Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 06

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        С.Отгонсайханы хүсэлттэй иргэний

                                                          хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 115 дугаар шийдвэртэй

Хүсэлт гаргагч С.Отгонсайханы ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүсэлт гаргагч С.Отгонсайханы давж заалдах журмаар гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүх 2017 оны 04 сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн өмгөөлөгч М.Алтанчимэг, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов. 

    

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн хүсэлт болон түүний өмгөөлөгчийн тайлбарт: “С.Отгонсайхан 1963 онд төрсөн. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1980.10 сараас 1989.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар тасралтгүй ажилласан. С.Отгонсайханы эцэг Сэдбазар нь Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан. С.Отгонсайханд хөдөлмөрийн дэвтэр нээсэн хүн түүний эцгийн нэрийг Содбазар гэж буруу бичсэн байсан. С.Отгонсайханы аавыг Сэдбазар гэдэг. С.Отгонсайханы хөдөлмөрийн дэвтэрт эрхэлсэн ажлыг үхэрчин гэж бичсэн байдаг. С.Отгонсайхан зөвхөн саальчнаар ажиллаж байгаагүй олон ажил хийж байсан гэж өөрөө ярьдаг. Хөдөлмөрийн дэвтэрт эцгийнх нь нэрийг буруу бичсэн нь С.Отгонсайханы буруу биш. Тухайн үед боловсон хүчнээр ажиллаж байсан хүн эцгийнх нь нэрийг буруу бичсэнээс болж С.Отгонсайхан өнөөдрийг хүртэл хохирч байна. Сэдбазарын Отгонсайхан 1981.01.01-ний өдрөөс нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан хоёр гэрчийн мэдүүлэг, Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэх зэрэг баримтуудаар нотлогддог. Хэрэв энэ хөдөлмөрийн дэвтэр С.Отгонсайханых биш өөр хүнийх байсан бол тухайн хүн нь өөрөө ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандах байсан. Эсхүл нийгмийн даатгалын байцаагч уг дэвтрийг хурааж авах байсан. Гэтэл энэ хөдөлмөрийн дэвтэр С.Отгонсайханд өөрт нь байна. Өөрөө ч энэ хөдөлмөрийн дэвтэр өөрийнх нь болохыг хэлдэг. Хөдөлмөрийн дэвтэр нь зураггүй, түүнд ажиллаж байсан байдлыг нь дутуу бичсэнээс болж С.Отгонсайхан тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохироход хүрээд байна. С.Отгонсайхан 1990-2000 он хүртэл нийгмийн даатгалаа нөхөн тооцуулсан учир 1989.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна. Иймд шүүхэд өгсөн баримтуудыг үндэслэн хавтаст хэрэгт авагдсан Содбазарын Отгонсайханы хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Сэдбазарын Отгонсайхан мөн болохыг, мөн түүнийг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1981.01.01-ний өдрөөс 1989.12.31-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. С.Отгонсайханы нөхөр нь бусдад зодуулсны улмаас хүнд гэмтэл авч одоо Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа. Тэрээр нөхрөө сахиж байгаа тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 115 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Сэдбазарын Отгонсайханы Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1980 оны 09 сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, С.Отгонсайханы хүсэлтээс Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1982 оны 10 сарын 01-ний өдрөөс  1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Отгонсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч С.Отгонсайхан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “С.Отгонсайхан миний бие сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 115 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2016 оны 05 дугаар сард миний бие аймагт явж байгаад бусдаас авах өр авлагын талаар өмгөөлөгчөөс зөвлөгөө авахаар Булган буудал дахь “өмгөөлөгч” гэсэн хаягтай өрөөнд орсон. Гэтэл Д.Насанжаргал өмгөөлөгч надад “Та хэдэн настай вэ? Тэтгэврээ тогтоолгосон уу? Тогтоолгоогүй бол шүүхээр шийдвэрлүүлээд өгье” гэхээр нь би “Надад МХЗЭ-ийн батлах, МҮЭ-ийн батлах байгаа. Миний хөдөлмөрийн дэвтрийг манай ах Санжаагаар овоглож бичсэн байсан. Архиваас лавлагаа авах гэж хүнээр үзүүлэхэд Санжаа овогтой гарч ирээд байна гэсэн. Тэгээд дахиж лавлагаа аваагүй” гэсэн. Тэгтэл Д.Насанжаргал өмгөөлөгч “Зүгээрээ, надад өгчих” гээд миний материалуудыг авсан. Тэгээд 5 сараас хойш “миний юм юу болж байна” гэж утсаар ярьж, өөрийн биеэр олон удаа ирж уулзсан. Тэгтэл “2017 оны 03 сарын 07-нд хурал чинь болно, ир” гэж шүүхээс ярихаар нь би “нөхөр хотод бие нь муу, эмчилгээ хийлгэж байна, очиж амжихгүй” гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 03 сард өөрөө ирж Д.Насанжаргал өмгөөлөгчтэй уулзахад “шүүхийн шийдвэр гарсан, овог зөрсөн асуудал гарсан, тэр хамаагүй, засагдчихна” гэсэн. Тэгэхээр нь шүүх дээр очиж хэргийн материалтай танилцахад Д.Насанжаргал өмгөөлөгч миний хөдөлмөрийн дэвтрийн овгийг засварласан, миний өмнөөс шүүх хуралдаанд оролцсон байсан. Тэгээд би Д.Насанжаргал өмгөөлөгчөөс татгалзсан. Иймд дээрх шийдвэр миний эрхийг зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд М.Алтанчимэг өмгөөлөгчийн хамт оролцоно. Хүсэлтэд шүүхийн шийдвэр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хавсаргав.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Хүсэлт гаргагч С.Отгонсайхан нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-н хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хүсэлтэд хавсаргасан хөдөлмөрийн дэвтрийн эхний нүүрт бичигдсэн бичилт засвартай мэт байх тул бичилтийг тодруулах шинжээч томилох нь зүйтэй гэж дүгнэн, 2017 оны 01 сарын 09-ний өдрийн 109 дугаартай, шинжилгээ хийлгэх тухай шүүгчийн захирамж гаргасан байх ба шүүгчийн захирамжийг хүсэлт гаргагч С.Отгонсайханд хүргүүлээгүй, мөн шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй, улмаар  хэргийн материалыг хүсэлт гаргагчид танилцуулалгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн нь /хх-35/ хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийг зөрчсөн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч шаардлагаа нэмэгдүүлж, Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг нэмж гаргасан бөгөөд хүсэлтэд улсын  тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргаагүй байхад шүүх хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг зөрчжээ.

Мөн шүүх хэрэгт цугларсан зарим нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, тодруулбал гэрч нарын мэдүүлгээс 1982-1989 онд С.Отгонсайханы ажилласан талаар мэдүүлсэн хэсэг хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдоогүй учир 1982-1989 онд С.Отгонсайханы ажилласан талаар мэдүүлсэн хэсгийг нотлох баримтаар үнэлээгүй болно гэж, түүнчлэн шүүх  хүсэлтэд хавсаргасан хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчийн овог засвартай, уг хөдөлмөрийн дэвтрийг Сэдбазарын Отгонсайханы дэвтэр мөн гэх үндэслэлгүй учир уг дэвтрийг нотлох баримтаар үнэлээгүй гэж илт үндэслэлгүй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн байна.

Иймээс хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 115 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хүсэлт гаргагч С.Отгонсайханы давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

                            ШҮҮГЧИД                                       М.МӨНХДАВАА

                                                                                    Д.БЯМБАСҮРЭН