| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/01014/И |
| Дугаар | 1415 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 1415
| 2017 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2017/01415 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 7 дугаар баг, Одконы 35 дугаар байр, 32 тоотод оршин суух, 1986 онд төрсөн 31 настай, Амбагайт овогт Цогтын Чулуунсүх /РД-ЛЛ86090971/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 45б байр, 13 тоотод оршин суух, 1974 онд төрсөн 43 настай, Гонгоогийнхон овогт Хаянхярваагийн Бямбасүрэн /РД:ГН74062910/
7.500.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлтэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Чулуунсүх, өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагч Х.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Чулуунсүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 06 дугаар сард Сүхбаатар аймгаас Булган аймаг руу хурдан удмын 3 ширхэг адуу зарахаар явсан. Бэлэн мөнгөтэй хүн байгаагүй. Эд юмаар солъё гэсэн хүмүүс байсан. Хамт явсан хүн маань намайг Х.Бямбасүрэнтэй уулзуулсан. Х.Бямбасүрэн 3 ширхэг адууг бартер хийж портер машинаар солъё гээд авч үлдсэн. Бид хоёр адуунуудыг 6.000.000 төгрөгөөр тохиролцож энэ үнэдээ портер машин өгөхөөр тохироод адуугаа өгөөд явсан. Үүнээс хойш портер машинаа яасан юу болж байна гэж нэхэж залгахад өөдөөс өгнөө л гэдэг байсан. Би машиныг авахаар Булган аймагт хэд хэдэн удаа очсон. Х.Бямбасүрэн нэг адууг чоно идсэн, нэгийг нь н.Гэндэнсүрэнд заруулахаар өгсөн гэдэг. н.Гэндэнсүрэнтэй ярихад бид хоёр өгдөг авдагаа тохироод өгч авалцсан Х.Бямбасүрэнтэй ярь гэж хэлсэн Х.Бямбасүрэн нэг морийг чоно идсэн гэсэн тул бид хоёр ярилцаад 3 ширхэг адууны үнийг 5.000.000 төгрөгөөр тохирч үүнийгээ баталгаажуулж зээлийн гэрээ байгуулсан. Х.Бямбасүрэнгээс мөнгөө нэхэхээр мөнгийг чинь бөөнд нь өгч чадахгүй байна гэдэг байсан. Зээлийн гэрээгээр адууны үнэ 5.000.000 төгрөгийг төлөхөөр тохирсон болохоос бидний хооронд мөнгө зээлдсэн асуудал байхгүй. 2016 оны 06 дугаар сард Х.Бямбасүрэн 200.000 төгрөг өгсөн. Иймд адууны үнэ 5.000.000 төгрөгөөс өгсөн 200.000 төгрөгийг хасаж 4.800.000 төгрөг нэхэмжилж байна. Д.Ганзоригийг гэрчээр асуулгах хүсэлтээс татгалзаж байна гэв.
Хариуцагч Х.Бямбасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Чулуунсүхийг Булган аймгийн Хутаг Өндөр суманд адуу зарж явахтай таарч 3 тооны адууг 5.000.000 төгрөгөөр авахаар тохирсон. Адуу нь зарагдаагүй нэг адууг чоно идсэн. 2 адууг нь Хөвсгөл аймгийн н.Гэндэнсүрэн гэдэг хүнд заруулахаар өгсөн. Мөнгө төгрөг нь ирээгүй. Адуу хурдан удмынх гэдэг нь батлагдаагүй болохоор тийм үнэтэй хүн авахгүй байсан. Одоо 2 ширхэг адууг нь зүсээр нь эсвэл оронд нь өөр мал өгье. Адууны үнэд 3.000.000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Чулуунсүх нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Х.Бямбасүрэнгээс 5.000.000 төгрөгийг алдангийн хамт нийт 7.500.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 4.800.000 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч Х.Бямбасүрэн нь нэхэмжлэгч Ц.Чулуунсүхээс 3 ширхэг адууг 5.000.000 төгрөгөөр худалдан авч, энэ үнийг төлөх хугацааг зээлийн гэрээгээр баталгаажуулан тохиролцсон болох нь шүүх хуралдаанд зохигчийн тайлбарласан тайлбар, зээлийн гэрээгээр тогдоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.
Хариуцагч нь 3 ширхэг адууны үнэд 3.000.000 төгрөгийг төлнө гэж тайлбарладаг боловч талууд 3 ширхэг адууг 5.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон болох нь тэдний тайлбар болон зээлийн гэрээгээр тогтоогдсон, энэ үнийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул 5.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэдслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь 5.000.000 төгрөгөөс хариуцагчийн өгсөн 200.000 төгрөгийг хасаж үлдэх 4.800.000 төгрөгийг гаргуулахыг шаардсан тул хариуцагч Х.Бямбасүрэнгээс 4.800.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Чулуунсүхэд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Д.Ганзоригийг гэрчээр асуулгах хүсэлтээс татгалзсан болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Х.Бямбасүрэнгээс 4.800.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Чулуунсүхэд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Х.Бямбасүрэнгээс 91.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Чулуунсүхэд олгосугай.
3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Д.Ганзоригийг гэрчээр асуулгах хүсэлтээс татгалзсан болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч түүний өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА