| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2021/0072/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/105 |
| Огноо | 2021-08-11 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 18.6.1., 17.12.2.2., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Э.Н, Ц.Б, Б.У, Б.Э, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батгэрэл, Д.Бунжаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Э-ын Н, Б ургийн овогт Ц-ын Б, Бүлчин ургийн овогт Б-ийн У, Т ургийн овогт Б-ын Э нарт холбогдох эрүүгийн 2135000350049 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Э-ын Н, 1994 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 26 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл тав, эцэг, эх, дүү нарын хамт Увс аймгийн Малчин сумын дөрөвдүгээр багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар:.............
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Ц-ын Б, 1995 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл дөрөв, эцэг, эх, дүүгийн хамт Увс аймгийн Малчин сумын дөрөвдүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ...........
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Б-ийн У, 2002 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл долоо, эцэг, эх, дүү нарын хамт Увс аймгийн Малчин сумын дөрөвдүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ...............
Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Б-ын Э, 1991 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл дөрөв, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Малчин сумын дөрөвдүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .............
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Н, Х.Б нар нь бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багийн нутаг Хоо буйр гэх газраас хохирогч Б.Г-ын олон тооны буюу арван таван тооны хонийг хулгайлж 2’050’000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.Н, Б.У нар нь бүлэглэн Увс аймгийн Малчин сумын 3 дугаар багийн нутаг Хэцийн ар гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 26-аас 27-ны өдрийн хооронд хохирогч Б.Ж-ын долоон тооны хонийг хулгайлж 700’000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Э нь шүүгдэгч Э.Н, Б.У нарын бүлэглэн Увс аймгийн Малчин сумын 3 дугаар багийн нутаг Хэцийн ар гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 26-аас 27-ны өдрийн хооронд хулгайлсан хохирогч Б.Ж-ын долоон тооны хонийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд эрүүгийн 2135000350049 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Б.Г-ын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн “2020 оны 3 дугаар сарын 16-аас 19-ний өдрийн хооронд хорин тооны бог мал хулгайд алдсан. Тухайн үед Малчин сумын дөрөвдүгээр багийн нутаг Хоо буйр гэх газарт мал төллүүлж байсан суваа малаа гэрээс гурван зуун метр зайтай хашаанд хашаалж байгаад хорин тооны бог малаа хулгайд алдсан. ...Би зүүн чих нь “гөлөм” имтэй, баруун чих нь “он” имтэй долоон эр хонь, арван гурван эх хонь нийт хорин тооны бог мал хулгайд алдсан. ...Би Малчин сумын дөрөвдүгээр багийн иргэн Э.Н, Ц.Б нарыг хардаж байна. 2020 оны 3 дугаар сард манай гэрээс нэг километр зайд айл байдаг ба өөр айл байхгүй байсан. Энэ хоёр залууг тухайн үед маш их мөнгө төгрөгтэй явж байна гэж надад хүн хэлсэн юм. ...Би 2020 оны 9 дүгээр сарын үед Э.Н гэх залуутай очиж уулзахад “та цагдаад битгий хэл Ц.Б бид хоёр танай хонийг хулгайлсан үнэн, би Ц.Б-той уулзаж байгаад танай малыг төлж өгнө” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[1],
2021 оны 3 дугаар сарын 22-ний өдөр дахин өгсөн “...Би өөрийн сувай бог малаас 2020 оны 3 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө нийт арван таван тооны бог малыг хулгайд алдсан байсан юм. Би тухайн үедээ хорин тооны бог мал алдсан гэж буруу тооцсон байсан ба нийт арван таван тооны бог мал хулгайд алдсан байсан. Би сүүлд өөрийн малаас тухайн үед хорогдсон, чоно идсэн, үхсэн нийт таван тооны бог малаа хасаагүй байсан...” гэх мэдүүлэг[2],
2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн “2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 15:00 цагийн үед Б.С миний утас руу залгаад “надтай мэнд мэдээд Э.Н ярья гэж байна” гэж хэлсэн. Э.Н-тай ярихад “та өнөө орой гараад ирээч би танаас хулгайлсан малынхаа оронд хэдэн мал өгнө” гэж ярьсан. Тэгээд Э.Н нь утсаа Б.С-д өгсөн бөгөөд Б.С “бид хоёр отрын гэртээ байна, Э.Н тантай уулзан гээд байна, хүрээд ирээч” гэж хэлсэн. Тухайн үед Э.Н нь миний малаас хулгайлсан малын хохиролд мал өгнө гэж дуудсан учраас би өөрийн төрсөн дүү Б.Гтэй хамт Малчин сумын төвөөс арван гурваас арван дөрөв орчим километрт байх Э.Н, Б.С нарын оторлож байсан Хөх нүүр гэх газарт очсон юм. ...Намайг отрын гэр дээр нь очиход Э.Н надад “уучлаарай Б ахаа, таны малыг хулгайлсан, одоо ингээд цагдаад мэдэгдэхгүй зохицъё” гэж манай малыг хулгайлсан талаараа хэргээ хүлээсэн. ...Э.Н нь өөрийнхөө бог малаас арван тооны хонь өгсөн. ...Э.Н нь надад хохиролд арван хонь өгсний дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай сумын Ц.Б-той хамт манай гэрт ирээд “бид хоёр танай малыг Б ахын өвөлжөөний хашаанаас очиж авсан нь үнэн, та цагдаад битгий хэлээрэй, ингээд зохицоод салчихъя ах, бид хоёр таныг хохиролгүй болгож өгнө” гэж хэлсэн бөгөөд тэр үед Ц.Б мөн манай малыг хамт хулгайлсан талаараа хэлсэн юм...” гэх мэдүүлэг[3],
2. Гэрч Б.Г-ийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр дахин өгсөн “2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр миний төрсөн ах Б.Г надад “Э.Н отрын гэрт хүрээд ир гэнэ, манай малаас хулгайлсан малынхаа оронд мал өгнө гэж хэлж байна, хоёулаа яваад ирье” гэж хэлсэн. Б.Г ах бид хоёр тэр өдөр 16:00 цагийн орчимд Малчин сумын төвөөс гарч арван гурваас арван дөрвөн километрийн зайтай байх Э.Н, Б.С нарын оторлож байсан Хөх нүүр гэх газарт очсон юм. ...Э.Н нь Б.Г ахын хонийг Ц.Б-той хамт хулгайлсан гэж хэлээд хохиролд нь өөрийнхөө малаас арван тооны хонь өгсөн... Э.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай сумын Ц.Б-той хамт Б.Г ахын гэрт ирээд “бид хоёр танай малыг Буяа ахын өвөлжөөний хашаанаас очиж авсан нь үнэн, та цагдаад битгий хэлээрэй ингээд зохицоод салчихъя ах, бид хоёр таныг хохиролгүй болгож өгнө” гэж хэлсэн бөгөөд тэр үед Ц.Б мөн адил Э.Н-тай хамт Б.Г ахын малыг хулгайлсан талаараа хэлсэн...” гэх мэдүүлэг[4],
3. Гэрч Б.С-ын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дахин өгсөн “Би Э.Н-тай 2020 оны 12 дугаар сарын 07-оос 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Увс аймгийн Малчин сумын дөрөвдүгээр багийн нутаг Хөх нүүр гэх газарт малаа нийлүүлж отроор хамт өвөлжсөн юм. ...Э.Н отроор гарч ирээд удалгүй 2020 оны 12 дугаар сарын 10-ны үед надад “би 2020 оны 3 дугаар сарын 17-ны үед Б.Г ахын малаас арван таван тооны бог малыг Ц.Б-той нийлээд хулгайлчихсан, Б ахын өвөлжөөнд хашаалчихсан байсныг очиж авсан, энэ талаар Б.Г ах мэдчихсэн байна, цагдаа шүүх гэлгүй энд нь хохирлыг нь барагдуулж өгөөд салмаар байна” гэж хэлж байсан. ...2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шинэ жилийн өдөр Э.Н нь надад “чи Боо ахтай утсаар яриад өгөөч, би нөгөө малын төлж өгмөөр байна, цагдаа шүүх гэхгүй салмаар байна, танай худ юм чинь чи нэг яриад өгөөч” гэж хэлсэн. Э.Н бид хоёр тэр өдөр гэрийнхээ баруун талын уулын орой дээр гараад Э.Нийн утсаар би Б.Г ах руу залгаад “сонин юу байна Боо ах” гээд мэнд мэдчихээд Э.Н тантай ярих юм байна гэж байна” гэж хэлээд утсаа Э.Н-т өгч Б.Г ахтай яриулсан. Тэр үед Э.Н нь Б.Г ахтай мэнд ус мэдээд “тантай ярих юм байна ах, би муухай юм хийлээ, би танай малыг хулгайлчихсан юм, одоо тантай уулзаад хохиролд нь мал өгмөөр байна та хүрээд ирээч” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[5],
4. Гэрч Ч.Б-гийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өгсөн “...Би Э.Н-аас бог малын гулууз мах болон бог мал худалдан авсан зүйл байхгүй. Харин Э.Н 2021 оны 02 дугаар сарын сүүлээр утсаар яриад “би арван малын хэрэгтэй байна, таныг ченж хийдэг, би танд малын махаа зарчихсан гээд хэлчихсэн шүү, танаас асуувал та тэгж мэдүүлэг өгчхөөрэй” гэж хэлсэн. Тэр үед нь би Э.Н-т би ямар нэг зүйл хэлэлгүй тасалсан ба Э.Н нь дахин яриагүй...” гэх мэдүүлэг[6],
5. Эд зүйл үнэлсэн шинжээч Я.Н-гийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаартай “Увс аймгийн Малчин суманд 2020 оны 3 дугаар сарын байдлаар хуц 180’000₮, нас гүйцсэн эр хонь 170’000₮, нас гүйцсэн эх хонь 120’000₮, дөрвөн настай эр хонь 150’000₮, дөрвөн настай эх хонь 110’000₮, гурван настай эр хонь 120’000₮, гурван настай эх хонь 90’000₮, төлөг 60’000₮, хурга зах зээлийн үнэ цэнийн баримжаа 35’000 төгрөг болох тодорхойлов” гэх дүгнэлт[7],
6. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 8 дугаартай “Ц.Б нь сэтгэцийн хувьд эрүүл, сэтгэл мэдрэлийн өвчингүй. ...Ц.Б нь болсон явдлын талаар зөв тусгаж үнэн зөв мэдүүлэг өгч чадна. Ц.Б нь хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт[8],
7. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 7 дугаартай “Э.Н сэтгэцийн хувьд эрүүл. ...Э.Н нь болсон явдлын талаар зөв тусгаж, зөв мэдүүлэг өгч чадна. Э.Н нь хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт[9],
8. Хохирогч Б.Ж-ын 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “2018 оны 12 дугаар сарын 23-ны орой малаа хашаа руу тоолж оруулахад манай малаас долоон тооны хонь дутсан... 2021 оны 01 дүгээр сарын 05-ний үед манай сумын дөрөвдүгээр багийн иргэн Б-гийн Б гэх хүн манай гэрт ирээд “манай хүү Б.У, хажуудаа Б /Б.Э/, Э.Н гэх залуучуудтай нийлээд танай хонийг хулгайлж зарч борлуулсан байна, чи цагдаагийн байгууллагад битгий хэлээрэй би чиний хохирол бүрэн барагдуулан” гэж хэлсэн. ...2021 оны 01 дүгээр сарын үед Малчин сумын төвд манай мал хулгайлсан н.Б /Б.Э/, Б.У, Э.Н нартай таарахад Б.У надаас “аав тантай уулзсан уу? бид гурав танай малаас хэдэн хонь аваад зарчихсан юм уучлаарай, та битгий цагдаад хэлээрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та нар миний малыг хэнд өгсөн бэ?” гэж асуухад “манай сумын ченж Ц.Б гэх хүнд өгсөн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[10],
2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр дахин өгсөн “Би урьд мэдүүлэг өгөхдөө зарим зүйлийг буруу ойлгож, зарим зүйлийн талаар зөрүүтэй мэдүүлсэн байна. 2018 онд манай гурван зуун арван хоёр тооны хонийг манай хамаатны Ц.Б гэх хүн өөрийн малтай нийлүүлж манай өвөлжөө болох Малчин сумын Хэцийн ар гэх газарт маллаж өвөлжсөн юм. ...2018 оны 12 дугаар сарын 21-ний шөнө манай бог малаас арван хоёр тооны хонь малын хашаанд дотор дарагдаж үхсэн байсныг тэр өглөө Ц.Б намайг дуудаж харуулсан. Тэр үед намайг очиход малын хашааны хаалга онгорхой, малын хашаан дотор арван хоёр хонь дарагдаж үхсэн байхаар нь бид нар тухайн шөнө манай малаас хулгай авсан байж магадгүй гэж ойлгосон. Тэр үед бид нар малаа нэг бүрчлэн тоолж үзээгүй юм. 2018 /2019/ оны хавар буюу 02 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн хонинуудыг Ц.Б-оос малаа ялгаж авахад миний долоон тооны эх хонь дутсан юм. Тухайн үед би уг долоон тооны хонийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний шөнө буюу мал хашаанд үхсэн шөнө хулгай авсан байх гэж бодсон. Тэгээд би хэн авсан болохыг нь мэдээгүй учир цагдаад мэдэгдээгүй бөгөөд хэдийд манай малаас долоон хонь хулгайлагдсан болохыг бодоод байхад 2018 оны өвөл 12 дугаар сарын 25, 26-ны үеэр манай мал Б.У-ын малтай нийлсэн гэж Ц.Б надад хэлж байсан. Тэр үед л манай малаас долоон хонь хулгайлагдсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг[11],
9. Гэрч Ц.Б-ын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн “...2018 оны өвөл 12 дугаар сарын 20-оос хойш, өдрийг нь сайн санахгүй байна. Нэг удаа малын бэлчээрт Ногоон хашаа гэх газарт Б.Бийн бог малтай манаа бог мал бэлчээрээр нийлсэн байсан юм. Тухайн үед Б.Бийн бог малыг хүү Б.У нь Хөх ам гэх газарт отроор маллаж байсан ба ганцаараа отроор малаа маллаж өвөлжсөн юм. Тухайн өдөр буюу мал нийлсэн өдөр орой 18:00 цагийн үед харанхуй болж байхад би бог малаа туугаад гэр лүүгээ харьж байтал манай эхнэр урдаас тосож ирсэн. ...Тэгж байтал Б.У хүрч ирээд эхнэр бид хоёрт “танай манай хоёрын мал нийлчихсэн байна, та очоод ялгаад ав” гэж өөрийнхөө цэнхэр өнгийн мотоциклтой ирж хэлсэн. ...Тэр орой би Б.У-ын малаас өөрийн хорин таван тооны хонийг ялгаж аваад гэр лүүгээ харьсан. Маргааш нь шуургатай байсан учир Б.У-ын гэр лүү очиж малыг нь дахин шүүж чадаагүй бөгөөд нөгөөдөр нь Б.У-ын малыг шүүж үзэхэд тэдний малд таван хонь байсныг ялгаж авсан. Тухайн үедээ би Б.У-ын малаас өөрийн малыг шүүж ялгаж авсны дараа малаа нэг бүрчлэн тоолж, бүртгээгүй... 2019 оны 02 дугаар сарын 27-ны үед Б.Ж ах өөрийн малыг манайхаас ирж ялгаж авсан ба тухайн үед тэдний малаас арван есөн тооны мал дутсан. Үүнээс 2018 оны 12 дугаар сарын 21-ний шөнө арван хоёр мал дарагдаж үхсэн ба долоон тооны хонь дутсан юм. ...Би тухайн үед өнгөрсөн өвөл Б.У-ын малтай манай мал нийлсэн гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг[12],
10. Гэрч Б.Д-ийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн “2018 оны 12 дугаар сарын сүүлээр өдрийн санахгүй байна манай нөхөр Ц.Б малдаа яваад ирэхгүй оройтсон болохоор нь би нөхрийг тосч очсон. Тэгж байтал Б.У нь өөрийнхөө цагаан өнгийн мотоциклтой ирээд “танай манай хоёр мал нийлсэн байна” гэж хэлсэн. ... манай нөхөр Б.У-ын гэр лүү явж тэр шөнө хорин таван тооны хонь ялгаж ирсэн, маргааш нь өнжөөд очиж дахин шүүж таван хонь ялгаж ирсэн...” гэх мэдүүлэг[13],
11. Гэрч Ц.Б-ын 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “...2018 оны 12 дугаар сараас хойш Э.Н, Б.Э, Б.У нар мотоцикл уначихсан хоёр хонины мах авчихсан их ирдэг байсан. 2018 оны 12 дугаар сард мах хөлдөж байх үед айлууд хүнсээ идчихсэн байх үед хоёроос гурван удаа ээлжилж ирж таваас зургаан тооны хонины мах өгсөн...” гэх мэдүүлэг[14],
12. Гэрч Б.С-гийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “...2018 оны 12 дугаар сарын сүүлээр байх цаг хугацааг нь сайн санахгүй байна. Манайх Увс аймгийн Малчин сумын нутаг “Бригадын хөтөл” гэх газар өвөлжиж байхад нэг шөнө манай сумын 4 дүгээр багийн иргэн Э.Н, Б.У гэх хоёр залуу таван тооны хонь туучихсан ирээд тэр шөнө манай гэрийн гадна манай нөхөр Б.Э-той хамт нядалсан юм. Толгой шийрийг нь хол хаяна гэж хэлээд Э.Н аваад явсан. Махыг нь цасанд булж байгаад хоёр хоёроор нь Малчин сумын төв рүү оруулж зарсан. ...Тэр авч ирж нядалсан таван малаас манай нөхөр Б.Э хоёр махыг нь, Э.Н хоёр махыг нь, нэг махыг нь Б.У зарсан гэж байсан...” гэх мэдүүлэг[15],
13. Гэрч С.Б-ын 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “...2021 оны 02 дугаар сарын сүүлээр манай хүү Б.Э манай гэрт ирээд “хоёр гурван жилийн өмнө Э.Н, Б.У нар манай сумын Буянтөрийн Ж гэх хүний малаас ...хонь хулгайлж ирээд манай гэрийн гадна бид нар нядлаад махыг нь зарчихсан юм” гэж хэлж байсан. Хэд хоногийн дараа Б.Ж ирээд “танай хүү Б.Э багийнхаа залуучуудтай нийлээд манай долоон тооны хонь хулгайлсан байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[16],
14. Гэрч Б.Б-ийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн “...Манай хүү Б.У 2018 оны өвөл манай сумын Э.Н, Б.Э нарын хамт Б.Ж гэх айлын малаас таван тооны эх хонь хулгайлсан талаараа надад 2021 оны 01 дүгээр сарын эхээр хэлсэн...” гэх мэдүүлэг[17],
15. Гэрч С.Э-ын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн “...Манай хүү Э.Н нь 2021 оны 3 дугаар сард “2018 оны өвөл манай сумын багийн эмч Б.Ж-ын бог малаас Б.У-тай хамт таван тооны эх хонь хулгайлж нядалж зарсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[18],
16. 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 99 дугаартай “2018 оны 12 дугаар сарын байдлаар Увс аймгийн Малчин суманд нас гүйцсэн эр хонь 150’000₮, нас гүйцсэн эх хонь 100’000₮, таван настай эр хонь 130’000₮, таван настай эм хонь 90’000₮, дөрвөн настай эр хонь 120’000₮, дөрвөн настай эм хонь 80’000₮, гурван настай эр хонь 110’000₮, гурван настай эх хонь 70’000₮, төлөг эр/эм 65’000₮, хурга 25’000 төгрөг болох тодорхойлов” гэх дүгнэлт[19],
17. 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 122 дугаартай “2021 оны 4 дүгээр сарын байдлаар 2018 онд Хятад улсад үйлдвэрлэгдсэн Мустанг-5 загварын хуучин мотоциклын зах зээлийн үнэ цэнийн баримжаа 412’500 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[20],
18. Эд зүйл үнэлсэн шинжээч Я.Н-гийн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 125 дугаартай “2021 оны 4 дүгээр сарын байдлаар Увс аймагт “Саняа” /Sanya/ загварын зургаан жил гаруй ашигласан мотоцикл /150’000₮/ болон гурван /*1’500₮=4’500₮/ ширхэг хуучин хутганы зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 154’500 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[21],
19. Шүүгдэгч Э.Н-ийн эрүүгийн 2135000350049 дугаартай хэрэгт 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Надад сонгосон ялыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би мал хулгайлаагүй, би хулгай хийгээгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Би 2020 оны 3 дугаар сарын 16-аас 17-ыг шилжих шөнө гэртээ байсан бөгөөд би өнгөрсөн жил мал төллөж байсан учир гэртээ байсан. Тухайн үед манай гэртэй ээж С.Оюун, аав С.Э бид гурав гэртээ байсан. Тэр үед манай аав, ээж хоёр аймаг руу яваагүй юм. ...Би Б.Г-д мал өгсөн зүйл байхгүй, харин би 2020 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Б.Г-ын гэрт Б.С-ын өгсөн арван хонийг түүнтэй хамт хүргэж өгчхөөд тэдний гадна өөрийнхөө андриод утсыг унагаад гээчихсэн. ...Би утсаа авах гээд Б.Г-ын гэрт 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр буюу 27-ны үед очиход Б.Г болон түүний эхнэр Хавхай нар надад хулгайлсан малын мөнгө өгч байж утсаа ав гэж хэлээд өгөөгүй. Тэгээд би өөрийнхөө данснаас 500’000 төгрөгийг сумын төв орж аваад Б.Г-ын гэрт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг[22],
Уг хэрэгт 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дахин яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар анх мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн юм. Би тухайн үед айж сандрахдаа өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэж худал мэдүүлсэн. Одоо би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 3 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө 23:00-00:00 цагийн үед Ц-ын Б бид хоёр Увс аймгийн Малчин сумын дөрөвдүгээр багийн нутаг Хоо буйр гэх газарт байх нутгийн ах Буяагийн эзгүй өвөлжөөний хашаанаас манай сумын Б.Г ахын 200 гаруй тооны бог малаас арван таван тооны хонийг хулгайлж аваад тэндээсээ туугаад өөрийнхөө малд аваачиж нийлүүлсэн. ...Тухайн шөнө Ц.Б бид хоёр Буяа ахын өвөлжөө рүү алхаж явсан бөгөөд арван таван тооны малыг хулгайлж аваад явганаар тууж манай гэрт ирсэн юм. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр би босоод арван таван тооны хонийг малаасаа ялгаж аваад нядалж байтал Ц.Б малаа бэлчээрт гаргачхаад манай гэрт ирсэн. Бид хоёр үлдсэн малуудаа нядалж махыг нь гэрийнхээ ойролцоо цасанд булаад толгой шийр арьсыг нь гэрийнхээ хогийн аманд шатаагаад хаячихсан юм. Тэр өдрөөс хойш 4-5 хоногийн дараа манай нутгаар саарал өнгийн танихгүй фургон машинтай явуулын хүн мах цуглуулж явахаар нь би тухайн хүнтэй уулзаад нядалж цасанд булсан арван таван тооны хонины гулууз махыг нэг килограммыг нь 3’500 төгрөгөөр бодож нийт 1’000’000 төгрөгийг бэлнээр авсан юм. ...Би малын махаа зарчхаад маргааш нь Ц.Б-той уулзаад Б.Г-ын малаас хулгайлсан малын мах зарж олсон 1’000’000 төгрөгөөс 500’000 төгрөгийг бэлнээр Ц.Бт өгч явуулсан юм. ...Б.Г ах 2020 оны намар /сар өдрийг нь тодорхой санахгүй байна/ надтай сумын төвд таараад “чи миний малыг хулгайлсан байна, төлж өг” гэж хэлсэн. Би тэр үед Б.Г ахад “цагдаад битгий хэлээрэй, би хохирлыг тань барагдуулна” гэж хэлсэн. Би 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр отроор явж байхдаа Б.Г ахыг Б.С бид хоёр утсаар ярьж дуудсан юм. Б.С нь Б.Г-той худ ургийн холбоотой хүмүүс учраас би Б.Саар Б.Г ахтай яриулж дуудуулсан юм. Б.Г ах өөрийн төрсөн дүү Б.Гтэй хамт өөрийнхөө фургон машинтай ирсэн бөгөөд би Б.Г ахтай уулзаад хохиролд өөрийнхөө бог малаас арван тооны хонь өгсөн. ...Би 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б.Г ахтай уулзаж хохирлыг нь барагдуулж байхдаа тэдний малыг Ц.Бтой хамт хулгайлсан талаараа хэлсэн. 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би Ц.Бийн хамт сумын төв орж Б.Г ахтай уулзаад “цагдаад та битгий мэдэгдээрэй бид хоёр таны хохиролд 1’000’000 төгрөг өгнө” гэж хэлсэн. Тэр үед Б.Г гэртээ гэр бүлийн хамт байсан ба мөн Б.Г байсан. ...2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би Б.Г ахын гэрт очиж Ц.Бийн өгсөн 500’000 аваачиж өгсөн ба би 12 дугаар сарын 31-ний өдөр мал авч ирж өгөх үедээ тэдний хашаанд утсаа унагаасан байсан ба тэр үед гар утсаа буцааж авсан...” гэх мэдүүлэг[23],
Эрүүгийн 2135000630068 дугаартай хэрэгт 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. ...2018 оны 26-ны өдөр 17:00 цагийн үед манай сумын Б.У намайг бэлчээрт мал дээрээ явж байхад хүрч ирээд “манай малтай, Б.Ж ахын мал нийлчихсэн байна, хэдэн хонь авчихъя” гэж хэлсэн. Би зөвшөөрөөд Б.У бид хоёр малын бэлчээрээс алхаад Малчин сумын дөрөвдүгээр багийн нутаг Ногоон хашаа гэх газарт очиход Б.Уын малтай Б.Ж ахын бог малууд нийлсэн байсан. Тухайн малаас Б.У бид хоёр долоон тооны эх хонийг ялгаж аваад би уг долоон тооны хонийг туугаад Б.Эын гэрийг чиглээд явсан. Би тухайн хулгайлсан долоон тооны хонио тууж явтал замд хоёр хонь тасраад гүйгээд явчихаар нь яарч явсан учраас тухайн хоёр хонийг орхиод явсан. ...Бид хоёр үлдсэн таван тооны хонийг туугаад Б.Эын гэрийн гадна ирээд түүнд “Ууганаагийн малтай Б.Ж ахын мал нийлчихээр нь бид хоёр таван хонийг нь тасалж аваад ирлээ, танай гадна нядалчихъя” гэж хэлэхэд Б.Э зөвшөөрсөн юм. Уг таван тооны хонийг Б.Э, Б.У бид гурав тэр шөнө нядлаад, толгой, шийр, арьсыг нь Б.Э амбаартаа хадгалж байгаад сүүлд гаргаж шатааж хаясан, харин махыг нь гулууз болгоод Б.Эын гэрийн ойролцоо цасанд булсан, малын дотор, цусыг нь гүзээнд нь боогоод Б.Эын гэрийн урд талын хөндийд оруулаад хаячихсан юм. ...Тэрнээс хойш Б.Утай Б.Э бид хоёр холбогдож чадаагүй бөгөөд цагаан сарын дараа цас хайлах гээд байхаар нь Б.Э бид хоёр тухайн таван тооны гулууз махнаас эхэлж хоёр гулууз махыг Малчин сумын төв рүү оруулж ченж Ц.Бд хүргэж өгсөн бөгөөд тухайн үед хоёр хонины гулууз мах 100’000 төгрөг болсон ба бид хоёр 50’000 төгрөгөөр хувааж авсан. Нөгөөдөр нь үлдсэн гурван хонины гулууз махыг Б.Э бид хоёр сумын төв рүү түүний мотоциклоор оруулж Ц.Б гэх ченжид өгч 150’000 төгрөг авсан. Уг мөнгөнөөс би 50’000 төгрөгийн аваад үлдсэн 100’000 төгрөгийг Б.Э ахад “хадгалж байгаад Б.Ут өгөөрэй” гэж хэлээд өгсөн...” гэх мэдүүлэг[24],
20. Шүүгдэгч Ц.Б-оос эрүүгийн 2135000350049 дугаартай хэрэгт 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 3 дугаар сарын 16-ны шөнө 21:00 цагийн үед манай нутгийн Э.Н хүрч ирээд “хоёулаа доошоо яваад ирье” гэж хэлсэн. ...бид хоёр манай гэрээс гурван километр зайтай байдаг манай нутгийн Буяагийн өвөлжөөн дээр очсон. Тэдний өвөлжөөнд очиход малын хашаанд хоёр зуу гаруй тооны хонь, ямаа байсан ба Э.Н “надад мөнгөний хэрэг гараад байна, энэ малаас авъя” гэж хэлэхээр нь би “хэрэггүй ээ энэ чинь хүний мал” гэхэд Э.Н уг малын хашаа руу ороод мал барьж эхэлсэн. Тэр үед би малын хашааны хаалга дээр зогсоод Э.Н мал ялгаж барьж ирэхээр нь би хашааны хаалгыг онгойлгож нийт арван таван тооны хонь ялгаж авсан...” гэх мэдүүлэг[25],
2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр уг хэрэгт яллагдагчаар дахин өгсөн “...маргааш нь буюу 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр би малаа бэлчээрт гаргачхаад Э.Нийн гэрт очиход Э.Н тухайн малуудыг нядалж байсан бөгөөд би үлдсэн малаас хоёр малыг нядалж өгчхөөд явсан. Тухайн үед Э.Н уг малын махыг гулуузаар нь хөлдөөчхөөд зарна гэж хэлсэн. Дөрвөөс тав хоногийн дараа Э.Нийн гэрийн гадна саарал өнгийн УАЗ Фургон машин ирж харагдаж байсан бөгөөд Э.Н нь тухайн Фургонд хулгайлсан малын махаа өгөөд явуулчихсан байсан. Маргааш нь надад 500’000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг[26],
21. Шүүгдэгч Б.У-аас эрүүгийн 2135000630068 дугаартай хэрэгт 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би малаа хариулж байгаад бэлчээрээс зайтай явж байгаад эргэж ирэхэд манай нутгийн Б.Ж ахын хонь манай хоньтой нийлчихсэн байсан. Би мал дээрээ очоод тэр айлын малыг нүдэн баримжаагаар ялгаж зааглаад гэрийнх нь зүг рүү туусан тэгчхээд би бэлчээрт надтай ойролцоо малаа хариулж байсан Э.Н руу очоод “манай малтай Б.Ж ахын мал нийлчихсэн байна, хэдэн хонь авчихъя” гэж хэлсэн. Э.Н зөвшөөрч надтай хамт Малчин сумын 4 дүгээр багийн нутаг Ногоон хашаа гэх газарт очоод бэлчээрээс бид хоёр Б.Ж ахын хониноос долоон тооны эх хонийг ялгаж аваад Э.Н нь уг долоон тооны хонийг туугаад Б.Э-ын гэрийг чиглээд явсан. Харин би малын бэлчээрээс цааш явж тухайн үед Б.Ж ахын малыг хариулж байсан Ц.Б ах руу очиход миний зааглаж гэрийн зүг туусан малуудаа туугаад гэр лүүгээ явж байсан бөгөөд тухайн үед Ц.Б ахын эхнэр нь ирчихсэн байсан. Би Ц.Б ахад “танай мал манай малтай бэлчээрт нийлсэн байна, таныг ирэхгүй болохоор нь би малуудаа дундуур нь зааглаад явуулчихсан, та манай малаас очиж малаа шүүж ав” гэж хэлсэн. ...мал нийлсэн талаар намайг хэлэхэд Ц.Б ах эхнэрийнхээ хамтаар малаа зүсэлж бүртгээд зүсээр мал дутаж байна гэж хэлээд Ц.Б ахын тууж явсан малыг эхнэр нь туугаад гэр лүүгээ явсан... Ц.Б ах бид хоёр манай отрын гэр дээр ...ирээд хорин таван тооны хонио ялгаж аваад явсан юм. ...нөгөөдөр өдөр нь Ц.Б ах дахин манайд ирж малаа шүүхэд тэдний малаас таван тооны хонь манай малд байсныг ялгаж аваад явсан. Би 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ц.Б ах манайд ирээд малаа ялгаж аваад явсны дараа Э.Нийн араас очиход Б.Жын малаас хулгайлсан хонио Б.Эын гэрийн ойролцоо тууж очоод намайг хүлээж байсан, намайг очиход Э.Н нь замдаа хоёр хонийг нь алга болгочихсон байсан бөгөөд үлдсэн таван хонийг хаана нядлах талаар ярилцаад Б.Эын гэрт очихоор болсон. Э.Н бид хоёр Б.Э-ынд очоод “манай малтай Б.Ж ахын мал нийлчихээр нь бид хоёр таван хонийг нь тасалж аваад ирлээ, танай гадна нядалчихъя” гэж хэлэхэд тэр зөвшөөрсөн юм. ...Б.Ж ахын малаас авсан таван хонины гулуузыг Б.Э, Э.Н бид гурав зарж борлуулаад мөнгийг нь хувааж авахаар ярилцсан... Б.Э, Э.Н нар уг таван хонины гулуузыг сумын төв рүү оруулж зарсан юм байна лээ. Би уг долоон тооны хонийг хулгайлсан боловч ямар нэгэн ашиг, мөнгө олж авч чадаагүй...” гэх мэдүүлэг[27],
22. Шүүгдэгч Б.Эын эрүүгийн 2135000630068 дугаартай хэрэгт 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би гэртээ эхнэр хүүхдийнхээ хамтаар байж байтал 18:00 цагийн орчимд Б.У, Э.Н нар таван тооны хонийг явганаар тууж ирсэн юм. Би тэр хоёроос “ямар учиртай мал юм бэ?” гэхэд “Б.Уын малтай Б.Ж ахын мал нийлчихсэн байхаар нь бид хоёр таван тооны хонийг хулгайлж, таслаад аваад ирлээ, танай гадна нядалчихмаар байна, уг малыг нядлаад хоёр хонины гулуузыг өгнө” гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. ...Тэр орой уг таван тооны хонийг Б.У, Э.Н бид гурав нядлаад махыг нь манай гэрийн ойролцоо цасанд булж, арьс, толгой, шийрийг нь амбаарт оруулсан, малын дотор, баас, цусыг нь гэрийн урд талын жалганд хаясан. ...цагаан сарын дараа цас хайлах гээд байхаар нь Э.Н бид хоёр тухайн таван хонины гулууз махнаас эхэлж хоёр гулууз махыг Малчин сумын төв рүү оруулж Ц.Бд хүргэж өгөөд 100’000 төгрөг авсан ба Э.Н бид хоёр 50’000 төгрөгөөр хувааж авсан. Нөгөөдөр нь дахин үлдсэн гурван хонины гулууз махыг Э.Н бид хоёр сумын төв рүү миний 71-38 УВЗ улсын дугаартай цэнхэр өнгийн Мустанг-5 загварын мотоциклоор оруулж Ц.Б гэх ченжид өгч 150’000 төгрөг авсан, уг мөнгөнөөс 50’000 төгрөгийг Э.Н аваад үлдсэн 100’000 төгрөгийг надад өгөөд “хадгалж байгаад Б.У-т өгөөрэй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[28],
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын ноцтой зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Н, Ц.Б нарын гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:
Хохирогч Б.Гын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн “...Би 2020 оны 9 дүгээр сарын үед Э.Н гэх залуутай очиж уулзахад “та цагдаад битгий хэл Ц.Б бид хоёр танай хонийг хулгайлсан үнэн, би Ц.Бтой уулзаж байгаад танай мал төлж өгнө” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн “...Намайг отрын гэрт нь очиход Э.Н надад “уучлаарай Боо ахаа, таны малыг хулгайлсан, одоо ингээд цагдаад мэдэгдэхгүй зохицъё” гэж манай малыг хулгайлсан талаараа хэргээ хүлээсэн. ...Э.Н нь өөрийнхөө бог малаас арван тооны хонь өгсөн... 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай сумын Ц.Бтой хамт манай гэрт ирээд “бид хоёр танай малыг Буяа ахын өвөлжөөний хашаанаас очиж авсан нь үнэн, та цагдаад битгий хэлээрэй, ингээд зохицоод салчихъя ах, бид хоёр таныг хохиролгүй болгож өгнө” гэж хэлсэн бөгөөд тэр үед Ц.Б мөн манай малыг хамт хулгайлсан талаараа хэлсэн юм...” гэх мэдүүлэг, гэрч Б.Гийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр дахин өгсөн “...Э.Н нь Б.Г ахын хонийг Ц.Бтой хамт хулгайлсан гэж хэлээд хохиролд нь өөрийнхөө малаас арван тооны хонь өгсөн... Э.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай сумын Ц.Бтой хамт Б.Г ахын гэрт ирээд “бид хоёр танай малыг Буяа ахын өвөлжөөний хашаанаас очиж авсан нь үнэн, та цагдаад битгий хэлээрэй ингээд зохицоод салчихъя ах, бид хоёр таныг хохиролгүй болгож өгнө” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Сын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дахин өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 10-ны үед надад “би 2020 оны 3 дугаар сарын 17-ны үед Б.Г ахын малаас арван таван тооны бог малыг Ц.Бтой нийлээд хулгайлчихсан, Буяа ахын өвөлжөөнд хашаалчихсан байсныг очиж авсан, энэ талаар Б.Г ах мэдчихсэн байна, цагдаа шүүх гэлгүй энд нь хохирлыг нь барагдуулж өгөөд салмаар байна” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг болон энэхүү мэдүүлгүүдээр давхар нотлогдсон шүүгдэгч Э.Нийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дахин яллагдагчаар өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө 23:00-00:00 цагийн үед Цын Б бид хоёр Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багийн нутаг Хоо буйр гэх газарт байх нутгийн ах Буяагийн эзгүй өвөлжөөний хашаанаас манай сумын Б.Г ахын хоёр зуу гаруй тооны бог малаас Ц.Бтой нийт арван таван тооны хонийг хулгайлж аваад тэндээсээ туугаад өөрийнхөө малд аваачиж нийлүүлсэн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ц.Бийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 16-ны шөнө 21:00 цагийн үед манай нутгийн Э.Н хүрч ирээд “хоёулаа доошоо яваад ирье” гэж хэлсэн. ...бид хоёр манай гэрээс гурван километр зайтай байдаг манай нутгийн Буяагийн өвөлжөөн дээр очсон. Тэдний өвөлжөөнд очиход малын хашаанд хоёр зуу гаруй тооны хонь, ямаа байсан ба Э.Н “надад мөнгөний хэрэг гараад байна, энэ малаас авъя” гэж хэлэхээр нь би “хэрэггүй ээ энэ чинь хүний мал” гэхэд Э.Н уг малын хашаа руу ороод мал барьж эхэлсэн. Тэр үед би малын хашааны хаалга дээр зогсоод Э.Н мал ялгаж барьж ирэхээр нь би хашааны хаалгыг онгойлгож нийт арван таван тооны хонь ялгаж авсан...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Э.Н, Х.Б нар нь бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Увс аймгийн Малчин сумын дөрөвдүгээр багийн нутаг Хоо буйр гэх газраас хохирогч Б.Гын олон тооны буюу арван таван тооны хонийг хулгайлж авсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Н нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар “...Би мал хулгайлаагүй, би хулгай хийгээгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Би Б.Год мал өгсөн зүйл байхгүй, харин би 2020 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Б.Гын гэрт Б.Сын өгсөн арван хонийг түүнтэй хамт хүргэж өгчхөөд тэдний гадна өөрийнхөө андриод утсыг унагаад гээчихсэн...” гэж мэдүүлсэн нь хохирогч Б.Г, гэрч Б.Г, Б.С нарын мэдүүлгүүдээр няцаан үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч Э.Нийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дахин яллагдагчаар өгсөн “...Б-гийн эзгүй өвөлжөөний хашаанаас манай сумын Б.Г ахын хоёр зуу гаруй тооны бог малаас Ц.Бтой нийт арван тооны хонийг хулгайлж аваад тэндээсээ туугаад өөрийнхөө малд аваачиж нийлүүлсэн...” гэх мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байх тул уг мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан ба эд хөрөнгийн төрлөөр нь буюу объектын шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд мал хулгайлах гэмт хэргийг ялган хуульчилжээ. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлд заасан мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж тодорхойлсон байна. Тодруулбал шүүгдэгч Э.Н, Ц.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Э.Н, Ц.Б нар нь хохирогчийн арван таван тооны хонийг хулгайлж авсан үйлдлээрээ хохирогч Б.Год 2’050’000 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдлээр хохирогчийн арван таван тооны хонийг хулгайлж авсан байна. Шүүгдэгч Э.Н, Ц.Б нар нь бусдын эд хөрөнгийг буюу хонийг эзнийх нь зөвшөөрөлгүй, нууцаар авах нь хууль бус гэдгийг мэдсээр байж хохирогчийн арван таван тооны хонийг хулгайлж 2’050’000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан ба шүүгдэгч Э.Н, Ц.Б нар урьдчилан үгсэн тохиролцож хохирогч Б.Гын арван таван тооны хонийг санаатай нэгдэж хулгайлсан байх тул уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан ...хүнийг зохион байгуулагч гэнэ” гэж заасан ба шүүгдэгч Ц.Бийн “...2020 оны 3 дугаар сарын 16-ны шөнө 21:00 цагийн үед манай нутгийн Э.Н хүрч ирээд “хоёулаа доошоо яваад ирье” гэж хэлсэн. ...Э.Н “надад мөнгөний хэрэг гараад байна, энэ малаас авъя” гэж хэлэхээр нь би “хэрэггүй ээ энэ чинь хүний мал” гэхэд Э.Н уг малын хашаа руу ороод мал барьж эхэлсэн...” гэх мэдүүлгээр уг гэмт хэргийг шүүгдэгч Э.Н санаачилсан болох нь тогтоогдож байх тул түүнийг уг гэмт хэргийн зохион байгуулагч гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэргийг ...бусадтай бүлэглэн ...үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж заасан ба шүүгдэгч Ц.Б нь уг гэмт хэрэгт оролцсон болох нь яллагдагчаар өгсөн “Э.Н уг малын хашаа руу ороод мал барьж эхэлсэн. Тэр үед би малын хашааны хаалга дээр зогсоод Э.Н мал ялгаж барьж ирэхээр нь би хашааны хаалгыг онгойлгож нийт арван таван тооны хонь ялгаж авсан...” гэх мэдүүлгээр нь тогтоогдож байх тул түүнийг гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тодорхойлсон ба бог мал гэдэгт хонь, ямаа хамаарна. Иймд шүүгдэгч Э.Н, Ц.Б нарыг арван таван тооны бог мал буюу олон тооны мал хулгайлсан гэж үзнэ.
Тодруулбал шүүгдэгч Э.Н, Ц.Б нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж” гэх, 2.2-т заасан “энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус хангасан байна.
Иймд шүүгдэгч Э.Н, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бүлэглэж олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Г 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “...Э.Н хохиролд 2020 оны 12 дугаар сарын 31-ны орой арван тооны хонь өгсөн. Мөн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Э.Н нь надад бэлнээр 500’000 төгрөгийг төлж өгсөн. Одоо би Э.Н, Ц.Б нараас 500’000 төгрөг нэхэмжилж байгаа ба би малаа алдаад хайхдаа бензиний зардал, мөн энэ хэргийн улмаас сумын төвөөс аймаг руу орж гарахад бензиний зардал гэх мэт зардлууд гаргасан...” гэж мэдүүлсэн боловч 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр, 7 дугаар сарын 06-ны өдөр тус тус шүүгчийн туслах хохирогч Б.Год түүний 98880079 дугаарын утсаар холбогдож шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Шүүх хуралдааны тов хүлээн авлаа. Надад нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэх хариу өгсөн болох нь Утсаар ярьсан тэмдэглэл[29] /Баримт №6/-ээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Н, Ц.Б нарыг хохирогч Б.Год гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж үзэж, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, уршиггүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Н, Б.У нарын гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:
Хохирогч Б.Жын 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын үед Малчин сумын төвд манай мал хулгайлсан н.Б /Б.Э/, Б.У, Э.Н нартай таарахад Б.У надаас “аав тантай уулзсан уу? бид гурав танай малаас хэдэн хонь аваад зарчихсан юм уучлаарай, та битгий цагдаад хэлээрэй” гэж хэлсэн. ... 2018 оны өвөл 12 дугаар сарын 25, 26-ны үеэр манай мал Б.Уын малтай нийлсэн гэж Ц.Б надад хэлж байсан. Тэр үед л манай малаас долоон хонь хулгайлагдсан юм шиг байсан...” гэх, гэрч Ц.Бын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн “...Б.У хүрч ирээд эхнэр бид хоёрт “танай манай хоёр мал нийлчихсэн байна, та очоод ялгаад ав” гэж өөрийнхөө цэнхэр өнгийн мотоциклтой ирж хэлсэн. ...би Б.Уын малаас өөрийн хорин таван тооны хонийг ялгаж аваад гэр лүүгээ харьсан. ...нөгөөдөр нь Б.Уын малыг шүүж үзэхэд тэдний малд таван хонь байсныг ялгаж авсан...” гэх, гэрч Б.Дэлгэрийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн “...Б.У нь өөрийнхөө цагаан өнгийн мотоциклтой ирээд “танай манай хоёр мал нийлсэн байна” гэж хэлсэн. ... манай нөхөр Б.Уын гэр лүү явж тэр шөнө хорин таван тооны хонь ялгаж ирсэн, маргааш нь өнжөөд очиж дахин шүүж таван хонь ялгаж ирсэн...” гэх, гэрч Б.Бийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн “...Манай хүү Б.У 2018 оны өвөл манай сумын Э.Н, Б.Э нарын хамт Б.Ж гэх айлын малаас таван тооны эх хонь хулгайлсан талаараа надад 2021 оны 01 дүгээр сарын эхээр хэлсэн...” гэх, гэрч С.Эын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн “...Манай хүү Э.Н нь 2021 оны 3 дугаар сард “2018 оны өвөл манай сумын багийн эмч Б.Жын бог малаас Б.Утай хамт таван тооны эх хонь хулгайлж нядалж зарсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүдээр болон энэхүү мэдүүлгүүдээр тогтоогдсон шүүгдэгч Э.Нийн 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 17:00 цагийн үед манай сумын Б.У намайг бэлчээрт мал дээрээ явж байхад хүрч ирээд “манай малтай, Б.Ж ахын мал нийлчихсэн байна, хэдэн хонь авчихъя” гэж хэлсэн. Би зөвшөөрөөд Б.У бид хоёр малын бэлчээрээс алхаад Малчин сумын дөрөвдүгээр багийн нутаг Ногоон хашаа гэх газарт очиход Б.Уын малтай Б.Жын ахын бог малууд нийлсэн байсан. Тухайн малаас Б.У бид хоёр долоон тооны эх хонийг ялгаж аваад би уг долоон тооны хонийг туугаад Б.Эын гэрийг чиглээд явсан. Би тухайн хулгайлсан долоон тооны хонио тууж явтал замд хоёр хонь тасраад гүйгээд явчихаар нь яарч явсан учраас тухайн хоёр хонийг орхиод явсан...” гэх, шүүгдэгч Б.Уын “...би бэлчээрт надтай ойролцоо малаа хариулж байсан Э.Н руу очоод “манай малтай Б.Ж ахын мал нийлчихсэн байна, хэдэн хонь авчихъя” гэж хэлсэн. Э.Н зөвшөөрч надтай хамт Малчин сумын дөрөвдүгээр багийн нутаг Ногоон хашаа гэх газарт очоод бэлчээрээс бид хоёр Б.Ж ахын хониноос долоон тооны эх хонийг ялгаж аваад Э.Н нь уг долоон тооны хонийг туугаад Б.Эын гэрийг чиглээд явсан...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Э.Н, Б.У нар 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Малчин сумын дөрөвдүгээр багийн нутаг Ногоон хашаа гэх газраас хохирогч Б.Жын долоон тооны хонийг хулгайлж авс%