| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/01489/И |
| Дугаар | 1416 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 1416
| 2017 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2017/01416 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горький 3 гудамж, 44 тоотод оршин суух, Боржигон овогт Цэгмидийн Лхаажав /РД:ВЭ53113018/
Улсад ажилласан байдал тогтоох тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Лхаажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Лхаажав шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Лхаажав 1975 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт уурын зуухны машинстаар ажилд орсон. 1990 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс Нийтийн аж ахуй үйлчилгээний газраас эрчим хүчний үйлдвэрт Сайд нарын зөвлөлийн 1992 оны 142 дугаар тогтоолын дагуу шилжүүлсэн тул Баянхонгор аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт халаалтын зуухны машинистаар ажилласан болно. Би улсад 1975 оноос 1991 он хүртэл 16 жил тасралтгүй ажилласан ба 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Миний хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон болон гарсан тушаалууд бичигдсэн ба Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын конторын барилга шатсаны улмаас бичиг баримтууд бүгд галд өртөж үрэгдсэн. Иймд Ц.Лхаажав намайг 1975 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт уурын зуухны машинстаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Лхаажав нь улсад ажилласан байдал тогтоох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Ц.Лхаажав нь 1975 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт уурын зуухны машинстаар ажиллаж байсан болох нь шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Ц.Лхаажавтай Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт хамт ажиллаж байсан гэрч Ц.Даваагийн “Би 1974 онд цэргээс халагдаж ирээд Баянхонгор аймгийн төвд байх Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт жолоочоор ажилд орсон. Ц.Лхаажав нь 1975 оны 10 дугаар сард Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт уурын зуухны машинстаар ажилд орсон. Тэр үеэс эхлэн Ц.Лхаажавыг танина. Ц.Лхаажавтай 1990 оны 05 дугаар сарыг хүртэл хамт ажилласан ба Ц.Лхаажав нь хөдөө амьдархаар болж ажлаасаа гарсан. Миний бие Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1974 оноос 1991 он хүртэл тасралтгүй ажилласан бөгөөд 1991 онд Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын конторын барилга шатсан учир ажиллаж байсан иргэдийн бичиг баримтууд бүгд галд өртөж үрэгдсэн. Ц.Лхаажав нь 1975 оноос 1990 оныг хүртэлх хугацаанд Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт уурын зуухны машинстаар ажиллаж байсан нь үнэн”,
гэрч С.Баярсайханы “Ц.Лхаажав нь 1975 онд Баянхонгор аймгийн төвд Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт уурын зуухны машинастаар ажилд орсон. Миний бие дараа нь буюу 1982 оны 10 дугаар сард Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зарлага, цэвэрлэгчээр ажилд орж тэндээ 1990 он хүртэл цэвэрлэгч, үйлчлэгчээр ажиллаж байсан. Ц.Лхаажав бид 1991 оноос хувиараа хөдөө гарч, мал маллах болсон тул 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс ажлаасаа гарсан. Ц.Лхаажав нь 1975 оноос 1990 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт уурын зуухны машинастаар ажиллаж байсан нь үнэн” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Ц.Лхаажавын ажиллаж байсан байдлыг тогтоож хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд хүсэлт гаргагч Ц.Лхаажавыг 1975 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт уурын зуухны машинстаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч нар Ц.Лхаажавыг 1990 оныг дуусталх хугацаанд ажилласан гэж мэдүүлсэн тул тэдний мэдүүлгийг үндэслэн 1975 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ажилласан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Цэгмидийн Лхаажав /РД:ВЭ53113018/-ыг 1975 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт уурын зуухны машинстаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Лхаажаваас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА