Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 118/ШШ2019/0015

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ******* сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Мод бэлтгэхийг хориглох тухай 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагч ******* сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлыг төлөөлж дарга Д., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******- ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******- ХХК нь 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн дугаар, регистерийн дугаартайгаар байгуулагдаж, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээг тус тус авч Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутгаас мод бэлтгэж эхэлсэн юм. 2019 онд Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас зарласан ойн цэвэрлэгээний сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн юм. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мод бэлтгэх тусгаарлалт хийлгэхээр ******* сумын захиргаанд хандсан. Тэгтэл тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга П.эд нь ******* багийн иргэдийн Нийтийн Хурал мод бэлтгэхийг хориглосон гэж хэлсэн. Тэгээд миний бие ******* багийн Засаг дарга П.*******тэй уулзахад иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр гарсан тул тусгаарлалт хийлгэхгүй гэж хэлсэн. Миний бие энэ талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга И.*******д хандахад багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг өөрчлөх боломж байхгүй гэж амаар хариу өгсөн. ******* багийн иргэдийн Нийтийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар мод бэлтгэхийг хориглосон тогтоолыг тус багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа манай компанид албан ёсоор танилцуулаагүй болно. Манай компани хуулийн дагуу сонгон шалгаруулалтанд тэнцэж, мод бэлтгэх эрхээ авсан байхад багийн иргэдийн Нийтийн Хурал өөрт олгогдоогүй эрхийн хүрээнд хууль бус шийдвэр гаргаж байна. Манай компани нь Ойн тухай хуулийн 23 дугаар зүйл, 32 дугаар зүйл, 35 дугаар зүйл, 37 дугаар зүйл, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлүүдэд заасны дагуу зохих журмын дагуу мод бэлтгэх, худалдах, ойг цэвэрлэх эрхтэй байхад ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар мод бэлтгэхийг хориглосон тогтоол гарсны улмаас үйл ажиллагаа зогсож хохирч байна. Иймд манай компанийн Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт ой цэвэрлэх, мод бэлтгэх үйл ажиллагааг 2017 оноос эхлүүлсэн бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас уг үйл ажиллагааг явуулах эрхийг 2021 он хүртэл 3 жилийн хугацаатайгаар сунгуулсан. Гэтэл Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор ******* ХХК-ийг тухайн багийн нутаг дэвсгэрт мод бэлтгэх үйл ажиллагаа явуулах 3 жилийн хугацааг зогсоосон шийдвэр гарсан. Ингэснээр тус компани нь мод бэлтгэх үйл ажиллагаа явуулах боломжгүй болж эрх ашиг нь хөндөгдсөн байдаг. ******* ХХК нь Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газрын захиргаанаас 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зарласан Ойн сангаас мод бэлтгэх зөвшөөрөл олгох тухай сонгон шалгаруулалтад орж тэнцсэн... Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/380 дугаар тушаалаар нэхэмжлэгч компани нь ойн арчилгаа цэвэрлэгээ хийх чиглэлийн байгууллагын 3 жилийн эрхийг сунгуулчихсан. Хууль болон журамд заасны дагуу мод бэлтгэх бүрэн эрхтэй байгууллага байгаа. Мөн Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын захиргаанаас 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай албан бичгээр цэвэрлэгээ хийх газрын нэрсийн жагсаалтад Завхан аймгийн ******* сумын ******* багийн Ухаа хад, Бургаст, Өртөнт гэсэн газруудад цэвэрлэгээ хийх мод бэлтгэхээр тогтоосон байдаг. Гэтэл ******* багийн иргэдийн Нийтийн Хурал нь Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлж ойгоос мод бэлтгэх үйл ажиллагааг зогсоосон нь Ойн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг зөрчсөн байна гэж үзэж байна. Уг заалтад тухайн газарт 3 жилийн хугацаагаар мод бэлтгэх үйл ажиллагааг зогсоох эрх нь сумын Иргэдийн Нийтийн Хуралд байсаар байтал багийн иргэдийн Нийтийн Хурал нь өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж тогтоол гаргасан нь хууль бус байгаа учраас тухайн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******- ХХК нь ******* багийн нутаг дэвсгэрт мод бэлтгэж байгаагүй, ******* багийн ойн санд тусгаарлалт хийлгэхгүй тогтоол гаргаснаас тусгай хамгаалалттай бусад газар нутагт мод бэлтгэх эрхийг нь хориглоогүй болно. Иймд тус компанийг хохирсон гэж үзэхгүй байна. ******* сумын тусгай хамгаалалттай газар нутгийн бусад газарт тусгаарлалт хийх эрх нь энэ байгууллагад нээлттэй байна. Тус компани нь манай багийн нутаг дэвсгэрт зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаагүй манай багийн харъяат биш учраас бид Хурлын тогтоол шийдвэрийг танилцуулаагүй болно. Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа тус багийн нутаг дэвсгэрт шатсан ойд тусгаарлалт хийх сонгон шалгаруулалтыг аж ахуйн нэгжийн дунд явуулахдаа тус багийн эрх ашгийг үл ойшоон дангаараа сонгон шалгаруулалт зарлаж, шалгаруулж ирсэн нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалтыг зөрчиж байна. Тус багийн шатсан ойг 2005-2019 он хүртэл аж ахуйн нэгж хувь хүмүүс зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй хууль бусаар маш их хэмжээгээр бэлтгэж ирсэний улмаас шатсан ойд хэрэглээний модны нөөц багассан, ойг цэвэрлэж, нөхөн сэргээлт, сийрэгжүүлэлт явуулаагүйн улмаас ан амьтдын амьдрах орчин хомсдож, хүн, малын жим харгуй явахад бэрхшээлтэй болсон. Хавар, зуны хөрсний эмзэг үед хүнд даацны ЗИЛ-131 машинаар мод тээвэрлэлт хийснээс малын бэлчээр талхлагдаж, голын булан тохой зүсэгдэж, зам, гүүр, гарам эвдрэн, хүн мал аюулгүй зорчиход бэрхшээлтэй болсон. Аж ахуйн нэгж байгууллагууд нь нутгийн иргэдээр хууль бус мод бэлтгүүлэх, нууцаар худалдан авах зэрэг нь иргэдийг хууль бус модны хохирогч болгох мөн багийн ойр орчмын шатаагүй ойг сүйтгэх шалтгаан болсоор байна. Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын захиргаанаас 2009 онд ******* багийн шатсан ойн нөөц 1181 га талбай тоологдсоноос 2018 оны эцэс хүртэл зөвхөн 460 га талбай цэвэрлэсэн гэсэн мэдээ өгсөн нь бодит байдалд нийцэхгүй учир дахин шинээр тооллого явуулах, ойн мэргэжлийн байгууллага болон ойн нөхөрлөлүүдийг ой цэвэрлэх сонгон шалгаруулалтанд багийн иргэдийн Нийтийн Хурлаар оруулж байх зэрэг асуудлаас үүссэн багийн иргэдийн санал гомдлын дагуу багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаанаараа хэлэлцэн олонхийн саналаар ******* багийн ойн сангаас хэрэглээний зориулалтаар ойн тусгаарлалт хийх, арчилгааны болон цэвэрлэгээний огтлолт хийхийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хориглосон тогтоол гаргасан... Багийн Хурлаас маргаан бүхий 06 дугаартай тогтоолыг гаргах болсон үндэслэл нь Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/134 дугаар тушаалаар батлагдсан Улсын тусгай хэрэгцээний газрын ойд ойн аж ахуйн арга хэмжээ явуулах журам-ын 2.9-д Тусгай хамгаалалттай газрын ойн аж ахуйн арга хэмжээг холбогдох төрийн байгууллагын зөвшөөрөл, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан арга зүй, ойн менежментийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ гэж заасан. Гэтэл манай сум, багт ойн менежментийн төлөвлөгөө байхгүй. Мөн журмын 2.11-д Тусгай хамгаалалттай газар нутгийн ойд ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхдээ мод, ургамал цэцэглэх, ан амьтны орооны болон төллөхөөс бусад үед хийнэ гэж заасан. Энэ заалт мөн хэрэгждэггүй. Жил бүрийн 06 дугаар сарын 25-нд хорио тавигддаг. Энэ үед буюу айлууд зусландаа гарсан, хяналт султай, айлын өвөлжөө бууц эзэнгүй үеэр ******* ХХК нь ойн аж ахуй эрхлээд байна гэсэн яриа ард иргэдээс гарсан тул ******* багийн иргэдийн Нийтийн хурал хуралдаад ******* ХХК-ийг үйл ажиллагаа явуулахыг хориглосон тогтоол гаргаж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулсан. Тухайн үед ийм тогтоол гаргалаа. Дээд шатны байгуулагад танилцуулж болох уу? гэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болно, бид бас албан бичиг гаргана гэсэн хариу өгсөн. Гэтэл сүүлдээ энэ маргаан бүхий 06 дугаар тогтоол нь зөвхөн багийн Иргэдийн Нийтийн Хурлаас гарсан тогтоол болж таарсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас багийн уг тогтоолтой танилцсан боловч албан ёсны баримт бичгээ гаргаж өгөөгүй юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч *******- ХХК нь мод бэлтгэх, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд[1] байх ба Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Мод бэлтгэхийг хориглох тухай 06 дугаар тогтоолыг[2] хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Маргаан бүхий захиргааны акт болох ******* сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар тогтоолоор тус багийн нутаг дэвсгэр дэх ойн сангаас хэрэглээний зориулалтаар ойн тусгаарлалт хийх, арчилгааны болон цэвэрлэгээний огтлолт хийхийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хориглож, тогтоолын хэрэгжилтийг хангах, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг багийн Засаг дарга, Хурлын Тэргүүлэгч нарт болон нутгийн иргэдэд үүрэг болгох асуудлыг шийдвэрлэжээ.

Уг тогтоолд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.12, 25 дугаар зүйлийн 25.1, Ойн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх хэсгүүдийг эрх зүйн үндэслэл болгосон байна.

Багийн иргэдийн Нийтийн Хурал нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд 23 дугаар зүйлийн 23.12-д зааснаар хуралдааныг хэсэгчлэн зохион байгуулах, 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргахаар байна.

Мөн дээрх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.10-д зааснаар бусад хууль тогтоомжид заасан эрхийнхээ хүрээнд Ойн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д зааснаар ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх ажлын чиглэлийг тогтоох, хэрэгжүүлэх, хяналт тавих эрх хэмжээтэй байна.

Хариуцагч ******* багийн иргэдийн Нийтийн Хурал нь Ойн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг зөрчиж, өөрт нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэн дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргаснаар Ойн тухай хуулийн 23, 32, 35, 37 дугаар зүйл, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу зохих журмын дагуу мод бэлтгэх, худалдаалах, ой цэвэрлэх үйл ажиллагаа явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэмээн нэхэмжлэгч тал маргаж байна.

Ойн тухай хуулийн 23 дугаар зүйлд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулах, арга зүйн зөвлөгөөгөөр хангах эрхийг холбогдох хуулийн дагуу авсан аж ахуйн нэгж, байгууллага болох ойн мэргэжлийн байгууллага, түүний хэрэгжүүлэх чиг үүргийг, 32 дугаар зүйлд ойгоос тухайн жилд бэлтгэх модны дээд хэмжээ, хязгаарыг тогтоох талаар, 35 дугаар зүйлд мод бэлтгэх ажиллагаа, 37 дугаар зүйлд бэлтгэсэн модыг боловсруулах, худалдаалах талаар тус тус зохицуулсан бол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлд ой, амьтан, ус, ашигт малтмал зэрэг байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлыг хуулиар болон төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эрхийн дагуу эрхлэн зохицуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болох мэргэжлийн байгууллага, түүний хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулсан байна.

Ойн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-д зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурал нь тухайн аж ахуйн нэгжийн эрхийг цуцлах, үйл ажиллагааг нь явуулахыг хориглосон шийдвэр гаргуулахаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвхөн санал гаргах эрх хэмжээтэй, харин аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шууд хориглосон тогтоол гаргах эрх олгогдоогүй байхад хариуцагч ******* багийн иргэдийн Нийтийн Хурал нь 2018 оны 06 дугаар тогтоолыг гаргасан нь Ойн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгч талын дээрх тайлбарыг дараах үндэслэлээр хүлээж авах үндэслэлгүй байна.

1. Ойн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Ойгоос тухайн жилд бэлтгэх модны дээд хязгаарыг аймаг, нийслэлийн Засаг даргын санал, ой зохион байгуулалтын баримт бичиг, ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага аймаг, нийслэл тус бүрээр тогтооно., 32.2-д Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилд ойгоос бэлтгэх модны хэмжээг энэ хуулийн 32.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүрэг бүрээр тогтооно., 32.3-д Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын ойн менежментийн төлөвлөгөө болон иргэдийн хэрэгцээг үндэслэн энэ хуулийн 35.1, 35.2 дахь хэсэгт заасны дагуу ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг ... тогтооно. гэж тус тус заажээ.

Энэ зохицуулалтын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/299 дүгээр тушаалыг[3] үндэслэн Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар[4], ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/41 дүгээр тогтоолоор[5] 2019 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар, хуваарийг тус тус тогтоосон ба *******- ХХК-д хэрэглээний зориулалтаар 250 м.куб, түлээний зориулалтаар 350 м.куб цэвэрлэгээний огтлолт хийх хязгаар тогтоож өгсөн байна.

2. Мөн нэхэмжлэгч ******* ХХК нь Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас зарласан тус газрын ойн сангийн зөвшөөрөгдсөн бүсэд ойн цэвэрлэгээ, цэвэрлэгээний огтлолт хийх ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөлийг сонгох шалгаруулалтанд орж тэнцсэн нь тус сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлт бүхий хурлын тэмдэглэлээс[6] харагдаж байна.

Уг тэмдэглэлийн хавсралтаар[7] цэвэрлэгээний огтлолт хийх газрын нэрийг зааж өгсөн байх ба Тосонцэнгэл сумын тухайд Рашаант багийн Зүүн эх-Уургат, Нур, Засмалын ар, Зүүн эхний Эрээн, Баруун эх-Хүнх эрэг, Цагдуулт, Солжирор, Булжихын эрээн, Халуун усны ан, Тэгш-Их бага хайрханы өвөр хүнх, Тарвагатайн өвөр хүнх, Жаахан гангын ар, Булагтын хаяа, ******* сумын тухайд ******* багийн Ухаа хад, Бургаст, Өртөнт, Цэцүүх багийн Дээд Цэцүүх-Ар ганга, Дунд Цэцүүх-Хар Чулуут гэж тодорхойлжээ.

Дээрх сонгон шалгаруулалтын ажлын хэсгээс аж ахуйн нэгжүүдийг, тодруулбал *******- ХХК-ийг тусгай хамгаалалтай уг газар нутагт ойн цэвэрлэгээ, цэвэрлэгээний огтлолт хийх үйл ажиллагааг явуулах шаардлагыг хангасан эсэхийг дүгнэж тогтоосон болохоос нэр бүхий газруудад шууд үйл ажиллагаа явуулах эрхийг нэхэмжлэгчид олгосон шийдвэр биш юм.

Ойн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д улсын тусгай хэрэгцээний газрын ойд явуулах ойн аж ахуйн арга хэмжээг тусгай журмаар зохицуулахаар,10.2-д уг журмыг холбогдох газрын саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан.

Үүний дагуу Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/134 дугаар тушаалаар батлагдсан Улсын тусгай хэрэгцээний газрын ойд ойн аж ахуйн арга хэмжээ явуулах журам-ын 2.9-д Тусгай хамгаалалттай газрын ойн аж ахуйн арга хэмжээг холбогдох төрийн байгууллагын зөвшөөрөл, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан арга зүй, ойн менежментийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ гэжээ.

Энэ журамд зааснаас үзвэл тусгай хамгаалалттай газрын ойн аж ахуйн үйл ажиллагааг хуульд заасан холбогдох төрийн байгууллагын зөвшөөрлийн дагуу явуулахаар байна.

Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхээр, 18 дугаар зүйлийн 18.2.6-д зааснаар сумын Засаг дарга энэ хуулийн 18.1.4-д заасан шийдвэрийг үндэслэн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг болзол, хугацаатайгаар эзэмшүүлэх гэрээ байгуулахаар, 18.2.7-д зааснаар ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хязгаарт багтаан мод бэлтгэх шийдвэр гаргахаар, 18.3.1-д зааснаар ойн анги нь ойгоос мод бэлтгэх талбайг тусгаарлан аж ахуйн нэгж байгууллагад хүлээлгэж өгөхөөр, 19 дүгээр зүйлийн 19.1.3-д зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурал нь ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшүүлэх, гэрээг цуцлах санал, дүгнэлтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад уламжлахаар тус тус заасан байна.

Гэтэл Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ойн цэвэрлэгээ, цэвэрлэгээний огтлолт хийхээр тогтоосон нэр бүхий газруудаас аль нэг хэсгийг *******- ХХК-д эзэмшүүлэхээр ******* сумын Засаг даргаас шийдвэр гараагүй, холбогдох гэрээ байгуулагдаагүй, ойн ангиас мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй ба энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч талууд маргахгүй байгаа төдийгүй тийнхүү талбайн тусгаарлалт хийгдээгүй, гэрээ байгуулагдаагүй талаар нэхэмжлэгч тал өөрөө хүлээн тайлбарлаж байна.

Иймд нэхэмжлэгч компанийг зөвхөн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд уг эрх нь маргаан бүхий захиргааны актаар зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч *******- ХХК нь дээрх ойн сангийн зөвшөөрөгдсөн бүсэд ойн цэвэрлэгээ, цэвэрлэгээний огтлолт хийх үйл ажиллагааг ямар талбайд хэрхэн гүйцэтгэх талаар Ойн тухай хуульд заасны дагуу орон нутгийн захиргааны байгууллага /Засаг дарга/-тай гэрээ байгуулаагүй, ойн ангиас талбайн тусгаарлалт хийлгүүлээгүй тул зөвхөн Их-уул сумын ******* багийн нутаг дэвсгэрт ойн арчилгаа, цэвэрлэгээтэй холбоотой үйл ажиллагааг явуулах эрхтэй гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын захиргаанаас ирүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаар албан бичгээс харахад нэхэмжлэгч ХХК нь ******* багийн нутаг дэвсгэрээс гадна Тосонцэнгэл болон ******* сумдын нутаг дэвсгэрт зөвшөөрөгдсөн бусад талбайд уг ажиллагааг явуулахаар захиргааны байгууллагатай гэрээ байгуулах, холбогдох шийдвэр гаргуулах, талбайн тусгаарлалт хийлгэх зэрэг эрх нь нээлттэй байна.

Өөрөөр хэлбэл уг компанийн үйл ажиллагаа бүрмөсөн хориглогдоогүй, ******* багийн нутаг дэвсгэрээс бусад талбайд үйл ажиллагаа явуулах боломжтой байна.

Эндээс дүгнэхэд Ойн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Аймаг...сум..ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ ой бүхий газрын доройтсон хэсэгт ойн санг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор 3 хүртэлх жилийн хугацаагаар ашиглалтын үйл ажиллагааг зогсоож болно. гэж заасан хэдий ч дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д зааснаар Ойг хамгаалах, зохистой ашиглах ажлын чиглэлийг тогтоох, хэрэгжүүлэх хяналт тавих эрхийг багийн иргэдийн Нийтийн Хуралд олгосон ба энэ эрхийн хүрээнд хариуцагч Их-уул сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлаас маргаан бүхий захиргааны акт болох 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Мод бэлтгэхийг хориглох тухай 06 дугаар тогтоол гаргасныг буруутгах боломжгүй бөгөөд уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй байна.

Хариуцагч ******* багийн иргэдийн Нийтийн Хурал нь дээрх 06 дугаар тогтоолыг багийн иргэдийн саналд[8] үндэслэн гаргасан байх ба харин нутаг дэвсгэрийн газрын доройтол болон хууль зөрчсөн удаа дараагийн үйлдлүүдийн талаар фото зургаар баримтжуулах төдийгөөр хязгаарлаж, хангалттай судалгаа, дүн шинжилгээ хийгээгүй, мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт, шийдвэр гаргуулаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг сонсоогүй хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол энэ хуульд заасан сонсох ажиллагааг явуулахгүй байж болохоор байна.

Иймд тогтоол гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, шийдвэрээ мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг хүлээж авах үндэсгүй.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 15, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолуудаас харахад ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт хууль бусаар мод бэлтгэж ойн санд экологийн хохирол учруулах гэмт хэргүүд удаа дараа үйлдэгдсэн, нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал *******гийн ******* дээрх гэмт хэрэгт холбогдож байсан талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч *******- ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.10, 25 дугаар зүйлийн 25.1, Ойн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Мод бэлтгэхийг хориглох тухай 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий *******- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ

 

 

[1] Хавтаст хэргийн 3-4, 71-73 дугаар хуудсанд

[2] Хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд

[3] Хавтаст хэргийн 30-36 дугаар хуудсанд

[4] Хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд

[5] Хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд

[6] Хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудсанд

[7] Хавтаст хэргийн 41 дүгээр хуудсанд

[8] Хавтаст хэргийн 26-27 дугаар хуудсанд