Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 05

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Э.Одончимэг,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан /2260/

Шүүгдэгч Б.Батжаргал, А.Билгүүн нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалайр овогт Баярбаатарын Батжаргал, Өлзийбаяр овогтой Алтанхуягын Билгүүн нарт холбогдох 201626020215 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол улсын иргэн, халх, 1989 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Мандал овоогийн 24 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух хаягын бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Жалайр овогт Баярбаатарын Батжаргал /РД:УХ89020394/.

 

Монгол улсын иргэн, халх, 1989 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо Нэхмэлийн 12 дугаар байрын 15 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Өлзийбаяр овогтой Алтанхуягын Билгүүн /РД:УЗ89042019/

 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.Батжаргал, А.Билгүүн нар нь 2015 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03-04 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл ууж хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Түмэнбаярыг үл ялих зүйлээр шалтаглан бүлэглэн зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлан танхайрч, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батжаргал мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө найз нарын хамт шинэ жилийн баяраа тэмдэглэж явсан. Бааранд орж пиво уугаад харихаар явцгаасан. Таксинд найз охины найз Уранчимэг таксины жолоочтой маргалдан түүнийг 1-2 удаа цохьсон нь үнэн. Цагдаагийн байгууллагад хэл амаар доромжилсон зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Билгүүн мэдүүлэхдээ: “2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр найз нарын хамт баяр тэмдэглэсэн. Тэгээд харих замдаа үл ойлголцлын улмаас таксины жолоочтой маргалдаж түүнийг зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Хохирогч Л.Түмэнбаяр мэдүүлэхдээ: “Би 2015 оны 12 дугаар сарын 24-ны шөнийн 5 цагийн орчим өөрийн эзэмшлийн приус-20 маркийн 7626 УБР улсын дугаартай автомашинаараа 3-4 хорооллын Ахуйн үйлчилгээний замын урд талын автобусны буудлын орчмоос 25-30 орчим насны 2 эрэгтэй, 2 эмэгтэй гар өргөхөөр аваад хорооллын эцэсрүү явна гэхээр нь хорооллын эцэсрүү явсан. Гэмтлийн эмнэлгийн автобусны буудал дээр иртэл ард сууж байсан нэг эмэгтэй нь бууна гэтэл ард сууж байсан залуу нь “буулгахгүй чигээрээ яв” гэхээр нь би чигээрээ явтал нөгөө бууна гээд байсан эмэгтэй нь араас миний толгойруу цохиод “чи тэнэг юм уу, хүн бууна” гээд байхад гэхээр нь би машинаа эргүүлтэл нэг залуу нь “машинаа зогсоодоо” гэхээр нь би машинаа зогсоотол ар талд сууж байсан залуу нь буугаад жолооч талын хаалга нь дээр ирээд “чи гараад ирдээ” гэхээр нь би машинаасаа буутал тэр залуу зүүн гараараа шууд миний нүүр лүү цохиод авсан. Би тэр залууг бариад автал тэр залуу намайг баруун гараараа хэд хэдэн удаа цохьсон. Тэгтэл жолоочийн хажуу талд сууж байсан залуу машинаас бууж ирээд миний араас намайг боогоод намайг газар унагаагаад тэр хоёр залуу өшиглөж цохиод намайг зодсон. Би газар хэвтэж байхдаа утсаа гаргаад цагдаа дуудах гэтэл тэр хоёр залуу зугтах гэхээр нь би босоод туранхай залууг нь барьж аваад цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл надад баригдаагүй залуу нь хүрч ирээд миний НТС маркын гар утсыг булааж аваад “яасан их цагдаа дууддаг юм” гээд миний утсыг газар савчихсан. Тэгээд тэр залуу намайг үсдэж газар унагаад хоёулаа нийлээд зодож байгаад зугтаачихсан. Тэгэхээр нь би машин доороос гар утсаа аваад босоод иртэл нөгөө хоёр эмэгтэй зам гараад зугтааж байсан. Би тэр хоёр эмэгтэйгийн араас гүйгээд нэгийг нь барьж аваад явуулахгүй зууралдаж байтал цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирээд тэр хоёр эмэгтэйг цагдаагийн машинд суулгаад намайг “Бид нарын араас дагаад явчих гэсэн. Би өөрийнхөө машинд суугаад цагдаагийн машины араас дагаад явж байтал намайг зодсон залуучуудын нэг нь ганцаараа буцаад алхаж байхаар нь би автомашиныхаа гэрлээр цагдаагийн машиныг дохьтол цагдаагийн машин зогсоод ухраад цагдаа нар буугаад ирэхээр нь би тэр залууг бариад авсан, цагдаа нар тэр залууг машиндаа суулгаад аваад явсан.

Тэгээд бид нар эрүүлжүүлэх рүү яваад би цагдаа нарт дөрвөн хүн байсан гэж хэлэхэд цагдаа нар баригдсан залуугаар хамт явсан хүнийг нь дуудуулсан. 10 минутын дараа нөгөө залуу нь орж ирээд намайг доромжлоод миний амруу салаавч гаргаад түлхсэн. Тэгээд цагдаа нар нэг залууг нь эрүүлжүүлэхэд хийгээд намайг хэлтэс дээр ирээд өргөдөл гаргасан. Тэр залуучууд нилээн согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Эмэгтэйчүүд нь бас согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Баригдсан залуу нь цагдаагийн хэсэг дээр очоод би зүгээр явж байхад энэ залуу намайг зодож ухаан алдуулсан гэж худлаа яриад байсан, тэр залуучуудын биед нь халдсан зүйл байхгүй” гэжээ. /хх 19-20 хуудас/

 

Хохирогч Л.Түмэнбаярыг дахин байцаасан тэмдэглэл: “Би өөрт учирсан хохирлоо барагдуулж авсан байгаа 2016 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр Батжаргал, Билгүүн гэх залуучууд манай гэрт ирж надад 800,000 төгрөг болон нөүт 3 маркийн гар утас өгөхөөр нь би авсан энэ мөнгөөр эмчилгээгээ хийлгэнэ. Одоо надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй.

            Миний гар утас НТС маркийн точтой гар утас байсан ноцолдож байхад гар утас газар унасан байсан тэгээд гар утсаа аваад үзэхэд асахгүй байсан тэгээд гэртээ очиж цэнэглэгчийг нь залгахад зүгээр л асч байсан тийм болохоор миний гар утасыг эвдлээгүй юм байна лээ. Гар утастай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх 62 хуудас/

 

Гэрч Э.Оролзод мэдүүлэхдээ: “Би 2015 оны 12 дугаар сарын 24-ний 02 цагийн орчим би, Уранчимэгтэй хамт гараад Элбэг их дэлгүүрийн хажуу талд байрлах найз Өлзийгийн бааранд очсон. Би бааранд ороод байж байтал Батжаргал над руу яриад хаана байна гэхээр нь би байгаа газраа хэлтэл Батжаргал, Билгүүн хоёр хүрээд ирсэн.

...гараад такси аваад Уранчимэг жолоочийн хажуу талын суудалд суугаад би Батжаргал, Билгүүн нартай хамт хойд талын суудалд суусан. Би нилээн согтолттой унтчихсан байж байгаад сэртэл Уранчимэг таксины жолоочтой буруу замаар явлаа гээд маргалдаж байсан. Тэгтэл Батжаргал таксины жолоочид хандаж “чи эмэгтэй хүнтэй муухай харьцлаа” гээд таксины жолооч Батжаргал хоёр маргалдсан. Гэнэт Батжаргал, таксины жолооч хоёр автомашинаас буугаад барьцалдаад авчихсан байсан юм. Билгүүн бид хоёр машинаас буугаагүй сууж байтал гэнэт Батжаргал газар хэвтчихсэн байхаар нь Билгүүн машинаас буугаад “чи миний найзыг яаж байгаа юм” гээд таксины жолоочтой барьцалдаж аваад нэг нэгнийгээ заамдалцаад байхаар нь Уранчимэг бид хоёр машинаас буугаад таксины жолооч Билгүүн хоёрыг салгах гэж оролдсон. Уранчимэг бид хоёр Билгүүнийг салгаад байж байтал Батжаргал, Билгүүн хоёр таксинд суугаад яваад өгсөн, таксины жолооч намайг бариад явуулахгүй, би тэр залуугаас зугтаагаагүй. Удалгүй цагдаа машин ирээд Уранчимэг бид хоёрыг суулгаад байж байтал Батжаргал буцаж ирээд цагдаагийн машинд суусан.

...Би нилээн согтолттой байсан учраас Батжаргал, Билгүүн, таксины жолооч нарыг хэрхэн яаж зодолдож байсныг хараагүй. Уранчимэг бид хоёр таксины жолоочийн биед хүрээгүй. Салгах гэж л оролдсон гэжээ. /хх 22-23 хуудас/

 

Гэрч Д.Уранчимэг мэдүүлэхдээ: “би 00 цагийн орчим Оролзодтой хамт пабаас гараад Оролзодын найзын баар гээд 3,4 дүгээр хороололд байрлах Элбэг Их дэлгүүрийн замын эсрэг талд байрлах нэг бааранд орсон. Удалгүй Оролзодын найзууд гэх 87 оны 2 залуу ирсэн. Бид нар тус бүр нэг ширхэг шар айраг уугаад 04 цагийн орчим тэр баарнаас гарсан. Баарнаас гараад цагаан өнгийн такси зогсоогоод би хойд талын суудал дээр Оролзод, нэг залуутай суугаад нэг залуу нь жолоочийн хажуу талд суугаад бид нар Гэмтлийн эмнэлэг рүү явж байгаад би таксины жолоочид манай гэрийн урдуур эргэ гэж хэлэхэд таксины жолооч эргэхгүй чигээрээ явчихаар нь би таксины жолоочид хандаж яагаад чигээрээ явчихав би эргэ гэж хэлсэн шдээ гэхэд таксины жолооч би яаж мэддэг юм гээд уурласан. Тэгтэл миний хажууд сууж байсан сүүлд нэрийг нь мэддэг болсон Батжаргал гэх залуу таксины жолоочтой буруу явлаа гэж маргалдсан. Тэгээд тэр хоёр маргалдаж байгаад таксины жолооч залуу машинаа зогсоогоод машинаасаа буутал Батжаргал дагаж буусан гэнэт Батжаргал газар уначихсан байхаар нь Билгүүн машинаасаа буугаад чи яагаад манай найзыг цохиод унагаачихав гээд таксины жолоочтой барьцалдаж аваад нэг нэгнийгээ цохиод байсан. Оролзод бид хоёр машинаасаа буугаад салгасан. Тэгтэл Батжаргал, Билгүүн хоёр таксинд суугаад явтал таксины жолооч Оролзод барьж аваад газар унагаагаад зам дээр чирээд байсан. Удалгүй цагдаа нар ирээд Оролзод бид хоёрыг машиндаа суулгаад явж байтал Батжаргал өөрөө ирээд цагдаагийн машинд суучихсан. ..Билгүүн өөрөө ирсэн. Би таксины жолоочийн биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Таксины жолооч эхлээд Батжаргалтай барьцалдаж муудалцаад дараа нь Билгүүн таксины жолоочтой маргалдсан. Билгүүн таксины жолооч хоёр л нэг нэгнээ цохиж аваад байсан санагдаж байна гэжээ. /хх 24-25 хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 377 дугаартай дүгнэлтэд: “1. Түмэнбаярын биед дух, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэж дүгнэжээ. /хх 28/

 

            Шинжээч Д.Мөнхбат мэдүүлэхдээ: “Түмэнбаярын биед дух, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдсон энэ гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Өөрөө мөр өвдөж байна гэсэн зовиур хэлдэг боловч үзлэгээр гэмтэл тогтоогдоогүй” гэжээ. /хх 63/

 

            Шүүгдэгч Б.Батжаргал, А.Билгүүн нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 47, 48, 49, 50 хуудас/

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 51, 52 хуудас/

            Хохирол төлбөрт 251,430 төгрөг нэхэмжилсэн баримтууд /хх 53, 54 хуудас/

            Эмчийн тэмдэглэл /хх 55 хуудас/

            Хохирогч Л.Түмэнбаярын “өөрт учирсан хохирол гомдлыг барагдуулсан тул надад хохирол гомдол байхгүй болно” гэх хүсэлт /хх 64 хуудас/

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 65-72 хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

                                          

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Батжаргал, А.Билгүүн нар нь бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн 2015 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03-04 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл ууж хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Түмэнбаярыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан болох нь хохирогч Л.Түмэнбаяр /хх 19-20/, гэрч Э.Оролзод /хх 22-23/, гэрч Д.Уранчимэг /хх 24-25/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 377 дугаартай дүгнэлт /хх 28/, хохирогч Л.Түмэнбаярыг дахин байцаасан тэмдэглэл /хх 62/, шинжээч Д.Мөнхбат /хх 63/, шүүгдэгч Б.Батжаргал, А.Билгүүн нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 47, 48, 49, 50/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 51, 52/, хохирол төлбөрт 251,430 төгрөг нэхэмжилсэн баримтууд /хх 53,54/, Эмчийн тэмдэглэл /хх 55/, хохирогч Л.Түмэнбаярын “өөрт учирсан хохирол гомдлыг барагдуулсан тул надад хохирол гомдол байхгүй болно” гэх хүсэлт /хх 64/, Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 65-72/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Батжаргал, А.Билгүүн нар нь бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Батжаргал, А.Билгүүн нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулан гэм хорыг арилгасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Б.Батжаргал, А.Билгүүн нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 800.000 төгрөг болон нөүт 3 маркийн гар утас өгч хохирлыг барагдуулсан, хохирогч Л.Түмэнбаяр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

Шүүгдэгч нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэргийг нь харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Жалайр овогт Баярбаатарын Батжаргал, Өлзийбаяр овогтой Алтанхуягын Билгүүн нар бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Жалайр овогт Баярбаатарын Батжаргалыг 03 жил 01 сарын хорих ялаар, Өлзийбаяр овогтой Алтанхуягын Билгүүныг 03 жил 01 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Билгүүн, Б.Батжаргал нар тус бүрт оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Түмэнбаяр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Б.Батжаргал, А.Билгүүн нарын тус бүрт оногдуулсан 3 жил 01 сарын хорих ялыг тус тус тэнсэж, тэдгээрийг тус бүрийг 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилт хяналт тавихыг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст тус тус даалгасугай. 

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ