| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/01008/И |
| Дугаар | 1414 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 1414
| 2017 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2017/01414 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум, 1 баг, Хөндлөн хайлаас хаягт оршин суух, Хавхчин овогт Амгаланбаатарын Оюунтуяа /РД:ЛМ84102121/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 хороолол, 30 байр, 2 тоотод оршин суух, Чинсанаа овогт Дашбямбын Эрдэнэтуяа /РД:ЧМ78041502/
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуур 12 гудамж, 191 тоотод оршин суух, Боржигон овогт Түмэнбаярын Тунгалаг /РД:ХИ65071966/
Зээлийн төлбөрт 24.929.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням, хариуцагч Д.Эрдэнэтуяа, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Эрдэнэтуяагийн хүсэлтийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 3.500.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр, 2016 оны 11 сарын 24-ний өдөр 13.530.000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамын 0,5 хувийн алданги төлөхөөр, 2016 оны 11 сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэйгээр хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тус тус зээлийн гэрээ байгуулж нийт 20.000.000 төгрөгийг Д.Эрдэнэтуяад өгч зээлсэн болно. Үүнээс гадна зээлийн гэрээ байгуулаагүйгээр 11.800.000 төгрөгийг дансаар шипжүүлж бүгд 31.800.000 төгрөгийг зээлж одоог хүртэл авч чадаагүй. Би Д.Эрдэнэтуяагаас уг мөнгөө олон удаа нэхсэн боловч сүүлдээ арга ядаад цагдаад хүртэл өгч шалгуулсан. Гэтэл Д.Эрдэнэтуяа цагдаад уг мөнгийг 1 сарын дотор төлж дуусгана гэсэн боловч худлаа ярисаар өдийг хүрлээ. Д.Эрдэнэтуяа надаас авсан мөнгөөрөө машин худалдаж аваад, Орос руу одоо хүн зөөж яваа. Д Эрдэнэтуяа миний мөнгийг авахдаа Т.Тунгалаг гэдэг хүнтэй хамт ирж авсан. Одоо болохоор чиний мөнгийг Тунгалаг хүртэл хагасыг надаас авсан гэж ярьдаг. Иймд Д.Эрдэнэтуяа, Т.Тунгалаг нараас 2016 оны 10 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 3.500.000 төгрөг, түуний хүү 350000 төгрөг, алданги 1.925.000 төгрөгийн хамт 5.775.000 төгрөг, 2016 оны 11 сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 13.500.000 төгрөг, түүний хүү 2.700.000 төгрөг, алданги 3.726.000 төгрөгийн хамт 19.926.000 төгрөг, 2016 оны 11 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 3.000.000 төгрөг, түүний хүү 600.000 төгрөг, алданги 828.000 төгрөгийн хамт 4.428.000 төгрөг, зээлийн гэрээгүйгээр 2016 оны 10, 11, 12 сард Д.Эрдэнэтуяагийн дансаар 11.800.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Ингээд нийт 41.929.000 төгрөгнөөс Д.Эрдэнэтуяагийн эргүүлж төлсөн 17.000.000 төгрөгийг хасаад 24.929.000 төгрөгийг хариуцагч Д.Эрдэнэтуяагаас гаргуулж өгнө үү. Хариуцагч Т.Тунгалагт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгч А.Оюунтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Д.Эрдэнэтуяатай харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлагын 4.929.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 20.000.000 төгрөгийг хариуцагч Д.Эрдэнэтуяа 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Д.Эрдэнэтуяа би нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 4.929.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 20.000.000 төгрөгийг миний бие 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч А.Оюунтуяа нь нэхэмжлэлийн шаардлагын 4.929.000 төгрөгөөс татгалзаж, 20.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Эрдэнэтуяа төлөхөөр зөвшөөрч, 20.000.000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Оюунтуяа нь хариуцагч Д.Эрдэнэтуяа, Т.Тунгалаг нарт холбогдуулан зээлийн төлбөрт 24.929.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нь хариуцагч Т.Тунгалагт холбогдох шаардлагаас татгалзаж, 24.929.000 төгрөгийг Д.Эрдэнэтуяаас гаргуулахаар нэхэмжилжээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, үүгээр нэхэмжлэгч А.Оюунтуяа нь нэхэмжлэлийн шаардлагын 4.929.000 төгрөгөөс татгалзаж, 20.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Эрдэнэтуяа төлөхөөр зөвшөөрч, 20.000.000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж төлбөрийг барагдуулахаар зохигч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч А.Оюунтуяа, хариуцагч Д.Эрдэнэтуяа нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд зохигчид эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.600 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Эрдэнэтуяагаас 257.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.Оюунтуяа нь нэхэмжлэлийн шаардлагын 4.929.000 төгрөгөөс татгалзаж, 20.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Эрдэнэтуяа төлөхөөр зөвшөөрч, 20.000.000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч А.Оюунтуяа нь хариуцагч Т.Тунгалагт холбогдох шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.600 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Эрдэнэтуяагаас 257.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Оюунтуяад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА