| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/01502/И |
| Дугаар | 1357 |
| Огноо | 2017-05-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 1357
| 2017 оны 05 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2017/01357 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий Сайд Амарын гудамжид байрлах, Хас банк /РД:2578697/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 хороолол, Энэбишийн гудамж, 24 байр, 102 тоотод оршин суух, Боржигон овогт Батбаярын Амарсанаа /РД:ЧП78072276/
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2-р 40 мянгат гудамж, 16 байр, 43 тоотод оршин суух, Батнай овогт Дашнямын Мөнхтүвшин /РД:ХА80042936/
Зээлийн гэрээний үүрэгт 11.685.999 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Амарсанаа нь Хас банктай 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1730004149 тоот зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, 360 хоногт 21.6 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар авсан. 1730004149 тоот зээлийн гэрээнд Д.Мөнхтүвшин хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Б.Амарсанаа нь зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс хойш хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Нийт зээл төлөөгүй хугацаа 707 хоног болж, удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцлөөр зээлээ төлөхгүй байна.
2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 1730004149 тоот гэрээний зээлийн үндсэн төлбөр 7.859.044 төгрөг, хүүний төлбөр 3.426.170 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 400785 төгрөг, нийт 11.685.999 төгрөгийг Б.Амарсанаа, Д.Мөнхтүвшин нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнтогтох шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хас банкны нэхэмжлэлтэй Б.Амарсанаа, Д.Мөнхтүвшин нарт холбогдох хэрэгт нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Д.Мөнхтүвшинд холбогдох шаардлагаас татгалзаж байна. Хариуцагч Б.Амарсанаа нь нэхэмжлэлийн шаардлага 11.624.935,73 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Амарсанаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Амарсанаа миний бие Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага 11.685.999 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Б.Амарсанаа, Д.Мөнхтүвшин нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11.685.999 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нь хариуцагч Д.Мөнхтүвшинд холбогдох шаардлагаас татгалзаж, 11.685.999 төгрөгийг Б.Амарсанаагаас гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Амарсанаа нь Хас банкны нэхэмжлэлийн шаардлага 11.685.999 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Б.Амарсанаагийн зөвшөөрлийг баталж, нэхэмжлэгч нь хариуцагч Д.Мөнхтүвшинд холбогдох шаардлагаас татгалзсан болохыг дурьдаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Б.Амарсанаагаас 100962,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Амарсанаа нь Хас банкны нэхэмжлэлийн шаардлага 11.685.999 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Д.Мөнхтүвшинд холбогдох шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 201.925 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 100962,5 төгрөг, хариуцагч Б.Амарсанаагаас 100962,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА