| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0200/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/211 |
| Огноо | 2021-08-12 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Б.Бат-Оргил
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн
Хохирогч: Б.Б
Шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Дд холбогдох эрүүгийн 2114000000189 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар *******-тай.
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч П.Д нь 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 08 цагийн орчимд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багийн нутаг Богчны үзүүр гэх газарт ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйлд заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” мөн 3.7 дугаар зүйлийн А-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа...хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасны улмаас бага насны 1 нас 7 сартай Д.Мын амь насыг хохироосон буюу авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч П.Дын мөрдөн байцаалтад өгсөн
...2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өглөөний 7 цагийн үед би эхэлж босоод миний дараа эхнэр боссон. Хүүхдүүдээс ганцхан талийгаач боссон байсан. Тус өдрийн урд шөнөөс гадаа цасан шуурга шуураад мал гадаа задгай байсан учир гол руугаа уруудсан байхаар нь араас нь явах гээд гэрээсээ ганцаараа гараад машин дээрээ очоод тойрч үзээд машиндаа суугаад шууд арагшлах гэсэн боловч урд талд нь чулуу хадтай байхаар нь ухарсан. Ухрахаасаа өмнө толиндоо харсан чинь хоёр талын толь нь хоёулаа цас болсон байсан. Би зөөлхөн ухарсан чинь хүний орилсон чимээ гарахаар нь машинаа тоормоз гишгээд зогсоосон. Тэгсэн чинь айлын хүн ирээд буу гэж хэлэхээр нь машинаас буугаад үзсэн чинь талийгаачийг манай эхнэр тэвэрсэн уйлсан сууж байсан. Тээврийн хэрэгслийг хойшоо ухраахдаа янз бүрийн юм харахгүйгээр ухарсан. Ойр орчин муухан харагдаж байсан. Би жолооны курст сууж байгаагүй. Надад ямар нэгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх байхгүй. Миний тээврийн хэрэгслийн тоормоз болон бусад эд ангиуд хэвийн ажиллагаатай байсан. Би ойр зуурын юманд л жолоо барьдаг байсан. Хад чулуу ойрхон байсан. Шууд урагшаа явах боломжгүй байсан. машины хоёр талын толь цас болсон байхаар нь арилгаад хөдөлсөн. Намайг гэрээс гарахад талийгаач араас уйлж гүйж гараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,
Хохирогч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Манай нөхөр болгоомжгүй байдлаасаа болж ийм хэрэгт холбогдсон. Надад гомдол санал байхгүй. Одоо нөхөр маань маш хэцүү байдалтай, их харамсаж байгаа. Манай отгон хүүхэд байсан юм. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв
Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Манай нөхөр П.Д бид хоёр гэр бүл болоод 20 хэдэн жил болж байна. Энэ хугацаанд надад болон хүүхдүүд минь загнаж, уурлаж, гар хүргэж байгаагүй. Өнөөдөр болгоомжгүй байдлаас ийм хэрэг гарлаа. Талийгаачийн хувьд аавдаа аав нь охиндоо хайртай, бие биедээ сүйд болдог байсан хор байсан юм. Манай нөхөр болгоомжгүй үйлдэл хийж ийм байдал үүсчихлээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
Гэрч П.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
..Би ахын газар мотоциклийн конусыг гэсгээх гээд сууж байхад машин асах чимээ гарсан удалгүй түс гэсэн чимээ гарахаар нь юу юм болдоо гэж хойшоогоо харсан чинь талийгаач машины хойд талын 2 дугуйны голоор хөндлөн хэвтэж байсан. Тухайн үед алсаас харсан...тэгээд би хүүхэд гээд орилоод л гүйсэн чинь талийгаачийн ээж Б гэрээсээ гарч гүйн надаас түрүүлж машины доор орсон харин би шууд машины урд руу очъё хаалгыг нь онгойлгоод буугаач машинаа унтраа гэж хэлсэн чинь яах гээд байгаа юм гээд гайхсан. Тэгэхэд П.Д нь мэдээгүй байсан гайхсан яасан гэж хэлсэн. Тэгээд буу гэж хэлээд П.Д буугаад бид хоёр хойшоо нь очиход Б.Б талийгаачийг машинаас холдуулаад тэврээд уйлсан сууж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-30/,
Баянхонгор аймгийн Техникийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаартай...
Тухайн зам тээврийн осол болох үед Hyundai Porter маркийн ******* улсын дугаартай автомашины жолооч П.Дын буруутай үйлдлээс шалтгаалан тухайн зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.
Үүнд:
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д зааснаар “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, Мөн тус дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/“Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 44 дугаартай шинжээчийн
1.Талмйгаач Д.Мын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд болно.
2.Талийгаач нь дээрх гавал тархины хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.
3. Талийгаач Д.Мын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4.Талийгаачийн цогцост хөрсөн, хөшилт болон цогцосны толбо үүссэн зэрэг нас барсны баталгаат шинжүүд илэрсэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 40-42/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татар тогтоол / хх-ийн 44-45/, Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-08/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 09-11/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / хх-ийн 53/, шүүгдэгч П.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 54/, талийгаачийн төрсний гэрчилгээний хуулбар / хх-ийн 55/, шүүгдэгч П.Дын эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэх хуудас / хх-ийн 57/, дипозит дансны хуулгууд / хх-ийн98-100/, эвлэрлийн гэрээ / хх-ийн 61-61 нас барсны эмнэлгийн гэрчилгээ / хх-ийн 62/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.Д нь 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 08 цагийн орчимд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багийн нутаг Богчны үзүүр гэх газарт ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйлд заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” мөн 3.7 дугаар зүйлийн А-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа...хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасны улмаас өөрийн төрсөн хүүхэд болох бага насны 1 нас 7 сартай Д.Мын амь насыг хохироосон буюу авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд өгсөн шүүгдэгч П.Дын... /хх-ийн 49-50/, хохирогч Б.Бийн /хх-ийн 22-23/,гэрч П.Тийн /хх-ийн 28-30/, Баянхонгор аймгийн Техникийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар /хх-ийн 37-38/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 44 дугаар /хх-ийн 40-42/, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан болон бусад бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч П.Дд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхээс шүүгдэгч П.Дыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Шүүгдэгч П.Д нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч П.Д нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч П.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч Б.Б нь П.Дын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүгдэгч П.Дын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал , учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /нэг хүний амь нас хохироож/ гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж улсын яллагч, өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч П.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж , 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялаас 2 жилийн хасаж шийдвэрлэв.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад ... энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна....гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т... энэ хуулийн 6.1, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ... гэж тус тус заасан байна.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар/ Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.
Уг өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялаас хоёр жилийг хасаж эдлүүлэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч П.Дын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх тул түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хасаж шийдвэрлэв.
Ийнхүү шийдвэрлэснээр шүүгдэгч П.Д нь биечлэн эдлэх хорих ялгүй болж өршөөгдөж байгаа болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч П.Дыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч П.Дыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч П.Дд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хассугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч П.Дд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолсугай.
5.Шүүгдэгч П.Дд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч П.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Дд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА