гэх газарт манай нэг азарга адуу, 16 тооны ижилтэй адууг харсан юм. Манайх 2021 оны 4 дүгээр сарын 23-24-ний өдөр ямаа самнаад адуугаа дахин анзаарч хараагүй. 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр манай аавын төрсөн дүү н.Т утсаар залгаад “танай им тамгатай адуу Торхилог багийн Хатуугийн адаг гэх газарт Увс нуурын хөвөөнд байна” гэж ярьсан. 2021 оны 4 дүгээр сарын 26-ны орой н.Түмэнбаярын хүү Т.М-ыг адуу руу явуулсан. Т.Майдар над руу залгаад “танай адуу мөн байна” гэж хэлсэн. Т.М нь манай адууг өөрийнхөө гэрийн ойролцоо Торхилог багийн худаг гэх газарт авч ирж хонуулсан. Тэгэхэд “15 тооны адуу байсан, танай хээр зүсмийн азарга байхгүй байсан” гэж хэлсэн. 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр миний төрсөн дүү П.Б очиж авч ирсэн...” гэх мэдүүлэг[8],

- 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрч Ц.Б-ын өгсөн “Би 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өглөө нуурын хөвөөний бураа дотроос үхрээ харах гээд бураа дотор явж байтал урьд өмнө харж байгаагүй нэг хүн дээлийн бүсээр хээр зүсмийн нэг морь хүзүүгээр нь оосорлочихсон газарт хэвтэж байсан. Би тэр хүнийг хаанаас явж байгаа, хэн гэдэг хүн бэ гэж асуухад тэр хүн “намайг Н.Л гэдэг би Тэс сумаас Хөндлөн гэх газар луу явж байна. Замдаа нуурын хөвөөгөөр явж байгаад нуурын ангал таараад ангалаа дагаж явж байгаад унаж явсан морио нуурын хөвөөнд алдчихсан” гэж хэлсэн. Би “та манайд очиж цай уу” гэж хэлэхэд “би хөндлөн гэх газар луу явж байна. Нарны эртэд газар дөхөж авъя” гэж хэлээд морио хөтлөөд алхаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг[9],

- 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрч Ц.Н-ын өгсөн “Би 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн үед хил хамгаалах туслах хүчний гишүүн Ц.Б гэдэг хүн нуурын хилийн харуулд д/а Э.Б-д очиж “манай Торхилог багт үл таних морьтой хүн Давст сумын төв чиглээд явж байна” гэж хэлсэн. ...Уг мэдээллийг штабын дарга Д/х Б-т танилцуулж уг иргэнээс ирсэн мэдээллийг шалгахаар д/а Э.Ц-тэй хамт мотоциклтой хилийн 160 дугаар тэмдэгтийн чиглэлд долоогоос найман километр орчим газарт уг үл таних хүн морио хөтлөөд явж байсан. Д/а Э.Ц-тэй очиход хөтөлж явсан морь нь хазаар, ногт, эмээл байхгүй дээлийн бүсээр тухайн морины хүзүүнээс нь оосорлосон байсан. “Улаангом сумын Хөндлөн гэх газраас хоёроос гурван хоногийн өмнө гараад Увс аймгийн Тэс сумаас адуу аваад буцаж Хөндлөн гэх газар луу нуурын дээгүүр явж байгаад нуурын ангал таараад ангалаа дагаж явж байгаад унаж явсан адуугаа алдаад хөтөлж явсан морио авч үлдсэн” гэж хэлсэн. Тухайн үл таних хүн надад “Н овогтой Л” гэж нэрээ хэлсэн. ...тухайн хүнээс “таны биед ямар нэгэн эд зүйл байна уу?” гэж асуухад “ямар нэгэн эд зүйл байхгүй, би дээлээ морьтойгоо алдчихсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[10],

- 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 146 дугаартай “Увс аймгийн Давс суманд 2021 оны 4 дүгээр сарын байдлаар азарга 1’500’000 төгрөг ...болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[11] зэргээр шүүгдэгч Н.Л нь Увс аймгийн Давст сумын нэгдүгээр багийн нутагт бэлчиж байсан хохирогч П.М-ын хээр зүсмийн азаргыг 2021 оны 4 дүгээр сарын 22-аас 23-нд шилжих шөнө өмчлөгчид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, өмчлөгчийн зөвшөөрөлгүй авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж тодорхойлсон ба шүүгдэгч Н.Л-ын хохирогч П.М-ын хээр зүсмийн азаргыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Шүүгдэгч Н.Л нь хохирогчийн нэг тооны азаргыг хулгайлж авсан үйлдлээрээ хохирогч П.М-т 1’500’000 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 146 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй авч болохгүй гэдгийг ухамсарлах насанд хүрсэн, хууль бус аргаар орлого олох зорилгоор, шунахайн сэдлээр авсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тодорхойлсон ба шүүгдэгч нь хохирогчийн нэг тооны адуу буюу бод малыг хулгайлсан тул олон тооны мал хулгайлсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасан тул Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Харагчууд ургийн овогт Н-ийн Л-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэж хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Н.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэг хүлээдэг.

Хохирогч П.М тухайн хээр зүсмийн азаргыг 2’500’000 төгрөгөөр худалдаж авсан болох нь гэрч Э.С-гийн “2019 онд манай нөхөр н.Э нь Давст сумын Торхилог багийн иргэн П-ын М гэх залууд хээр зүсмийн азаргыг бэлэн 2’500’000 төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул тухайн хээр зүсмийн азаргыг худалдаж авсан үнэ болох 2’500’000 төгрөгөөр хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэн гэж дүгнэсэн болно.

Гэм буруугийн шүүх хуралдаанаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Лас 2’500’000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрч, хохирол, хор уршгийг нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулж, хохирогч П.М-т 2’500’000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлэг[12] гэх баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н.Лас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Н.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж өгөөч” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Д.Ж-гийн “...Н.Л нь гэр оронгүй, гэр бүлгүй, хөгшин бид хоёрын хажууд насаараа байж байна. Малын хулгайн хэргээр хоёр удаа шийтгүүлж ял эдэлж байсан. Зан аашийн хувьд энгийн, үг дуу цөөтэй, даруухан, хүний хий гэснийг хийчхээд байдаг. Хөгшин бид хоёрт туслаад байж байдаг. Тодорхой эрхэлсэн ажилгүй, ямар нэг орлого олох ажил хөдөлмөр эрхэлдэггүй” гэх мэдүүлэг[13], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14], Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар[15], Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар[16], Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 153 дугаартай захирамжийн хуулбар[17] зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хандаж байгаа сэтгэхүйн хандлага буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаарах бөгөөд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хэмжээг тогтоох үндэслэл болдог.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Л нь эцэг, эхийн хамт Увс аймгийн Улаангом сумын наймдугаар багийн нутагт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсгүүдэд зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 145 дугаар зүйлийн 145.3, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 145 дугаар зүйлийн 145.3, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг хасуулж байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн эрх зүйн онол болон практикт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, ял оногдуулахыг тэнсдэг. Учир нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангахад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн идэвхтэй оролцоо зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ үүднээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөн гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн байх, хэргийн зүйлчлэлийг буюу эрх бүхий этгээдээс хийсэн хууль зүйн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байх, гэмт үйлдлийнх нь улмаас зөрчигдсөн эрхийг сэргээсэн буюу гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг урьдчилсан нөхцөлгүйгээр бүрэн хүлээн зөвшөөрч нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх гэж обьектив байдлаар тайлбарлагдаг хууль зүйн ойлголт юм.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой хоёр тооны адуу хулгайлсан талаар мэдүүлсэн атлаа шүүхийн хэлэлцүүлэгт нэг тооны адуу хулгайлсан гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг мөрдөн шалгах ажиллагааг зориудаар төөрөлдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзнэ. Иймд шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэлгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан бөгөөд энэхүү шүүхэд эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно. Мөн нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял оногдуулахыг тэнсэх зохицуулалтыг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ хэрэглэдэг хууль хэрэглээний тогтсон ойлголт юм.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлж дахин гэмт хэрэг үйлдэхээс болон бусдыг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх юм. Шүүгдэгч нь урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг удаа дараа үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан атлаа дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байна. Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэх үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Н.Л-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг удаа дараа үйлдэж, хоёр удаа хорих ял шийтгүүлж байсан гэх хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зохистой байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн /2021 оны/ 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамруулахгүй” гэж заажээ.

Шүүгдэгч Н.Л нь Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 145 дугаар зүйлийн 145.3, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг хасуулж байсан болох нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 153 дугаартай захирамжийн хуулбараар тогтоогдож байна.

Тодруулбал шүүгдэгч нь биечлэн эдлэх хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хасуулсныг хоёр жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлөгдсөн гэж үзэх бөгөөд энэхүү шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлсэн гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох эд хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж, 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ” гэж, 3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Гэрч Д.Ж-гийн “...Н.Л бэлчээрээс үхэр тууж ирнэ гээд Н.Нямгэрэлийн эзэмшлийн хээр зүсмийн морийг унаад явсан...” гэх мэдүүлэг[18], гэрч Н.Нямгэрэлийн “...Н.Л ах миний хээр зүсмийн, зөв гуя дээрээ олом тамгатай, арван настай морь унаж мал маллаж байсан. 2021 оны 4 дүгээр сарын 20-ны үед Н.Л ах миний хээр зүсмийн морийг унаж Давст суманд явж байгаад мал хулгайлсан гэсэн яриа гарсан...” гэх мэдүүлгээр[19] шүүгдэгч Н.Лхагвын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан хээр зүсмийн, зөв гуя дээрээ олом тамгатай, арван настай морь гэрч Н.Нямгэрэлийн өмчлөлийнх болох нь тогтоогдож байна.

Уг хээр зүсмийн, зөв гуя дээрээ олом тамгатай, арван настай морь 1’000’000 төгрөгийн үнэлгээтэй болох нь 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 167 дугаартай дүгнэлтээр[20] тогтоогджээ.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн тул гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан хээр зүсмийн, зөв гуя дээрээ олом тамгатай, арван настай морины үнэлгээ болох 1’000’000 төгрөгийг шүүгдэгч Н.Лас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй байна.

Уг хээр зүсмийн, зөв гуя дээрээ олом тамгатай, арван настай моринд тохож хэрэглэсэн шүүгдэгчийн хуучин цэрэг эмээл, хуучин суран хазаар, хуучин суран бугуйлд 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 167 дугаартай дүгнэлтээр үнэлгээ тогтоосон байх боловч уг эд зүйлсийг арилжих боломжгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тухайн эд зүйлсийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах үндэслэлтэй.

Шүүгдэгч Н.Лхагвын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан хээр зүсмийн, зүүн гуя дээрээ олом тамгатай, арван настай морь гэрч Н.Нямгэрэлийн өмчлөлийнх байх тул уг морийг битүүмжилсэн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Л гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгчээр дөрвөн хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь дөрвөн хоногийг хасаж тооцох үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Н.Л-с гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Х ургийн овогт Н-ийн Л-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэж хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Х ургийн овогт Н-ийн Лхагв-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-ыг 3  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Н.Л-с гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох арван настай морины үнэ 1’000’000 төгрөгийг шүүгдэгч Н.Л-с гаргуулж улсын төсөвт оруулсугай.

7. Шүүгдэгч Н.Л-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэрч Н.Н-ийн өмчлөлийн хээр зүсмийн, зүүн гуя дээрээ олом тамгатай, арван настай морийг битүүмжилсэн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч Н.Л-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон дөрвөн хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн шүүгдэгч Н.Л-ын хуучин цэрэг эмээл нэг ширхэг, суран хазаар нэг ширхэг, цэнхэр өнгийн дээл нэг ширхэг, суран аргамж нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХЗАЯА

 

[1] хх-ийн 01 дүгээр хуудас, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

[2] хх-ийн 23-27 дугаар хуудас, хохирогч П.Мын мэдүүлэг

[3] хх-ийн 88-89 дүгээр хуудас, шүүгдэгч Н.Лхагвын яллагдагчаар өгсөн мэдүүлэг

[4] хх-ийн 29 дүгээр хуудас, хохирогч П.Мын хоёр дахь удаагаа өгсөн мэдүүлэг

[5] хх-ийн 23-27 дугаар хуудас, хохирогч П.Мын мэдүүлэг

[6] хх-ийн 01 дүгээр хуудас

[7] хх-ийн 4-9 дүгээр хуудас

[8] хх-ийн 23-27 дугаар хуудас

[9] хх-ийн 31-33 дугаар хуудас

[10] хх-ийн 37-39 дүгээр хуудас

[11] хх-ийн 71 дүгээр хуудас

[12] хх-ийн 222 дугаар хуудас

[13] хх-ийн 60-61 дүгээр хуудас

[14] хх-ийн 94 дүгээр хуудас

[15] хх-ийн 111-113 дугаар хуудас

[16] хх-ийн 114-120 дугаар хуудас

[17] хх-ийн 153-155 дугаар хуудас

[18] хх-ийн 60-61 дүгээр хуудас

[19] хх-ийн 65 дугаар хуудас

[20] хх-ийн 77 дугаар хуудас