| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0201/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/210 |
| Огноо | 2021-08-12 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн
Улсын яллагч: Г.Цогтмагнай
Шүүгдэгч: Н.С нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Ст холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000500218 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******н *******, Регистрийн дугаар:*******-тай.
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Н.С нь өөрийн ХААН банкин дахь 522545**** тоот дансыг ашиглан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар баг 126 дугаар байрны 3 тоотод түр амьдарч байх хугацаандаа мэдээллийн технологи ашиглаж буюу Самсунг Эс-8 маркийн гар утаснаас “Кhааn Khozor” гэсэн фейсбүүк хаягтаа нэвтэрч тус хаягаараа лайв хийж) буюу шууд дамжуулж ашиг олох зорилгоор покер (рокег) нэртэй урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж 2.161.530 төгрөгийн ашиг олж мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Н.Сын мөрдөн байцаалтад өгсөн
.... Би Баянхонгор аймгийн Рашаант 10 дугаар багийн 126 дугаар байрны 3 тоот гэрт түр хугацаанд амьдарч байх үедээ “Кhааn Khozor”” гэсэн фейсбүүк хаяг нээж мөрийтэй тоглоом зохион байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 01-ний орчим байх тэр үеэс эхлэн өөрийн Самсунг эс-8 маркийн гар утсаараа тоглоом зохион байгуулсан. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг / хх-ийн 234-235/,
Гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн
... Би ХААН банкны 522545**** тоот дансыг ашигладаг. Бооцоот тоглоом зохион байгуулахаар өөр нэг хаяг нээсэн. Тэр хаягийг нь сайн мэдэхгүй. Тухай үөд би хүүхдээ унтуулах гээд хэвтэж байсан. Тэр үед манай нөхөр фейсбүүкийн лайв хийж бооцоот тоглоом зохион байгуулаад байх шиг байсан. Тэгээд удалгүй' өрөөндөө орж ирээд унтсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 34-35/,
Гэрч Л.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн
... ХААН банкны 522603**** дугаарын данс миний данс мөн байна. Би ковидын хөл хорионы үед фейсбүүкийн хаягаар орж тоглож байсан. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг 54-06 тоотод гэртээ байхдаа нэлээд хэдэн удаа тоглож байсан. Яг хэдэн удаа тоглосон талаараа санахгүй байна. Нийт хэдэн төгрөгөөр тоглосон талаараа мэдэхгүй, өөрийн дансны хуулга харж мэдэх байх. Их хэмжээний мөнгөөр бол тоглож байгаагүй.” гэсэн мэдүүлэг / хх-ийн 37/,
Гэрч О.Бын мөрдөн байцаалтад өгсөн
... ХААН банкны 508430**** дугаарын данс миний данс мөн байна. Би ковидын хөл хорионы үед фейсбүүкийн хаягаар орж тоглож байсан. Хэзээ ямар хаягаар тоглосон талаараа одоо санахгүй байна. Улаанбаатар хотод байх гэртээ тоглож байсан. Таны хэлсэн фейсбүүк хаяг мөн байна тодорхой санахгүй байна. 20000 төгрөгөөр тоглосон нийт 3 удаа тоглосон .. гэх мэдүүлэг / хх-ийн 40 /,
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн
...Иргэн Н.С нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд ХААН банкны ******* тоот дансны хуулгаар цахим мөрийтэй тоглоом тоглохоор давхардсан тоогоор 1438 хүнээс 18.400.000 төгрөгийн орлого олж давхардсан тоогоор 287 хүнд 16023500 / төгрөгийг ёндоо нэрээр /хожил/ буцааж олгосон бөгөөд банк нь гүйлгээний хураамжид 214970 төгрөгийг төлсөн байна. Хуулиар хориглосон цахим мөрийтэй тоглоом зохион байгуулахад нийт 18,400,000 төгрөгийн орлого дансаар орж 16,238,470 төгрөгийн зарлага дансаар гарсан байна.
Иргэн Н.С нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулахад давхардсан тоогоор 1438 хүн хамрагдсан бөгөөд ХААН банкны ******* тоот дансаар уг тоглоомыг зохион байгуулахад 18,400,000 төгрөгийн тоглоом тоглуулсан орлого орж нэг удаагийн тоглолт бүрд нэг хүн хожил авч түүнд давхардсан тоогоор 287 хүн хамрагдаж 16,023,500 төгрөгийг ёндоо нэрээр 287 хүнд буцаан шилжүүлсэн байна. Эдгээр бүх орлого зарлагын гүйлгээний банкны хураамжид 214970 төгрөг шилжиж иргэн Н.С нь уг тоглоомыг зохион байгуулснаар 2,161,350 төгрөгийн цэвэр ашиг олсон байна. /225458073 тоот дансны бүх орлого, зарлагын төрөл тус бүрээр нь хавсралтаар харуулсан болно/” гэсэн дүгнэлт / хх-ийн 209-211/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 226-228/, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 13/, цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 15-18/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол / хх-ийн 24-27/, дансны хуулгууд /хх-ийн 46-206/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 236/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 237/, депозит дансны хуулгууд / хх-ийн 239-242/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-ийн 545/, 44-69, 127-131/, эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 246/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Н.С нь өөрийн ХААН банкин дахь ******* тоот дансыг ашиглан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар баг 126 дугаар байрны 3 тоотод түр амьдарч байх хугацаандаа мэдээллийн технологи ашиглаж буюу Самсунг Эс 8 маркийн гар утаснаас “Кhааn Khozor” гэсэн фейсбүүк хаягтаа нэвтэрч тус хаягаараа лайв хийж) буюу шууд дамжуулж ашиг олох зорилгоор покер (рокег) нэртэй урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж 2.161.530 төгрөгийн ашиг олж мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Н.Сын / хх-ийн 234/, гэрч Б.Дгийн /хх-ийн 34/, гэрч Л.Эгийн /хх-ийн 37/, гэрч О.Бийн /хх-ийн 40/, Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 87дугаартай ... Н.С нь уг тоглоомыг зохион байгуулснаар 2,161,350 төгрөгийн цэвэр ашиг олсон байна... гэх дүгнэлт / хх-ийн 209-211/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Н.Сыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.С нь фэйсбүүкийн “Кhааn Khozor”” гэх цахим хаягаар буюу мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, түүнчлэн мөрийтэй тоглоомын үр дүнг нь мөнгөөр үнэлэгдэж өөрийн эзэмшлийн ХААН банкны ******* тоот дансруу хийлгэх зэргээр уг тоглоомыг зохион байгуулснаар ашиг олсон байна.
Түүнчлэн шүүгдэгч Н.С нь мөрийтэй тоглоом зохион байгуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэдэн хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Н.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
шүүгдэгч Н.С нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.С нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Н.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ “ ... шүүгдэгч Н.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн ялаас чөлөөлөх тухай” дүгнэлтийг гаргасныг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан "... учруулсан хохирлыг нөхөн төлөө илэрхийлсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Харин уг тоглоомын орлого болох 2161000 төгрөг нь шүүгдэгч Н.Сын хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулсанаас олсон орлого болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Н.Саас 216100 төгрөг гар утасны үнэ 90000 төгрөг нийт 2251530 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
шүүгдэгч Н.Сийн эзэмшлийн “...Самсунг маркийн гар утас...ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу эзэмшигч Н.Ст олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Н.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Сыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Сыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Н.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Н.Ст хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Н.Саас 2.161.000 төгрөг, гар утасны үнэ 90.000 төгрөг нийт 2.251.530 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Н.Сийн эзэмшлийн “...Самсунг маркийн гар утас...ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу эзэмшигч Н.Ст олгосугай.
7. Шүүгдэгч Н.Ст нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Ст хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА