| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/01467/И |
| Дугаар | 1446 |
| Огноо | 2017-05-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 1446
| 2017 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2017/01446 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө хаягт байрлах, “БСБ Финанс ББСБ” ХХК /РД:5443598/
Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Тугтан овогт Даваажавын Баясгалан /РД:ОЙ91040528/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Тугтан овогт Даваажавын Баясгалан нь “БСБ Финанс ББСБ” ХХК-иас 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1401 тоот барьцаат зээлийн гэрээгээр 1.999.900 төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар авсан. Гэтэл зээлдэгч Д.Баясгалан нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлээ төлөхгүй байгаа. Д.Баясгалан нь гэрээ байгуулах үеийн хаягтаа оршин суудаггүй бөгөөд одоо түүний оршин суух хаяг нь тодорхойгүй, бид өөрсдөө олж тогтоох боломжгүй тул Д.Баясгаланг эрэн сурвалжилж өгнө үү.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Тугтан овогт Даваажавын Баясгалан /РД:ОЙ91040528/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК болон Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 хороолол, Амарсанаа гудамж, 38-а байр, 306 тоот хаягт оршин суух Тугтан овогт Даваажавын Баясгалан /РД:ОЙ91040528/ нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 1/0569 тоот “Барьцаат зээлийн гэрээ” авагдсан байх ба уг гэрээгээр хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Баясгалан нь нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК-иас 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1.999.900 төгрөгийн зээлийг авч, барьцаат зээлийн гэрээ байгуулсан байх тул үүгээр Даваажавын Баясгаланг эрх зүйн харилцаанд оролцсон гэж дүгнэх үндэслэл тогтоогдож байна.
Түүнчлэн хэрэгт Даваажавын Баясгалан нь Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 хороолол, Амарсанаа гудамж, 38-а байр, 306 тоот хаягт бүртгэлтэй боловч хаягтаа оршин суудаггүй тухай Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт авагдсан байна.
Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Тугтан овогт Даваажавын Баясгалан /РД:ОЙ91040528/-г эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч нь Д.Баясгаланг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК-тай холбоо барих утас: 302767, 91919560 болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Тугтан овогт Даваажавын Баясгалан /РД:ОЙ91040528/-г эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.
2. Хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг дурдаж, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК
холбоо барих утас: 302767, 91919560 болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА